| | USD/MNT 0₮

Сурагчдын амралтыг ДОЛОО хоногоор сунгалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЕБС-ийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгахаар шийдвэрлэлээ. Ингэснээр нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд эхлэхээр болж байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Ганзоригоос тодруулахад "Эхний ээлжинд урьдчилан сэргийлэх чиглэлээр сурагчдын амралтыг долоо хоногоор сунгалаа. Яг одоо томуу, томуу төст өвчний дэгдэлт 10-12 хувьд хүрээд байна. Энэхүү хувь нь 15-д хүрвэл хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийг хаадаг журамтай. Иймд долоо хоног сунгаад, нөхцөл байдлыг ажигласны дараа дахин сунгах эсэхээ шийднэ" гэсэн юм.

Мөн түүнчлэн тандалтаас үзвэл иргэдийн дунд томуугийн В вирус давамгайлж байгаа бөгөөд богино хугацаанд хүндэрч, хүнд хэлбэрийн хатгаа үүсгэж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 92 хувь нь 16 хүртэлх, үүнээс 85 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна. Томуу, томуу төст өвчин нийслэлд 15 хувьд хүрээгүй, орны ачаалал бага зэрэг буурч байгаа ч хичээл эхлэх үед В вирусын хоруу чанар нэмэгдэж, уушигны хатгааны өвчлөл, дэгдэлт удаан үргэлжлэх эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яам үзжээ. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар их, дэгдэлтийн түвшинд хүрчээ. Архангай, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Төв, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймагт 15.6-26.6 хувьтай байна.  Сэлэнгэ, Дундговь, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар шийдвэр гарган цэцэрлэгийг түр хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хоригложээ.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЕБС-ийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгахаар шийдвэрлэлээ. Ингэснээр нийслэлийн сурагчдын хичээл 2020 оны нэгдүгээр сарын 20-нд эхлэхээр болж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.