| | USD/MNT 0₮

ХДХВ-ийн халдвар тээгч З.О:Амьдрал асар богино учраас хайрлаж амьдрах ёстой

Өнөөдөр буюу 12 сарын 01 нд дэлхий нийтээрээ ХДХВ буюу ДОХ-той тэмцдэг ганц өдөр. Анх “Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг 33 жилийн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргаж, жил бүрийн энэ өдөр улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг. Манай улсын хувьд ч жил бүр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өнөөдрийг “Тэгш бус байдлыг арилгая, Халдварын тархалтыг зогсооё” уриан дор Өмнөговь аймагт зохион байгуулахаар болжээ. Манайд халдвартай 300 гаруй иргэд байдгаас 50 гаруй нь нас баржээ.

ДОХ-ын халдвар тээгээд 10 гаруй жил болж эмэгтэйтэй ярилцсан юм. Хувь хүний нууцыг хадгалах үүднээс гэр бүлийн статус, нэр ус, ажлын байдлыг нь бол бичихгүй. Зөвхөн ийм халдвартай хүмүүс яагаад хаагдмал хаалганы цаана айдас хүйдэстэй амьдардаг талаар хөндсөн юм. Вируст халдвар гэдэг хаана ч хэнд ч тохиолдоно. Дэлхий нийтэд тархсан ковидыг хар, хэдэн мянган хүн өвчлүүлж, үхүүлэв. Элэгний В С вирус байна, эцэст нь хорт хавдар болгоод үхүүлж байна. Тэгвэл ДОХ-ын халдвар цусанд вирус, В, С вирус элгэнд байдаг л халдвар. Гэвч ДОХ гэхээр ямар ойлголттой байх, анх дэлхий нийтэд ямар айдас хүйдэс, бузар булай гэсэн ойлголтоор л тарааснаас үүдэж, өнөөдөр энэ халдварыг хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна гэмт хэрэг мэт хүлээж авч иржээ. Хамгийн гол нь ДОХ-той иргэнээ доромжилдоггүй нийгэм, төр, засаг, иргэдтэй байхыг хүсдэг. Тэд ч хүн. Хүн ёсны харилцаанд орно, үр хүүхэдтэй хань ижилтэй, инээж хөхрөх, эвийлж хайрлах ЭРХТЭЙ. Тиймээс тэднийг хүндэтгэнэ. Ингээд халдвар тээгч З.О-гийн ярилцлагыг хүргэе.

-Сайн байна уу, сайхан өвөлжиж байна уу. Таны бие гайгүй юу. Ковидын үед дархлаа ямар байна вэ?

-Бие харьцангуй гайгүй сайн байна. Ковид тусаагүй. ХӨСҮТ-ээс эм өгдөг. Эмээ цаг тухайд нь уугаад явахаар асуудал байхгүй.

-Эм, эмчилгээний тухайд хүртээмж, олдоц сайн уу?

-Манай улсын хувьд олон улсын байгууллагад хамрагдаж эмээ авдаг юм билээ. Гэхдээ олон төрлийн эм бол байхгүй. Манай эмч нар ч сайн шүү, бидний араас нь өөрсдөө санаа тавиад утасдаад, эмээ аваарай, эмчилгээгээ хийлгээрэй гэдэг. Мөн тэд сэтгэлзүйчээ ч бас давхар хийдэг. Эмч нар ч халдвартай хүмүүсийнхээ араас сайн хөөцөлддөг юм билээ.

-Халдвартай хүнд ихэвчлэн ямар зовиур, шинж тэмдэг илэрдэг вэ?

-Илрээд байх зовиур бол харьцангуй бага. Гэхдээ эгэл жирийн эрүүл хүмүүстэй адил биш. Миний хувьд ойр ойрхон шалтгаангүй ядраад байдаг. Хоносон салат идчихээр гэдэс хэдэн хоногоор гүйлгэх, хоолой хөндүүрлэж өвдчих юм бол хэдэн хоногоор өвдөх гэх мэт зовиур илэрнэ. Өчүүхэн зүйлээс болж өвдөх магадлалтай. Нэг өвдөл удаан өвдөх гээд байдаг. 

-ХДХВ-ийн халдвар тээгч хүмүүс хаагдмал, их нууц далд байдаг. Яагаад нийгмээс өөрсдийгөө ингээд тусгаарлаад байдаг юм бол?

-Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг сэтгэхүйтэй болчихдог. Өөрийгөө гэмтэн, бусдаас онцгой нэгэн болчихлоо гэж боддог. Цусны халдвар гэж ойлгохдоо энэ өвчнийг анх дэлхий нийтэд цацахдаа бэлгийн замаар тараасан гэдэг ойлголтыг өгсөн. Нийгэмд хүний бусармаг гэдэг талаас нь сэжиглэж тараагдсан өвчин болохоор их эвгүй. Энэ өвчний түүхэнд ч анх энэ өвчин эхэлж байхад нь нууцлагдмал, учир битүүлэг бусармаг өвчин гэж ойлгуулсан. Өөрөөр хэлбэл нийгэмд, нийтэд айдастай түгшүүртэй түгээгдэж зарлагдсан нийгмийн халдварт өвчин. Хүний оюун ухаанд бохир буюу айдастай халдвар гэсэн ойлголтыг суулгасан. Манай Монголд анх энэ халдвар сүржин эхэлж бүртгэгдсэн байдаг юм билээ. Хоёр монгол эмэгтэй гадаадын иргэнээс халдвар авсан гэдэг шүү дээ. Үүнээс болж халдвар тээсэн эхний хүмүүст их дарамт шахалтанд орсон байдаг. Олон залуусыг үзэн ядаж, ялгаварлан гадуурхаж зодож, биед нь эрхэнд нь халдсан тохиолдол гарсан байдаг юм билээ. Иймэрхүү байдлаас болж өөрийгөө бусармаг юманд өртөж, тусчихлаа гэж бодохоор айдастай болдог. Нэгэнт би өөрийгөө тодорхой болчихлоо гэж гэж бодоод айхаараа биеэ хурааж, өөртөө хаалт тавьж хаалттай нийгэмд шилжиж, хүмүүсээс харилцаагаа автоматаар тасалдаг. Хүн болгон намайг мэдчих вий дээ, харчих вий дээ гэсэн айдастай болдог. Энэ айдсаасаа болж халдвартай хүмүүс эргэн тойрныхноо болон өөрийгөө хамгаалж, хаалттай болохоос өөр сонголтгүй.

-Вируст халдвараар хэн ч өвдөж, өвчилж, үхэж болдгийн жишээг энэ ковид тод харуулж байна. Гэтэл ДОХ гэхээр иргэдийн сэтгэл, сэтгэлзүй хүлээж авахдаа яагаад өөр байдаг юм бол?

-Тийм. Энэ бол бодит жишээ. Ковидоор хэдэн мянган хүн өвдөж нас барлаа. Анх ковид туслаа гэхэд хүмүүс айгаад ичээд нууж хаагаад бөөн юм болж байсан даа. Үүнтэй л адил санагддаг байх. Түүнээс хорт хавдар туслаа гэхэд хүмүүс тэр бүр тоож анзаардаггүй биздээ. Тэр бол бас л адилхан элгэнд байгаа халдвар. Вирус бол вирус шдээ. ДОХ-ын вирус цусанд, В, С-гийн вирус элгэнд амьдарч байгаа гэсэн үг. Гэтэл элэгний өвчлөл, цусны хавдрыг нэрлэдэггүй хэрнээ ДОХ гэхээр айж гайхдаг. Одоо цагт ДОХ-ын халдвараас илүү ковидын халдвар аюултай болчихоод байна.

-Таны хувьд халдвартайгаа анх мэдээд хэрхэн яаж хүлээж авсан бэ. Шинж тэмдэг илрээд шинжилгээ өгсөн үү. Эсвэл...?

-Халдвартайгаа мэдснээс хойш 12 жил болж байна. Миний хувьд вирусээ тээгээд л яваад байна гэсэн үг. Санамсаргүйгээр цусны шинжилгээ өгөөд халдвартайгаа мэдсэн. Эхлээд гайхсан үнэмшээгүй, хүн чинь итгэдэггүй юм билээ. “Арай ч үгүй байлгүй дээ” гэж бодоод 2-3 сар гайхаад шокын байдалтай явж байгаад таван сарын дараа дахин шинжилгээ өгч итгээд, хүлээн зөвшөөрсөн. Нөхөртөө хэлэх үнэхээр хэцүү байсан. Ойлгуулж хэлэхийн тулд бүтэн хоёр сар бодсон.

-Нөхөртөө яаж хэлж ойлгуулсан бэ. Бас халдвартай юу?

