| | USD/MNT 0₮

Ц.Түмэнбаяр:Тэрбум мод тарина гээд том тоо яриад байгаа ч модны үр алга, тиймээс үр бэлтгэх ажилдаа яаралтай орох хэрэгтэй

“Ургамалын далай” ХХК-ийн захирал, Хашаандаа сайхан амьдаръя группийг үүсгэн байгуулагч Ц.Түмэнбаяртай ярилцлаа. Тэрбээр өчигдөр Төрийн ордонд болсон Ойн салбарын үндэсний зөвлөгөөнд оролцож, Нийслэлийг хэрхэн ойжуулах, ой модыг хэрхэн яаж суулгаж арчлах талаар өөрийн саналаа илэрхийлжээ.

-Төрийн ордонд болсон Ойн салбарын үндэсний зөвлөгөөнд та оролцсон байсан. Хашаандаа сайхан амьдаръяа группийг үүсгэн байгуулагч таны хувьд ямар зорилготой оролцов?

-Монгол орны өнцөг булан бүрээс байгаль орчинд санаа зовнидог ойн салбарынхан цуглаж, санаа оноогоо ярилцлаа. Мэдээж тэрбум мод тарих хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх тал дээр зочид төлөөлөгчид саналаа хэлж байна.

Манай хашаандаа сайхан амьдаръя хөдөлгөөний хувьд таван жилийн өмнө ийм санаачлагыг гаргасан. Хашаандаа сайхан амьдрах нь маш олон агуулгатай. Хүмүүс ойлгохдоо тохижилт ногоон байгууламж гэж ойлгодог, нөгөө хэсэг нь 00 яаж өөрчлөх үү, халаалтаа яаж шийдэх үү гэх асуудлыг авч хэлэлцдэг.

Тэрбум модны хүрээнд би гурван санал хэлсэн. Нэгдүгээрт нийгэмд талцал үүсгээд байгаа уулнаас мод авчирч тариад байгаа явдлыг зогсоо. Хэл ам дагуулаад байгаа асуудлыг цэгцлэх ёстой. Уулнаас яагаад мод зөөгөөд байна вэ гэхээр сийрүүлэлт хийнэ тодорхой тооны компаниуд яамны зөвшөөрлөөд мод авчраад байгаа. Уулын ширэнгэ гэж байдаг үүнийг сийрэгжүүлэх ажил ойн салбарт явагддаг ч үүний нэрээр уулын зулзага модыг авчирч тариад байгааг зогсоох ёстой. Харин жинхэнэ үрээр нь тарих нь зөв. Хоёрдугаарт, ирэх жил хүн болгон энэ мод тарих үндэсний хөдөлгөөн рүү оръя гэж байна. Энэ бол бизнес. Гэтэл хүмүүст ажиллах хүсэл зориг, техник технологи байгаад үр алга. Өнөөдөр үр бэлтгэсэн ААН, төрийн байгууллага гэж нэг ч алга. Модны үр байхгүй бол нэг ч мод тарьж чадахгүй. Байгаль орчны чиглэлээр ажилладаг хүн хэлэхдээ “Улсын нөөцөнд 230 кг үр байна. Гэтэл ирэх хавар маш их хэмжээний мод тарих гээд байгаа ч үр алга. Тиймээс зарим модны үр түүх цаг нь болчихсон. Үр түүх ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй. Төрийн байгууллагаас тодорхой чиглэл үүрэг даалгавар өгч, бодлого гаргаж иргэдийг үр түүх ажлыг явуулах хэрэгтэй. Залуус самарт явсан байгаа. Тэднийхээ араас утсаар залгаад самрынхаа оронд модны үр түүгээд ирээч гэх юм бол бид ирэх хавар тоног төхөөрөмж, модны үрээ шийдчихсэн ажил эхлэхэд асуудал саад байхгүй.

-Мод үржүүлэх ажлыг зах зээлд гаргахад хүндрэл бэрхшээл байдаг уу?

-Мод үржүүлэх ажилд хэн дуртай нь ороод хийчихэж болохгүй юм. Мод үржүүлэг өрхийн аж ахуйн түвшинд байна. Нэг айлын хашаанд 3-4 га газарт мод тариад газаргүй болчих жишээтэй. Тэгэхээр газрын асуудлыг нь нийслэл, аймаг, сум, дүүрэг бүрт шийдээд өгчихмөөр байна. Жишээлбэл, Хөвсгөл аймагт гэхэд мод ургах боломжтой газраа 50 газар гаргаад өгчих. Тэндээ ус, худаг, эрчим хүч, хашааг нь шийдээд тарьж чадах мэргэжлийн хүмүүсийг нь хуваагаад оруулчих. Тэндээсээ 20-30 хувийг нь Мөрөн хотдоо оруулж, үлдсэнийг нь зах зээлд гарга гэдэг зарчмаар мод үржүүлгийг хөгжүүлэх шаардлагатай. Мөн шаардлагатай гэсэн тоног төхөөрөмжийг зээлээр олгочих хэрэгтэй. Иймэрхүү утга санааг үндэсний зөвлөгөөнд хэлсэн байгаа.

