| | USD/MNT 0₮

С.Оюунчимэг:Цаг бол нэр төрийн баталгаа төдийгүй үеийн үед өвлөгддөг үнэтэй эд

Цагаан сарын өмнө Урт цагаанаас Үйлчилгээний гавьяат ажилтан төрсөн билээ. Тодруулбал, Монгол Улсын мастер цаг засварчин Самбуугийн Оюунчимэг байв. Тэрбээр цаг засвараар ЗХУ-д мэргэжлийн сургуульд нь суралцаж төгсөөд мэргэжлээрээ 40 гаруй жил ажиллаж байна. Мөн түүнчлэн цаг засварчин гэх мэргэжлээ охин болон зээ хүүдээ өвлүүлжээ. Ингээд шинэхэн Үйлчилгээний гавьяат ажилтан түүнтэй цаг товлож ажил дээр нь очиж ярилцсан юм. Үйлчлүүлэгч олонтой, цагаа засаад завгүй сууж байсан юм. 

-Сайн байна уу та, сайхан хаваржиж байна уу. Сайхан шинэлсэн үү?

-Өө сайхан сайхан.

-Сар шинийн босгон дээр Үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасан танд дахин баяр хүргэе ээ. Гавьяат болно гэдгээ мэдэж байсан уу?

-Баярлалаа. Үйлдвэрлэлийн хоршооллын 100 жилийн ой, Хоршоологчдын 90 жилийн ой өнгөрсөн онд болж өнгөрсөн. Тэгээд шагналд хэдэн хүн тодорхойлсон гэж хэлж байсан. Манайхан цуваад шагналаа аваад байсан. Би ч авдаг нь юу болдоо гэж бодож байсан. Тэгсэн харин өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдөр ажил дээрээ ажлаа хийгээд сууж байхад Ерөнхийлөгчийн Тамгын газраас яриад “Та гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдахаар байна, тэдний өдөр ирээд шинжилгээгээ өгч Төрийн ордон руу орж, Ерөнхийлөгчөөс шагналаа гардаж аваарай” гэж ярьсан. Тэгтэл эгч нь “Ямар ч байсан аавынхаа хэлснээр мэргэжилдээ эзэн байж 50-иад жил хөдөлмөрлөсөн хөдөлмөрөө төр засагтаа өндрөөр үнэлүүлэхээр болжээ гэж их баярласан. Төр засаг маань мэргэжлийг минь үнэлсэн.

-Ажлын гараагаа эхэлж байсан үеэ дурсвал?

-ЗХУ-д суралцаж ирсэн мэргэжлийн цаг засварчид болох, арван бүсгүй 1976 оны долдугаар сарын 1-нд ажлынхаа гарааг "Урт цагаан"-ы цаг засварын тасгаас ажил амьдралын гараагаа эхлүүлж байсан. Гэвч хувьчлал явагдаад ажлын байрыг минь дуудлага худалдаагаар оруулж зарагдсан. Тэгээд би орох газаргүй явж байгаа УИД-ийн менежер нь таньдаг хүн байж таараад “Манайд мэргэжлийн бус хүн байна, чи ирээч” гэж дуудсан. Тэгээд энэ том айлд цаг засварчнаар ороод 22 дахь жилдээ ажиллаж байна. Нийт ажилласан жил гэвэл 47 жил цаг засварчин хийжээ.

-Ажлын нэг өдөр нь яаж эхэлдэг вэ?

-Манай энд дөрвөн цаг засварчин ажилладаг бөгөөд ээлжилдэг. Гурван өдөр өнжөөд ирдэг. Өглөө 10.00 цагт онгойгоод орой 19.00 цагт тардаг. Хэдий тэтгэвэртээ гарсан ч гэсэн миний хувьд их хайртай дуртай ажил болохоор эндээ ирж цагаа засах, угаах их дуртай. Үйлчлүүлэгч ч их бий дээ. Ямар цагийг яаж засуулъя гэж зорьж ирэх үү тэр бүгдэд нь сайхан үйлчлээд эерэг сэтгэгдэл төрүүлээд явуулахыг боддог.

