| | USD/MNT 0₮

Туурга улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр тохиож байна

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 26-ны баасан гарагт Улс тунхагласны баярын өдөр тохиож буй. Тодруулбал, Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Монгол Улсаа тунхагласны 97, жилийн ойн өдөр юм. Иймд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу бүх нийтийн амралтын өдөр билээ. 

Тэртээ 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал болсон.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг Монголд бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм. 
 
Үндсэн хуулиар Монгол Улсын нэрийг БНМАУ хэмээж, улсын нийслэлийг Улаанбаатар хот гэж нэрлэхээр тогтож, улсын сүлд, далбаа, тамга зэргийг батласан байдаг. Иймд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9 -д “Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26”-нд бүх нийтээр амарна гэжээ. 
Туурга улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр тохиож байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.