| | USD/MNT 0₮

Х.Эрдэнэбаатар: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэдэг хясаанд нуугдсан СУВД шиг байдаг

“Эрхэм нандин Сувд ТББ”-ын гишүүн, оёдолчин Х.Эрдэнэбаатартай ярилцлаа. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй ээж, аавуудтай хамтран хүүхдийн хувцасны “Сувд” брендийг үүсгэн байгуулан ажиллаж байна.

- Сувд” брендийг талаар яриагаа эхлэх үү?

-Сайн байцгаана уу. Намайг Х.Эрдэнэбаатар гэдэг. Би 12 настай тархины саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аав юм. Манай “Эрхэм нандин сувд ТББ” нь яг хоёр жилийн өмнө эцэг, эхчүүд хүүхдийнхээ эрх ашгийг болон аав, ээж нарын эрх ашгийг хамгаалах гэж нэгдэж байгуулсан. Маш олон үйл ажиллагаа явуулсан. Хоёр жилийн хугацаанд сургалт, зөвлөгөө гээд олон ажлуудын нэг нь манай оёдлын жижиг төсөл юм. Энэ нь хүүхдээ хараад гэртээ ажилгүй байгаа эцэг, эхчүүдийг ажлын байраар дэмжих ажлын маань нэг хэсэг юм.

Бид нэгдэж ажлын байр дэмжих төслөөс санхүүжилт авсан байгаа. Тэрнийхээ хүрээнд бид хүүхдийн хувцасны үйлдвэрлэл явуулж эхэлж байна. Манайх сувад гэдэг хүүхдийн хувцасны жижиг үйлдвэр гэсэн үг. Бренд гэдэг том үг хэрэглэх болоогүй байна. Одоо үйл ажиллагаагаа эхлээд хоёр сар орчим болж байна. Энэ шинэ байранд орж ирээд хагас сар болох гэж байна. Энэ манай бүтээгдэхүүний дээжүүд байна. Ер нь бид оёмол зүйлүүдийг бүгдийг нь хийнэ л гэж бодож байна. Гэхдээ чадах юм аа л хийнэ. Чадахгүй юмаа чадахгүй гэдгээ хэлнэ.

-Одоогоор юу юу үйлдвэрлэж байна?

-Бид нар мэргэжлийн оёдолчид биш. Бас эцэг, эхчүүд бид нар санаа зорилгоороо нэгдээд болгон бүтээнэ гэж явж байгаа учраас шүү дээ. Хамгийн чанартай, хамгийн супер гэсэн уриа бид нарт одоогоор алга л байна. Ажлаа чадах юмаа л хийнэ гэсэн уриатайгаар эхэлж байна. Манай эндээ зураг, хэвлэлээ хийдэг. Шинэ жилийн бэлэгний уутнууд хийж байна. Янз бүрийн тор хийж байна. Том хүний хувцас бас оёно.

-Яагаад сувд гэдэг нэрийг сонгох болсон бэ?

-Энэ манай теди загварын “Сувд” брендийн үндсэн загвар. “Сувд” гэдэг үг их учиртай. Манай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд яг л хясаанд нуугдсан “Сувд” шиг байдаг. Тийм учраас бид нар “Сувд” гэдэг үгэнд их дуртай. Манай Төрийн бус байгууллага ч гэсэн “Эрхэм нандин Сувд” гэсэн нэртэй. Оёдол маань ч гэсэн “Сувд” гэсэн нэрээрээ явж байгаа юм л даа.

-Энэхүү оёдлын үйлдвэрт хэдэн хүн ажиллаж байна вэ?

-Одоо энд таван эцэг, эхчүүд ажиллаж байна. Гурав нь хүүхдээ 10-р цэцэрлэгт өгсөн. Манай хүүхэд 12 настай учраас хувийн цэцэрлэгт явдаг гэсэн үг. Би гэхэд жишээ нь яг арван жил гэртээ хүүхдээ хараад ажил хөдөлмөр эрхлээгүй хүн. Завсар зайгаар нь оёдол хийдэг байсан. Тэрэн дээрээ тулгуурлаад цөөхүүлээ ч гэсэн оёдол хийж орлоготой болох гэж зорьж байна.

Бид нар өөрсдийнхөө хүүхдэд зориулсан хувцас гэж гаргана. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд өмсөж тайлахад амар бай нэг төрлийн хувцас байдаг. Мөн тусгай хэрэгслүүд гэж байдаг. Гар хөлийн чиг гэх мэтчилэн маш олон хэрэгслүүдийг өөрсдөө хийж, үйлдвэрлэж болно. Тэр тал руугаа чиглэнэ.  Гадаадаас өндөр үнэтэй авахгүйгээр хийнэ. Одоогоор судалгаа явагдаж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хараад гэртээ суухад улсаас ямар халамж үзүүлдэг вэ. Тэр нь та бүхэнд хүрдэг үү?

-Хүүхдээ харж байгаа ээжид улсаас сард 123 мянган төгрөг өгдөг. Жишээ нь, хоёр хүүхэдтэй эмэгтэй сардаа 123 мянган төгрөгөөр амьдарна гэдэг бол чанга. Тэгэхээр бид нарт ажлын байр, нэмэлт орлого маш чухал. Үүнийг Төр засаг хийхийг хүлээвэл бид нарын нас хүрэхгүй. Хүүхдүүд маань хөгжлийн бэрхшээлтэй байж болно. Бид нар чинь өөрсдөө эрүүл, саруул шүү дээ. Бид нар өөрсдийнхөө амьдралыг сайжруулахын төлөө зүтгэх хэрэгтэй болсон.

“Эрхэм нандин Сувд ТББ”-ын гишүүн, оёдолчин Х.Эрдэнэбаатартай ярилцлаа. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй ээж, аавуудтай хамтран хүүхдийн хувцасны “Сувд” брендийг үүсгэн байгуулан ажиллаж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.