-Тэрбум мод тарихад 10 жил шаардлагатай гээд байгаа?

-Тийм. 10 жил гэж бодохоор урт хугцаа мэт санагдана. Яг модны амьдралын тухайд гэвэл маш богино хугацаа. Өнөөдөр нэг будаа шиг үр суулгаад суулгац болгоход 4 жил шаардлагатай. Дахиад хашаандаа суулгаж арчлахад гурван жил шаардагдана. Ингэхээр бидэнд долоон жилийн дараа модтой болно гэж ойлгоно. Хэрвээ зорилтод хүрнэ гэж бодож байгаа бол үр бэлтгэх ажилдаа ханцуй шамлан орох ёстой.

-Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд иргэдийн оролцоо их чухал гэж онцлоод байгаа. Тэгвэл иргэдийг яаж идэвхтэй хамруулж, тарьсан модонд хариуцлагатай хандуулах ёстой вэ?

-Тийм, иргэд оролцох нь их чухал. Уул уурхайн компаниуд тэдэн сая мод тарина гэж амлалтаа өгч байна. Аймаг, нийслэлийн дарга нар тэдэн саяыг тарина гэж байна. Компани, төрийн байгууллага ААН-үүд оролцох нь тодорхой ч хамгийн үүрэгтэй нь хашаанд амьдарч байгаа иргэд юм. Өнөөдөр Нийслэлд 200 мянган гаруй хашаа, орон нутагт мөн ийм тооны хашаа гэхээр нийтдээ 400 гаруй мянган хашаанд 1 сая 400 мянган иргэн амьдарч байна. Харин манай группэд 370 мянган иргэн нэгдсэн байгаа гэж бодохоор хашаа болгоноос нэг хүн байна гэж ойлгож болно. Манай группийн нэг хашаа 5 мод тарилаа гэж бодоход бараг 2 сая шахуу мод тарихаар байгаа биз. Тэрбум мод үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ялангуяа иргэд дээрээ түшиглэж, дэмжиж, урамшуулж явах юм бол заасан тоонд хүрэхэд дөхөм болно. Тэрнээс зөвхөн уул уурхайн компаниуд болон дарга нарт найдаад явахад хэцүү. Хамгийн гол нь иргэдэд өөрийнх нь өмч болсон хашаа байна. Тэнд иргэд өөрсдөө тариад арчлаад хамгаална.

Монголчууд 3 сая гаруй, тэрбум модоо нэг хүнд хуваахаар 300 гаруй мод оногдож байна. Мод тарилтыг хамгийн амжилттай болгох хүмүүс бол хашаанд амьдарч байгаа иргэд зуслантай иргэдэд хамааралтай.

-Гэр хороололд хашаанд мод тарилаа гэхэд услалтын систем хүндрэлтэй хэцүү юм шиг санагдаад байдаг. Өөрсдөө зөөврийн ундны устай байж мод тарьчихаар хэдэн тонноор нь ус авах боломж хэр билээ?

-Услалтын систем дээр нь төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гэр хороололд мод тарихад нэг л асуудал байгаа. Усны асуудал их хүнд. Өнөөдөр бид хүнснийхээ усыг зөөврөөр авдаг. Гэтэл хашаандаа 3 мод тарихад өдөрт 100 литр ус хэрэгтэй болно. Тэр их усыг зөөврөөр тэрэг түрээд авчраад модоо услах боломж байхгүй. Тийм учраас гэр хороололд усны хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Орон сууцанд нэг хүн 150-200 орчим ус хэрэглэдэг бол гэр хороололд 7 литр ус хэрэглэж байна. Харилцан адилгүй тэгш бус учраас орон сууцныхан усаа хэмнэж, гэр хороололд усны хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Дээрээс нь гэр хороололд ус хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй. Өдөртөө ус аваад ирдэг шуурхай үйлчилгээнүүд байх.

Хоёрт мод тарьж ургуулсан хүмүүсээ урамшуулдаг санхүүгийн механизм хэрэгтэй байна. Татвараас чөлөөлдөг ч юмуу эсвэл хөнгөлттэй зээл олгодог байх гэх мэт. Төрийн бодлого дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Иргэд мод тарих хүсэлд автсан. Гагцхүү усны асуудал, үр суулгацын хүндрэл бий. Үнэхээр гоё гоё мод хашаандаа тарьж ургуулсан айлыг өрхийг шагнадаг байх хэрэгтэй.

