| | USD/MNT 0₮

Д.Ундраа:Ахиц гардаггүй Хүүхэд хамгаалал ба Төрдөө хаягдсан нийгмийн ажилтнуудын эрхийг хамгаалах цаг болсон


Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Д.Ундраатай гэр бүлийн болон хүүхэд хүчирхийллийн талаар ярилцлаа. Тодруулбал, 2021 онд 1365 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч, 83 хүүхэд амь насаа алджээ. Үүнээс 1102 нь сургуулийн сурагчид. Сургууль, цэцэрлэгийн "Хүүхэд хамгааллын баг" хэрхэн ажиллаж байна вэ гэдгийг дээрх тооноос харж болно.

-Хүүхэд хүчирхийлэхтэй холбоотой гэмт хэргүүд шил шилээ даран гарсаар байна. Гэр бүлийн хүчирхийллээс эмэгтэйчүүд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан?

-2021 оны байдлаар гэмт хэргийн гаралт өмнөх оноос 10 хувиар өссөн. Гэр бүлийн хүчирхийлэл болон зөрчлийн тоо өссөн. Улсын хэмжээнд 1.3 сая хүүхэд амьдарч байна. Эдгээр хүүхдүүд цар тахлын үед маш олон эрсдэл үүрч, эрүүл мэндээрээ хохирлоо. Боловсрол болон хичээлийн хоцрогдол, тэр дундаа үл хайхарсны улмаас түлэгдэж бэртэх, савтай усанд толгойгоороо унаж амиа алдах, хөл гараа хөлдөөсөн хэргүүд гарсан. Хамгийн сүүлд гэхэд СХД-т 9 настай хүүхэд хөлөө хөлдөөсөн харамсалтай хэрэг гарлаа.

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2022 оныг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарлажээ. Мэдээж үр дүн чухал байх. Хүүхдийг хамгаалахгүй хайрлахгүйгээс болж гэмт хэрэгт өртөх, хохирогч болж үлдээд байна?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласа бол Боловсролын яамнаас ёсзүй хүүхэд хамгааллын ажлыг эрчимжүүлэх жил болгон зарласан. Жил болгон ийм ч ажил хийнэ, тийм ч зүйл хийнэ гэж ярьж зарлаж болно. Хамгийн гол нь үр дүн юу байсан бэ гэдэг дээр бид нар анхаарах ёстой. 2019-2020 оныг Ерөнхийлөгчийн зарлигаар хүүхэд хамгааллын жил болгон зарласныг та бүхэн мэдэх байх. Гэвч үр дүн тайланг авч хэлэлцээгүй. Үр дүн гарахгүй байна гэдэг харамсалтай.

-Гэвч хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон байдал нь яагаад буурахгүй байгаа юм бол?

-Тиймээс энэ асуудлын шалтгаан нөхцлийг үндэс суурьтай нь гаргаж ирэх ёстой. Гэмт этгээдүүдийн зан үйлийг засах ажил үйлчилгээнүүд хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах ажил хэр байсныг эргэж харах хэрэгтэй.

-Ковидын нөхцөл байдлын үед өвчнөө анхаараад үүрэг хүлээсэн албаныхны хариуцлага суларсан мэт харагдаж байгаа?

-Яг тийм. Цар тахал нэрийн дор үүрэг гүйцэтгэгч нарын анхаарал суларсан тал бий. 2020 онд УИХ-ын сонгууль явагдсан. Үүний дараа дүүрэг, хороод, сумдын Засаг дарга солигдсон. Анхан шатан дээр ажиллаж байгаа хамтарсан багийнхан бараг 60 хувь нь солигдсон байгаа. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг алба хаагчид, нийгмийн ажилтнууд тогтвор суурьшилгүй байна вэ. Нэг ажлыг 2-3 жил хийгээд гаршиж байтал цалингаа голоод өөр шинэ ажилд ордог. Хүүхэд хамгааллын чиглэлээр хөрсөн дээрээ бууж ажиллая гэвэл анхан шатанд байгаа нийгмийн ажилтан болон хүүхэд хамгаалагч нарын орон тоог нэмж, цалингийн асуудлыг нь анхаарч үзэх шаардлагатай байна. Хүчирхийллийг бууруулъя гэж бодож байгаа бол хүний нөөцийг нэмэгдүүлэх ёстой. Хүнтэйгээ ажилладаг байх. Салбарын удирдлагыг мэргэшсэн туршлагатай алба хаагчаар удирдуулах нь зөв.

-Улсын хэмжээнд хэчнээн түр хамгаалах байр байдаг вэ. Хэр хүртээмжтэй вэ?

-Одоогоор улсын хэмжээнд 34 түр хамгаалах байр байна. Үүнд гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд болон гэрчийг хамгаалах чиг үүрэгтэй. Үүний 2-3 нь төрийн бус байгууллагын дэргэд бусад нь улсын төсөв санхүүжилтэй байрууд юм.

-2021 онд нэг цэгийн үйлчилгээ буюу түр хамгаалах байранд хэдэн хүнийг хамгаалсан бэ?

