| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэвэр тэтгэмж нэмэх ҮҮРЭГ ЧИГЛЭЛ өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзжээ. 

Уулзалтын үеэр цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, түүний улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, ялангуяа инфляцаас үүдсэн үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцолжээ. 

Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгов. 

Мөн инфляцын дарамтыг бууруулахын тулд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, шатахууны үнийг тогтворжуулах, үнийн зохиомол хөөрөгдөлд хяналт тавих зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөв. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хүрээнд өгсөн дээрх чиглэлийг яаралтай судлан үзэж, шийдвэрлэнэ гэдгээ хэлэв. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.

Мөн Оюутолгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт өчигдөр эхэлсэн талаар танилцуулж, төслийн хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, зэсийн үйлдвэр байгуулах, говийн бүсэд усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжилнэ гэдгийг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюутолгой төслийн хэлэлцээрт гарсан үр дүн нь монгол хүн баялагтаа эзэн байх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, хэлэлцээрт хүчин чармайлт гарган оролцсон талуудад баяр хүргэв. Цаашид Оюу толгой төслийн Монгол Улсад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, улам боловсронгуй болгох чиглэлд санаачилгатай ажиллахыг хүсчээ. 

 

Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болго
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.