-Мод тарьж ургуулах нь хүний санхүүтэй их холбогдоод байх шиг. Дээрээс нь байнга арчилж хамгаална гэдэг хэцүү байх болов уу. Хашаанд байнга байдаг хүн маллана уу гэхээс ажил төрөлтэй хүмүүс тэр бүр анхаарч үзэх болов уу?

-Хүний санхүү мөнгөтэй шууд холбогдоно. Өнөө оройныхоо хоолыг яая гэж байгаа, автобусны мөнгөө яаж олох гэдэгт санаа зовж байгаа хүн амьдрах орчинд хэзээ ч анхаарлаа хандуулахгүй. Яаж хоолтой байх уу гэдгээ бодохоос тэнд яаж мод тарьж ургуулах вэ гэдгээ бодохгүй. Гэхдээ гэр хорооллынхон бүгдээрээ тийм ядуу биш, боломжтой хүмүүс нь уриалаад дэмжвэл бие биенээ дагадаг, үлгэр дууриалал авах зан бий. Тийм занг нь өдөөгөөд өгөх хэрэгтэй байна.

-Өчигдөр болсон үндэсний чуулганд оролцож байгаа албаныхан болон ойн салбарынхан 10 жилийн хугацаанд тэрбум мод тарих боломжтой гэж ярьж байна. Гэвч тооцоо судалгаа шинжилгээ дутуу, хийгээрээ л том ажил ярьж мөрөөдөөд байна гэж нэг хэсэг нь шүүмжлэх?

-Одоохондоо бол том том тоонууд явж байна. Мөрөөдөл, мөрөөдөлдөө таарсан зорилго дэвшүүлжээ. Тодорхой ажил нь хавраас эхлэх байх. Үүнийг яг бодитой ажил болгоход эхний ээлжинд үрээ түүх юм. Өнөө маргаашгүй ой руу гарч технологийн дагуу үрээ түүх. Мод тарих хүсэлтэй хүмүүстээ газрыг нь шийдэж өг. Дараа нь техник технологи дээр нь хөнгөлөттэй зээл үзүүл. Тэр хоорондоо хууль эрхзүйн орчин болон хаана тарих эсэхээ ярьж болох байх. Тэгээд 2-3 жилийн дараа бид үртэй, газартай, газар дээрээ суулгацтай болно. Манай Ерөнхийлөгч НҮБ-ын индэр дээр тэрбум мод тарина гэж хариуцлагатай хэлсэн. Мэдээж худлаа хэлж болохгүй, бүх зүйлээ тооцож төлөвлөж хэлсэн байх гэж бодож байгаа.

-Мод тарьж, үр суулгаж болно. Гэвч арчилгааны асуудал дээр иргэд их хайхрамжгүй хайнга хандаад байх шиг санагддаг?

-Нэг мод тарихад 20 хувь тарилтын үеийн зардал байна. 100 төгрөгийн мод байлаа гэхэд 20 төгрөг нь тарилтын үед зарцуулагдана, харин үлдсэн 80 хувь нь арчилгааны зардал гарна. Мод арчилгааг манайхан зөвхөн усалгаа гэж хардаг. Гэтэл маш олон төрлийн арчилгаа байдаг. Хортон шавьтай тэмцэх, бордох, хэлбэржүүлэн ургуулах, зарим жимсний модыг өвөл хучих зэрэг маш олон төрлийн арчилгаа байдаг. Бүгдийг нь автомат болон мехникаар хийх боломжгүй. Энэ бүгдийг гараараа хийх болдог. Тиймээс хүний нөөц, услалтын систем, хашаа барих зардал, харуул манаач байлгах цалин гэх мэт маш их зардал гарна.

-Ойн салбарт мэргэжлийн алба хаагчид хэр хүрэлцээтэй байдаг вэ. Мод тарих ажилд мэргэжлийн багш нарыг бэлтгэнэ гэж ярьсан?

-Боловсон хүчин чухал байгаа ч  дутмаг байна. Боловсон хүчин байгаа ч энэ салбарт ажил олддоггүй. Мод үржүүлгийн компаниуд улирлын чанартай ажилладаг. Жишээлбэл манайх гэхэд 4 сарын 1-нээс 11 сарын 1 хүртэл ажиллаад зогсчихдог.  Таван сарын хугацаанд сул зогсохоор цалин хөлс гээд асуудал үүснэ. Хэрэв мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх бол өвлийн хугацаанд яах вэ, ядаж нийгмийн даатгалыг төлдөг, цалингийн доод хэмжээгээр цалин өгдөг, сургадаг байх ёстой. Түүнээс 1000 сайхан мэргэжилтэн бэлтгээд өвөл цалин өгөхгүй бол яваад өгнө. Тиймээс ажлын байрыг нь тогтвортой байлгах хэрэгтэй.

