| | USD/MNT 0₮

Ж.Гончигсүрэн:Бүх зүйл сайжирч дэвжихийн ерөөл бэлгэдэлтэй “Сайжруулагч” хэмээх сайхан усан бар жил гарч байна

Монголчууд бид хаврын тэргүүн сартайгаа золгоход 10 хоног үлдсэн байна. XVII жарны Сайжруулагч хэмээх усан бар жилийн өнгө ямар байх талаар Түвдэнпэлжээлэн хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу та, сайхан өвөлжиж байна уу?

-Тавтай сайхан та бүхэн сайхан өвөлжиж байна уу. Сар шинэ дөхөөд бэлтгэл ажил хийгээд манай хийд жаахан ачаалал ихтэй байна. Бид бүгдийн жил болгон хийдэг ажил бол цаг тооны бичиг зохиох.

-Таны хувьд хэзээнээс эхэлж цаг тооны бичиг зохиож гаргадаг болсон бэ?

-1987 оноос багшийгаа дагаж төвд хэл дээр календар буюу цаг тооны бичгийг зохиож байсан. Тэгээд 1994 оноос хойш сүсэгтэн олондоо зориулан гаргаж иржээ. Одоогоор 22 дахь жилдээ хэвлүүлэн гаргалаа.

-Усан бар жилийн өнгө зурхай зурлагад ямар буусан байна вэ?

-Энэ жил арвандолдугаар жарны Сайжруулагч хэмээх усан бар жил гарах гэж байна. Нэрнээсээ эхлүүлээд сайхан жил гарч байгаа. Жилийн байр байдлыг хаврын урь орсон махбодийн өдрөөр тооцож гаргадаг. Энэ жилийн хувьд улирлынхаа эхээр хур тунадас сайтай. Ер нь залуус нялхаст ээлтэй, хөгшдөд анхаарвал зохилтой жил. Гуравдугаарт хийн өвчин дэлгэрэх нигууртай.

-Сайжруулагч гэдэг нь ямар учиртай юм бэ. Бид яаж сайжрах юм бэ?

-Сайжруулагч гэдэг нь төвдөөр бол гэжид Гэ гэдэг нь буяны үйл жид гэдэг нь үйлдэх гэсэн үг. Буян санаж үйлдэх гэсэн утгатай юм. Ер нь онжид нэр нь бол Сайжруулагч. Яаж сайжирдаг вэ гэхээр хүн буян хийж байж сайжирдаг. Буян хийж байж хүний өвчин зовлон арилж, нас арвижиж, эд таваар элбэг дэлбэг болдог. Бид хамтаараа буянд шамдаарай гэсэн анхааруулга бий. Монголчууд олон жил уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэж ирсэн түүхтэй. Байгаа байгаа орчиндоо сайхан тэмдэглэхэд болно.

-Хийн өвчин дэлгэрэх нигууртай гэлээ. Та үүнийгээ илүү сайн тайлбарлаж өгөөч?

-Таван махбодийн хий, шар, бадгана гэж өвчин бий. Ер нь биеэ анхаараарай гэсэн үг.

-Уламжлалт зан үйлээ хойч үедээ өвлүүлж үлдээх нь бидний үүрэг. Гэвч сүүлийн хоёр жил дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэж Цагаансарын баяраа өргөн дэлгэрэх тэмдэглэх боломжгүй болоод байна. Олон нийтийн сүлжээнд цагаан сарын хориглох нь зөв гэсэн мэдээлэл их гарч байгаа. Та үүнийг юу гэж бодож, харж байна вэ?

-Хүний сэтгэлээс гарч байгаа зан үйл болохоос хүчээр хийх эд биш юм. Хурал номын хувьд тогтсон ажил байдаг. 26-нд балин адисладаг, 27, 28-нд сахиусаа тавьдаг, битүүнд номоо хурдаг, тэгээд шинийн нэгнээс, шинийн 15 хүртэл буяны ажил буюу ерөөлөө хурдаг ийм тогтсон бурхан шашны жаяг бий. Энэ үйл ажиллагаа тасалдахгүй. Хийд гандан жил бүрнийхээ номыг хурна. Цагаан сарыг хийх нь тухайн хүний л бодол, бололцооны асуудал. Тиймээс хүн бүрийг айл хэс гэсэн утга агуулга байхгүй. Байгаа байгаа нөхцөлдөө сайхан сэтгэлээр хандаж, уламжлалт зан заншлаар идээ будаагаа өрж, өргөх, тэнгэр хангайдаа дээж цайныхаа дээжийг өргөж, үр хүүхэддээ сайн сайхныг ерөөдөг байх ёстой. Цагаан сарыг хорих, хорихгүй гэдэг дээр заавал асуудал нь байгаа юм биш. Ахмадаа хүндэлж золгож, амар мэндийг нь мэдэж болно. Түүнээс айл хэсээд цугла гэсэн ажил биш.

-Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ямар өдөр тохиож байгаа вэ?

-Гурав дахь буюу лхагва гарагт тохиож байгаа. Өдөр нь сайхан өдөр.

-Ямар жилтнүүд бар жилд онцгойлон анхаарч, засал ном хийлгэх вэ?

-Ер нь хүн бүгд биедээ анхаарвал зохилтой. Ертөнцөд төрсөн хүн бүхэн өвдөх, өсөх, өтлөх, үхэхийн зовлонг эдэлнэ шүү дээ. Өвчин тусахгүйн тулд өөрийнхөө биеийг хайрлаж хамгаалах нь зүй. Хоол ундаа тааруулах, дулаан хувцсаа эрхэмлэх хэрэгтэй. Хаврын цагт хий өвчин ихтэй гэж байхад даарч хөрөхгүй байх. Хий махбодио тохируулж, мах бодио тэгшлэх ёстой. Зурхайн ёсонд жил орно гэж ярьдаг. Тухайлбал, 13, 25, 37, 49, 61, 73, 85 жил орно гэж ярьдаг. Жил орно гэдэг нь бие махбодийн хямрал байгаа шүү, үүнд анхаараарай өөртөө тохирсон заслаа хийлгээрэй анхааруулж байгаа. Бар жилтэй байгаад гал дээр суусан эмэгтэй хүн бол нас түрсэм буюу гурван жилийн хөхтэй хүрч байгаа учраас илүү анхаарах нь зүйтэй.

-Ирж буй жилд улстөрийн болон нийгмийн байдал ямар байх бол?

-Бүгдээрээ эвлэж чадах юм бол ямар ч жилийг даваад явж чадна. Эвтэй байх, бие биедээ найрсаг сайхан хандах, сэтгэл нэгтэй байж эвт шаазгай буга барина гэгчээр эвтэй байж ямар ч бэрхшээлийг давна.

-Тантай уулзсаных Богд зонхова төслийн талаар асуухгүй өнгөрч боломгүй. Энэ төсөл хөтөлбөр манайд заавал хэрэгжих ёстой юу. Эдийн засаг болон нийгмийн байдал ийм байхад 3,2 тэрбум төгрөгөөр хөшөө цогцолбор барина гэдэг үнэхээр хүнд санагдаад байх юм. Олон нийт эсэргүүцээд шүүмжлээд байгаа?

-Тасганы овоо адистай, эрдэм номын жанлав шүгэлсэн ийм сайхан газар. 1990 оноос Тасганы овоог хөгжүүлэх Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн болгоё гэсэн төсөл хөтөлбөр явагдаж байсан. Дараа нь бид хөөцөлдөж байгаад цэцэрлэгт хүрээлэн болгоно гэж мод тарьсан. Дараа нь хүмүүс энэ овоон дээр гарч идээ будаа өргөж байгаа нэрээр хэрэггүй эд өлгийн зүйлээ хаяж хогийн цэг болгосон. Тэгэхээр бид түүх соёлын энэ газрыг цогцолбор болгохыг дэмжиж байгаа. Зураг төслийг нь гаргаад төсөв мөнгийг нь санаачилсан Цэрэнпунцаг гишүүн болон санаачлагч нарт үнэхээр их баярлаж, дэмжиж даган баясаж байгаа. Би олон ч улс орноор явлаа. Азид аялал жуулчлал болон бурхны цогцолбороо өндөрлөг газар барьж байгуулсан байдаг юм билээ. Хятад, Япон, Малайз зэрэгт очоод үзэхэд мэдэгдэнэ. Ийм цогцолбороо дагаж аялал жуулчлал хөгжинө. Ганц хөшөө дурсгал биш юм, Монголд аялагчдыг татах цогцолбор болно гэдэгт итгэж байгаа юм шүү. Шашнаараа нэр хүндээ өсгөж, хөгжүүлэх боломж нь бий. Ач холбогдолтой цогцолбор гэж харж байгаа. Хурдан баригдаасай гэж бодож залбирч байгаа. Монголчууд түүхээ эргэж харах ёстой. Хэдий хэцүү өвчин зовлонтой жил байгаа ч бид буян хийж буянаар энэ цогцолборыг барьж босгох боломжтой. Хүн бүгд сэтгэлээрээ оролцоод заавал ч их мөнгө төгрөг өгөхдөө гол чухал биш юм. Хүн бүр даган баясаасай.

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал хэзээ намжиж ул мөргүй арилах болоо?

