| | USD/MNT 0₮

Б.Меняа:Шахмал түлшний улаан шуудайн 20 хоногийн нөөцтэй, дахиад хоёр вагон шуудай Эрээнээс наашаа ачигдах гэж байна

“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын албаны дарга Б.Меняатай шахмал түлшний нөөц болон асуудал дагуулаад байгаа улаан шуудайны талаар тодруулга авч ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар Нийслэлд шахмал түлшний борлуулалтын хэчнээн цэг ажиллаж байгаа вэ. Мөн түлшний нөөц хэр байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд 550 борлуулалтын цэг ажиллаж байна. Түлшний нөөц бол 43 мянга гаруй тонн нөөцтэй. Нэн шаардлагатай тохиолдолд хэрэглэдэг нөөц. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн. Зүүн болон баруун үйлдвэрийн нийт 17 шугам хэвийн ажиллаж байна. Ирэх сарын 01-нээс эхэлж Зүүн үйлдвэрийн гурван шугам нэмэгдэж ажиллана. Ингээд 20 шугам ажилласнаар Нийслэлийн гэр хорооллынхны шахмал түлшийг бүрэн хангаж ажиллана.

-Сүүлийн үед түлшний улаан шуудайтай холбоотой асуудал нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Хил гаалийн асуудлаас болж шуудай орж ирэхгүй тасалдаж 100 кг-ын цагаан шуудайнд нүүрсээ хийж зарж борлуулах нь иргэдэд ихээхэн хүндрэлтэй байх шигээ?

-Цар тахалтай байгаа энэ үед ААН-үүдэд хүндрэл бэрхшээл тулгарч байна. БНХАУ-ын Эрээн хотын хил хаагдснаас болж зарим нэг түүхий эд болон сэлбэг гэх мэтчилэн зүйлээ татаж авахад хүндрэл гарч байгаа. Гэхдээ энэ асуудлаа тодорхой хэмжээнд шийдсэн. Өнөөдрийн байдлаар бидэнд 25 кг-ын шуудайны 20 хоногийн нөөц байна. 100 кг-ын шуудайны хувьд бид хэрэглэгчдээ бас боломж гэж харж гаргасан эд. Манайх өнөөдөр 25 кг, 100кг, нэг тонн, задгай болон савлагаатайгаар түлшээ савлаж гаргаж байгаа. Одоо урдаас хоёр галт тэрэг буюу 1сая 650 мянган ширхэг шуудай Эрээнээс ачигдаад наашаа гарах бэлтгэл ажил нь хангагдаж байгаа.

-100 кг-ын шуудайгаар түлшээ авахад хүндрэлтэй байна. Нэг шуудайг авахад 25 мянгаар портер машин хөлслөх ажил гарч байна гэж иргэд шүүмжлээд буй?

-100 кг-ын шуудайг манай Монголын компаниуд үйлдвэрлэж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчээ дэмжихийн тулд цаашдаа ч энэ шуудайг хэрэглэгчдээ хүргэж ажиллана. Үндэсний үйлдвэрлэгч компаниудаа дэмжиж, худалдан авалт хийж байна. Зарим нэг иргэд 100 кг-аар савласан түлшээ авахад хүндрэлтэй байна гэж байгаа боловч зарим иргэд талархалтай хандаж байгаа. Энэ шуудайг эргээд ямар нэг зүйлд ашиглах боломжтой.

-Монголын ямар компани үйлдвэрлэж байгаа вэ?

-Тэрийг манай Худалдан авах ажиллагааныхан сайн мэдэж байгаа. Харин ийм шуудайны 30 хоногийн нөөцтэй байна. Шуудайны хувьд ямар нэг тасалдах, хомсдох зүйл гарахгүй гэж ойлгож болно.

-100 кг-ын цагаан шуудайг 25 кг-аар хийх боломж байдаггүй юмуу. Овор ихтэй түлш зөөж зөөвөрлөж авахад иргэдэд хүндрэлтэй байна?

