| | USD/MNT 0₮

Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Чимгээ:Зургаа аваад явж байхдаа өлсөж цангаж, ядарснаа мэддэггүй

Нэгэн насаа гэрэл зургийн ертөнцөд зориулж яваа “МОНЦАМЭ” агентлагийн гэрэл зурагчин Т.Чимгээг шинэ оны босгон дээр Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх цол тэмдгээр шагнасан билээ. Цэл залуу наснаасаа цал буурал болтлоо гэрэл зурагт дурлаж, шунаж, сэтгүүлзүйн салбарт хариуцлагатай нэр төртэй ажиллаж байгаа түүнтэй ярилцлаа.

-“МОНЦАМЭ” агентлагийнхаа 100 жилийн ойгоор буюу шинэ оны босгон дээр Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсанд баяр хүргэе. Шагнал авах үедээ их сандарсан байсан?

-Баярлалаа, маш их. Тэр үед яах ч учраа олохгүй их сандарсан. Тухайн өдөр өглөө 09.40 цагт ажил дээрээ байж байтал “11.40 цагт шагнал гардуулна байж бай” гэхэд сандарсан. Хэдий тулгаж хэлсэн ч гэсэн сайхан үйл явдал болсон. Гэнэтийн сонирхолтой үйл явдал болсон.

-Та “МОНЦАМЭ” агентлагт хэддэх жилдээ ажиллаж байна вэ?

-Энэ агентлагт гэрэл зурагчнаар орж ирээд найман жил болжээ. Энэ байгууллага 100 жилийн түүхтэй бөгөөд нэг эд эс нь болж ажиллаж байгаадаа маш их баярладаг. Манайх их онцлогтой, Монгол Улсад өрнөж байгаа бүх үйл явдлыг дэлхий дахин гаргаж түгээдэг. Тэрний гэрэл зурагчин байна гэдэг ховор завшаан гэж боддог. Энэ завшааныг ашиглаад хамт олондоо болон Ганчимэг захиралдаа маш их баярлалаа.

-Таны хувьд улсад 37 жил, сэтгүүлзүйн салбарт 20 гаруй жил ажиллажээ. Анх ажлын гараагаа хаанаас яаж эхлүүлж байсан бэ?

-Хэвлэл мэдээллийн салбарт ажлын гараагаа эхлүүлж байсан түүх гэвэл анх Боксын холбооны 50 жилийн ойн арга хэмжээ Улсын циркт болсон. Тухайн үед манай хоёр зурагчин байхгүй. Намайг заавал зураг ав гээд сэтгүүлчтэй хамт явуулчихсан. Тэр үед би өргөн хальсаар авдаг том аппараттай. Тэгээд цирк рүү аппаратаа бариад ортол операторууд аймар дайрч, миний толгой руу цохиод би айгаад ухарсаар байгаад гарчихсан чинь манай сэтгүүлч “Урагшаа ороод зургаа аваач” гэж орилоход нь би “Энэ зургийг авахгүй юм бол болохгүй юм байна” гэж бодоод авч байсан. Тэгээд ажил дээрээ ирээд хальсаа угааж, зургаа гаргатал дотроо “Яанаа ямар зураг гарч ирэх бол” гэж айсан. Хамгийн анхны сурвалжлагын зураг бол энэ байсан.

-Зурагчин хүнд мэдрэмж чухал. Ямар ч өнцөг агшныг алдахгүй дарна гэдэг. Эгзэгтэй агшныг алдалгүй кадртаа буулгаж авна гэдэг амархан биш байх?

-Тийм. Гэрэл зурагчин хүний хамгийн гол нь зүйл мэдрэмж. Мэдрэмжгүй байвал өрнөж байгаа үйл явдлыг мэдрэхгүй. Үйл явдлыг сэтгүүлч бичээд уншигч, үзэгчдэд ойлгуулдаг бол би гэрэл зургаар ойлгуулах ёстой. Мэдрэмжгүй бол ямар ч үйл явдлыг баримтжуулж чадахгүй.

-Мэдээж 1000 үгийг нэг дүрсээр илэрхийлж буулгана гэдэг гайхамшиг. Гэхдээ таны хувьд хамгийн хэцүү зураг авалт ямар зураг байсан бэ?