-Халдварт өвчин гарч дэгдэх нь олон талын шалтагтай. Бид хэрүүл тэмцэл хийгээд байх юм бол энэ өвчин арилахгүй. Бид хамтраад эв эетэй нэг зүгт чиглээд өөр өөрсдийнхөө ажлыг хийж сахилга батаа сайн сахивал арилна, намжина. Би гэхээсээ илүүтэй бусдад хор уршиг хүргэхгүй юмсан гэж бодоод олны хөлийн газраар явахгүй, амны хаалтаа авахгүй байвал энэ өвчин арилна. Дээрээс нь бид засал гүрмээ хийлгэх ёстой. Ганц эмээр эдгэхгүй.

-Үзэгч уншигчдад хэрэгтэй байх болов уу. Цагаан сараар цээрлэх ёсон юу байна вэ. Битүүнд юуг хийхийг цээрлэдэг вэ?

-Битүүнд хүн болгон байгаль дэлхийгээ байгаа орчин, гэр орноо сайхан цэвэрлэдэг уламжлал бий. Морины уяа, малын хашаагаа хүртэл цэмбийтэл цэвэрлэчихдэг шүү дээ. Битүүнд идээ будаа элбэг дэлбэг байх ёстой. Тэгээд шинийн нэгэндээ бэлэгтэй сайхан үгсээ солилцож золгоод хамгийн ахмад хүмүүстээ хүндэтгэл үзүүлэх. Тэгээд өглөгийн дээд гэж хүний гар цайлгах буюу гарын алга дээш харуулна гэж үг бий. Өглөг өгөх чинь хамгийн буянтай ажил. Бурхан болохын үндэс нь өглөг өгөх. Мөн цагаан сарын шинийн нэгэнд хэрүүл тэмцэлгүй байх. Хэрүүлийг тэвчих. Архи дарс уухгүй, гэр орондоо халуун ам бүлээрээ байхад сайхан даа.

-Шинийн 15-ндаа багтаж заавал засал номоо хийлгэх ёстой гэсэн ойлголт байдаг?

-Заавал гэсэн тулгалт байхгүй. Энэ хугацаан дотор хийвэл буян арвижах нигууртай шүү гэсэн санаа явж байгаа юм. Түүнээс “Чи заавал шинийн 15-ндаа багтаж ном заслаа хийлгээрэй” гэсэн тулгалт байхгүй. Одоо жишээлбэл, өвлийн адаг сарын 26-нд ирээд ном хурал даган баяссан ч болно. Сэтгэлээ номхтгох ажил, түүнээс заавал ч үгүй хийдээр ир гэсэн утга биш.

-Бар жилд охин хүүхэд төрүүлбэл хатуу байдаг, эрэгтэй хүүхдэд ээлтэй байдаг гэж хөгшүүл ярьдаг. Энэ үнэн юм болов уу?

-Охин хүүхдэд хатуу, эрэгтэй хүүхдэд ээлтэй байдаг гэж би лав бурхны ном дээрээс олж хараагүй юм байна. Хүн төрнө гэдэг их хувь заяа, эрэгтэй эмэгтэй нь энд хамаагүй. Хүний төрлийг олно гэдэг хамгийн чухал болохоос ямар хүйстэй төрөх нь ерөөсөө хамаагүй. Тэр бол худлаа үг шүү. Бүх зүйл ертөнцийн дагуу явагдана шүү дээ. Санаа зоволт байхгүй.

-Танд эрүүл энхийг хүсье?

-Маш их баярлалаа. Монголчууддаа урт удаан насыг ерөөе. Ирж буй усан бар жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.  

Битүүнд хүн болгон байгаль дэлхийгээ байгаа орчин, гэр орноо сайхан цэвэрлэдэг уламжлал бий. Морины уяа, малын хашаагаа хүртэл цэмбийтэл цэвэрлэчихдэг шүү дээ. Битүүнд идээ будаа элбэг дэлбэг байх ёстой. Тэгээд шинийн нэгэндээ бэлэгтэй сайхан үгсээ солилцож золгоод хамгийн ахмад хүмүүстээ хүндэтгэл үзүүлэх. Тэгээд өглөгийн дээд гэж хүний гар цайлгах буюу гарын алга дээш харуулна гэж үг бий. Өглөг өгөх чинь хамгийн буянтай ажил. Бурхан болохын үндэс нь өглөг өгөх. Мөн цагаан сарын шинийн нэгэнд хэрүүл тэмцэлгүй байх. Хэрүүлийг тэвчих. Архи дарс уухгүй, гэр орондоо халуун ам бүлээрээ байхад сайхан даа.
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.