| | USD/MNT 0₮

Э.Мөнхжаргал:Энэ жил улсын цолонд хүрэхийн тулд одооноос бэлтгэлээ хийж эхэлнэ дээ

XVII жарны Сайжруулагч хэмээх усан бар жилийн сар шинийн барилдаанд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёр өдөр үргэлжилж, бөх сонирхогчдын таамгийг эвдэж аймгийн заан цолтой хүчтэн, цагаан сарын барилдаанд анх удаа түрүүлсэн түүхэн амжилтыг бичсэн билээ.

Тодруулбал, өдгөө 26 настай Архангай аймгийн Хотонт сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Хатант интернэшнл” компани, “Бөхбилэгт” дэвжээний бөх аймгийн заан Э.Мөнхжаргал найм даван түрүүлж, сар шинийн барилдаанд аймгийн заан цолтой түрүүлсэн анхны бөх болсон юм. Түүнээс өмнө аймаг, цэргийн арслан цолтой хоёрхон бөх түрүүлж байсан нь улсын аварга Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтойдоо, улсын харцага Ш.Мөнгөнбаатар 2011 онд аймгийн арслан цолтойдоо түрүүлж байсан юм. Үндэсний бөхөд шинэ үе ирснийг эртэй бяртай, ирээдүйтэй энэ бөх харуулсан юм. Багаасаа аавыгаа дагаж бөхөөр барилдахаар эргэлт буцалтгүй шийдсэн балчир хүү, өдгөө жудагтай том бөх болох мөрөөдлөө нэг шат ахиулж, улсын аварга, арслан, заануудыг бүгдийг нь өвдөг шороодуулж, түрүүлсэн байгаа юм.  Ингээд аймгийн заан цолтой хэрнээ торгон иртэй байгаа Э.Мөнхжаргалтай барилдааных нь талаар ярилцлаа.

-Сайн байна уу, сар шинийн барилдаанд урамтай, аатай сайхан барилдаж, аварга, гарьд, заануудыг төвөггүй унагаж түрүүг нь авсанд баяр хүргэе?

-Баярлалаа. Сар шинийн барилдаанд барилдаж аймгийн заан цолтой бөхчүүдээс хамгийн анхны түрүүг авсандаа маш их баярлаж байгаа.

-Цагаан сарын барилдаан хэр байв. Таны хувьд чанга байсан байх. Харин үзэгч түмний хувьд таныг даваа болгоноо төвөггүй давлаа. Иртэй байна, бяртай байна гэж бичиж яриад байсан?

-Даваа болгон чанга байсан. Үзүүр түрүүнд сайхан заан Пүрэвсайхантай үлдэхэд жаахан догдолсон шүү. Гэхдээ догдлолоо дараад барилдаандаа бүх анхаарлаа төвлөрүүлж, сэтгэлзүйгээ бэлтгээд хийх ёстой мэхээ хийж давсан.

-Том цолтой бөхчүүдийг өвдөг шороодуулж, түрүүлчихээд юу бодов. Аварга арслан, заануудаас айсан уу?

-Түрүүлнэ гэж огт бодоогүй. Найм давж түрүүлчихээд “Би түрүүлчихлээ гэж үү” гэж бодсон шүү. Бөх хүнд айж, эмээнэ гэх зүйл байх ёсгүй гэж боддог. Адилхан л эн тэнцүү хүч бяраа үзэх гэж байгаа болохоор харин ч зөв сайхан барилдах нь чухал. Хэрэв айгаад байвал барилдаж чадахгүй шүү дээ. Тэгээд ч том, жижиг бөх гэж байхгүй, бүгд л хүчтэй өрсөлдөгч, хэнтэй ч, ямар ч хүчтэнтэй таарсан ухаан, хүчээ тэнцүүлэн барилдах ёстой гэж боддог.

-Бөх хүнд сэтгэлзүй их чухал байдаг?

