| | USD/MNT 0₮

Ж.Батзандан:Шоронд орсон ч хамаагүй, нууцыг бол илчилнэ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд, А.Сүхбат нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд улсын нууц задруулж буйгаа онцлов.

Тэд хэвлэлийн бага хурлаараа Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ноос Монгол Улсад 2019 оны 6-р сарын 5, 6, 7-ны өдрүүдэд ажилласан тайлангаа ирүүлснийг танилцууллаа.

Түр хорооны дарга Ж.Батзандан “ОУПХ-ны дэргэдэх Хүний эрхийн хорооноос тайлангаа УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст өнгөрсөн сард ирүүлсэн байтал уг тайланг сарын дараа буюу 10-р сарын 4-ний өдөр Түр хороонд өгсөн.

Энэхүү тайланг санаатай, санамсаргүй алин боловч бүтэн сарын турш нуун дарагдуулсны улмаас Монгол Улс Хүний эрхийн хороонд тайлангийн хариуг өгөх хугацааг хэтрүүлж, ноцтой алдаа гаргалаа.

Гурав хоногийн өмнө гадаад харилцааны яамны хэлтсийн дарга солигдсоноор энэ захидал бидэнд ирлээ. МАНАН-гийнхан нууж тоглодог юм байна, тэгвэл МАНАН-тай тэмцэгчид тэр нууцыг нь ил болгоно.

Л.Болд гишүүн бид хоёрт нууц задалсан хэргээр хоёр удаа Эрүүгийн хэрэг үүсгэж байсан.

Нэгдүгээрт, Т.Чимгээд архи өгч мэдүүлэг авсан байна гэж мэдэгдсэний төлөө Б.Хурц болон түүний өмгөөлөгч эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр шүүхэд гомдол гаргасан ч энэ нь эрүүгийн хэрэг биш байна гээд хэрэгсэхгүй болгосон.

Хоёрдугаарт, Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг телевизээр үзүүлсний төлөө бас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч эрүү шүүлтийн бичлэг нь нууцаас хэдийнэ гарсан байсан тул энэ хэргийг хаасан.

Энэ удаа хууль бусаар “нууц” гэсэн дардас дарсан энэ бичгийг та бүхэнд үзүүлсний төлөө шоронд орох хэрэгтэй бол бид шоронд нь орно, эгэл жирийн Монгол иргэнийг эрүүдэн шүүх замаар хэрэг тулгаж, ялласан энэ булхайг ямар ч үнээр хамаагүй ил болгоно” гэлээ.

 

Түр хорооны гишүүн Л.Болд “Бид ирэх даваа гаригт Белград хотноо болох ОУПХ-ны чуулганд оролцоно. Энэхүү хурал дээр Монгол Улсын байр суурийг хамгаалж, илтгэл тавина. Бид ямар ч бэлтгэлгүй байна. Яагаад гэвэл сарын өмнө ирсэн баримтыг өчигдөр Түр хороогоор хэлэлцлээ.

Холбогдох хуулийн байгууллагууд нь бидэнд хариугаа өгч амжихгүй. Ямар ч байсан ОУПХ-ын дүгнэлтэд орсон асуудлуудыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Монгол Улс холбогдох арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэнэ” гэв.

ОУПХ-ны Хүний эрхийн хорооноос ирүүлсэн тайланд тусгагдсан зөвлөмж, дүгнэлтийг сийрүүлбэл,

Захиалагчийг мөрдөн шалгах үйл ажиллагаа, гурван ялтныг яллахад гарсан шүүхийн алдааг засахад УИХ, Түр хороо мухардмал байдалтай байна. Тухайлбал, хэрэгт холбогдолтой бичиг баримтуудтай танилцах боломжоор хангадахгүй байгаа нь бодит байдалд тулгуурласан дүгнэлт гаргах боломжийг Түр хороонд олгохгүй байна. Ø Тагнуулын байгууллага гурван ялтанд зохиомол хэрэг тулгаж, хуурамч мэдүүлэг өгүүлэхээр дарамт шахалт үзүүлсэн байна.

Захиалагчийн хэрэг 20 гаруй жил илрэхгүй байгаа нь С.Зоригийн хэргийг өнөөг хүртэл нууцаас бүрэн гаргаагүйтэй холбоотой гэж дүгнэсэн байна.

Нууцаас гаргасан шүүхийн шийдвэрүүдийг орчуулан, ОУПХ-нд өгнө гэсэн амлалтаа Монгол Улсын хууль хяналтын байгууллагынхан одоо хүртэл биелүүлэхгүй байгааг хатуу анхааруулсан байна.

С.Зоригийн гэр бүл болон өмгөөлөгчид, Түр хороонд гурван шатны шүүхийн шийдвэрийг өгөх шаардлагатай гэдгийг зөвлөсөн байна.

Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн бичлэг ил болсон, Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан байхад тэднийг суллахгүй байгааг ОУПХ-ны Хүний эрхийн хороо буруушааж, тэднийг нэн даруй суллахыг Монголын эрх баригчдад уриалсан байна.

Т.Чимэгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй сулласнаараа Монгол Улсын шүүх хараат бус гэдгээ батлан харуулна гэж Хүний эрхийн хороо үзжээ. Түр хорооноос хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудад энэхүү тайланг яаралтай хүргүүлэх шийдвэр гаргасан байна. ОУПХ-ны дүгнэлт бол олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дүгнэлт юм.

Гурав хоногийн өмнө гадаад харилцааны яамны хэлтсийн дарга солигдсоноор энэ захидал бидэнд ирлээ. МАНАН-гийнхан нууж тоглодог юм байна, тэгвэл МАНАН-тай тэмцэгчид тэр нууцыг нь ил болгоно.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.