| | USD/MNT 0₮

Т.Доржханд:Хан-Уулчууд тойрогтоо шавар зуурчихаасай гэж намайг сонгож явуулаагүй байх, гишүүний төсвөө өөр зүйлд зориулна

Улсын төсвөөр тойрогтоо хөшөө дурсгал барьдаг байдлыг ганц эсэргүүцэж, гишүүд тойрогтоо хөшөө бурхан биш өөр зүйл хийдэг байгаасай, төсөв мөнгийг зөв зүйтэй зүйлд зарцуулдаг байгаасай гэсэндээ Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар “хөдөлсөн” УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.

Тэрбээр “Сонгуулийн холимог систем рүү шилжих үндэслэл шаардлага” гэсэн хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хуульчид болон иргэд УИХ-ын гишүүдийн дунд өрнүүлсэн билээ.

-Улсын төсөв батлагдаад удаагүй байна. Гэвч та улсын төсвийн захиран зарцуулалтыг шүүмжилсэн байгаа. Өөрөөр хэлбэл, төсвөөр хөшөө дурсгал, сумын клуб, сургууль замын их засвар хийхийг эсэргүүцсэн?

-Улсын төсөв хэлэлцэж батлагдаад 10 гаруй хонож байна. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр нэг зүйл тодорхой болсон. Тэр нь юу бэ гэхээр Монгол Улсын татвар төлөгчдийн мөнгөө хаашаа урсдаг вэ. Үр ашиг байна уу. Цаашдаа ийм байдлаараа явах уу гэдэг олон асуулт иргэдээс ирж байна.

-Ийм байдлыг яаж өөрчлөх юм бэ, гарц шийдэл нь юу юм бэ?

-Бидний хувьд УИХ-д төлөөлөлтэй намын хувьд эдийн засгийн хувьд улс орон цаашдаа яах ёстой юм бэ гэдэг дээр маш олон эдийн засагчдыг хамруулсан мөн судлаачдыг агуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан байгаа. Монгол Улс ийм байдлаар 30 жил явлаа, хөгжлөө. Ололттой зүйл бий, харин алдсан зүйл маш их байна. Юу байна вэ гэхээр бид нар өнөөдөр томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийж чадсангүй. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улсын төсвөөр хэрэгтэй бүтээн байгуулалт хийсэнгүй. Сүүлийн жилүүдэд 10 сая ам.доллараас дээш төгрөгийн бүтээн байгуулалт хийгдээгүй байдаг. Дандаа эх үүсвэр нь 76 тойрог руу тараагдаж явдаг. Тэндээ хөшөө дурсгал, цемент, соёлын төв болдог. Үр дүнд нь өнөөдөр төмөр зам алга. Ганц байгаа төмөр зам нь ОХУ болон Монголын хамтарсан төмөр зам гээд өөрсдийнхөө төмөр зам болон галт тэргийг явуулчихаж чадахгүй байна. Нүүрсээ ч зөөж чадахгүй байна. Хоёрдугаарт V дугаар цахилгаан станцыг 10 жил ярилаа. Өнөөдөр баригдсан зүйл алга. Гэвч өнөөдөр их сайхан төслүүд яриад байна.

Хийн хоолой барьж хоёр хөршөөрөө дамжуулж холбоно, зэсийн угаах үйлдвэр, төмрөө боловсруулна. Хотоо тэлнэ гэж яриад байгаа. Гэтэл дэд бүтэц нь санхүүжилт нь байхгүй байж юугаараа яаж барина гээд байгаа нь ойлгомжгүй. Дагуул хот барьж, Улаанбаатарын түгжрэлийг бууруулна гэдэг. Ийм зүйл хийхийн тулд газар доорх дэд бүтцээ санхүүжүүлээд явуулах ёстой биздээ. Цэвэр бохир ус эрчим хүч мөн биз дээ, гэтэл байхгүй. Хотын дарга хотоо тэлж, эрчим хүч болон дэд бүтцээ шийдэхгүй бол хотоо тэлэх ямар ч боломж байхгүй ээ. Хотоо тэлэхийн тулд дэд бүтцийн санхүүжилтийг хийх ёстой юм. Гэвч үе үеийн Засгийн газар дандаа эндээс зугтааж ирсэн. Санхүүжилт нь хаана байна. Хувийнхан хийж чадахгүй шүү дээ. Төрийн үүрэг, төсөв санхүүжүүлдэг юм. Ийм агуулгаараа хийсэн 30 жилийн алдаагаа давтаад явах юмуу, үгүй юмуу гэдэг ирмэг дээр байна.