-Цаг засварлана гэдэг их ур ухаан, ажиллагаа шаардсан ажил уу. Ер нь амар ажил гэж байдаггүй байх?

-Цагийг бүрэн задалж угаах нь ажиллагаа ихтэй. Зай солиод өгөхөд бага цаг хугацаа орно. Заримдаа хэцүү цаг байдаг. Хэр баргийн хүн хийчих ажил биш. Маш нарийн ажиллагаа мэдрэмж шаардана.

-Цаг угаана гэж юу гэсэн үг үү?

-Цаг бол машины эд ангийг үзэж тос маслийг нь солидогтой яг адилхан. Цаг ч гэсэн тодорхой хэдэн жил яваад бохирдоод угаагдах шаардлагатай болдог. Зайгаар болон механик цаг ч ялгаагүй дээ бохирдлыг нь угаах ёстой. Бүх эд ангийг нь задлаад шинээр цаг угсрах гэж байгаа мэт задалж цэвэрлэхийг цаг угаах гэдэг юм. Зай нь зүгээр хэрнээ явахгүй байгаа цагийг угаана.

-Манайд цаг засварын үйлчилгээний эхлэл хэзээ тавигдсан бэ?

-Буриадын Тагар гэдэг хүн 1937 онд одоогийн Барилгачдын талбайн орчимд жижиг байшинд цаг засварын газар нээн ажиллуулсан нь Монгол Улсад цаг засварын үйлчилгээний эхлэл болжээ. Энэ үйлчилгээ өргөжин 1948 онд Монголын үйлдвэрлэлийн хоршооллын харьяанд нэгдэв. Улмаар 1958 онд тус хоршооллын VI артелийн захиалгаар Урт цагааны үйлчилгээний төв ашиглалтад орж, бугуйн болон ханын, ширээний цаг засварлах үйлчилгээ эхэлсэн. Цаг хугацааны хувьд энэ үйлчилгээ хэзээ ч тасарна гэж байхгүй. Цаашид байнга оршин тогтонох ёстой. Тиймээс улс бодлогоо гаргаад дээр үеийнх шиг бэлдээд явах хэрэгтэй болов уу. Гэхдээ манай улсад цаг засварчны анги гэж байхгүй. Гадаадад таван удаа сургасан. Тэгэхдээ Монголдоо хүн бэлтгэж, зах зээлийн нийгэмд өөрсдөө ажлын байраа бий болгох хэрэгтэй. Эгч нь бол мэргэжилдээ их хайртай, мэргэжлээ тасалж үгүй болгохгүй тулд үе үеэр нь бэлтгэх ёстой.

-ЗХУ-д суралцаж төгссөн гэсэн үү?

-Тийм. 1974 онд ЗХУ-д цаг засварчны мэргэжлээр хоёр жил суралцаж төгсөөд ирж байсан. Тухайн үед үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлж байнгын мэргэжилтэй ажилчин бэлтгэх зорилгоор 1974 оны намар НААҮЯам, АҮУГазар мэргэжлийн цаг засварчныг бэлтгэхээр Улаанбаатар хотоос 10, хөдөө орон нутгаас 15 хүүхэд, нийт 25 эмэгтэйг Ярославль хотын Техник Мэргэжлийн сургуульд явуулж байсан. Хөдөөнийхөн цагийг бол цөөхөн зассан. Улаанбаатарын хүүхдүүд шууд ажлын гараагаа цаг засвараар эхэлж байсан.

-Одоогоор тасралтгүй цаг засварладаг хэчнээн хүн байгаа вэ. Манайд эрэлттэй биш мэргэжил байхаа?

-Цаг засварчин их ховор. Сүүлийн үед хүмүүс цагаа өөрөө мэдээд сонгоод авчихдаг болжээ. Одоогоор Улаанбаатарт долоон хүн байна. Тэрнээс гурав нь Монгол Улсын мастер ажилтан. Ер нь бол хүмүүс өөрийнхөө эдийг хайрлаж, өөрөөр хэлбэл үнэ цэнэтэй цагаа хайрлаж хамгаалж мэргэжлийн хүнд хандаж байх ёстой. Гэтэл зөвхөн цагны зай солиод бүх асуудал болчихно гэж ойлгож болохгүй.