-Амар зураг гэж байхгүй. Өнөөдөр сонинд ажиллаж байхад IV дүгээр цахилгаан станцад дэлбэрэлт боллоо гэсэн мэдээллийн мөрөөр сэтгүүлч Цолмон бид хоёр явдаг юм. Тэрний зургийг авах гээд очсон. Би өндөр дулааны шугам дээр гарч чаддаггүй. Цолмон түүн дээр гараад намайг татахаар би Цолмонгоо татаад унагаачихдаг. Хоёулаа бөөн инээдэм ханиадам болж байж арайхийж зургаа аваад буух гэж байтал хөөгдөөд, зураг авах гэж яваад хөөгдөж байсан үе надад олон бий. Дараа нь мөн Өнөөдөр сонинд байхдаа МИАТ-ийн онгоц газардаж чадахгүй, элгээрээ уначихсан. Тэрийг авах гээд сонины жолооч сэтгүүлчтэйгээ очтол харуул хамгаалалт гарчихсан биднийг зураг авахуулдаггүй. Бид тойрч явсаар байгаад хойно нь очоод машин дээрээ гарч зогсч байгаад онгоцноос зорчигчдыг зөөвөрлөж байгаа зургийг нь гялс аваад л ум хумгүй алга болж байсан удаатай. Харин дараа нь “Өдрийн шуудан” сонинд байхдаа Ерөнхийлөгч байсан Н.Энхбаярын Арабын ханхүүд бэлэглэсэн газрын зургийг авах гэж яваад хөөгдөж байсан түүх бий. Би Өнөөдөр сониноос гараад нэг хоноод Өдрийн шуудан сонинд орсон байсан үе. Анхны сурвалжлагын зургандаа явж байгаа нь тэр. Тэр газрын зургийг авахад хамгийн их айсан. Зургийг нь авах гээд явж байхад хүмүүст нь баригдаад хөөгдсөн. Сэтгүүлч нь Хүрэлбаатар байсан. Бид хоёр ямар ч байсан зургийг нь авах ёстой гэж зугтаад өөр талаар нь гарч ирээд авах гэсэн ч чадаагүй буцаж байсан. Гэхдээ би бууж өгөөгүй, маргааш нь нөхрөө дагуулаад хувийн машинтайгаа нөгөө газраа очиж Богд уулын урдаас зургийг нь авч байсан. Их гоё харштай, цөөрөм байгуулчихсан том бүтээн байгуулалт байсан. Тухайн үед мөн энгийн хувцастай морьтой дөрвөн хүмүүст хөөгдөөд эсэн мэнд гарч байсандаа баярладаг шүү.

-Амархан авчихдаг зураг гэж байхгүй байх даа?

-Тийм. Амар зураг гэж байхгүй шүү. Нэр төртэй сайхан урлагийн алдартай од хүн тааруухан хувцастай гундуухан явж байвал аль болох л өөдтэй өнгөтэй болгож зургийг нь авахыг хичээдэг. Нэгэн үе нийгэмд байр сууриа эзэлчихсэн урлагийн мундаг нэр төртэй хүн байлаа гэхэд гоё сайхнаар нь авахыг бодно доо. Нэр төртэй хүний зургийг муухай авах эрх надад байхгүй. Муухай хүн байсан ч зургийг нь сайхан авах ёстой.

-Хуруу дарам цөөхөн эмэгтэй гэрэл зурагчид байдаг. Тэдний нэг нь та. Таны хувьд хүнд цүнх, хүнд аппарат үүрээд явахад хэцүү санагддаг уу?

-Зураг аваад явахаар хүнд хөнгөнөө мэдэрдэггүй. Аппаратынхаа хүндийг мэдрэхгүй, ядрахаа өлсөхөө мэдэхгүй явна шүү дээ. Зураг авна гэж гарсан бол зургаа заавал авна. Ажил дээрээ ирээд ажлаа хийж дуусгасны дараа л өлсөж цангаснаа ядарснаа мэдэрдэг.

-Цэл залуу наснаасаа цал буурал болтлоо гэрэл зургийн төлөө зүтгэж та, энэ хугацаанд ажлаасаа халшрах шантрах үе байсан уу?

-Байгаагүй. Харин ч сэтгэл дүүрэн ажиллаж иржээ. Заримдаа ганц нэг өдөр гэртээ зүгээр амарч чадахгүй. Үйл явдлаас хоцорчихвий гэж санаа зовно. Онцлох үйл явдлаас хоцорчихсон байвал өөрийгөө зэмлэнэ.

-Энэ салбарт таныг таньж мэдэхгүй хүн гэж байхгүй. Хүрээлүүлж, хүндлүүлж хайрлуулна гэдэг сайхан байх даа?