-Манай гэр бүлийн хүн нас барсан. Гэхдээ энэ халдвараар биш. Зүрх нь гэнэт хаагдчихсан юм. Миний хань намайг халдвартай гэдгийг мэддэг байсан. Өөрөө халдваргүй эрүүл байсан. Би халдвар авах үедээ нөхрөөсөө түр салчихсан байсан үе. Бие биенээ ойлгож эргээд нийлээд бараг 3 жил гаруйн хугацаанд хамт амьдарсан. Тэр үедээ хамгаалалт хэрэглэдэг байсан.

-Халдвартай гэдгээ хэлэхэд мэдээж хэцүү байсан байх?

-Эхэндээ хэлэхэд үнэхээр хэцүү байсан. Гэхдээ хүн өвчнөө нууж хааж болохгүй юм билээ шүү. Муу нуухаар сайн илчил гэдэг. Би шударга, шууд хэлсэн. Манай нөхөр эхний хэд хоног таг дуугүй, яг бүлх залгичихсан мэт чимээгүй яваад байсан. Хаа очиж ухаантай сайн хүн байсан. Харин эргэн тойрныхон надад яаж эвгүй хандаж, ямар хандлага гаргаж байгааг нөхөр маань хараад намайг ойлгоод уур нь гарсан. Монгол эрчүүдийн нэг тийм хайрлам, хүн чанар байдаг шүү дээ. Хүний хүн чанар яс танигддаг юм билээ.

-Хамаатан садан болон хадмууд нь таныг мэддэг үү. Харилцаа холбоо хэр байдаг вэ?

-Хадмуудтайгаа өмнө нь цуг амьдардаг байсан. Одоо бол үгүй. Манай хадмууд сайн хүмүүс байдаг. Надад байнга гар сунгаастай. Хадам ээж “Охин минь бие нь сайнуу” гэж байнга асууж надаас илүү сэтгэл нь өвддөг.

Хамаатан садангуудаас ойлгох нэг нь ойлгож хүлээж авсан. Ганц нэг хүнд хэлээд туршиж үзсэн. Харин “Энэ л надад хань болно, ойлгоно доо” гэж боддог байсан ойрын хүмүүс улайм цайм ширэв татаад тэр чигээрээ алга болсон тохиолдол бий. “Намайг ойлгохгүй байх” гэж бодсон хүн харин ойр байгаад илүү ойлгож, нөмөр нөөлөг болж байнга биеийн байдал асууж, туслах тохиолдол байдаг. Шударга хэлэхэд, хамгийн сайн надад тусална даа гэж боддог хүмүүс нүүр буруулдаг юм билээ.

Гэр бүлийн нэг гишүүн нь халдвартай гэдгийг нь хэн нэгэн нь мэдчихвэл тухайн айлын нэр төр болон харилцаанд сэвтэй байх вий гэсэн болгоомжлол бас байдаг юм билээ. Тиймээс халдвартай хүнээ тас хорих давхар дарамт нөлөөлөлд автуулчихдаг тал байгаа. Жишээлбэл “Та одоо битгий гарч ороод бай, хүнтэй битгий утсаар яриад бай, хүнтэй битгий уулзаж харилцаанд ор, хэнтэй яриад байгаа юм юу хийгээд байгаа юм” гэх мэтээр давхар давхар нүд хянаж байдаг. Яг ийм үед л хүний зан чанар л тодордог юм билээ. Цагаа тулахаар хүмүүс хуурамч, хоёр байтугай, 20 нүүр гаргадаг юм билээ.

-Уучлаарай, таны ярианаас ойлгохдоо тохиолдлын бэлгийн харилцаанд ороод халдвар авсан гэж ойлголоо. Халдвар тараасан хүнээ мэдэх үү?

-Мэднэ. Би хэлсэн, өөрийгөө халдвартай гэдгээ мэдэнгүүтээ тэр хүн гадаад гараад явчихсан. Би хэлэхэд өөрөө ч мэдээгүй байсан. Тэгээд надад “Өө ёстой яана, уучлаарай” гэсэн. Бид хоёр оюутан байхын нэг сургуулийн зэргэлдээ ангийн хүүхдүүд байсан. Оюутан байхдаа нэгнээ харж шохоорхож дурлаж явсан. Тэгээд 20 гаруй жилийн дараа тааралдаад харилцаа үүсгэсэн. Гэхдээ хоёрхон сарын хугацаанд ирж очиж уулздаг болсон.

-Гэр бүлтэй юу?

-Эхнэр хүүхэдгүй, ганц бие. Сургууль соёлын мөр хөөсөн боловсролтой, доктор залуу бий.