-Тийм. Барилдахад сэтгэлзүй тогтвортой, өндөр байх хэрэгтэй. Сэтгэлзүй унаад “Энэ бөхтэй барилдаад унах болов уу, давах боловуу” гэж бодох юм бол давахгүй байх магадлалтай. Сэтгэлзүйгээрээ л үйл хөдлөлөө барилдаанаа захирна шүү дээ. Ерөнхийдөө барилдахдаа би өөртөө “Давна, чадна” гэсэн бодлоор өөрийгөө хурцалж барилддаг.

-П.Бүрэнтөгс аваргыг давахад бөх үзэгчид шуугиад явсан. Таны сугадаад мордсон мэхийг аварга хамгаалж чадаагүй унасан. Аваргыг давна гэж бодож байсан уу. Өмнө нь таарч барилдаж байсан уу?

-Бөх хүн давна гэж барилдахаас унана гэж барилдахгүй шүү дээ. Бүрэнтөгс аваргыг сугадаж мордсоор байгаад унагасан. Аваргатай өмнө нь хоёр удаа таарч барилдаж байсан. Саяын барилдаанд өөртөө итгэлтэй дэвжээн дээр гарсан. Аваргатай сайхан барилдаад давсандаа баяртай байгаа.

-Барилдаан болгон алдаа оноотой байдаг. Таны хувьд сургамж авсан барилдаан ямар барилдаан байв?

-2019 оны улсын наадам. Гурвын даваанд Гончигдамба гарьд амлаж аваад барилдсан барилдаан санаанаас ер гардаггүй юм. Би золгоод эхний золгоон дээрээс мушгиулаад уначихсан. Уг нь золгооноос салах боломж байсан ч буруу тактикийн алдаа гаргаад уначихсан юм.

-Төрийн наадамд гарьд Б.Гончигдамбад өвдөг шороодож байсан юм байна. Энэ удаа давжээ. Давна гэж бодож байсан уу?

-Тийм бодол, айдас огт төрөөгүй. Улсын наадамд унасан алдаа, оноогоо сайн дүгнэн, өөртөө итгэлтэй барилдсан. Барьцанд хүрч, санасан мэхээ зоригтой, өөртөө итгэлтэй хийгээд давсан.

-Таны хувьд Шийрэв багшийн шавь байхаа. Хэзээнээс эхэлж үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн бэ?

-2010 оны есдүгээр сард багш дээрээ анх удаа аавыгаа дагуулж очоод шавь нь болж Спортын төв ордон дээр бэлтгэл хийж эхэлж байлаа. Тэрнээс хойш жүдогоор хичээллэж эхэлсэн дээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд Үндэсний бөх рүү түлхүү бэлтгэл хийж байна.

-Хэзээ аймгийн заан цолтон болсон билээ. Бөхийн өргөөнд хамгийн анх хэзээ барилдаж байсан бэ?

-2019 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд барилдаж аймгийн заан цолоо авч байсан. Бөхийн өргөөний хамгийн анхны барилдаан гэвэл 2015 оны намар байсан юм. Би зун нь сумандаа барилдаж сумын начин цол хүртчихээд тэр жил сумын заануудын барилдаанд барилдаж байсан.

-Сумын заан цолтой бөхчүүдийн барилдаанд барилдаад хэд давж байсан бэ?

-Нэг давж байсан. Нэг даваад туг тойроод явж байхад их сайхан санагдаж байсан даа. За ер нь барилдаж болох юм байна даа, цаашдаа сайн хичээгээд бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байхад болох юм байна даа гэсэн бодол шууд төрж байсан.

-Бөхийн удамтай байхаа. Багаасаа барилдаж ноцолдож өссөн үү?

-Тийм. Миний аав Эрдэнэхүү гэж цэргийн начин цолтой. Бага байхад аавынхаа барилдахыг үзэх гээд дагаад явдаг хүүхэд байсан. Аавынхаа барилдааныг үзээд бөх болъё гэж бодсон байдаг. Ер нь миний аавын барилдаан бөхийн зам руу хөтөлсөн гэж хэлж болно. Багаасаа барилдах дуртай хүүхэд байсан.

