| | USD/MNT 0₮

Ц.Нарангэрэл:Авлига, албан тушаалын хэрэг олон хүний боломжийг хулгайлж, нийгэмд эдийн засгийн асар их хор хохирол учруулдаг

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн судалгаа шинжилгээний Ажлын хэсгийн ахлагч, судлаач, хуульч Ц.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө Авлигатай эсрэг олон улсын өдөр болж өнгөрлөө. Манайд энэ өдөр авлигын эсрэг үндэсний чуулган хийсэн. Чуулганаас гарсан үр дүн юу байв?

-12 сарын 09 бол Авлигын эсрэг олон улсын өдөр байдаг. Монгол Улс НҮБ-д нэгдэж орсон оролцогч улс. Энэ өдөр АТГ-аас үндэсний чуулганыг зохион байгуулсан. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож нэг чухал сэдвийг хөндөж үг хэлсэн. Тэрбээр “Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийн ялын бодлогыг чангатгана” гэж хэлсэн. Одоо эрх барьж байгаа нам буюу МАН-ын мэдэлд эрх баригчид болон хууль тогтоох засаглал нь байна. Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, шүүх хуулийнхан нь байна. Тэгэхээр та яриад байгаа ялын бодлогоо яаралтай шуурхай өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол ам, ажлын зөрүү гараад байгаа шүү.

-Саяхан маш том кэйс харагдлаа. Жишээлбэл, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн үйлдсэн хэргийн нийтийн анхаарлын төвд байж байгаад хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэчихлээ. Ийм хүнээ л намаасаа хөөж, яллах ёстой бусуу?

-Тэглээ. "Эрдэнэс Монгол" компанийн захирал асан Хаянхярваа 1,5 сая долларын авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Гэвч хэргийг шалгаад      хялбаршуулсан журмаар ял наймаалцаад 23 сая төгрөгөөр торгуулаад нийтийн албанд ажиллах эрхээ таван жилээр хасуулаад гарлаа. Уг нь гэмт хэрэг үйлдсэн бол ял хариуцлагаа хүлээх ёстой. Ял хариуцлага хүлээлгээгүйгээс болж нийгмийн шударга ёс алдагдаад байна. Энэ бол хуулийн амин сүнс.  Гэмт хэрэг үйлдсэн л бол хариуцлагаа хүлээх ёстой. Энэ хэрэг ард түмэнд ямар мессэж өгсөн бэ гэхээр авлига авч болох юм байна. Олон авлигачид бүтэн нойртой хонолоо. Ийм байдлаар авлигачдыг өршөөж толгойг нь илж болохгүй.

-Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх, хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гэдэг шалтгаанаар нийгмийн шударга ёсыг алдагдуулаад байна уу гэж хармаар?

-Тийм. Ийм шалтгаануудаар хэргийг шийдвэрлэж нийтийн эрх ашгийг хохироож, шударга ёсыг алдагдуулаад байгаа юм. Авлига албан тушаалын хэрэг гэдэг маш олон хүний боломжийг хулгайлж, нийгэмд эдийн засгийн болон санхүүгийн хор хохирол учруулдаг. Хор нөлөө нь их.

-Д.Хаянхярваа, ЖДҮ-дчин Б.Ундармаагийн үйлдсэн хэргийг Э.Бат-Үүлийн хэрэгтэй харьцуулж, шударга ёсыг олон нийт нэхэж шаардаад байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад Э.Бат-Үүлд ял оноолоо гэх. Гэвч авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүн асангуудыг яаж ч чадахгүй байна гэж шүүмжлэх?

-Э.Бат-Үүлийн хийсэн хэрэг нь хүн өмөөрөхөөр гэмт хэрэг биш. Олон нийт ялаас хөнгөлөхийн тулд “Хотыг хөгжүүлсэн, ардчиллын баатар, АН-ын лидер” мэтээр ярьж өмөөрч байгаа харагдана. Ингэж ярьж бичих нь ял хөнгөрүүлэх үйлдэл огт биш. Харин шүүгч шударга ажиллаж шийдвэр гаргасан уу гэдэгт эргэлзэж болно. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгэлээ хүлээх ёстой. Ингэх нь төрийн болон шүүх засаглалын үндсэн чиг үүрэг.

