| | USD/MNT 0₮

Б.Энхтайван:Эмээгээ уйлуулж, өөрөө уярч дуулсан “Настан буурал эмээ” дууны маань бичлэг нэг сая хүнд хүрч, олон мянган лайк авна гэж бодоогүй

Олон нийтийн сүлжээнд машиндаа өндөр настай эмээгээ хажуудаа суулгаж “Настан буурал эмээ” дууг дуулж өгч байгаа залуугийн бичлэг нэг сая хүнд хүрч, 60 гаруй мянган лайк, зүрх, хэдэн зуун мянган хүний шэйр авч, эмээ хүү хоёрт урт насан удаан жаргал ерөөсөн сэтгэгдэл их хөвөрчээ. Тэгвэл тэр залууг дуучин Б.Энхтайван гэдэг бөгөөд эмээдээ зориулж дуулсан “Настан буурал эмээ” дуу нь олон мянган хүний сэтгэлийг хөдөлгөж, хүн бүр эмээгээ хайрлах эвийлэх их хайрыг бадруулсан сайхан бичлэг байв. Тэрбээр эмээдээ “Танд зориулж би гоё дуу дуулж өгье. Настан буурал эмээ гэдэг дуу” гэж хэлэхэд эмээ нь "Өө за" гэж инээж сонсоно. Харин зээ хүүгээ дуугаа "Аавын минь ээж ачтан буурам эмээ минь" гээд дуулахад өндөр настай эмээ нь уярч уйлж байгаа нь бүр өр өвтгөж, эмээтэй хүн бүр эмээгээ улам хайрлах, ухаарах уяралыг өгсөн гэж хэлж болно. Ингээд "Настан буурал эмээ" дуугаараа олон мянган хүний лайк, шэйр авсан залуутай ярилцлаа.

-Сайн байна уу та, өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Сайн сайн байна уу Намайг Банзрагчийн Энхтайван гэдэг. Ховд аймгийн Дөргөн суманд төрж өссөн эгэл жирийн малчин айлын хүүхэд.

-Таны эмээдээ зориулж дуулж байгаа дууны бичлэг олон нийтийн сүлжээнд 60 гаруй мянган лайк авчээ. Сэтгэл хөдөлгөсөн их сайхан бичлэг байна билээ. Хэзээ хийсэн бичлэг бэ?

-Харин тиймээ. Олон мянган лайк авч, шэйрлэгдэж эмээд минь урт нас удаан жаргалыг ерөөсөн байна билээ. Хэд хоногийн өмнө эмээгийнхээ гэрт нь очиж хийсэн бичлэг байгаа юм. Хүмүүс их сайхан хүлээж авч байгаа нь эмээгийн минь буян заяа гэж бодож байна.

-Эмээ нь дууг сонсоод уйлсан байсан. Сэтгэл нь хөдөлсөн байх даа?

-Харин тийм. Эмээгээ нэг дууныхаа клипэнд оруулна гэж бодож байсан юм. Тэгээд боломж нь бүрдэж өгөхгүй байгаа учраас түр азнаад бичлэг хийсэнд эмээ минь үнэхээр их баярлаж зөндөө уйлсан. Би дагаж уйлчих гээд арайхийж бичлэгээ хийж, дуугаа дуулж дуусгасан шүү.

-Ийм бичлэг хийгээд цахим сүлжээнд тавиад олон мянган хүний эерэг сэтгэгдэл авна гэж бодож байсан уу?

-Ингэж мундаг их хандалт авна гэж ёстой зүүдлээ ч үгүй. Маш их баяртай байна. Нэг сая хүнд хүрнэ гэж ёстой бодоогүй шүү.

-Эмээ нь хэдэн хүүхэд төрүүлж өсгөсөн бэ. Аавынх нь ээж үү, ээжийнх нь ээж үү?

-Эмээ маань зургаан хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн хүмүүлж өсгөсөн. Ээжийн минь ээж. Их сайхан буурай бий. Үр хүүхэд зээ ач нартаа зөвийг үлгэрлэсэн хүн дээ, миний эмээ чинь.

-Өндөр настай эмээд нь олон хүн урт нас, удаан жаргалыг ерөөсөн байна билээ. Ингэтэл та өөрөө дуучин хүн үү ?

-Дуунд дуртай хайртай түмэн олон маань үнэхээрийн сайн ерөөл дэвшүүлж олон хүн чатаар баяр хүргэсэн. Миний хувьд 2013 оноос хойш уран бүтээл хийж байна.

-Урын сандаа хэчнээн дуутай вэ?

-Одоогоор 30 гаруй дуутай. Цаашид ч хийх уран бүтээлүүд байгаа.

-Аав ээж, эмээ өвөө нь хүүгээ дуулахыг сонсдог байх. Тэдэндээ зориулж уран бүтээл хийсэн үү?

-Хүүхдээ дуу дуулахаар баярлалгүй яах вэ. Хүүхэд байхаасаа л хайртай хүмүүстээ дуу дуулж өгдөг байсан. Одоог хүртэл дуулж өгч байна даа.

-Уран бүтээлч хүн ямар байх ёстой вэ?

-Уран бүтээлч хүн гаднаасаа болоод дотроосоо гэрэлтэж зөв сайхныг бодож зөв бодолтой явах ёстой гэж боддог.

-Ямар уран бүтээл гаргахыг хүсдэг вэ?

-Шинэ жилийн холбогдолтой часхийсэн дуутай болох хүсэл мөрөөдөлтэй байгаа.

-Удахгүй уламжлалт сар шинийн баяр боллоо. Залуу хүний хувьд цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Би багаасаа хөдөө мал дээр өссөн болохоор цагаан сарын баярыг их хүлээдэг маш сайхан баяр учраас ач холбогдол өгдөг шүү. Ахмад буурлуудаа баярлуулж төрөл садан, холын хамаатнаа үр хүүхдүүд ач зээ нар нэг нэгнээ таниж мэдэлцэх гээд маш олон сайхан агууламж багтаасан Монгол түмний уламжлалт баяруудын нэг учраас өргөн дэлгэр утга учиртай тэмдэглэхийг эрхэмлэдэг.

Эмээдээ зориулж дуулж байгаа бичлэг нь: 

Эмээгээ нэг дууныхаа клипэнд оруулна гэж бодож байсан юм. Тэгээд боломж нь бүрдэж өгөхгүй байгаа учраас түр азнаад бичлэг хийсэнд эмээ минь үнэхээр их баярлаж зөндөө уйлсан. Би дагаж уйлчих гээд арайхийж бичлэгээ хийж, дуугаа дуулж дуусгасан шүү.
Ярилцлага

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.