| | USD/MNT 0₮

Р.Эмүжин: Консул асан Д.Мөнх-Эрдэнэ Б.Ундармаа, Б.Хаянхярваа нараас хэд дахин хүнд ял авах байх

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Консул асан Д.Мөнх-Эрдэнийн талаар ёс бус бичлэг цахим орчинд тарсан. Энэ талаар Д.Мөнх-Эрдэнэ өөрөө тайлбар хийсэн. Мөн зохиолч Р.Эмүжин өөрийн үзэл бодлоо хүргэжээ.

Тэрээр, Мөнх-Эрдэнэ хэн ч биш байж болно оо, үнэнээр цангасан нийгмээ яах уу...

За энэ нөхөр лайв хийдэг болсоор сар гаруй хугацаа өнгөрчээ. Сошиалын бид чинь нэг л өдөр ийм нэгэн одтой болчихсон. Тэр маань дуулахгүй бүжиглэхгүй, тэгсэн хэрнээ дагагчдыг бол солиоруулж өгсөн дөө. Үзэгчдийнх нь тоо 400-600 мянгад дөхсөн. Эхлээд түүнийг хүмүүс зүгээр л анзаарсан. Дараа нь дагаж эхэлсэн. Тэгээд дэмжих болсон. Харин нөгөө талаас нь Мөнх-Эрдэнийн ард Элбэгээ байгаа гэсэн хардалт тараасан, гэвч хүмүүс үзэн яддаг Элбэгээгээ ч үл тоон, үзсээр л байсан. Удаад нь Хөх хотод консул байхдаа машины наймаа хийсэн гэж бөөн бөөнөөрөө мэдээлсэн, гэвч иргэд Мөнх-Эрдэнийн лайвд гүн донтсон хэвээрээ үргэлжилсэн. Дахиад сүүлд нь консул байхдаа төрийн 115 сая төгрөгийг хууль бусаар үрэн таран хийсэн гэж цацсан, гэвч нөгөөх гайтай лайвын галзуу олон үзэгч Мөнх-Эрдэнийг орхисонгүй. Эцэст нь биеэ үнэлэгчтэй хамт байгаа яриаг нь олон нийтэд дэлгэлээ, энэ хүний лайвыг үздэггүй хүн хүртэл үзмээр санагдтал савлууллаа.

Мань эр шатнаас түлхүүлсэн, шат дараалан шалгуулсан, гэхдээ лайвдсаар л...ёстой тавилан юм даа. Үзэгчдийнх нь тоо тогтмол өссөөр, цаашдаа бүр өсөх нь тодорхой болчихлоо. Эндээс юу харагдаж байна вэ? Мөнх-Эрдэнэ гэж энэ мөндөл шиг нөхөрт монголчууд тэгтлээ хайртай болоо юу? Үгүй дээ, тэр үнэн яриад байгаад л учир байгаа юм. Үнэнд л ингэтлээ дурлаж, үнэнийг эрж, үнэн хэмээгчид соронз мэт татагдаж байгаа юм. Үнэн тийм л ховор, тийм л чухал, тийм л үнэ цэнэтэй байна гэсэн үг. Үнэнээр ангаж цангасан нийгэм, улс орон гэдэг чинь энэ. АН-ынхныг ангайтал хоорондоо алалцаж байх зуур энэ нөхөр бараг ганцаараа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэн, үглэж дуулсан байх шүү.

Гэтэл яав, энэ мөндөл шиг нөхрийг нөгөө том тарваганууд нь барьж хорьчихоод балбаж занчина гэнэ ээ. Хэрэг үүсгээд, хэзээ мөдгүй ачих нь. Гэхдээ анзаараарай. Мөнх-Эрдэнийн консул байхдаа хийсэн наймаа, үрсэн гэх мөнгө, холбогдсон гэх биеэ үнэлэгчийн тухай дуу дуугаа авалцан гал асааж, гараа хөнжилд нь дүрсэн хэвлэл, сайт, сэтгүүлчдийг ажиглаарай. Тэд Улсын циркийн хувьчлалын тухай дуугарч байгаагүйг санаарай. Нөгөө талд нь Мөнх-Эрдэнийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 10:00 цагт АТГ-т өөрийн биеэр өргөдөл өгч шалгуулна гэсэн Х.Баттулга, Д Сумъяабазар, түүний дүү Д.Дагвадорж, Ц.Нямдорж, түүний хүү Н.Анхбаяр, Л.Оюун-Эрдэнийн ах хэро Баатар, Х.Нямбаатар...бүгдийнх нь тухай Мөнх-Эрдэнэ лайвдаж байсан...түүний зарласан 12 дугаар сарын 20 хүртэл наймхан хоног үлдлээ. Харин түүнээс өмнө Мөнх-Эрдэнийг хэн ч биш болгох ажиллагаа айхтар хүчтэй өрнөж байна. Өнөө хэлхээтэй хэдэн хэвлэл сайтынхан чинь хэнийх нь талд хийрхээд үйлчилж явааг, хэрхэн хэлбэлзэж байгааг ч бас хараарай.

Өнөөдрийн Монгол Улс эрх баригчид болон эгэл ард гэж хоёр хуваагдчихаад, дунд нь Мөнх-Эрдэнийн лайв байтугай ангал үүсчихээд байгаа нь энэ шүү дээ. Энэ бүхэн ямартай ч нэг тийшээ шийдэгдэнэ, магадгүй Мөнх-Эрдэнэ зохиол ёсоор хоригдох биз, тэгээд Ундармаа, Хаянхярваа хоёроос хэд дахин хүнд ял авах байх...гэвч юу гээч? Мөнх-Эрдэнэ хэн ч биш болж болно оо, үнэн харин үнэ цэнэтэй хэвээр үлдэнэ. Үнэнээр, шударга ёсоор цангасан нийгэм нэг л өдөр тэсэрнэ шүү. Тэртэй тэргүй улс төрийн үхдэл болсон Элбэгээгээр жигшүүлээд ч, Ми.Энхболдоор айлгаад ч, үндэсний үзлээр сэдрээгээд ч нэмэргүй болох цаг ирнэ. Тэр хүртэл хэдэн хүнийг хэрхэн хорихыг хэн ч таашгүй...энэ чинь л нөгөө миний ад болоод л үглээд байгаа ангалд унаж буй ардчилал, араатан шинжийн дарангуйлал гэж байгаа юм даа. Ерөнхий сайд асан А.Амарын "Хэн нь монгол, хэн нь гадных болохыг ялгахаа байв, аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхээ болив..." гэж харуусан хэлсэн тэр цаг үе чинь царайгаа ингэж л харуулдаг аж” гэсэн байна.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Консул асан Д.Мөнх-Эрдэнийн талаар ёс бус бичлэг цахим орчинд тарсан. Энэ талаар Д.Мөнх-Эрдэнэ өөрөө тайлбар хийсэн. Мөн зохиолч Р.Эмүжин өөрийн үзэл бодлоо хүргэжээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (27)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.