-Ерөнхийлөгч модны хулгайтай ард иргэд нь тэмцэх ёстой гэж ярьсан?

-Иргэд тэмцэж байгаа. Би ч гэсэн зураг дарж баримтжуулаад тэмцэж байгаа. Уулнаас мод авахуулахгүй байх энэ тэмцлийг Ерөнхийлөгч өөрөө Нийслэлийн холбогдох албынханд шууд үүрэг өгчих хэрэгтэй. “Том модоо зогсоо, хэдүүлээ үрээр нь тарьж үржүүлээд тэрбум модны төлөө явъя” гэсэн зоригтой алхмыг Ерөнхийлөгч хийх хэрэгтэй. Өчигдөр уулнаас мод буулгахгүй, булгалахгүй, авахгүй гэж хэлж байгаа ч энэ нь бодит ажил байх ёстой.

-Том том компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэдэн сая мод тарина гэж амлалт өгч, гарын үсэг зурлаа. Тэд мод тарилаа ч арчлах ургуулах тал дээр нь хэн хяналт тавих ёстой вэ?

-Уул уурхайн компаниуд том ачаа үүрэхээр амлалт өгч байна. Энэ нь сайн хэрэг. Үүнийгээ өөрсдөө хийе гэхээр мэдээж хүндрэл бэрхшээл үүснэ. Тэгэхээр мод үржүүлгээр дагнасан мэргэжлийн байгууллагууд, туршлагатай ААН-үүд хяналт тавих ёстой юм. Ийм хүмүүстэй компаниуд гэрээ байгуулах. Мэргэжлийн байгууллагаар модоо тариулж, ургуулах тал дээр хяналт тавиулах нь оновчтой. Тэгэхгүй компаниуд завтай үедээ услаад завгүй үедээ хаячихаад байх юм бол яг л өмнөх түүх давтагдана.

-Таны хувьд хэр хэмжээний мод тарьж ургуулсан бэ?

-Манай талбайд 100 гаруй мянган суулгац бий. Ер нь навчит моднууд. Ирэх жил бид нар шинээр 1 сая хүртэлх мод суулгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэрбум мод хөтөлбөрт оролцох байх гэж бодож байгаа. Одоогоор бол албаныхантай уулзаж ярилцсан зүйл алга.

-Мод тарихын ач тус юу юм бэ?

-Мод тарихыг хүмүүс агаар цэвэршүүлэх, дуу чимээ дарах, өнгө үзэмжтэй болгох ач холбогдолтой гэж ойлгодог. Хүмүүсийн нэг мэддэггүй ач холбогдол юу бэ гэхээр байгаль  дэлхий дээр байгаа биологийн төрөл зүйл болох хэдэн сая амьтан, ургамлын 80 хувь нь өнөөдөр ой модонд амьдардаг юм. Тэгэхээр мод тарьж ургуулснаар бусад амьтан ургамалд амьдрах орон гэрийг нь бэлдэж өгч байна гэсэн үг юм. Тийм учраас мод тарих нь буянтай үйлс. Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнд хүн бүр оролцох ёстой шүү.

О.Сайхан 

Мод услалтын систем дээр нь төрөөс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гэр хороололд мод тарихад нэг л асуудал байгаа. Усны асуудал их хүнд. Өнөөдөр бид хүнснийхээ усыг зөөврөөр авдаг. Гэтэл хашаандаа 3 мод тарихад өдөрт 100 литр ус хэрэгтэй болно. Тэр их усыг зөөврөөр тэрэг түрээд авчраад модоо услах боломж байхгүй. Тийм учраас гэр хороололд усны хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Орон сууцанд нэг хүн 150-200 орчим ус хэрэглэдэг бол гэр хороололд 7 литр ус хэрэглэж байна. Харилцан адилгүй тэгш бус учраас орон сууцныхан усаа хэмнэж, гэр хороололд усны хүртээмжийг сайжруулах хэрэгтэй. Дээрээс нь гэр хороололд ус хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй. Өдөртөө ус аваад ирдэг шуурхай үйлчилгээнүүд байх. Хоёрт мод тарьж ургуулсан хүмүүсээ урамшуулдаг санхүүгийн механизм хэрэгтэй байна. Татвараас чөлөөлдөг ч юмуу эсвэл хөнгөлттэй зээл олгодог байх гэх мэт. Төрийн бодлого дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Иргэд мод тарих хүсэлд автсан. Гагцхүү усны асуудал, үр суулгацын хүндрэл бий. Үнэхээр гоё гоё мод хашаандаа тарьж ургуулсан айлыг өрхийг шагнадаг байх хэрэгтэй.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.