| | USD/MNT 0₮

Олимпын аварга Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг нэг сараар сунгалаа

Найз, улсын начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, олон сар эмчлүүлсэн ч сэхэл аваагүй, хүний аминд хүрсэн хэрэгт холбогдоод буй олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, улсын заан Найдангийн Түвшинбаярын цагдан хорих хугацааг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нэг сараар сунгалаа. Тус дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн цагдан хорих хугацааг нь сунгуулах санал өчигдөр шүүхэд хүргүүлснийг өнөөдөр прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлэн хэлэлцээд шийдвэрлэсэн юм. Н.Түвшинбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.2 дахь хэсэгт заасан "Өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй" гэж үзээд ийнхүү хорих хугацааг сунгасан байна.

Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1-2.1 дэх хэсгийн “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн байсан бөгөөд шинээр илэрсэн нөхцөл байдал буюу хохирогч нас барсанд үндэслээд хэргийн зүйлчлэлийг өөрчилж болзошгүй байгаа. Үүнээс өмнө Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны арванхоёрдугаар сарын 23-нд хийгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3-1.2 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн" гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцааж, Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг сунгасан билээ.

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.