| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ: УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр хэн хэн ажлаа өгөв

УИХ-ын Сонгуулийн хуульд зааснаар төрийн албан хаагчид, ТӨҮГ-ын захирал болоод дэд захирлын албан тушаалыг хашиж буй хүмүүс 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бол сонгуульт жил эхлэхээс өмнө буюу 2020 оны 1-р сарын 1-нээс ажлаа өгөх ёстой. Хууль баталдаг УИХ-ын гишүүд өрсөлдөгчдийнхөө боломж, замыг хаахын тулд Сонгуулийн хуулинд ийм нэг “шударга бус” заалтыг оруулсан байсан бол МАН-ын гишүүд ч энэ заалтыг дуртайяа үргэлжлүүллээ. Уг нь Сонгуулийн хуулийн төсөлд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхээс өмнө гэсэн байдлаар буюу тавдугаар сарын нэгэн хүртэл дээрх хүмүүс ажлаа хийж явах боломжтой байхаар тусгасан байсан ч хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдсөн.

Сонгуулийн ерөнхий хороо “Хоёрдугаар сарын 1-ний дотор ажлаа өгсөн байх шалгуур тавья, үгүй бол цаг хугацааны хувьд хэтэрхий тулгасан байна” гэсэн байдлаар санал оруулсан ч эрхэм гишүүд зөвшөөрөөгүй. Ингэснээр 2020 онд УИХ-д нэр дэвшихээр сонирхож, битүүхэн бэлтгэж байсан төрийн албан хаагчид, Төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын удирдлага 10-хан хоногийн дотор амжуулж ажлаа өгөх шаардлагатай болсон. Ажлаа өгсөн хүмүүсийн нэрс ч эхнээсээ тодорхой боллоо.

Тодруулбал, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, “Эрдэнэс-Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр, “МИАТ” ХХК-ийн дэд захирал Н.Энхбаатар нар ажлаа өгчээ. Мөн БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БОАЖЯ-ны ТНБД Ц.Цэнгэл нарыг Засгийн газрын хуралдаанаар ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл гарсан. Ц.Цэнгэлийн хувьд БНХАУ-д суух Элчин сайдаар явахаар ажлаа өгсөн бол бусад нь УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэсэн бор шувуу Төрийн ордноор “нисээд” эхэлчихэж. 

Генерал Ц.Сэргэлэн Дорнодод, Одончимэд агсны хүү Одбаяр аавынхаа нутаг Дорноговьт нэр дэвших бололтой. Харин БСШУСЯ-ны ТНБД асан Б.Баярсайханыг Элчин сайд болохоор ажлаа өгсөн гэж зарим хэвлэлүүд мэдээлжээ. Өмнө нь түүнийг АНУ-ын Сан-Франциско хотод суух ерөнхий консулаар томилогдох гэж байгаа талаар мэдээлэл бидэнд ирсэн ч өөрөө үгүйсгэж байсан юм. Үүнээс үзвэл тэрбээр эмэгтэйчүүдийн квотод багтаж, парламентад дэвшихийг үгүйсгэхгүй. Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа сайд нартайгаа таарамжгүй байснаас эхлээд сайн муу гээд олон шуугианд өртсөн. Дөрвөн жил дуулиан шуугианы эзэн байж, олонд танигдсаны цаана нэр дэвших “бие халаалт”-аа хийж байсан байх магадлалтай. 

Ажлаа өгсөн дээрх эрхмүүдийн "өнгийг" үзвэл ирэх сонгууль дахь МАН-ын нэр дэвшигчид тааруухан байх дүр зураг харагдаж байна. Учир нь одоо байгаа 64 нэр дэвших, дээр нь нэмээд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй 12 хүн гаднаас орж ирж магадгүй болчихоод байна. Нэр дэвших бодолтой, битүүхэн тойргоо усалж байсан зарим хүн ажлаа хүлээлгэж өгсөнгүйг бодвол тэд энэ удаад дэвшихээс татгалзжээ.

