| | USD/MNT 0₮

Д.Баярболд:Ор зохицуулах баг гарч ажилладаг болсноос хойш дарга нарын гэх хүмүүс оочер дайрч эмнэлэгт хэвтэх асуудал цэгцлэгдсэн

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдтой ярилцлаа.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн хүүхэд ковидын улмаас хагас болон бүтэн өнчрөл үзсэн байна вэ. Мөн гэрийн нас баралт хэд бүртгэгдсэн байгаа вэ?

-Халдварын улмаас эцэг эхээ алдсан хүүхдүүдийн талаарх судалгаа ЭМЯ-нд гардаггүй. Ковид гарснаас хойш хэчнээн хүүхэд эцэг эхээ алдсан талаарх судалгааг Хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас тодруулахад энэ сарын 15-ны байдлаар нийтдээ 13 хүүхэд бүтэн өнчирч, 54 хүүхэд хагас өнчрөл үзсэн байна. Мэдээж энэ тоо эцсийн тоо биш, дахиад шүүж үзээд нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх хэрэгтэй юм байна. Тухайн хүүхдүүд одоогоор асрамжийн газарт очоогүй аав ээжийнхээ ах дүү хамаатан садан, эмээ өвөө дээрээ байна.

-Тандалт, хариу арга хэмжээний судалгааны багийнхны чирэгдэл их байна. Ковидтой нь батлагдсан хэрнээ тандалтын багийнхан ирж үзээгүйгээс болж биеийн байдал нь хүндэрч гэртээ амиа алдсан хэд хэдэн тохиолдол гарсан байгаа юм билээ. Тэгэхээр энэ тандалт судалгааны багийнхан яаж ажиллах ёстой юм бэ?

-Тандалтын болон хариу арга хэмжээний баг гэж хоёр тусдаа баг ажиллаж байгааг ард иргэд ойлгох хэрэгтэй. Тандалтын баг нь хавьтлын судалгаануудыг хийгээд явдаг бол тухайн хүний хариу эерэг гарлаа гэхэд ямар ямар хүмүүстэй хавьтал болсныг нь тогтоож тусгаарлах ёстой. Хариу арга хэмжээний багийнхан нь эерэг гарсан тохиолдолд эмнэлгийн тусламжийг яаж хурдан шуурхай үзүүлэх вэ гэдгийг зохион байгуулна.

-Ор зохицуулах баг гараад хэр ажиллаж байгаа вэ. Хүндэрсэн хүмүүс эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ олон хоногоор хэвтэж эцэстээ амиа алдаж байна. Гэвч ор зохицуулах багийнхан эмнэлгийн дарга удирдлагуудад үйлчилж, дарга нарын даалгавараар ажиллаад байна гэсэн шүүмжлэл их гарч байгаа?

-Ор зохицуулах багийнхан өрхийн болон нийслэл, дүүргийн эмнэлгийн түвшиндээ тодорхой удирдлага зохион байгуулалтаар ажиллаж байгаа. Тухайн хүн эерэг нь батлагдлаа гэхэд мэдээлэл нь Өрхийн эмнэлэгт ирнэ. Биеийн байдал хүнд бол эмнэлэгт хэвтүүлэх, хөнгөвтөр  бол гэрээр эмчлүүлэх асуудлыг зохицуулна. Хаяг байршил нь тодорхойгүй, түр оршин суудаг хаяг дээрээ бүртгүүлээгүй иргэдэд дээр иймэрхүү асуудал үүсч байсан. Хэрэв ковидоор батлагдаад хүндэрлээ гэхэд өрхийн эмнэлэгтээ цаг алдахгүй ханд эсвэл 119 дугаарын утсанд ханд. Бүх зохицуулалтыг хийнэ. Үнэхээр та нэн яаралтай хэвтэх шаардлагатай бол эрэмбээрээ явна, хойно жагсаалтад орсон хүмүүсийн урдуур нь орж хэвтэх бүрэн боломжтой.

-Эрэмбээрээ явж чадаж байгаа юмуу?

-Ор зохицуулах багийн гол ажил нь хөнгөн хүмүүсийг ялгаж хүнд хүмүүсийг эмнэлэгт хэвтүүлэх. Харин ч энэ зохицуулалт гарч ирснээр гэрийн нас баралт багассан шүү. Түүнээс хөнгөн хүмүүс эмнэлэгт их хэвтэж хүнд хүмүүс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байсан тохиолдол бий. Дарга, цэрэг нар өөрийн гэсэн хүнээ оочер дайруулж эмнэлэгт хэвтүүлдэг байсан асуудал цэглэгдсэн.

