| | USD/MNT 0₮

МАН:Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг бүлэг дэмжээгүй учир чуулганаар хэлэлцэхгүй

МАН-ын Бүлэг өнөөдөр бүлгийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт УИХ 2022 оны улсын төсвийг хэлэлцэж баталсан. Хэдий эдийн засаг хэцүү байгаа ч эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарсан төсөв болсон. Төсөвтэй холбоотой асуудалд Ерөнхий сайд гурван чиглэлээр мэдээлэл хийсэн. Хэдий эдийн засгийн хямралтай байгаа ч тэлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ёстой төсөв байгаа. 

Нэгдүгээрт, эдийн засгаа хэрхэн сэргээх вэ, экспортыг хэрхэн нэмэгдүүлэх, хоёрдугаарт, хүний эрхийг хангах чиглэлд Засгийн газар, УИХ тодорхой зүйлүүд дээр анхаарах

Гуравдугаарт, Авлигатай тэмцэх чиглэлээр УИХ, Засгийн газар тодорхой ажил хийх хэрэгтэй гэсэн мэдээлэлтэй нь холбогдуулан МАН-ын бүлэг ярилцсан. Уг асуудлыг бүлгээр хэлэлцсэн ч тодорхой шийдвэр гараагүй. 

Хоёрдугаарт, Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль УИХ-д өргөн баригдсан. Энэ хуулийг хэлэлцэх явцад гишүүд болон олон нийт нэлээн шүүмжилж талцсан. Тиймээс учраас энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрэх нь зүйтэй гэж манай бүлэг үзэж УИХ-ын чуулганаас завсарлага авч, бүлгийн хурлаар хэлэлцсэн.

Энэхүү хууль нь хоёр чиглэлээс бүрдсэн. Нэг нь, жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал байгаа. 

Хоёрдахь нь жолоочийн хариуцлагын даатгалын сангаас хохирогчдод төлөх нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх холбоотой ийм хоёр асуудал бий. Үүнийг МАН-ын бүлэг хэлэлцээд гишүүдийн олонх нь энэ хуулийг хэлэлцэх эсэхийг дэмжихгүй гэж шийдвэр гаргасан. Тэгэхээр чуулганаар энэ хуулийг хэлэлцэхэд МАН-ын бүлэг дэмжихгүй. Учир нь нэгэнт энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил орчим болж байна. Тодорхой хэмжээнд энэ хууль нийгэмд үр дүнгээ өгч байна. Тиймээс хувийн хэвшлийн зүгээр явж байгаа ажлыг төрд авах нь зохимжгүй юм гэж МАН-ын бүлэг үзсэн учраас энэ хуулийн төслийг үзэхгүй" гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг хэлэлцэхгүй дэмжихгүй гэлээ. Тэгэхээр хууль санаачлагчид хуулиа эргэн татна гэж ойлгох уу?

-Татахгүй. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд байсан. Тэрүүгээр хэлэлцэхгүй гээд ойлгочих. Нэгэнт бүлгийн шийдвэр гарсан учраас дэмжихгүй. Энэ хууль цаашаа явахгүй зогссон гэсэн үг. 

-УБТЗ-ын даргын томилгоотой асуудлыг хэлэлцсэн үү? 

-Намын бүлэг томилгоо хэлэлцдэггүй. УБТЗ-тай холбоотой асуудлыг бүлэг хэлэлцэх асуудал биш. Улаанбаатар хувь нийлүүлсэн компанийн төлөөлөн удирдах зөвлөл буюу Ерөнхий хорооны хэлэлцэх асуудал юм. 

-Ирэх оны төсөвт тодотгол хийх үү. Барилгуудын төсөвт өртөг хэтэрсэн. Төсөв алдагдалтай гэх юм билээ?

-Барилгын компаниудадтай холбоотой үнийн өсөлтийн асуудал байгаа. Өнгөрсөн 2020, 2021 оны барилгын асуудалд дээр үнийн өөрчлөлт гарсан асуудлыг бүгдээрээ мэдэж байгаа. Энэ асуудалд УИХ-аас тогтоол гаргасан. Ирэх долдугаар сарын 01-нээс өмнө хуулинд нь индексийг нь тогтоож магадлан хийлгэх чиглэлээр их хурал тодорхой чиглэл өгсөн байгаа. Энэ хүрээнд ажил хийгдэнэ. Өнөөдөр төсөв эхэлж хэрэгжиж эхлээгүй байхад тодотгол хийнэ, хийхгүй гэж ярих нь утгагүй болов уу. 

-Булган аймагт улсын төсвөөс 3.8 тэрбум төгрөгөөр Айрагны өргөө барина гэж төсөвлөжээ. Энэ ямар лоббигоор орж ирсэн асуудал бэ? 

-Энэ асуудлыг ёстой сонсоогүй юм байна. Хувийн хэвшлийн юмыг улсын төсвөөр барина гэж байхгүй. Тиймээс санал оруулсан Булганы гишүүдээс тодруулбал зөв байх. 

 

 

МАН:Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийг бүлэг дэмжээгүй учир чуулганаар хэлэлцэхгүй
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.