-Залуугаас хөгшин хүртлээ найз нөхөд, ах эгч, дүү нар байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан бүгд намайг “Чимгээ эгчээ” гээд хайрлаж хүндлээд сүйд болдог. Өнөөдөр /өчигдөр/ Төрийн ордонд АН-ын бүлгийн хурлын зураг авах гээд ороход 30 гаруй хүүхэдтэй тэврэлдлээ, бүгд баяр хүргэж, зарим нь орилолдож баярлаж байгааг нь харахаар хайр хүрсэн. Бүгд миний найзууд.

-Сэтгүүлзүйн салбарт ажиллаж байгаа хүний ар гэрийн асуудал их орхигддог. Гэрийнхэн тань ойлгож байж л та тайван ажлаа хийнэ биздээ?

-Ар гэрийнхэн нь ойлгож ирсэн. Өнөөдөр сонинд ажиллаж байхад манай том хүүгээ ШУТИС-д элсэж суралцаад төгссөн. Тэр үед багшийнх нь нэрийг ч мэдэхгүй хүүгээ төгсгөж байлаа. Ямар ч байсан уул уурхайн инженерийн ангийг нь мэдэж байснаас багшийнх нь нэрийг мэдэхгүй. Бас нэг удаа манай охин “Ээж би сургуулийнхаа урлагийн үзлэгт орно, бүжгийн тэмцээнд орж байгаа, надад Задгай цагааны дугуй малгай, ногоон дээл авчир гэсэн” гэхэд би уурлаад “Үхсэнээ хийж завгүй ажилладаг ээжтэй байж урлагийн үзлэгт ордог юм бэ” гэж загнахад багшдаа очоод хэлчихсэн байсан шүү дээ. Өдөр тутмын сонин ачаалал их, сонины дугаар буух гэж шөнийн 22-23 цаг хүртэл болдог байсан. Их үйл явдалтай бол гэртээ шөнө л очдог. Миний ээж залуухан ч байж манай гурван хүүхдийг ид ажилтай, цаг наргүй зүтгэж байсан үед гардаж өсгөж өгсөнд их баярладаг.

-Парламентын сэтгүүлзүйн гал тогоонд хэдэн жил ажилласан байна вэ. Хэдэн удаагийн сонгуулийн үйл явцыг гэрэл зурагт мөнхөлсөн байна?

-Таван удаагийн сонгуулийг сурвалжилж байж. Сонгуулийн үеэр хонож ажиллах бол юу ч биш, нойр хоолгүй сууна шүү дээ. Хэдэн оны сонгууль гэдгийг нь санахгүй байна, 70 дугаар тойрог дээр Буянгийн Жаргалсайхан, Монгол тамхи Со-гийн Баттулга гээд дөрвөн хүн өрсөлддөг. Хоёрыг нь санахгүй юм. Тэр сонгуулийг сурвалжилж хоносон, шөнөжин бороо ороод, тооллогын дүн гарах гэж хүлээж суугаа нь тэр. Нэр дэвшигчид өөрсдийн нь нэр унаад ирэхээр хаяад хаяад гараад явчихаж байгаа юм. Тэгээд тэнд хоночихоод ажил дээрээ ирээд хальсаа угаах гэтэл хальс маань устчихсан байж билээ. Тэр шөнө бороонд норон байж сонгуулийн үйл явцыг авсан бүх зураг алга болохоор их харамсдаг юм билээ. Одоо ч гэсэн харамсдаг. Одоо ч бүх зүйл дижитал болж, тэр үед хариуцлагатай л байхгүй бол хальс устах аюултай байсан.

-Ер нь сурвалжлага, нийтлэл, ярилцлагыг гэрэл зураг амь оруулдаг. Зургийн өгүүлэмж муу бичлэгээс илүү харагддаг шүү?

-Зургийн өгүүлэмж гэдэг хамгийн чухал даа. “Өдрийн шуудан” сонинд байхдаа тоймч Чулуунцэцэг бид хоёр үүрийн 04 цагт оршуулгын газар дээр гэрээ барьчихсан айлын хашаа тоолоод солиорчихсон явж байлаа. Одоо бол тиймэрхүү зураг авч чадахгүй байх. Дээр үед бол хүн төрж байхад ороод зураг авчихаж чаддаг байсан бол саяхан Төрөх эмнэлэгт амаржиж байгаа эмэгтэйн зургийг хямраад авч чадахгүй юм билээ. Саяхан нэг төрөх эмнэлэгт ороод уйлсаар байгаад зураг авч чадалгүй гараад ирсэн. Хүний нас их нөлөөлдөг юм шигээ. Юун зураг авах бэ, эх төрөөд уйлаад, хүүхэд чарлахад миний хоёр нүднээс учиргүй нулимс урсчихсан шүү дээ.