-Ковидоор яг хэчнээн хүүхэд өвчилснөөс хэдэн хүүхэд нас барсан байгаа вэ?

-Нийтдээ 97 мянган хүүхэд өвчилсөн байгаа. Хүүхдүүд харьцангуй хөнгөн өвчилж байгаа учраас нас баралтын тоо маш бага байгаа. Яг одоо тоог нь хэлж мэдэхгүй нь.

-Жирэмсэн эмэгтэйчүүд III тун вакциныг заавал хийлгэх шаардлагатай юу?

-Тийм. Жирэмсэн эмэгтэйчүүд давтан тундаа хамрагд гэсэн ЭМ-ийн сайдын тушаал гарсан байгаа. Хэрвээ вакцин хийлгэхэд та дельтагийн эрсдэл хүндрэлээс сэргийлэгдэнэ гэсэн үг.

-Вакцины I, II тунгаа хийлгэсэн хэрнээ ковид тусаад эдгэрсэн хүн III дахь тунг заавал хийлгэх шаардлагатай юу?

-Шинэ хувилбарууд гараад байгаа учраас тодорхой цаг хугацааны дараа тархалтын түвшин дахиад буураад эхэлж байна. Тийм учраас иргэд тусаад эдгэрсэн ч өрх дээрээ очоод дархлаа тогтоцын шинжилгээ өгөөд давтан вакцинаа хийлгэх боломжтой. Ковидын дараа гарах хүндрэл шинжүүд 50 хувь багасна гэсэн судалгаа гарсан байгаа.

-Өнөөдрийн байдлаар явуулын шинжилгээний хэчнээн баг ажиллаж байгаа вэ?

-Нийтдээ явуулын 29 баг ажиллаж байна. Бид харин ч уян хатан байдлаар ажиллаж байгаа. Вакцины хамрагдалт буюу 3 дугаар тунгийн вакцинаа иргэд сайн хийлгэвэл бид багаа нэмэгдүүлнэ. Хамралт бага байвал багаа цөөлнө. Тэгэхгүй бол эрүүл мэндийн байгууллагын эмч сувилагч, ажилчдын хүрэлцээ хангамж, нөөц бололцоо ямар байгааг ард иргэд мэддэг байгаасай.

-Гуравдугаар тун вакциндаа хамрагдах иргэдийн тоо маш бага байна гэлээ. Тэгэхээр иргэдийг идэвхтэй хамруулах гурван сарын аяныг эхлүүлсэн байгаа юм байна. Та бүхний зүгээс болон хамтарсан баг холбогдох байгууллагуудаас иргэдийг яг яаж идэвхтэй хамруулах ямар төрлийн ажлыг хийх юм бэ?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар төлөвлөгөө гарсан ажиллаж байгаа. Зөвхөн эрүүл мэндийн яам, салбар ганцаараа гүйгээд яваад байх биш. Энэ бол бүх нийтийн үйлс гэдэг шиг бусад яам, тамгын газруудыг, дээр нь хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзаж байна. Өнгөрсөн долоо хоногт ЭМ-ийн сайд Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагуудтай уулзсан байгаа. Бизнес эрхэлж байгаа хүмүүсээ гуравдугаар тундаа хамрагдуулах нь ач холбогдолтой байгааг мэдэгдсэн. Тус танхимаас хамтарч ажиллана гэсэн. Давтан вакциндаа хамрагдсанаараа бизнес аюул эрсдэлгүй тасралтгүй үргэлжлэх боломжтой. Уул уурхайн яам гэхэд уул уурхайн салбарт ажиллаж байгаа бизнес эрхлэгчидээ вакцинд нь хамруулах ёстой.

-Салбарын сайд С.Энхболд шинэ жил, цагаан сараа тэмдэглэх саналд нэгдлээ гэсэн байсан. Энэ баттай үнэн мэдээлэл үү?

-Туркт авсан жишээг ярихад халдвараа нэг сарын хугацаанд 80 хувиар бууруулж чаджээ. Тэгэхээр манай улс гурав дахь тун вакциндаа сайн хамрагдаж, халдварын түвшин улбар шараас ногоон түвшинд хүрвэл бид нар хэвийн амьдралдаа орно шүү гэдэг санааг сайд хэлсэн юм билээ.

