| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өчигдөр орой замын инженерээр ажиллаж байгаа БНХАУ-ын иргэн Чен Хо-г балмадаар зодож биед нь хүнд гэмтэл учруулсан талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл хэргийн газарт байсан хохирогч болон гэрчийн хэлж буйгаар "Гишүүн Б.Дэлгэрсайхан үгийн зөрүүгүй шууд барьж аваад зодсон. Орчуулагчийн нүдэн дээр залууг зодоод орчуулагчийг хаалгаараа хөөж гаргасан. Зүгээр ч гаргаагүй гар хуруунд нь зөөлөн эдийн гэмтэл учруулсан. Нэг хуруу нь цууралттай, нэг хуруу нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн оноштой. Зодуулсан инженерийн хөлд нь болон биед нь хүнд гэмтэл учруулсан. Түргэн тусламж ирээд хөлийнх нь тогтохгүй байсан цусыг боож тогтоож өгсөн. Хөлөндөө аавал оёо тавиулаарай гэж эмч хэлсэн. Шөнө тэгээд Гэмтэлд очиж үзүүлж тусламж авахад хоёр хөл нь явж чадахгүй байхад Чингэлтэйн цагдаагаас ирж мэдүүлэг өг гээд дарамтлаад шөнө тэд буцаад цагдаа руу явсан. Зодуулсан залууг өнөөдөр эмнэлэгт хэвтүүлнэ гэсэн. Одоо энэ үүссэн асуудлаар компани дээрээ хуралдаж байна. Хятад хүмүүс хашир хоёр орны хоорондын харилцаанд сэв суучих вий гэж болгоомжилж байгаа" гэв.
Орчуулагчийн гарт зөөлөн эдийн гэмтэл учруулжээ
Чухам юунаас болж зодоон маргаан болсон талаар тодруулахад "Үгийн зөрүүгүй л зодсон. Энэ залуу инженер болохоос компанийн захирал нь биш. Урд өмнө маргаан байсан ч ингэтэл нь зодож болохгүй биздээ. Дахин хэлэхэд олимпийн гүүрийг барьж байгаа зам гүүрийн мэргэжилтэн инженер залуу. Өөрөө монгол хэл мэдэхгүй. Яагаад намайг зодож байгаа юм бол гээд бүр гайхаад шоконд орсон байсан" гэв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай холбоотой хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа нь үнэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн цагдаагийн мэдээллийг нь харахад "Чингэлтэй дүүрэг Тэди төвөөс урагш 5 давхар оффист хүн зодоод байна гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад БНХАУ-ын иргэн 36 настай DUAN QINGHUA-г Урт цагааны хойно байрлах "Болд төмөр ерөө гол" ХХК-ийн оффисын 5 давхарт Дэлгэрсайхан гэгчид зодуулж хамрын зөөлөн эдийн гэмтэл, зүүн хөлөнд зөөлөн эдийн гэмтэл учирсан гэх хэргийг ЧДЦХ шалгаж байна" гэжээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчид сайдтай албан уулзалт хийсэн талаараа өөрийн цахим хуудаснаа бичжээ. Тэгэхээр Б.Дэлгэрсайхан гишүүн өдөр нь Элчин сайдтай нь уулзаад, орой нь тус улсын иргэнтэй маргаан үүсгэж, зодолдсон байна.
Төрд түмнээ төлөөлж байгаа төрийн түшээ хүн балмад загнаж, бусдыг хэл амаараа доромжилж зодсон бол хуулийн хариуцлага хүлээж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хуулийн заалттай. Тиймээс ч хэргийн газарт нотлох баримт нь байгаа тохиолдолд хариуцлага хүлээлгэх нь зүй ёсны хэрэг.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг ямар тохиолдолд түдгэлзүүлж, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох талаар хуульд ингэж заажээ.
9 дүгээр зүйл.УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх,
Харин энэ хэргийн талаар АСУ.МН сайт баримттай эргэн мэдээлнэ.