| | USD/MNT 0₮

МАН-ын бүлэг:Цахим хөгжлийн яам, Эдийн засгийн яам байгуулахыг дэмжжээ

Өнөөдөр МАН-ын бүлгийн хурлаар шинээр байгуулах яамд, агентлагийн талаар хэлэлцэж Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах саналыг гишүүд нь дэмжсэн байна. 

Тодруулбал, Засгийн газраас тус яамыг таван чиг үүрэгтэй байхаар санал болгож, бүлэг чиг үүргийг 11 болгон өргөтгөжээ. Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны 7 чиг үүргийг 9 болгон нэмсэн байна. Мөн Боловсролын ерөнхий газар, Ойн агентлаг байгуулах санал дэмжигдсэн байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөв болон төсөв дагасан бас бүтцийн зарим нэг өөрчлөлтийн асуудал. Хоёрдугаарт, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хилийн бүсийн худалдаа, эдийн засгийн хэлэлцээрийн асуудал.

Засгийн газраас Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулахаар хуулийн төслийг өргөн барьсан. Мөн Боловсролын сайдын харьяа Боловсролын агентлаг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын харьяа Ойн агентлаг байгуулах гэдэг санал орж ирсэн. Худалдан авах ажиллагааны агентлагийг Шадар сайдын харьяанаас гаргаж Сангийн сайдын харьяанд өгөх зэрэг саналуудыг Засгийн газраас өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг гарсан. Тус ажлын хэсгээс боловсруулсан саналыг өнөөдөр хэлэлцэж дэмжлээ. 

Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахыг дэмжсэн. Гэхдээ чиг үүргийн хувьд Засгийн газраас өгсөн таван чиг үүргийг 11 болгож өргөтгөсөн. Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яам есөн чиг үүрэгтэй болгохоор өргөжүүлсэн. Агентлагуудын тухайд шинээр байгуулахыг дэмжсэн. Худалдан авах ажиллагааны агентлаг Сангийн сайдын харьяанд байж болохгүй гэж үзэж буцаагаад Шадар сайдын харьяанд байх ёстой гэж тогтсон" гэв. 

МАН-ын бүлэг:Цахим хөгжлийн яам, Эдийн засгийн яам байгуулахыг дэмжжээ
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.