Ажлаа өгөөгүй сонгуульд горилогчдын жагсаалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тэргүүлж байна. Түүнийг нэлээд эрт ажлаа өгөөд, намын тэргүүн дэд юм уу ерөнхий нарийн бичгийн даргаар очно гэсэн мэдээлэл гарсаар өдийг хүргэсэн. Гэвч мань хүн оны дараа хэдэн сарын хугацаанд Ерөнхийлөгчийн дэргэд ажиллана, ЕТГ-ын дарга нь төрийн боловч улс төрийн албан тушаал гэсэн тайлбарыг сэтгүүлчдэд хийжээ. Харин хуульчдын хувьд ЕТГ-ын дарга нь Яамны төрийн нарийн бичгийн даргатай ижил статустай албан тушаал гэж тайлбарлаж байна. Хэрвээ тийм бол З.Энхболд сонгуульд дэвших боломжгүй гэсэн үг.

ЕТГ-ын даргаас гадна хэд хэдэн зөвлөх нь нэр дэвшинэ. Зөвлөхүүдийн хувьд улс төрийн албан тушаал учраас ажлаа өгөлгүйгээр нэр дэвших боломжтой юм. Идэвхитэйгээр тойргоо усалж байсан, сонгуульд өрсөлдөнө гэж таамаглаж байсан ч ажлаа хүлээлгэж өгөлгүйгээр шинэ оныг угтсан, өөрөөр хэлбэл нэр дэвшихээ больсон гэж ойлгож болох хүмүүсийн олонхи нь МАН-ынх байна. НХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, "Эрдэнэс-Монгол" ХХК-ийн захирал П.Ганхүү, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ГЕГ-ын дарга Б.Асралт, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Б.Нинжжамц, БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн гэхчлэн нэр дэвшихээр дуулдаж байсан нэлээд хэдэн эрхэм ажлаа өгөөгүйгээс харвал энэ сонгуулийг өнжихөөр шийджээ.

Тэр дундаас Г.Өнөрбаяр Завханд, П.Ганхүү Хөвсгөлд, Б.Ганхуяг Эрдэнэтэд нэлээд ажилласан, овоо ч юм хийсэн, нэр хүнд ч гайгүй, дэвших юм бол гарчих боломжтой гэж яригдаж байсан ч өөр сонголт хийсэн нь анхаарал татаж байна. Г.Өнөрбаярын хувьд НХХЯ-ны төрийн нарийн бичгээр 2016 онд сонгуулийн дараа томилогдсон. Хоёр сайдтайгаа тун гайгүй гар нийлэн ажиллаж, хүүхдийн мөнгө, тэтгэвэр цалингийн нэмэгдэлээс эхлээд салбарынхаа асуудлыг УИХ-аар дажгүй шийдүүлчихсэн, яамаа ч хэл амгүй эвтэйхэн аваад явчихдаг Төрийн нарийн бичгийн дарга гэдэг. Завханы Их-Уул сумынх. Нутгийнхаа хойд тойрогт сонгуульд үзэхээр битүүхэн ажиллаж, хүн ам ихтэй сумуудад яамныхаа шугамаар, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадны төсөл, улсын төсөв хөрөнгөөр шаардлагатай  барилга байгууламж, хөрөнгө оруулалтыг шийдэж чадсан “сэргэлэн” залуу гэх юм билээ. Гэвч тэрбээр сонгуульд үзэх сонирхлоо энэ удаад лав орхижээ.