-Татвар төлөгчдийн мөнгөөр юу хийж байгаа нь ойлгомжтой байгаа биз дээ?

-Тийм байна. Татвар төлөгчдийн мөнгөөр шавар бурхан зуурчихдаг юм байна. УИХ нь төсөв батлаагүй, тендер зарлаагүй, гэрээ байгуулаагүй байхад аль хэдийнэ бүтээн байгуулалтаа хийчихсэн байдаг юм байна. Бодит байдал нь ийм. Ямар аймар юм бэ. Тийм болохоор иргэд ойлгож, энэ байдлыг өөрчлөхийг хүсэж байна.

-Юуг яаж өөрчлөх ёстой гэж?

-Өөрчлөхийн тулд жил болгон төсөв дээрээ хэрэлдэж маргалдаж гишүүд нь өөр өөрсдийнхөө тойрог дээр мөнгө тавиулдаг. Үүнийгээ сайхан төсөв боллоо гээд иргэддээ сурталчилдаг, “би таны төлөө ийм их юм хийлээ намайг дахиж сонгоорой” гэдэг. Ийм байдлаар бид хөгжихгүй. Ийм болохоор сонгуулийн тогтолцоог углуурга үндсээр нь өөрчилж, холимог системийг оруулж ирж байж Монгол Улс хөгжинө. Үндсээр нь өөрчлөх гарц шийдэл бол ерөөсөө сонгуулийн тогтолцоо юм. Бид холимог систем, пропорционал тогтолцоог оруулж ирж, Монгол Улс жижигхэн 76 тойрог биш, нэг бүхэл тойрог, тэр сонгогдож гарч ирсэн 76 гишүүний нэг нь санал авсан 20, 30 мянган хүнийг юм биш. Тухайлбал, 3.4 сая монголчуудыг төлөөлдөг. Хаана үр ашигтай төсөв байна түүнийг нь санхүүжүүлдэг, мөнгө байхгүй бол түүнийг нь гаргаж ирдэг концесоор хийдэг, хамтарч хувийн хэвшлийнхэнтэй шийддэг байж Монгол Улс сайхан хөгжинө. Өөр боломж байхгүй. Ингэхийн тулд пропорционал элемент хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг тойргоос сонгогддог УИХ-ын гишүүд хэрэгтэй. Бодлого ярьдаг төрийн түшээд хэрэгтэй байна. Ядаж 76 гишүүний 50 хувь буюу 38 гишүүнийг нь нэг тойргоос сонгодог байя. Үлдсэн 50 хувь нь тойргоо төлөөлдөг юм байгаа биз. Ядаж ингэж балансыг нь баръя. Нийт гишүүдийн 50 хувь нь ядаж Монгол Улсын эрх ашигт нийцсэн төслүүдийг санхүүжүүлэхэд дэмжиж кноп дардаг, өөрөө дахиж сонгогдохын тулд тэр кноп дардаггүй. Тэр хөшөө дурсгал, шавар бурхан барихад кноп дардаггүй. Сумын төвд 100 хүүхэд байхад 600 хүүхдийн сурах боломжтой сургууль барихын тулд кноп дардаггүй баймаар байна. Ийм болохоор бидэнд пропорционал элемент амин чухал байгаа юм.