-Манайд мэргэжлийн цаг засварчин хэчнээн хүн байдаг вэ?

Манайд цаг засварчид нэгдээд Монголын мэргэжлийн цаг засварчдын холбоо гэж байгуулсан. Тэр холбоогоор дамжуулаад арга хэмжээ зохион байгуулна. Бид ажлын байр хувьчлагдаад эзгүй болсон. Одоо 22 ахмад байна тэднийгээ хүлээж авч ахмадын баяраар нь баярлуулдаг. Бид 18 настай энэ ажлынхаа гарааг эхэлж, хаалгыг нь татаж орж байжээ. Манай улсад мэргэжлийн цаг засварчин гэх мэргэжилтэй 125 хүн байдаг. Гэхдээ ажлаа хийсэн нь цөөхөн дөө. Бид нар өөрсдөө энэ мэргэжлийнхээ төлөө сэтгэл зовоод ингээд ажлаа хийгээд сууж байна.

-Таны хувьд Мастер цаг засварчин цолоо хэдэн онд авч байсан бэ?

-Намайг цаг засварчны мэргэжлийг дээд түвшинд эзэмшсэнийг батламжлан Монгол Улсын ахуйн үйлчилгээний "Мастер цаг засварчин" цолыг 2009 онд олгож байсан. Зах зээлийн системд шилжиж хүн бүр оригинал гэж ойлгодог, худалдан авдаг цагуудыг засдаг байв. Тэр үед өөрийгөө их том хүн болсон гэж боддог байв. Гэвч болоогүй л байсан юм билээ, засвараас гарсан цаг чанар шалгагч дээр “унадаг” байж билээ. Яагаад болдоггүй байсан юм бол гэж боддог байсан. Тухайн үед сургуулиа онц төгсөж ирсэн хэрнээ чанар дээр тэнцэхгүй байна гэхээр бас болоогүй л байна гэсэн үг байсан юм болов уу. Одоо бол зургаан цаг засварчин мастер цолтой ажилладаг.

-Та"Хэзээ нэгэн цагт жирийн Монгол иргэнд жинхэнэ Европ цаг зүүлгэнэ" хэмээн мөрөөддөг байсан гэдэг. Гэтэл өнөөдөр мөрөөдлөө биелүүлжээ?

-Би их зорилготой ажилладаг байсан. Яагаад Монголдоо цаг үйлдвэрлэж угсарч болохгүй гэж боддог байсан. Бүгдийг нь хийж чадахгүй ч яагаад гаднаас оруулж ирж болохгүй гэсэн бодолтой байдаг. Монголчууддаа мэргэжлийн хүн учраас боломжийн үнээр сайхан цаг зүүлгэх юмсан гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлж, Монгол Улсад цаг засварын үйлчилгээ үүсэж хөгжсөний 80 жил, сургууль төгссөний 40 жилийн ойгоор 2017 оны долдугаар сард хүүхдүүдтэйгээ нийлж Швейцар улсаас цаг оруулж ирэхээр "Шинэ цахлай" ХХК-иа байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж эхэлсэн. Одоо Шангрила төвийн нэг давхарт байгаа.

-Таныг охиноо бас цаг засварчнаар сургаж бэлтгэсэн гэх юм билээ?

-Тийм. Миний том охин С.Анхчимэг ерөнхий боловсролын сургуульд байхаасаа ээжийгээ дагалдан цаг засварчин болсон бөгөөд одоо гэр бүлийнхэнтэйгээ Швейцар улсын Женев хотод цагны үйлдвэрт ажиллаж, оройгоор суралцаж цагны инженер болж байна. Бас зээ хүү маань эмээ, ээж хоёрынхоо мэргэжлийг эзэмшээд яг мэргэжлийн сургуульд нь цаг засварчнаар суралцаж төгсөөд одоо ажлын байран дээр гарчихсан байгаа. Эхний ээлжинд өөрөө суралцсан болохоор сайн цаг засварчин бэлтгэх зорилготой байсан. Цаашдаа энэ улсад хэдэн хүүхэд бэлтгэж сургаж өгнө. Аймаг болгонд нэг цагчинтай болгочихвол гэж боддог. Цаг засварын ажиллагааг байхгүй болгочих юмсан.