-Тийм боломж байгаа. Үүнийг тодорхой шатандаа судлаад явна. Өнгөрсөн жил бид нар 100-гийн шуудайг гаргаж зах зээлд нийлүүлж байсан. Энэ жил ч гэсэн бид нар нийлүүлээд явна. Цаашдаа магадгүй савлагаа болон шуудайных нэр төрлийг олшруулах ажлууд хийгдэх байх.

-Улаан шуудайны хувьд нэг ширхгийг нь 600 төгрөгөөр тооцож энэ жил 10 сая ширхэг шуудайг 6 тэрбум төгрөгөөр авахаар төлөвлөсөн байгаа гэсэн. Энэ шуудайг дотооддоо яагаад үйлдвэрлэж болдоггүй юм бэ. Шуудай авах нэрийдлээр хэний эрх ашиг яваад байгаа юм бол?

-Аливаа компани өөрийнхөө нөөц бололцоог ашиглаж гэрээ байгуулж ажилладаг. Шуудай бол манай үндсэн түүхий эд болон орцны нэг хэсэг. Аливаа байгууллагын худалдан авалт төлөвлөлттэй холбоотой асуудал болохоор цаашдаа бид төлөвлөж гэрээгээ байгуулж, тендер зарлаж худалдан авах болно. Хэдэн төгрөгөөр хэдэн ширхэг шуудай авах асуудлыг бол би мэдэхгүй.

-Урдаас шуудай худалдан авах тендерт ямар компани шалгарсан юм бэ?

-Тендерийн асуудлыг манай худалдан авалтын хэлтсээс асууж тодруулж болно. Тэд нартай хамааралтай асуудал.

-Улаан шуудайг дотооддоо хийх нөөц боломж бололцоо гэж байхгүй юмуу?

-Дотооддоо үйлдвэрлэх талаар тодорхой хэмжээний судалгаа хийгдэж байгаа байх. Гэхдээ манай шуудайны гаднах гялгар цаас, хэвлэлт зэрэг нь тодорхой хэмжээнд шаардлага хангасан байх ёстой. Миний ойлгосноор Хятад улсад шаардлага хангасан уут үйлдвэрлэдэг юм байна гэж ойлгосон. Цас бороонд нэвтрэхгүй байх стандарттай хийгдэж байгаа учраас үүнийг нь манайд хийх боломжгүй. Гэхдээ судалгаа хийж байгаа байх.

-20 хоногийн нөөц чинь дахиад тасрахгүй гэсэн баталгаа болж чадах уу?

-Хорь хоногийн нөөцтэйгээс гадна хоёр галт тэрэг шуудай орж ирэх тул шуудай тасрахгүй, хэвийн гэж ойлгож болно.

-Улаан шуудайгаа эргээд ашиглах боломж байдаггүй юмуу?

-Улаан шуудайнд айл өрх үнсээ хийдэг. Хог хаягдлыг бууруулах орчноо цэвэр байлгах тал дээр бидэнтэй иргэд хамтарч ажиллаж байна.

-Барьцалдуулагчийн хувьд нөөц хэр байгаа вэ?

-86 хоногийн нөөцтэй байгаа.

-Хүйтрэх тусам шахмал түлшний нөөц байхгүй бол иргэдийг сандаргаж, гал алдахад хүргэдэг. Энэ жил тийм байдал үүсэхгүй гэсэн баталгаа бий юу?

-Бид борлуулалтын цэгээ шат дараатай нээж байгаа. Өнгөрсөн хугацаанд нэмж 50 цэгийг байгуулсан. Ойрын үед дахиад 50-иар нэмж 600 борлуулалтын цэг нээж ажиллуулна гэж төлөвлөж байгаа. Тэгэхээр түлшний хомсдол үүсгэхгүй болов уу.

-Шахмал түлшний үнийн хувьд бас нийгэмд буруу зөрүү ойлголт яваад байх шигээ?

