| | USD/MNT 0₮

Б.Түвшинсанаа:Олон гоё, гоо бүсгүйчүүдийн өмнө нөхрөөсөө сүйн бөгж авна гэж төсөөлөөгүй, үнэхээр их сандарсан бас догдолсон

Хэдхэн хоногийн өмнө 298 мянган гишүүнтэй Сайхан бүсгүй группийнхэн шинэ жилээ тэмдэглэв. Тодруулбал, тус группэд байдаг 600 гаруй гоё хээнцэр ганган бүсгүйчүүд нэг оройг баяр хөөртэй өнгөрүүлжээ. Тухайн баяр дээр Б.Энх-Амгалан гэгч залуу хайртай бүсгүйдээ сүйн бөгж бэлэглэн гэрлэх санал тавьж байгаа бичлэг, үйл явц баярт оролцож байгаа бүсгүйчүүдийн сэтгэлийг хөдөлгөж, зарим хүмүүсийг догдлуулж доголон нулимсыг нь гаргаад амжсан. Тэр ч бүү хэл хосуудын хайрын түүх, гэрлэх саналын гэрч болцгоосон байгаа юм. Залуу хосуудын амьдралдаа хийсэн марташгүй дурсамж болсон бичлэгийг цахим сүлжээнд олон мянган хүн шэйрлэж, хосуудад аз жаргал ерөөсөн байв. Бусдын сайн сайхныг олж харж баярлаж талархаж, амжилт аз жаргал хүснэ гэдэг үнэхээр гайхалтай.

Гэрлэх санал тавьж байгаа залуу бол үнэхээр ХАЙР байсан нь харагдсан. Сайхан бүсгүй группийн админ Дээгийтэй олон хоногийн өмнөөс ярьж эхнэртээ гэнэтийн бэлэг барих гэж байгаагаа учирлажээ. Шинэ жилийн такс дууссан байсан ч гоё хайрын түүхийн гэрч болмоор санагдаад админ өөрийнхөө суух сандлаа сүйт бүсгүйд гаргаж өгсөн талаараа ярьжээ.

Ингээд гоё хайрын түүхийг бүтээлцэж яваа сүйт бүсгүй Б.Түвшинсанаатай ярилцсан юм.

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе ээ, та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Сайн байна уу. ASU.mn сайтын уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Батбаатар овогтой Түвшинсанаа гэдэг. Аав маань Дорноговь аймгийн хүн. Ээж маань Ховд аймгийн Булган сумынх. Би өөрөө Улаанбаатарт төрж өссөн.

-Таны Сайхан бүсгүй группийн бүсгүйчүүдийн шинэ жил дээр нөхрөөсөө сүйн бөгж зүүж, гэрлэх санал хүлээж авч байгаа бичлэг үнэхээр сэтгэл хөдөлгөм байна билээ. Төсөөлж байгаагүй үйл явдал дурсамж байх. Энэ талаараа ярилцвал?

-Харин тийм. Тэр өдөр миний амьдралын хамгийн сайхан мөч маань байсан. Үнэхээр ийм зүйл тохиолдоно гэж төсөөлөөгүй ээ. Тэгтэл манай хүн Сайхан Бүсгүй группын админ Degi Bold-той нэг сарын өмнөөс энэ зүйлийг ярилцаж эхэлсэн юм байна лээ. Энэ дашрамд админдаа үнэхээр баярлаж талархсанаа илэрхийлэхийн сацуу гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсэж байна.

-Олон хүмүүсийн дунд ийм гэнэтийн бэлэг авахдаа сандарсан уу, олон хүн хараад догдлоод баярлаад уйлсан гэсэн. Бичлэгийг тань үзсэн хүмүүс ч баярлаад уйллаа гэсэн байсан?

-Үгээр илэрхийлэхийн аргагүй мөч байсан. Хайрыгаа хараад л нулимас маань шууд урсчихсан. Тэр олон гоё гоо бүсгүйчүүдийн өмнө их сандарч бас догдолсон.

-Амьдралд мартагдахааргүй том тод дурсамжийг хань нь бүтээжээ гэж харсан?

-Тийм шүү. Би өөрийгөө хамгийн сайн хүнтэй учирсан гэж боддог. Тэр өдөр ч гэлтгүй миний хайр өдөр болгон гэнэтийн бэлэг барьдаг. Хайрдаа маш их хайртай шүү хүү бид хоёр нь. 