Харин Бат-Үүл, Хаянхярваа хоёрын хэргийг яагаад харьцуулаад байна вэ гэхээр ялын бодлого сул, хуулийн том цоорхойтой хялбаршуулсан журам, дээрээс нь хөөн хэлэлцэх хугацаа гэх мэт ялаас зугтах мултрах боломжийг олгоод байна. Энэ нь маргаантай нийгмийг болон нийтийг талцуулаад байгаа юм. Ард иргэдийг хараад байхад ийм төрлийн гэмт хэрэгт нам ч байдлаар хандаад байгаа юм. Манай намын хулгайч болохоор би өмөөрөх ёстой гэсэн хоцрогдсон харанхуй бүдүүлэг байдлаасаа салж, иргэн хүн хариуцлагатай, хууль эрхзүйн боловсролтой болох ёстой юм. Иргэнийг соён гэгээрүүлэх чиглэл рүү төр ч гэсэн үүргээ биелүүлмээр байгаа юм.

-Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхээр яллачихлаа гээд байгаа юм?

-Э.Бат-Үүл даргын хэргийн хувьд адармаантай хэрэг. Олон жил хуулийн байгууллагад шалгуулж байгаа. Нэлээн олон холбогдогчтой. Олон ч удаа шүүхээс буцсан юм билээ. Хөөн хэлэлцэх хугацаагаар цаг хожиж, шүүгчид нөлөөлөх гэсэн байдлыг ч таслан зогсоох ёстой. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдох ялын бодлогыг өөрчилж байж авлига өөрөө багасна.

-Д.Хаянхярваагийн хэрэг нийгэмд маш муухай буруу жишиг тогтоолоо?

-Муухайгаар барахгүй муухай жишиг тогтоосон. Энэ хэргийн араас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга ч мөн хялбаршуулсан журмаар хэргээр шийдвэрлүүлсэн. Тэрбээр 30 саяын хахууль аваад 5 саяар торгуулж, 2 жил нийтийн албанд ажиллах эрхээ хасуулсан. Гэвч хоёр жилийн дараа дахиад нийтийн албанд ажиллаад авлига аваад явах нөхцөл боломж нь бүрдэхээр байгаа биз.

-Авлигын хэрэгтэй яаж тэмцэж байж авлигагүй нийгмийг бүтээх юм бэ?

-Одоохондоо бид авлигыг бүрэн ялах хэмжээнд очоогүй байна. Авлигын эсрэг тэмцэл бол нэг удаагийн кампанит ажил бишээ. Нэг удаагийн үндэсний чуулган болон нэлээд хэдэн судалгаагаар дуусчихдаг ажил биш. Авлига бол нийгэмд хэвийн болсон гаж үзэгдэл.

-Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх нь авлигачдыг өөгшүүлж толгойг нь илсэн прокурор шүүхийнхний үйлдэл болж таарах нь уу?

-МАН буюу эрх баригч намынхан яаралтай авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулах ялын бодлогыг өөрчлөх ёстой. Сая Авлигын эсрэг үндэсний чуулган дээр УЕП-ын орлогч “Хялбаршуулсан журмаар авлига албан тушаалын хэргийг шийдвэрлэдэг тогтолцоо руу 100 хувь явна” гэж ярьсан. Би “Ямар зорилгоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэж байгаа юм бэ” гэж асуухад “Гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлдэг болох нь чухал байна. Гэмт хэргийг шалгадаг зардал багасна” гэж хариулж байна билээ. Гэвч нийгэмд олон нийт шударга ёсоор цангаж байна. Гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэдэг байгаасай л гэж МАН-ыг сонгосон биздээ.

-Ерөнхий сайд хуулийн шинэчлэл хийнэ, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүстэй хатуу хариуцлага тооцож, ажлаас нь хална хөөнө гэж ярьдаг ч ачир дээрээ чадахгүй байна. Намаасаа Б.Ундармаа, Д.Хаянхярвааг хөөгөөд цэвэрлэчих ёстой байтал?

-Ам, ажлын зөрүү илэрхий харагдаж байгаа. Төр ийм олон амтай, олон нүүртэй байж болохгүй. Хууль ёс гэдэг хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Улсын баатар байна уу, Ардын намын гишүүн байна уу хамаагүй хууль хүн болгонд тэгш үйлчлэх ёстой. Тэгж байж нийгэмд шударга ёс тогтоно. Иргэдэд анхааруулж хэлэхэд, манай намын хулгайч л бол хулгайч биш гэсэн бүдүүлэг харанхуй байдлаасаа салаачээ. Тэгэхгүй та нарын дээрээс баас шээсээ асгадаг авлигачид оодроод байна. Одоо хэрэг хийж, авлига авчихаад торгуулаад нийтийн албанд хэдэн жилээр ажиллахгүй байх эрхээ хасуулж байна. Хугацаа дуусахаар буцаж орж авлига авдаг авлигачдаар дүүрээд та бидний үр хүүхэд хэн ч биш болно.

