| | USD/MNT 0₮

340 тэрбумыг идсэн Б.Ундармааг 40 саяар торгож, 300 мянгыг авсан мэргэжилтэнг 2 жил хорьжээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа Улсаас 340 тэрбумыг идсэн хэргээр 40 сая төгрөгөөр торгуулж байхад энгийн нэг мэргэжилтэнд 300 мянган төгрөгийн авлигал авсан хэргээр 2 жилийн хорих ял шүүхээс оногдуулжээ.

Одоогийн нийтээр дагаж мөрдөж буй авлигал, албан тушаалын хэргийг шүүх шийдэхдээ буруу шийдсэн асуудал биш. Харин авлигалын тухай хуулинд зааснаар Төрийн өндөр дээд албан тушаалтанд зөөлөн, алба хаагч нар хэт хатуу байдлаар шийдэх заалтыг тусгаж өгсөн байдаг.

Иймээс Улсад их хэмжээний хохирол учруулсан томчууд хуулийн гажуудал ашиглаж авлигалаар авсан мөнгөнийхөө 1 хувь ч хүрэхгүй хэмжээний мөнгөөр торгуулаад өнгөрч байгаа нь өнөөгийн төрх.

Энэ хуулийн гажуудал ашиглаж Төрд өндөр албан тушаалд хүрсэн даруйдаа хөлжиж эцэст нь багахан төлбөр өгөөд хэргээс мултарсан жишээг бид олныг мэддэг. Нэг хуулиар хоёр өөр албан тушаалтанг хэрхэн шударга бусаар шийдвэрлэж байгаа жишээгээр хүргэе.

-ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТАН ТЭРБУМ ТЭРБУМААР ИДЭЭД ТОРГУУЛААД ӨНГӨРСӨН-

Эхний хэрэг буюу Гишүүн асан Б.Ундармаагийн торгуулаад өнгөрсөн хэргийн тухайд: 2020 оны наймдугаар сарын 11-ний өдөр Б.Ундармаад Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 6 сар хорих ял оноож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 6 жилээр хассан. Харин тэрээр 2020 оны 10 дугаар сарын 22 дав заалдаж, Б.Ундармаад оногдуулсан ялыг  нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40 сая төгрөгөөр  торгох ял болгон өөрчилж шийдвэрлэсэн юм.

Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий "Доктор мэйж" компанидаа 700 сая төгрөгийн зээл авсан хэмээн буруутгаж, дээрх шийдвэрийг гаргасан.  Улс төрд нөлөө бүхий этгээд албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт  хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм. Мөн түүнийг Капитал банкинд байсан Нийгмийн даатгалын сангаас 340 тэрбум төгрөгийг завшиж олон иргэнийг хохироосон үйлдэл гаргасан билээ.

-ЖИЖИГ ГАЗРЫН АЖИЛТАН 300 МЯНГАН ТӨГРӨГ АВААД ТОРНЫ ЦААНА СУУЖ БАЙНА-

Дээрх хэрэгтэй адил албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж авлигал авсан гэх эрүүгийн хэрэгт  Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Төрийн байгууллагын жижиг жараахай буюу мэргэжилтнээр ажилладаг Ж нь 300 мянган төгрөгийн авлигал авсан хэргээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлжээ.

Тодруулбал, энэ оны наймдугаар сарын 30-ний өдөр Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Төрийн албанд ажиллаж байх хугацаандаа бусдад давуу байдал үүсгэж эрүүл мэндийн халамжинд хамруулахаар тохирч иргэнээс 300 мянган төгрөгийн авлигал авсан хэмээн буруутгасан байна.

Өөрөөр хэлбэл, Төрийн өндөр дээд албан тушаалтан Улсад онц их хэмжээний хохирол учруулж Нийгмийн даатгалын 340 тэрбум төгрөгийг завшсан, ЖДҮ-гээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын боломжийг хулгайлж 700 сая төгрөгийн зээлж авсан зэрэг хэргүүдээр нь шүүхээс торгуулийн ял оногдуулсан байдаг.

Цаашид авлигал, албан тушаалын хэргийг шийдэж байгаа хуулийн зохицуулалтыг өөрчлөх шаардлага нийгэмд үүсээд буй. Учир нь авлигал авсан хүнтэй нь тэмцэж ял оноохоос илүүтэйгээр хуультайгаа тэмцэж, өөрчлөлт оруулахгүй бол татвар төлөгчдийн мөнгийг үрэх албан тушаалтан нэгээр дуусахгүй.

Бидний хэлж заншснаар томчууд өндөр албан тушаалд томилогдож улмаар хуулийн хамгаалалт дор тэрбумаар хэмжигдэхгүй асар их хөрөнгөтэй болж, шүүхийн өмнө торгуулаад гарсаар байна.

 

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа Улсаас 340 тэрбумыг идсэн хэргээр 40 сая төгрөгөөр торгуулж байхад энгийн нэг мэргэжилтэнд 300 мянган төгрөгийн авлигал авсан хэргээр 2 жилийн хорих ял шүүхээс оногдуулжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.