-Алдсан алдаандаа харуусдаг байх. Тэр үед тэгж уулзаагүй бол....гэж бодогдох үе байдаг уу?

-Харамсана. Тэр үед тэгж уулзаагүй бол гэж бодогдолгүй яах вэ. Ер нь эх хүн, эмэгтэй хүн их чанга байх ёстой.

-Танд одоо уулздаг хүн байгаа юу?

-Байхгүй. Хүнтэй уулзаад явах шаардлага ч байхгүй.

-ДОХ-ын халдвартай хүн нийгэмдээ ч нийтдээ ч хариуцлагатай хандах ёстой байх?

-Хүн халдвартайгаа мэдчихээр өөрийгөө их хянадаг, өөртөө хариуцлагатай болчихдог юм билээ. Өөрөөр хэлбэл, аминдаа хайртай боллоо гэсэн үг. Амьдрах хоногийн тоо багасч, нас богино болж байгаа учраас гэрээсээ гарч орохоо больчихдог юм байна. Харилцаатай байсан хүмүүсээс ч харилцаагаа тасалдаг. Өөртөө анхааралтай хариуцлагатай болчихдог. Амьдрал богино мэт санагддаг учраас амьдралдаа хайртай, хийж дуусгаагүй бүхнээ хийхийг зорьж сууна.

-Хамгийн гол нь өвдөхгүй байх нь чухал биз?

-Яг тийм. Жижиг сажиг зүйлд өртчих гээд байдаг талтай. Тийм болохоор аль болох өвдөхгүй байхыг их хичээдэг.

-Сэтгэл санаагаар унах, хямрах бачуурах үе байдаг уу?

-Сэтгэлээр унаад надад ямар ашигтай юм бэ. Ямар ч ашиг байхгүй. Байдал нэгэнт ийм болчихсон байна. Би ямар ганцаараа хорвоо дээр ийм байгаа юмуу. Дэлхийгээр дүүрэн ийм халдвар тээсэн хүмүүс байна. Тийм хүмүүс хэдэн жил амьдраад, амьдрал нь дуусч байна, би яг л тийм зам, жишгээр явна. Тийм болохоор гутраад, уйлж унжиж байсан тохиолдол надад байхгүй. Одоо нэгэнт ийм болчихсон хүн дараагийн үе шат руу өөрийгөө бэлтгэдэг юм билээ. Амьдрал богино учраас юу амжуулах вэ гэдэг дээр санаагаа чилээнэ. Бүх цаг заваа зарцуулдаг. Оросын буюу Европын хаалттай групп чат байдаг. Чөлөөт цагаараа тэр групп рүү ороод ийм хүмүүс хоорондоо нээлттэй чөлөөтэй ярилцаж, харилцдаг учраас бухимдах нь бага байдаг.

-Гэр бүлийн гадуурх зах замбараагүй харилцаанаас л янз бүрийн өвчин гардаг. Үнэнч биш байдлаас үүдсэн үр дагавар хор хохирол их. Гэр бүлийн үнэнч харилцаанд хариуцлага чухал байх ёстой?

-Тийм. Ний нуугүй тоглоомгүй хэлэхэд, гэр бүлээс гадуурх харилцааг бий болгох, байлгах шаардлага байхгүй. 21 дүгээр зуунд тэр чигээрээ вирусийн өвчлөлт, өөрчлөлттэй зуун үргэлжилж байна. Вирусээр дэлхийн хүн амыг цэвэрлэж байх шигээ. Гэр бүл гэлтгүй, гэр бүлээс гадуурх хүмүүсийн хооронд бүх төрлийн харилцааг эмх цэгцэнд оруулах их цэвэрлэгээ вирусээр л явагдаж байна уу гэж харж байгаа. Харилцааны итгэлцэл үнэ цэнэ улам чанар сайжрах ёстой.

-Нийгэм, нийт нэг тийм жигшсэн хандлагатай байдаг уу. Энэ хандлагыг яаж өөрчлөх ёстой бэ?

-Зарим оронд ялгаварлан гадуурхалт харьцангуй багатай. Зарим оронд бол бузрын өвчин туслаа гэж үзээд шуудхоолойг нь хэрчдэг юм билээ. Хойд Солонгост халдвар туслаа бол шууд цаазална. Манайд бол сүүлийн үед ДОХ-той гэхээр доромжилж ад шоо үзэж ялгаварлан гадуурхаад байх зүйл харьцангуй бага.

-Халдвартай хүмүүс хоорондоо уулзалдаж ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулдаг уу?

