| | USD/MNT 0₮
АН-ын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч. Өнөрбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга М.Тулгат "Ирэх 12 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Хүний эрхийн Үндэсний чуулган нэрийн дор Ардчилсан намын анхдугаар Үндэсний чуулганг зохион байгуулна. Ковид цар тахлын үед төрөөс авч хэрэгжүүлсэн бодлого арга хэмжээний явцад хүний эрхийн зөрчил гамшиг болсон. Эдийн засгийн эрх чөлөө рүү халдсан, хувийн байгууллага руу халдаж, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн асуудлыг бид авч хэлэлцэх ёстой.
Ардчиллын 30 жилийн алдаа, оноо, улс төрийн системийн мухардал, гажуудал зэргийг авч үзэх болно. АН-ын нийт гишүүд, дэмжигчид, бусад нам эвслийн төлөөлөл оролцоно.Мөн Үндэсний чуулганаар эрдэм шинжилгээний илтгэл тавих, бусад улс төрийн нам, төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцохыг урьж байна.
Ардчилсан намын дотоод нөхцөл байдалд ойлгомжгүй, тодорхойгүй зүйлс олон байгаа хэдий ч хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн шинэчлэл зэрэг үнэт зүйлүүд дээр хамтран ажиллах талбар нээлттэй.
Миний хувьд улс төрд байгаа минь ямар нэгэн албан тушаалын төлөө биш. Ардчилалд шинэчлэл хийх цаг болсон гэдэг утгаараа улс төрийн гал тогоо руу орсон. Надад дэд даргын албан тушаал сонин биш. Өнөөдрийн Ардчилсан намд үүссэн нөхцөл байдлыг ашиглаад гүн гүнзгий шинэчлэл хийх ёстой. Энэ шинэчлэлийг хийж чадах хүмүүстэй цуг хамтрах хүсэл эрмэлзлэлтэй байна" гэв.
Ч.Өнөрбаяр:Ардчилсан нам мөнгө дагаж үүссэн нам бишээ
Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Он гараад Ардчилсан үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой болно. Үндсэн хуульд иргэн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гээд заасан байгаа. Харамсалтай нь энэ жил энэ эрхийг хамгийн их зөрчиж, нухчин дарах гэж оролдсон. Хуулиар шорон гяндангаар иргэдийг айлгасан жил боллоо. Эрх барьж байгаа хүмүүс чөлөөт зах зээл гэж байхгүй гэж заналхийлсэн. Тийм ч учраас ардчиллын 30 жилийн ололт амжилтыг дүгнэх ёстой. Үндсэн хууль руугаа нулимаад байж болох юмуу.
АН бол мөнгө дагаж үүссэн нам бишээ. Хувь хүний эрх чөлөө, Монгол Улс тусгаар байх, бие даасан бодлоготой байх. Шударгаар ажиллаж байгаа иргэдийнхээ итгэл үнэмшилийг дэмждэг байх ёстой. Тиймээс үүнийгээ илүү хамгаалах ёстой юм шүү" гэлээ.
М.Тулгат:Ардчиллын 30 жилийн алдаа, улс төрийн системийн мухардал, гажуудал зэргийг хэлэлцэх Үндэсний чуулганыг зарлаж байна