-Энэ группийн шинэ жилд анх орсон уу, өмнө нь орж байсан уу?

-Өмнө нь орж байгаагүй ээ анх удаагаа орж байна. Манай хүн бүр такс нь дууссан байхад нь админ Degi Bold өөрийнхөө таксыг буюу суух суудлаа гаргаж өгсөн юм билээ. Энэ бол үнэхээр их хайр бас сэтгэл шингэсэн бэлэг байсан.

-Нөхөртэйгээ анх хэрхэн яаж танилцаж байсан бэ?

-Анх нөхөртэйгөө нүүр номын найзуудын группэд найзууд байсан. Тэгээд хоорондоо чаталдаг болоод манай хүн намайг Лууванхан гээд өхөөрдөөд nickname дээр биччихээр нь би бас зөрүүлээд Байцаахан гэж хочилдог байсан.

-Та хоёрын мэргэжил юу бэ. Ажил хөдөлмөрийн тухайд. Залуу хүмүүсийн хэрэглээ хэрэгцээ гэж хязгааргүй байдаг. Гэтэл авч байгаа цалин, нийгмийн хангамж хэр билээ?

-Манай хүн тогооч мэргэжилтэй, би уул уурхайн инженер геологич мэргэжилтэй. Гэхдээ хоёулаа мэргэжлээрээ ажилдаггүй. Миний төрсөн ах маань хувийн бизнес эрхэлж байгаад одоо манай хүнд хариуцуулж өгөөд цуг энэ бизнесийг эрхэлж байгаа.

-Та хоёр тусдаа гарчихсан уу, анх айл болж өрх тусгаарлаж байх үеийн дурсамж бас сонин содон байх болов уу?

-Тусдаа гарсан. Одоогоор хүүтэйгээ гурвуулаа амьдарч байгаа. Миний хүүг Э.Эрмүүн гэдэг. Удахгүй ам бүл нэмэх талаар төлөвлөж байгаа. Залуу хүмүүс болохоор амьдралаа бага багаар баяжуулаад, амьдралын түүхээ бүтээлцээд л явж байна даа.

-Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ. Хүүхдээ залуу хүмүүс хэр хүмүүжүүлж байна вэ. Манайхан өвөө эмээд нь даатгаад үлдээдэг?

-Таван хүүхэдтэй болно гэж боддог. Бид хоёр хүүгээ аль болох утас, компютероос хол байлгахыг хичээдэг. Миний төрсөн эгч ажилтай байх үед минь манай хүүг харж өгч 2 дүүдээ үнэхээр их тус болдог. Эгчдээ маш их баярлаж явдаг шүү.

-Амьдралын нэг хэвийн үзэгдэл бол “Ажил ажил гэж явсаар гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мартах, эсвэл хайртай хүмүүстээ бага цаг зав зарцуулаад дараа нь харамсах тохиолдол гардаг юм шигээ?

-Бид хоёр чинь бараг хоногийн 24 цаг цуг байдаг шүү дээ. Бүх зүйлээ хамтдаа ярилцаж цугтаа хийдэг. Тийм болохоор бид хоёрт харамсах тохиолдол гарахгүй байх.

-Залуу хосуудын баримталдаг зарчим юу бэ?

-Бие биендээ итгэж хүндэлж байхад л аяандаа болно доо

-Ер нь гэргий хүн, нөхөр хүн ямар байх ёстой юм бол?

-Нэг биений хоёр тал байх ёстой гэж боддог. Дутууг нь нөхөж дундуурыг нь дүүргэж явах л хэрэгтэй. Тэрнээс биш эр хүн гэхээрээ л гадаа гарч гандаж явах ёсгүй. Эхнэр хүн ч гэсэн гэрийн ажилтай зууралдаад л нийгмээс тусгаарлагдах хэрэггүй гэж боддог.

-Хайрыг юутай зүйрлэдэг вэ?

-Итгэлцэл. Бие биедээ бүрэн дүүрэн итгэж байж хайр цэцэглэнэ, хайр гэрэлтэнэ.

-Нийгмийн нэг муухай үзэгдэл хар буюу хардалт. Хардалтаас болж янз бүрийн зүйл болдог. Харыг юу гэж боддог вэ?

-За хар бол үнэндээ сэтгэцийн нэг эмгэг л гэж боддог. Хайрлаж дурлаад хамтын амьдралаа эхлүүлсэн л бол бие биендээ ИТГЭХ л хэрэгтэй.