-Нийтдээ 1200 орчим хүүхдийг хамгаалсан байдаг. Цагдаагийн статистик дээр 4000 гаруй хохирогчийг хамгааллаа гэж. Гэвч 3250 гаруйг нь төрөл садангийнх нь хамгаалалтад өгчихсөн байх жишээтэй. Тэгэхээр энэ түр хамгаалах байрууд тогтвортой ажиллаж байгаа юу гэдгийг дүгнэх хэрэгтэй.

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хэр хийгддэг юм бэ?

-Хуулиараа урьдчилан сэргийлэх ажлынх нь чиг үүргийг тогтоогоод 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталж Засгийн газар, УИХ, прокурорын байгууллага жил болгон гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, шалтгаан нөхцлийг олж тайлагнаж байх ёстой. Урьдчилан сэргийлэх ажлыг төрийн бүх байгууллага, салбар нэгж хийж байх. Иргэний 9 үүргийг ч тодорхой заагаад өгсөн. Ганцхан цагдаа болон хүүхдийн гэх тодотголтой байгууллагууд хийх ажил биш юм. Сургууль, цэцэрлэг болгон дээр хүүхэд хамгааллын баг ажиллаж байгаа. Эрүүл мэндийн яам сүүлийн хэдэн жил ковид гэсээр байгаад нийгмийн эрүүл мэндийн асуудлыг хаясан. Хүүхдийн 108 утас гэх статустай байгууллага дуудлага мэдээллийг сар болгон улирал тутамд ил болгож гаргаж олон нийтэд тайлагнах ёстой. Статистик судалгаанд суурилсан урьдчилан сэргийлэлтийг хийх хэрэгтэй. Орон нутагт урьдчилан сэргийлэх ажлыг чанартайгаа хийж гүйцэтгэх юм бол үр дүн гардаг. Жишээ нь Сэлэнгэ аймагт 2018 онд урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийснээр тодорхой ахиц дэвшил үр дүн гарч байсан. Урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд маш сайн ажилласан аймаг бол Баянхонгор аймаг. Мэргэшсэн удирдлага удирдаж, сэтгэлтэй алба хаагчид ажилладаг болохоор ажил нь сайн явж ирсэн.

Хүний нөөцийн мэргэжил дээр анхаарлаа хандуулах ёстой. 40 мянган хүүхэдтэй хоёр мэргэжилтэн ажиллаж байна. Гэтэл болосвролын салбарт зарим сургуульд 400 сурагчтай хоёр нийгмийн ажилтан ажиллаж байгаа бол 4000 гаруй сурагчтай хоёр мэргэжилтэн байх шигээ. Нийгмийн ажилтнуудын ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Гэр бүлийн тухай хуулиа одоо болтол баталж өгөхгүй байгаа Засгийн газар болон Их хуралд шаардлага тавина. Гэр бүлийн тухай хуулиа баталж өгч, хариуцлагагүй аав ээжүүдийг хариуцлагатай болгож өг. Бүх юмыг төр хийдэг биш, хүн болгон хариуцлагатай эрх үүрэгтэй байх ёстой.

-Хүүхдийн гэх тодотголтой байгууллагууд хэр ажиллаж байна вэ. Та цахим хуудсандаа нэлээд шүүмжилсэн байсан?

-Хүүхдийн байгууллагыг дөрөв дөрвөн жилээр нам дагасан цүнх баригчид удирдах ёстой юмуудаа. Мэрит зарчим гэж яриад байдаг хэрнээ Төрийн албаны шалгалт өгөөгүй томилогдсон агентлаг дарга нар гэж ярьсан даа. Гэтэл Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын аймаг, дүүрэг хариуцсан дарга нар нь удаа дараа солигддог. Туршлагагүй дарга нар эхнээсээ аймгуудад тавигдаад эхэлжээ. Тэднийг эсэргүүцэж, асуудал дэвшүүлсэн том ажлыг хийнэ, шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргэнэ.

О.Сайхан 

 

Цар тахал нэрийн дор үүрэг гүйцэтгэгч нарын анхаарал суларсан тал бий. 2020 онд УИХ-ын сонгууль явагдсан. Үүний дараа дүүрэг, хороод, сумдын Засаг дарга солигдсон. Анхан шатан дээр ажиллаж байгаа хамтарсан багийнхан бараг 60 хувь нь солигдсон байгаа. Хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг алба хаагчид, нийгмийн ажилтнууд тогтвор суурьшилгүй байна вэ. Нэг ажлыг 2-3 жил хийгээд гаршиж байтал цалингаа голоод өөр шинэ ажилд ордог. Хүүхэд хамгааллын чиглэлээр хөрсөн дээрээ бууж ажиллая гэвэл анхан шатанд байгаа нийгмийн ажилтан болон хүүхэд хамгаалагч нарын орон тоог нэмж, цалингийн асуудлыг нь анхаарч үзэх шаардлагатай байна. Хүчирхийллийг бууруулъя гэж бодож байгаа бол хүний нөөцийг нэмэгдүүлэх ёстой. Хүнтэйгээ ажилладаг байх. Салбарын удирдлагыг мэргэшсэн туршлагатай алба хаагчаар удирдуулах нь зөв.
Ярилцлага

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.