-Мэргэжил бүхэн сайхан гэж үг бий. Хүн аливаа хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандана гэдэг их сайх. Таныг хараад байхад үйлчлүүлэгчддээ их сайхан ханддаг юм байна?

-Баярлалаа. Хүн ямар ч ажил, асуудалд чин сэтгэлээсээ байх ёстой. Аав минь намайг сургуулиа төгсөөд ирж байхад “Мэргэжлийнхээ эзэн байгаарай” гэж их захидаг байсныг одоо бодоход чанартай юм хийдэг байгаарай л гэж хэлж байсан үг юм байна билээ шүү дээ.

-Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, үйлчилгээний чанар их чухал байх?

-Тийм шүү. Манайх энэ дэлгүүрт 20 гаруй жил ажиллаж байна. Хүмүүс андахгүй сайн мэднэ дээ. Үйлчлүүлсэн хүн бүртээ баталгаа гаргаад өгдөг болохоор УИД-ийн цаг засварчид сайн засварчид байдаг гэдгийг мэднэ. Буух эзэнтэй буцах хаягтай, нүүр бардам байна гэдэг сайхан шүү. Мэргэжлийнхээ эзэн болж сайн чанар шалгагч болсонд талархдаг. Аливаа хийж байгаа юмандаа чин сэтгэлээсээ ханддаг. Надад хандсан хүн бүхэнд эерэг мэдрэмж төрүүлэх хүсэлтэй.

-Ярилцсан танд баярлалаа, ажилд нь өндөр амжилт хүсье?

-За баярлалаа. Цаг бол нэр төрийн баталгаа байдаг. Дан ялангуяа эрчүүд цаг зүүх хэрэгтэй. Бизнесмэн хүмүүсийг ямар цаг зүүснийг нь харж байдаг шүү. Цаг зүүсэн хүн цагаараа ажлаа амжуулдаг, тодорхой зорилготой байдаг. Цаг бол үеийн үед дамжин өвлөгддөг эд. Өвөөгийн зүүж байсан цаг аавын минь цаг гээд янзлуулахаар хүмүүс ирдэг. Цаг бол үнэ цэнэтэй. Гар утас хэдий үнэтэй байгаад хүмүүс аваад 2-3 жил хэрэглээд дараагийн загвар нь гараад ирээд хэрэггүй болчих жишээний. Тэгвэл цаг бол тэгдэггүй, үе дамжин өвлөгддөг. Та хоёр сая төгрөгөөр Швейцар гоё сайхан цаг аваад бугуйндаа зүүчихсэн байхад тэр бол насан туршийн хэрэглээ болно шүү.

Үйлчлүүлэгчид маань цаг засуулахаар явахдаа аль болохоор мэргэжлийн хүнд хандаж байгаарай. Сайхан цагаар гоёоорой. Өөрийн үнэт эдлэлээ хайрлаж хамгаалаарай. Бохир болсон цагаа хуурай сойзоор ч арчаад цэвэрлэчихдэг байгаарай. Сайхан бүтээгдэхүүнийг зөв хэрэглэж сураарай гэж үйлчлүүлэгч нартаа хэлье.

 

Би их зорилготой ажилладаг байсан. Яагаад Монголдоо цаг үйлдвэрлэж угсарч болохгүй гэж боддог байсан. Бүгдийг нь хийж чадахгүй ч яагаад гаднаас оруулж ирж болохгүй гэсэн бодолтой байдаг. Монголчууддаа мэргэжлийн хүн учраас боломжийн үнээр сайхан цаг зүүлгэх юмсан гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлж, Монгол Улсад цаг засварын үйлчилгээ үүсэж хөгжсөний 80 жил, сургууль төгссөний 40 жилийн ойгоор 2017 оны долдугаар сард хүүхдүүдтэйгээ нийлж Швейцар улсаас цаг оруулж ирэхээр "Шинэ цахлай" ХХК-иа байгуулж, ерөнхий захирлаар нь ажиллаж эхэлсэн.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.