Гэхдээ МАН-д хийж байгаа зөв зүйтэй ажил бий. Сая намын их хурал дээр “Авлига авсан намын гишүүдээ намаасаа хөөнө” гэсэн өөрчлөлтийг дүрэмдээ оруулсан нь сайн. Зөв дэвшилттэй алхам. Аль нам байх нь хамаагүй, зөв зүйлийг нь дэмжинэ.

-Сая гэхдээ ШЕЗ-ийн даргын томилгоо ямар явагдсныг харсан байх. Намынхан нь түлхэж лоббидоод мэргэжлийн бус хүнийг даргаар томилсон шүү дээ?

-Мордохын хазгай гэдэг шиг ШЕЗ-ийн даргыг болон гишүүдийг сонгох үйл ажиллагаанаасаа том лобби буюу захиалгат үйл ажиллагаанууд явагдсан. Ялгавартай хандаж болохгүй. Хууль журмандаа юу гэж заасан байна тэр дагуу л даргыг томилох ёстой. Хэн нэгэн нь давуу байдал олгож болохгүй. Өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах байдлыг үүсгэх гэсэн далд санаархал ил болсон. Тийм учраас ард иргэд шударга ёсыг хүсэж, нэхэж байна.

-Таны хувьд АТГ-ын Олон нийтийн зөвлөлд томилогдоод хэдэн сар болчихлоо. Танай зөвлөл АТГ-ын ажил болоод үйл ажиллагаанд хэр хяналт тавьж ажилладаг бэ?

-Хяналт тавьдаг эрх мэдэлтэй том байгууллага байсан ч сая Ерөнхийлөгчийн баталсан журмаар эрх мэдэл нь хумигдаж, сул болсон гэж хэлж болно. Уг нь сайжраад явах байсан ч хайнга сул хандсан журам байна билээ. Олон нийт болон иргэд оролцож байж бүх талын оролцоог хангаж байж шударга ёсыг тогтооно. Шүгэл үлээгчийн тухай хуулийг батлуулсаар авлигын эсрэг тэмцэлд том түлхэц өгөх хууль юм.

Энэ зөвлөлийн гишүүн болоод нэлээд хэдэн сар ажилласан байна. Энэ хугацаанд харж байхад АТГ дээр ч нөхцөл байдал маш хүнд байна. Нөлөөлөл явагдах нөхцөл байдлууд харагддаг. АТГ-ын Олон нийтийн зөвлөлд гэхэд өмнө нь авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан хүн орчихсон сууж байна. Ингээд бодохоор шударга ёс хаана байна. Олон нийтийн зөвлөлд иргэний нийгмийн төлөөлөл, шударга сайн гэсэн хүнийг Ерөнхийлөгч томилох ёстой. Олон нийтийн зөвлөлийг төлөөлж байгаа хүнийг олон нийтээс сонгох ёстой. Ерөнхийлөгчид таалагдсан хүн томилогдоод байж болохгүй. Хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгомоор байна. Ардчилсан нийгэм гэж шийдвэр гаргагчид гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээдэг нийгмийг хэлж байгаа юм. Түүнээс эрх нь 90 хувь, үүрэг нь 10 хувь байж болохгүй. Нийгэмд шударга ёс тогтооё гэж бодож байгаа бол цаашдаа нэлээд тогтвортой засаглал улс орноо хөгжүүлье бодож байгаа бол эрх баригч нам хуулийн шинэтгэлийг сайн хийж, Авлигын эсрэг хуулинд нэмэлт өөрчлөлтийг оруулж өгөх хэрэгтэй.

 

МАН буюу эрх баригч намынхан яаралтай авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулах ялын бодлогыг өөрчлөх ёстой. Сая Авлигын эсрэг үндэсний чуулган дээр УЕП-ын орлогч “Хялбаршуулсан журмаар авлига албан тушаалын хэргийг шийдвэрлэдэг тогтолцоо руу 100 хувь явна” гэж ярьсан. Би “Ямар зорилгоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх гэж байгаа юм бэ” гэж асуухад “Гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлдэг болох нь чухал байна. Гэмт хэргийг шалгадаг зардал багасна” гэж хариулж байна билээ. Гэвч нийгэмд олон нийт шударга ёсоор цангаж байна. Гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэдэг байгаасай л гэж МАН-ыг сонгосон биздээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.