| | USD/MNT 0₮

Ч.Хүрэлбаатар:ХААН банкны 60 хувийг худалдах наймаанд улстөрчид, шийдвэр гаргагчид оролцсон бол дэлхийд шившиг болно

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар ХААН банкны 60 хувийг гадны хөрөнгө оруулагчид худалдаж авч байгаа гэх мэдээллээр тайлбар өглөө.

Тэрбээр "Монгол Улс саяхан саарал жагсаалтаас богино хугацаанд гарч чадсан. Коронагаас болж Эрээн болон Замын-Үүд хаагдахад Монголд ямар хүндрэл учирч байгааг та бүхэн мэдэж харж байгаа. Саарал жагсаалт бол санхүүгийн байдалд хориг тавьж байгаатай адилхан нөхцөл байдал үүсдэг. Саарал жагсаалтаас болж арилжааны 30-40 банк харилцаагаа зогсоосон. Үүний горыг Монголчууд хангалттай амссан. Дахиад тийшээ явж эхэлж байна уу гэж айж байна. Монголбанкны ерөнхийлөгч Лхагвасүрэн та Япон талд шилжихийг зөвшөөрсөн бичиг өгсөн юм билээ. Нүдээрээ үзсэн. Надаа ч хандаж олон хүмүүс бичиг өгсөн. Та тэр бичгийг өгөхөөсөө өмнө энэ худалдан авч байгаа хүний эцсийн эзэмшигч нь хэн бэ гэдгийг зайлшгүй эцэслэж тогтоосон байх ёстой. Эцсийн эзэмшигчийг олоход амаргүй байдаг. Хоёрдугаарт нь энэ банкны хувьцааг авч байгаа мөнгө бохир мөнгө үү, цэвэр мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Хэрвээ Монгол Улс үүн дээрээ хариуцлагагүй ажилласны улмаас дахиад Саарал жагсаалтад орох юм бол ард иргэд хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид Монголбанкны ерөнхийлөгч та бүхнийг барьж иднэ шүү. 

Хэрвээ энэ наймаанд улс төрчид шийдвэр гаргагчид оролцсон бол энэ бол дэлхий даяараа шившиг болно. Хэрвээ энэ нотлогдож ийм зүйл боллоо гэж үзэх юм бол Монгол Улс юун саарал жагсаалт хар жагсаалт руу орно. Тийм учраас эрх мэдэлтэй хүмүүс эс үйлдэл хэрхэвч хийж болохгүй. Та нар хийх ёстой ажлаа хариуцлагатай хий, эцсийн эзэмшигч ил гарч ирэхгүй. 

Японы хөрөнгө оруулагчийн зарж байгаа Хаан банкны 60 хувийг худалдан авч буй эцсийн эзэмшигчийг тодоройлох үүрэг нь Монголбанкинд бий. Үүний дараагаар мөнгөний эх үүсвэр нь цэвэр, эсэхийг нягтлах ёстой. Эцсийн хэрэглэгч нь гадаадын банк эсвэл хөрөнгө оруулагч иргэн байгаад тухайн мөнгө нь хууль ёсны дагуу татвараа төлсөн мөнгө болохыг тогтоогоод худалдвал зөв. Иймэрхүү зүйлийг улстөрчид мэдсээр байж зогсоохгүй бол Монгол Улс дахин саарал жагсаалтад орох том эрсдэл үүснэ. Надад гадаадууд авч байгаа гэж л гэж ойлгуулсан. Монгол Улс долоон булчирхайгаа тоочиж байж саарал жагсаалтаас гарч байсан. Энэ асуудлыг мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрүүлбэл бид саарал жагсаалтад орно. Хаан банкны 60 хувийг хэн авч байгаа вэ гэж асуухад дотоодын хүмүүс надруу дайрч байгааг гайхаж байна" гэв.

Ч.Хүрэлбаатар: ХААН банкны 60 хувийг худалдах наймаанд улстөрчид, шийдвэр гаргагчид оролцсон бол дэлхийд шившиг болно
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.