| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар:Ч.Сайханбилэгийг ялтан солилцох гэрээгээр АНУ-аас авчрах боломжтой

АНУ-д амьдарч суугаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр орой Оюутолгойн асуудлаар мэдэгдэл хийсэн. Тодруулбал уг гэрээг байгуулсан нь зөв байсан, элдэв авлига, хууль бус зүйлс хийгээгүй хэмээн ярьсан юм. 

Тэгвэл түүний ярьсан асуудалд Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр "АНУ-д байгаа иргэн Ч.Сайханбилэгийн ярилцлагыг сонссон. Их л сандарсан хүний яриа байна билээ. Харийн нутагт харийн компанийн пиарыг хийж байгаа ядмагхан өөрийгөө өмөөрсөн хүний яриа гэж харж байгаа. Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн төслийн үр өгөөж нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр зургаан сар хэлэлцээрийн ширээний ард сууж байна. Ахиж байгаа зүйл байна. Огт ойлголцохгүй байгаа зүйл ч байна.  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг их зөв зүйтэй зүйлийг найман жилийн өмнө эхлүүлсэн гэж хэлэх шиг болсон. Үүнд би эсрэг бодолтой байдаг. Дубайн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө Оюутолгойн гэрээг эрс дордуулсан муутгасан олон зүйл заалттай төлөвлөгөө байсан.

Тодруулбал, ил уурхайн зардал 1.1 тэрбум доллараар хэтрээд байсныг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байдаг. Яагаад тэр асуудлаар Арбитрт маргаан үүсгээгүй юм бэ. Яагаад энэ асуудалд Арбитрт маргаан үүсгээгүй юм. Хоёрдугаарт татвартай холбоотой өнөөдрийн маргааны эхлэлийг тэнд тавьсан. ААН-ийн татварын маргааныг хүлээн зөвшөөрсөн. Хамгийн аймшигтай нь Оюутолгойн олборлолтоос зөвхөн алт, зэс дээр АМНАТ тавина. Бусад молибдени зэрэг маш ихээр дагалдаж байгаа эрдэс баялагт АМНАТ авахгүй гэж хүлээн зөвшөөрсөн. 

Мөн санхүүжилтийн баталгаа гэх нэр шинэ томъёо оруулж ирж, төслийн санхүүжилт бүрээс 1.9 тэрубумыг авдаг ийм алдаатай зүйлийг  оруулж ирсэн. Арван хувийн хүүтэй бараг ломбардны хүүгээр энэ том төслийг санхүүжүүлэх боломж олгосон. Ярих юм бол их олон зүйлээс алдагдал хүлээсэн. Тиймээс энэ болгоныг засч залруулах гээд, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх гээд чармайгаад ажиллаж байна. Иргэн Ч.Сайханбилэгт хэлэхэд харийн оронд харийн компанийн маркетинг хийж суухаар эх орондоо элгэн садандаа ирж энэ төслийг монголчуудад хэрэгтэй болгох талаар илүү их сэтгэлээ чилээгээсэй гэж хүсэж байна. Оюун-Эрдэнийн Засгийн газар гадны ямар нэгэн компанийн нөлөөнд орохгүй байх талаар анхаарч ажиллаж байгаа. Оюутолгойн гэрээ хэлэлцээрийг сайжруулна. Үр ашгийг нь ард иргэд хүртэнэ. Цаашид хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх бодит алхмыг хийнэ.

Гадаад улсад эрэн сурвалжлах ажиллагаа явуулна гэдэг эрхзүйн хувьд хэд хэдэн баримт бичгийг хийнэ. Одоогийн байдлаар сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д байгаа. Олон улсад эрэн сурвалжлах ажиллагааг хийж байгаа. Ялтан шилжүүлэх гэрээгээр албадан ирүүлэх боломжтой. Заавал асуудал үүсгэлгүй ирээд, хууль хүчний байгууллагаар шалгуулаад, олон түмнийг төөрөгдүүлэхгүй мэдээлэл өгвөл зүгээр байна. Хавтаст хэрэг нь АТГ-т байгаа. Тэрбээр шалгагдаж байх хугацаандаа гадаад яваад эргэж ирээгүй байгаа" гэв. 

 

Х.Нямбаатар:Ч.Сайханбилэгийг ялтан солилцох гэрээгээр АНУ-аас авчрах боломжтой
Улс төр

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.