-Хүний зураг авахдаа юуг нь анхаарч онцолдог бэ?

-Хөрөг зураг авах гэж байгаа бол тухайн хүний нүүрний харьцааг харах ёстой. Хүн заавал ч үгүй нэг тийшээ муруй суусан байдаг. Тэгэхээр тийм хүнийг муруй талаас нь авчихаж болохгүй биздээ. Аль болох зөв тэгшилж суулгаж байгаад зургийг нь авна. Тэгэхгүй бол тухайн хүн гомдоно шүү дээ. Өнөөдөр сонинд байхдаа би нэг удаа зөрчил гаргаж байсан. Нэг халзандуу генералын зургийг авч ирээд оператортоо өгсөн. Гэтэл тухайн оператор толгой дээр нь үс нэмээд зургийг нь гаргачихсан чинь бөөн юм болсон шүү дээ. Үсэн бухал мэт үстэй болгоод гаргачихаар хэн ч уурлана шүү дээ. Нөгөө генерал бид нарыг дуудаад “алсан”. Тэр үед соц үе учраас хатуу чанга шүү дээ. Хөгжилтэй зүйл их тохиолдоно.

-Олон үйл явдлыг кадрт үлдээж авна гэдэг баримт. Таны хувьд хэчнээн хальсанд гэрэл зураг авч үлдээсэн бэ, тоолж үзсэн үү?

-Тоолж байгаагүй, гэхдээ тоймгүй олон байх шүү.

-Хамгийн хайртай хичээж авч байсан ямар зургууд байдаг вэ?

-Хоёр хөөрхөн шувууны зураг байдаг. Манай гэр бүлээрээ зун Архангайн Чулуут сумын нутаг дэвсгэр хадан дунд явж байтал жижигхэн дугуй нүхэнд ямар ч шувууны юм бүү мэд, хоёр хөөрхөн ангаахай ээжийгээ хүлээчихсэн сууж байсныг олж хараад зургийг нь авч байсан. Тэр зургийг авсандаа их баярладаг. Манайхан надтай амрах гээд хөдөө явахаараа гэрэл зургаар амьсгалчихдаг. Охин, нөхөр ч “Хүүе тэрийг хараач, энийг аваач” гээд сүйд болно.

Бас нэг удаа говь руу буюу МАК-ын Цагаан суварга руу сурвалжлага хийхээр явдаг юм. Замд тухайн компанийн баахан хүн таараад хээр ярьж хөөрөөд зогсч байхдаа би “Энэ тал дээрээс могойны өндөг олоод зургийг нь авчих юмсан” гэж бодоод хойшоо хоёр алхаад доошоо хартал гурван хөөрхөн өндөг байж билээ. Үнэхээр азтай юмаа гэж өөрийгөө бодож байсан. Тэгээд тэндээс наашаа явж байхдаа Нартын хад гэдэг газарт аргаль хөөгөөд зургийг нь заавал авна даа гэж бодсон. Хөөж хөөж байгаад жаахан амраад байж байтал яг өөдөөс өндөр хадан дээр тэхийн зогсоол шиг гурван аргаль “Чимгээ намайг аваачээ” гэсэн юм шиг зогсож байсан шүү дээ. Тэгээд зургийг нь аваад өөртөө “Үнэхээр азтай шүү” гэж хэлж байлаа. Аргаль чинь их сүрлэг сайхан амьтан байдаг юм билээ.

-За танд баярлалаа, мэлмий хурц, кадр хурдан байх болтугай?

-За маш их баярлалаа.

О.Сайхан 

Зургийн өгүүлэмж гэдэг хамгийн чухал даа. “Өдрийн шуудан” сонинд байхдаа тоймч Чулуунцэцэг бид хоёр үүрийн 04 цагт оршуулгын газар дээр гэрээ барьчихсан айлын хашаа тоолоод солиорчихсон явж байлаа. Одоо бол тиймэрхүү зураг авч чадахгүй байх. Дээр үед бол хүн төрж байхад ороод зураг авчихаж чаддаг байсан бол саяхан Төрөх эмнэлэгт амаржиж байгаа эмэгтэйн зургийг хямраад авч чадахгүй юм билээ. Саяхан нэг төрөх эмнэлэгт ороод уйлсаар байгаад зураг авч чадалгүй гараад ирсэн. Хүний нас их нөлөөлдөг юм шигээ. Юун зураг авах бэ, эх төрөөд уйлаад, хүүхэд чарлахад миний хоёр нүднээс учиргүй нулимс урсчихсан шүү дээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.