-Ер нь жүдогоор барилдаад гаргасан амжилт нь юу бэ?

-2010 оноос жүдогоор хичээллэж эхэлсэн. Харин 2017 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч байсан. Тэр ондоо хүүхдийн гранприд явж байсан. Тэр тэмцээнд тавдугаар байрт орж байсан. Тэрнээс хойш нэлээд олон тэмцээнд явж байлаа.

-Энэ жил улсын наадамд барилдах уу?  

-Барилдана. Би өмнө нь улсын наадамд хоёр удаа (2018, 2020) барилдсан. Улсын наадмын бэлтгэлдээ одооноос шууд орно. Энэ зун наадмаар улсын цолонд хүрчих болов уу гэсэн итгэл байгаа.

-Монгол бөхийн жудаг гэдгийг та өөрийнхөөрөө юу гэж тодорхойлж хэлэх бэ?

-Даруу төвшин, ахмад буурлаа хүндэлж, ахмад буурлуудынхаа үгийг сонсож зөв зүйтэй явах л юм болов уу. Гадуур дотуур явж байхад жудагтай байх ёстой. Магадгүй нэг хүн таараад таниад  хамт зургаа авахуулъя гэхэд цааргалзаж болохгүй байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, Монгол бөхийн жудаг ёсоо эрхэмлэж явахыг хичээдэг.

-Монгол бөхийн хөгжлийн тухайд юу хэлэх бол. Сүүлийн үед сэргээшийн асуудал хүчтэй хөндөгдөж байгаа. Таны хувьд энэ тал дээр?

-Барьц сонгох байхгүй шууд золгож барилддаг болсон. Бөхчүүд золгож барилдаад их уддаг. Тиймээс энэ золгоог нэг талд нь шийдвэл гэж боддог. Арай өөрөөр шийдэх боломж байдаг юм болов уу. Золгоон дээр хэн идэвхитэй мэх хийх гээд яваад байна, хэн барьцнаас халаад мэх хийх гээд байна гэдгийг харгалзаж давуулдаг болвол арай өөр байх болов уу гэж боддог.

-Амжилт хүсье, улсын цолонд хүрэх болтугай?

-За баярлалаа.

Би өөрөө улсын цолонд хүрээгүй ч миний хүү хүрэх байх гэж боддог

Аав, цэргийн начин У.Эрдэнэхүү "Сайхан наадам боллоо. Хүүгээ түрүүлсэнд маш их баяртай байгаа. Би хүүдээ “Хэнээс ч айж эмээх зүйл байхгүй, хийх ёстой мэхээ хийгээд яваад барилдаарай” гэж хэлсэн захиасыг биелүүлсэнд баяртай байгаа. Анх чөлөөт бөхийн Энхээ багш дээр бэлтгэл хийж явж байсан. Яг бөхийн анхны А үсгийг заасан ачтай багш бол яах аргагүй Энхээ багш гэж хэлнэ.

Би өөрөө зүлэг ногоон дэвжээн дээр гарч байсан болохоор бас л амаргүй байлаа. Хүүгийн барилдааныг үзэхдээ их түгшсэн, хазайхад нь дагаж хазайгаад бас сандардаг юм билээ шүү. Ер нь хүүдээ даруу байгаарай гэж захидаг. Би өөрөө улсын цолонд хүрээгүй ч миний хүү хүрэх байх гэж боддог" гэж ярьжээ. 

Миний аав У.Эрдэнэхүү гэж цэргийн начин цолтой. Бага байхад аавынхаа барилдахыг үзэх гээд дагаад явдаг хүүхэд байсан. Аавынхаа барилдааныг үзээд бөх болъё гэж бодсон байдаг. Ер нь миний аавын барилдаан бөхийн зам руу хөтөлсөн гэж хэлж болно. Багаасаа барилдах дуртай хүүхэд байсан
Ярилцлага

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.