-Сүүлийн үед нэг шуудай түлш 5000 төгрөг болох нь гэсэн цуурхал гарч байна билээ. Энэ бол ор үндэслэлгүй худал мэдээлэл. Засгийн газраас тогтоол гарсан. Цар тахлын үед гэр хорооллын айл өрхүүдээ дэмжих зорилгоор хэрэглээнд зориулагдсан шахмал түлшний үнийг 50 хувь хөнгөлсөн. Энэ хөнгөлөлт бол 2022 оны 4 сарын 01 хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр иргэд түлшний үнэ нэмэгдэх нь гэж айж сандрахгүйгүй тайван байж болно. Дахин хэлэхэд, 25 кг-ын нэг уут шахмал түлш 1800 төгрөгөөр худалдаалагдаж байгаа.

-Түлшний карттай холбоотой гомдол санал гардаг. Цахилгаан халаагууртай айлын картыг өөр айл ашиглах жишээтэй. Үүнд яаж хяналт тавьдаг бэ?

-Нэг өрх нэг карт гэсэн зарчмыг бид баримталж ажиллаж байгаа. Нэг өрх нэг л картаа түлшээ худалдаж авах ёстой. Цахилгаанаа шийдчихсэн айл түлш түлэхгүй байдаг бол сайшаалтай, агаарын бохирдлыг бууруулахад нэг өрх ч гэсэн тус дэм нэмэр болж байвал болоо. Гэхдээ бид нэг картыг хязгаарлаагүй.

-Тавантолгой түлш компани хувийн компанид шилжсэн байна гэх мэдээлэл гарсан. Мөн захирал нь хувийн хэвшилд ажиллаж байгаа аятай аашилж, нэг бол ажлаасаа гарч, нөгөө бол ажилдаа орлоо гээд ирдэг. Төрийн ажлыг хувийн байдлаараа шийдэж явуулмааргүй байгаа юм?

-Иргэдийн дунд Тавантолгой түлш компани хувийн компанид очсон байна гэх мэдээлэл мэр сэр дуулдаад байгаа. Эрдэнэс тавантолгой компани бол төрийн өмчит компани байгаа. Харин Тавантолгой түлш компани стратегийн ач холбогдол бүхий төрийн мэдэлд байх ёстой 30 компанийн жагсаалтад сая орсон. Хувийн хэвшил буюу хувийн компанид очсон гэдэг нь ор үндэслэлгүй зүйл. Энэ бол 100 хувь улсын мэдлийнх. Цаашдаа тогтвортой, ард иргэдээ гэсэн бодлого барьж ажиллана. Даргын хувьд ямар нэгэн байдлаар буюу эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас түр хугацааны чөлөө авсан. Ийм зүйл хувийн болон төрийн аль ч компанид байдаг зүйл. Тэр журмаараа л зохицуулагдаад явсан.

-Эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан байсан юмуу?

-Тийм.

Цар тахалтай байгаа энэ үед ААН-үүдэд хүндрэл бэрхшээл тулгарч байна. БНХАУ-ын Эрээн хотын хил хаагдснаас болж зарим нэг түүхий эд болон сэлбэг гэх мэтчилэн зүйлээ татаж авахад хүндрэл гарч байгаа. Гэхдээ энэ асуудлаа тодорхой хэмжээнд шийдсэн. Өнөөдрийн байдлаар бидэнд 25 кг-ын шуудайны 20 хоногийн нөөц байна. 100 кг-ын шуудайны хувьд бид хэрэглэгчдээ бас боломж гэж харж гаргасан эд. Манайх өнөөдөр 25 кг, 100кг, нэг тонн, задгай болон савлагаатайгаар түлшээ савлаж гаргаж байгаа. Одоо урдаас хоёр галт тэрэг буюу 1сая 650 мянган ширхэг шуудай Эрээнээс ачигдаад наашаа гарах бэлтгэл ажил нь хангагдаж байгаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.