-Залуу хосууд бие биедээ итгэлтэй байж энэ амьдрал удаан оршин тогтнож азжаргалтай үргэлжилнэ гэж боддог уу?

-Мэдээж 100 хувь итгэнэ.

-Залуу хүмүүсийн дунд өдөр бүр биш ч үл ойлголцол гардаг байх. Та хоёрын хувьд уурлаж адгах, уучилж тайвширахдаа хэн нь түрүүлж буулт хийж уучлалт гуйдаг вэ?

-Хоёулаа буулт хийж, буруугаа ярилцаж ойлголцоно. Харилцахгүй ярилцахгүй бол ямар ч харилцаа цааш үргэлжлэхгүй байх болов уу гэж боддог.

-Ер нь манай энэ нийгэмд залуу хүмүүс карьер хөөх, эсвэл боломжийн цалинтай ажил хийх нөхцөл боломж хэр гэж боддог вэ. Залуус их гадагшаа гарч, амьдрал хөөдөг болжээ?

-Хүн болгонд өөрсдийн гэсэн зорилго хүсэл мөрөөдөл тэмүүлэл байдаг. Түүндээ хүрэхийн тулд хаана ч ямар ч ажил хийж болно. Зорилгынхоо төлөө хичээх хэрэгтэй. Бид хоёрт тийм бодол байгаа. Гэхдээ цаг нь болоогүй байна.

-Бас залуусыг хараад байхад их сэтгэлийн тэнхээ тэвчээргүй болчихсон юмуу даа гэж ажиглагддаг. Сэтгэл гутрал сэтгэлзүйн тавгүй байдлаасаа болж болчимгүй алдаа хийх тохиолдол бий. Та хоёрын хувьд нэг нэгэндээ өдөр бүр өгдөг урам зориг, ухаан юу бэ?

-Энэ асуудал сүүлийн үед нийгмийн нэг чухал сэдэв болж байгаа. Үнэндээ хараад байхад залуусын урмыг хугалдаг хүмүүс зөндөө байдаг юм шиг санагдсан. Нэг үг байдаг даа залуу хүмүүсийг загнахдаа чи чадахгүй юм бол өөр хэн чадах юм бэ гэж загнаж байгаарай гэдэг шиг залуучууддаа чадлынхаа хэрээр урамшуулах хэрэгтэй байх гэж боддог. Бид хоёрын хувьд гэвэл өглөө сэрээд л сайн сайхан юм бодож ярьж орноосоо босдог. Өдрийн ажлаа төлөвлөдөг.

-Өчнөөн сайхан хайр халамж амлачихаад тэрийгээ хийж хэрэгжүүлж чадахгүй хүний охин үрийг гомдоох, хүний хүүг хайхрахгүй байх тохиолдол байдаг. Үүнд?

-Хүний хүмүүжилтэй холбоотой юм болов уу. Хайрын дунд өссөн хүн хайрыг л бүтээдэг байх даа.

-Аан нөгөөтэйгүүр, амьдралын гэрэл гэгээтэй зүйлийг олж харвал, юу харагдаж байна вэ?

-Cайхан ирээдүй мэдлэг боловсролтой залуус.

-Залууст хандаж, ирээдүйд ээж, аав болох охид хөвгүүдэд хандаж юу хэлэх бэ?

-Бие биендээ итгэх итгэлээ битгий алдаарай. Амьдрал баялаг шүү дүү нар минь.

-Ирээдүйн нийгмийг ямар байгаасай гэж хүсдэг бэ?

-Бүх хүмүүс эрүүл саруул өвчин зовлонгүй, айх аюулгүй амар жимэр сайхан ирээдүй гэрэлтэж байгаасай гэж хүсдэг.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Гэр бүлд нь гэгээн сайхан бүхнийг хүсье ээ?

-Баярлалаа.

Сүйн бөгж бэлэглэж гэрлэх санал тавьж байгаа бичлэг нь 

Тэр өдөр миний амьдралын хамгийн сайхан мөч маань байсан. Үнэхээр ийм зүйл тохиолдоно гэж төсөөлөөгүй ээ. Тэгтэл манай хүн Сайхан Бүсгүй группын админ Degi Bold-той нэг сарын өмнөөс энэ зүйлийг ярилцаж эхэлсэн юм байна лээ. Энэ дашрамд админдаа үнэхээр баярлаж талархсанаа илэрхийлэхийн сацуу гэр бүлд нь аз жаргал сайн сайхныг хүсэж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.