-Эрэгтэйчүүд бол уулзалддаг юм шиг байна билээ. Гэр бүлтэй бид нарын хувьд тэгж явах боломжгүй. Гэр бүлтэй хэрнээ халдвартай 20 гаруй эмэгтэй байдаг. Би эмнэлэг дээр явж байхад жаахан жаахан банди нар явж байгааг харахаар сэтгэл өвддөг.

Эцэг эхчүүд хүүхдээ анхаарах тал дээр ялангуяа эрэгтэй хүүхдүүдээ анхаарч анзаарах цаг нь хэдийнэ болжээ. Өсвөр насныхан буюу залуучууд хаанаас яаж гарч ирж, энэ эрсдэлтэй зам руу орж ирээд байна вэ гэдэгт сургуулийн нийгмийн ажилтан болон холбогдох хүүхдүүдийн байгууллагын зохих ёсны ажилчид анхааралдаа аваасай гэж бодож явдаг.

-Банди нарын хувьд залуужиж байгаа нь эмгэнэлтэй юм. Тэгвэл охидын хувьд...?

-Уг нь хамгаалалтыг эрэгтэйчүүд хэрэглэх ёстой. Эрэгтэйчүүд эмэгтэй хүнийг хэзээ ч бодохгүй, өөрсдийгөө л бодно. Тийм учраас эмэгтэйчүүд минь харилцаанд орох юм бол хамгийн түрүүнд өөрийгөө хамгаалах тухай буюу эрүүл мэндээ нэгд тавиарай. Ер нь бол эмэгтэйчүүд хохирогч болоод үлдэх нь элбэг. Эрэгтэйчүүд хариуцлага хүлээхгүй зугтчихдаг, дийлэнх нь. Тиймээс Монголд өрх толгойлсон ээжүүд гэхэд 80 орчим мянга хүрсэн байна шүү дээ. Манайхан гэр бүлийн соёл дээрээ журамтай хандаж байвал, Монголын охид бүсгүйчүүдэд болон эрчүүдэд зориулсан цуврал сургалтыг чанартай сайн явуулах хэрэгтэй байна. Жишээ нь бүх насны залуучуудад зориулсан тусгай хөтөлбөрт хамруулаад серфикт олгодог сургалттай болоосой. Үүнийг Монголын эмэгтэйчүүдийн холбоо, эрэгтэйчүүдийн холбоо зорилтод төрийн бус байгууллагууд ажил болгон авч хэрэгжүүлээсэй. Хос болох гэж байгаа хоёр хүн урьдчилан хөтөлбөрт хамрагдаж дууссаны дараа гэрлэлтээ батлуулах жишээний.

-Өсвөр үеийнхэндээ хандаж хэлэх зүйл байна уу?

-Залуучууддаа хандаж хэлэхэд, хувийн харилцаанд орох гэж яараад хэрэггүй. Мэдлэг боловсролтой болж, амьдралын баталгаагаа бий болгочихоод гэр бүлтэй болоорой. Учир мэдэхгүй жаахандаа гэр бүл болох гэж яараад байх шаардлага ер байхгүй. Хамгийн гол нь өөрийгөө үнэ цэнэтэй авч явж, өөрийгөө хайрла, хамгаал. Даяаршиж буй энэ нийгэмд элдэв юм руу уруу татагдах магадлал өндөр хариуцлагатай бай, эрүүл амьдралын хэв маягийг бий болго. Хүн эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооцдог юм. Тиймээс эрүүл мэндээ, эрүүл байдлаа сахин хамгаал, хариуцлагатай бай, гэр бүл болсон бол нэгэндээ үнэнч байгаарай.

-За танд баярлалаа, эрүүл энхийг хүсье?

-Баярлалаа. 

О.Сайхан 

 

 

Хүн халдвартайгаа мэдчихээр өөрийгөө их хянадаг, өөртөө хариуцлагатай болчихдог юм билээ. Өөрөөр хэлбэл, аминдаа хайртай боллоо гэсэн үг. Амьдрах хоногийн тоо багасч, нас богино болж байгаа учраас гэрээсээ гарч орохоо больчихдог юм байна. Харилцаатай байсан хүмүүсээс ч харилцаагаа тасалдаг. Өөртөө анхааралтай хариуцлагатай болчихдог. Амьдрал богино мэт санагддаг учраас амьдралдаа хайртай, хийж дуусгаагүй бүхнээ хийхийг зорьж сууна.
Ярилцлага

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.