Хоёрдугаарт Монгол Улс ардчилалтай байх юмуу үгүй юмуу. Өнөөдөр хоёр удаагийн том сонгууль боллоо. Нэг нам нь дангаараа 60-аас дээш суудалтай болчихлоо. Цаашдаа 2024 онд дахиад ийм байх юмуу. Парламент чинь ганц хоёр нам сүүлдээ ганцхан нам болох юмуу. Бусад намуудынх нь оролцоо яах билээ. Иргэдийн санал яах билээ. Үүнийг гээхгүйн тулд пропорционал элемент хэрэгтэй юм. Эцэст нь хэлэхэд Монгол Улсын парламент маш давжаа жижигхэн. Ердөө 76 гишүүнтэй. Бусад улсуудтай харьцуулахад иргэдээ төлөөлж чадахгүй байна. Шийдвэр гаргаж чадахгүй, нэг кноп дээр ирж байгаа эрх мэдэл өндөр байгаа. Ийм болохоор давжаа парламентыг тэлэх хэрэгтэй. Мөн парламентынхаа засаглал руу шилжсэн шиг шилжих хэрэгтэй. Өөх ч биш булчирхай ч биш Ерөнхийлөгч нь үү, парламент нь уу, Засаг нь аливаа асуудлыг шийдээд байх юмуу. Энэ байдлаасаа бид болих хэрэгтэй. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр орхигдсон сайн заалтуудыг одоо тусгах хэрэгтэй. Ингэх нь Монголд цаашлаад Монголын ардчилалд хэрэгтэй. Хамгийн чухал нь улсын төсвийн санхүүжилт Монгол хүнд хэрэгтэй байх орчныг бий болгоно.

-Хэрвээ пропорционал элементийг оруулж ирлээ гэхэд нөгөө үл бүтэх “хулгайчууд” нь ард нь байвал яах юм бэ?

-Ийм болгоомжлол эдийн засагчид иргэдийн дунд байна. Үл бүтэх гэхээр нөгөө худлаа хэлдэг, хулгай хийдэг нөхдүүд. Гэхдээ маш олон хувилбарууд байгаа. Тухайлбал, нэг тойргоос 76-гийн 36-г нь нам нь цагаан толгойн дарааллаар нэр дэвшигчдээ зооё л доо. Иргэд нь тэдгээрээс хүлээн зөвшөөрч байгаа улстөрчдөө дэмжээд яваг л дээ. Ийм хувилбарууд бий. Ингэж Монгол Улс нэг тойрог болж, нэгдсэн бодлоготой байж цаашид хөгжлийн асуудал яригдах юм.

-Та сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа?

-Тийм. УИХ-ын гишүүн, ХҮН-ын даргын хувьд Зөв хүн электорат эвслийг төлөөлж байгаа хүний хувьд ҮХЦ-д дээрх асуудлаа тавьсан. Одоо холбогдох бүх судлаачдыг оруулж байж энэ асуудлыг яриачээ. Хоёрдугаарт улс төрийн намаар бүртгүүлсэн УИХ-д суудалтай болон суудалгүй намуудын төлөөллүүд нь гарч ирж дуугараач. Үр дүнд нь бүгдээрээ парламент дотроо асуудлаа ярьдаг байя. Жаргалсайхан, Оюунгэрэл гэж эмэгтэй, Т.Ганболд, лайв хийгээд байгаа Мөнх-Эрдэнэ гэж залуу орж ирээд асуудлаа ярь л даа. Ард түмэнд сонирхолтой байна. Тэгэхгүй бол энэ парламент чинь Засгийн газартаа хариуцлага тооцож чадахгүй байна. Хэтэрхий цөөнх байна, нөгөөх нь хэтэрхий олонхи байна. Хариуцлага тооцох боломж бол эрх баригчдад өөрт нь байгаа юм. Нийгэмд идэвхтэй байгаа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг нийгмийнхээ төлөө сэтгэл зовнидог хэвлэл мэдээллийн ажилтнууд, нөлөөлөгч нар, судлаачид, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх улстөрийн намуудыг бид нар уриалж байна. Өнөөдрөөс эхлээд бид нар сонгуулийг, Сонгуулийн тухай хуулийг, сонгуулийн системийг сонгууль болохоос 1-2 сарын өмнө биш, нэг жилийн өмнө биш, өнөөдрөөс эхэлж яриад дүрмээ тодорхой болгоод, тэр дүрмээ иргэддээ танилцуулж байж ардчилсан сонгуулийг хийж чадна. Ардчилалаа бид хамгаалж чадна гэсэн байр суурьтай байгаа.