"Эрдэнэс Монгол"-ын захирал П.Ганхүү өмнөх Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. Тэрбээр сайдын албаа нутгийн ах Ц.Даваасүрэнд хүлээлгэн өгсний хариуд УИХ-ын гишүүн хэмээх албыг Ц.Даваасүрэнгээс “булааж” авах магадлал өндөр байсан ч ажлаа өгөөгүйг бодвол сонгуулийн өрсөлдөөнөөс хасагджээ. "Эрдэнэс-Монгол" ХХК олон томоохон төсөл шинээр эхлүүлсэн, ашиг орлого ч гайгүй байгаа дуулддаг. П.Ганхүү захирлын хувьд салбартаа л ямар ч байсан одоогийн сайдаасаа илүү нэр хүндтэй.  Л.Энх-Амгалан, Б.Мөнхбаатар нарын гишүүнтэй дотно харилцаатай түүнийг Ц.Даваасүрэнг “мөргөж", Хөвсгөлийн багийг хүчирхэгжүүлнэ гэх улс төрийн хүрээнийхний таамаг талаар болов бололтой. 

У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр хүндийг тахалж яваа цөөхөн зүйлсийн нэг нь "Эрдэнэс-Тавантолгой"-н үйл ажиллагаа, УБ-ыг утаагүй болгох сайжруулсан түлшний төсөл гэж судлаачид дүгнэдэг. Өмнө нь үргэлж алдагдалтай ажиллаж, өр зээлэндээ дарагдан, дампуурсан байсан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуягийн өнгөн дээр Монголын тэргүүлэх компани болсон. Бас нийслэл хотыг утаагүй болгох сайжруулсан шахмал түлшний төслийг Эрдэнэс-Тавантолгой санхүүжүүлж байгаа. Эндээс харвал энэ танхмын хоёр гол ажил Б.Ганхуягтай нэр холбогдож байгаа нь сонирхолтой. Оны сүүлийн өдөр болдог МАН-ын залуучуудын “Алтан сарнай-2019” наадам оны шилдэг бүтээн байгуулалтаар "Тавантолгой түлш" ХХК, Оны онцлох бизнес эдийн засгийн салбарын алтан сарнайн эзнээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг тодруулсан аж. Тэгэхээр энэхүү хоёр компани Засгийн газрын төдийгүй МАН-ын нэр хүндийг тахалж байгааг намынхан нь ч хүлээн зөвшөөрч байгаа бололтой.

Ийм олон давуу тал, PR хийх боломж байхад Б.Ганхуяг яагаад нэр дэвшилгүй үлдэхээр болсныг олон хүн гайхаж байна. Учир нь тэрбээр ажлаа ч өгөөгүй, дээр нь Алтан сарнай наадам дээр үг хэлэхдээ “Эхлүүлсэн ажлаа дуусгана, замын дундаас буцахгүй, хүрсэн амжилтаа ахиулна” гэсэн утгатай үг хэлсэн гэнэ. 2016 онд ч тэрбээр Эрдэнэтэд нутгийн зөвлөлийн даргын хувиар хөөрхөн ажил хийсээр, битүүхэн ажилласаар байсан. Түүнийг нэр дэвших нь дээ гэж харж байсан ч дэвшээгүй. Эндээс мань хүн дэвшинэ гэж байгаад больдог эсвэл үнэхээр нутгийн  хүүгийн хувиар Эрдэнэтдээ санаа тавиад юм хийгээд явдаг юм уу гэсэн хоёр л асуулт гарч ирж байна.

Г.Өнөрбаяр, С.Магнайсүрэн, П.Ганхүү, Б.Ганхуяг, Б.Асралт, Л.Нинжжамц нар өөрсдөө нэр дэвшихээс татгалзав уу, эсвэл нам нь ажлаа үргэлжлүүл, эхлүүлсэн төслүүдээ дуусга гэсэн үүрэг өгөв үү?

УИХ-ын Сонгуулийн хуульд зааснаар төрийн албан хаагчид, ТӨҮГ-ын захирал болоод дэд захирлын албан тушаалыг хашиж буй хүмүүс 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших бол сонгуульт жил эхлэхээс өмнө буюу 2020 оны 1-р сарын 1-нээс ажлаа өгөх ёстой.
Улс төр

Сэтгэгдэл (24)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.