-76 гишүүний тойрогтоо хийх ажлын төсөв батлагдсан байгаа. Таны хувьд 4 тэрбум төгрөгөөрөө тойрогтоо юу хийх юм бэ. Юу хийж чадах юм?

-“Доржхандаа энэ асуудлыг өмнө нь ярихгүй яасан юм бэ. 4 тэрбум төгрөгийг өөрөө аваад захиран зарцуулаад байгаа юм бишүү” гэсэн ийм хардалт бол байна. Хардах эрх нь байлгүй яах вэ. Гэхдээ УИХ-ын гишүүний хувьд би өнөөдөр тойрогтоо нэг ч удаа төсөв тавиулъя батлуулъя гэж яваагүй. Хан-Уул дүүргийнхэн намайг тойрогтоо шавар зуурчихаасай гэж сонгож явуулаагүй байх гэдэгт итгэдэг. Монгол Улсын бодлогын асуудал болон системийн асуудлыг шийдэж, шинэчлэлийг нь хийхэд, санхүүгийн болон тогтолцооны реформыг хийхэд мэргэжилтнүүд байх ёстой гэсэн байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Өнөөдөр та юу хийж чадах юм бэ гэж асууж байна. Би чадна. Өнөөдөр энэ асуудлуудыг босгож ирээд нийгмийн хэлэлцүүлэг өрнүүлж чадлаа. Өмнөх жил Монгол Улсын түүхэнд анх удаа төсвийн хөрөнгө оруулалтаар ийм юм санхүүжүүлдэг юмуу гэдгийг иргэд гайхдаг байсан. Манай эдийн засагчид бүгдээрээ зүйл заалт болгоноор нь хөрөнгө оруулалт болон арга хэмжээнүүдийг гаргаж ирж нийтэд ил болгож байсан. Энэ удаа бид нар системийг нь өөрчилье гэж явж байна.

Харин энэ Богд Зонхов бурхны асуудлыг иргэд, сэтгүүлчид өөрсдөө гаргаад ирлээ. Маш сайн байна. Ийм байдлаар иргэд төсөвт хяналт тавиад явъя. Хамгийн гол нь үр дүн чухал. Эцсийн эцэст хөгжлийг санхүүжүүлдэг төсөв байх юмуу, тойрог санхүүжүүлдэг төсөв байх юмуу, бурхан санхүүжүүлдэг байх юмуу гэдгийг ор үндсээр нь өөрчлөх ёстой. Ерөөсөө сонгуулийн системээ өөрчлөх. Гэхдээ нэг өргөсөн авсан мэт өөрчлөгдөхгүй.

 

 

 

 

Татвар төлөгчдийн мөнгөөр шавар бурхан зуурчихдаг юм байна. УИХ нь төсөв батлаагүй, тендер зарлаагүй, гэрээ байгуулаагүй байхад аль хэдийнэ бүтээн байгуулалтаа хийчихсэн байдаг юм байна. Бодит байдал нь ийм. Ямар аймар юм бэ. Тийм болохоор иргэд ойлгож, энэ байдлыг өөрчлөхийг хүсэж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.