-Анхан шатны тусламж үзүүлэх ёстой Өрхийн эмнэлгүүд ачаалалтай ажиллаж байгаа. Гэвч Өрхийн эмнэлгээс үйлчилгээ авч чадахгүй, эмийн багцаа ч авч чадахгүй иргэд байна гэх. Үнэхээр эмийн багцын санхүүжилт байхгүйгээс болж эмээ тарааж өгч чадахгүй байгаа Өрхийн эмнэлэг бий юу?

-Өрхийн эмнэлгийн төвүүд хүн хүчний дутагдалтай байгаа. Өвдсөн хүн бүр дээрээ очих нь хязгаарлагдмал. Халдварын тархалт ямар байгаа билээ та бүхэн мэднэ дээ. Монголын улаан загаламай нийгэмлэгийн сайн дурын нэг ажилтан нэг эмнэлэг дээр ажиллаж байна. Дээр нь Глобал сангийн санхүүжилт дэмжлэгээр хороо болгонд сайн дурын ажилтан бэлтгэсэн. Одоогоор 272 хүн бэлтгэж 2-3 хүн өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нарт тусалж байна. Эмийн багцын хувьд Өрхийн эмнэлгээс нэг хүнд 160 мянган төгрөгөөр санхүүжүүлж байгаа. Манай иргэд буруу ойлгож 160 мянгын багцаар яг ийм үнэтэй эм авна гэж ойлгоод байдаг. Гэвч энэ багцанд тухайн эмч нэг хүнийг эмчлэх бүх зардал үүнд орж байгаа. Жишээлбэл, түргэвчилсэн оношлуур, эм нь, эмчийн хамгаалах хувцас хэрэглэл, дээр нь тухайн эмчийн илүү цагаар ажиллаж байгаа цалин урамшуулал багтсан байгаа. Гол нь хүүхдийн багц, том хүний багц гэж байхгүй. Тухайн эмч хүнээ үзээд эмнэлзүйн шинжээр нь хүнд байна уу, хөнгөн байна уу гэдгийг харж үзээд таарсан эм, эмчилгээ бичиж, хийж өгнө.

-Вирусийн эсрэг эм гээд байгаа арбидолыг хүүхэд ууж болох юмуу?

-Эмнэлзүй хариуцсан албаны хүмүүс илүү дэлгэрэнгүй нарийн мэдээлэл өгнө. Би чиг үүрэг нь өөр буюу нийтийн эрүүл мэнд буюу урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлээр өгнө.

-Гадаадаас ирж байгаа иргэдээс хаанах шинжилгээ авч байгаа вэ?

-Буянт-Ухаа нисэх буудал дээр ХӨСҮТ шинжилгээ авч байгаа. Тархалтын нөхцөл байдлыг харж ирж байгаа иргэдээс бүгдээс нь авах уу, вакцинтай иргэдээс авахуу гэдгийг ярьж зөвшилцөж байгаа. Бусад улс орон бол Монголоос очиж байгаа бүх иргэдээс авч байгаа юм билээ.

-Корона тусаад эдгэрсэн хүмүүст ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ их хэрэгтэй байна. Урхаг ихтэй болохоор иргэдэд ковидын дараах хүндрэл их гарч байна. Нэг сар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэргэжлийн эмч нар хэлж зөвлөж байна?

-Өнөөдрийн байдлаар 500 гаруй мянган иргэн ковидоор өвдөөд эдгэрчээ. Эдгээр иргэдэд ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Тиймээс бидний дараагийн тактик бол нөхөн сэргээх эмчилгээ хийдэг болох ёстой. Манай эмнэлгийн тусламж үйлчилгээний газраас удирдамж гаргаад эмнэлгүүддээ чиглэл өгсөн. Ер нь бол хувийн болон улсын эмнэлгүүд нөхөн сэргээх эмчилгээг хийж эхэлсэн байгаа. Ковидын дараа илэрч болох шинж тэмдгийг бууруулах, нөхөн сэргээх үүднээс эмчилгээ хийх шаардлагатай. 

-Ковидоор нас барсан иргэдийг уламжлалт аргаар нутаглуулах боломж бий юу. Ар гэрийнхэн нь шарилыг нь авахыг хүсдэг юм билээ?

-Иргэд дутуу мэдээлэлтэй байх шиг. Ковидоор нас барсан иргэнийг хэрхэн яаж оршуулах тухай ЭМ-ийн болон УОК-ын хамтарсан тушаал бий. Өнөөдөр талийгаачийг хоёр сонголттойгоор оршуулж болно. Тухайлбал, чандарлах, уламжлалт аргаар оршуулах ёслолыг хийж болно. Хамгийн гол нь ямар хүндрэл бэрхшээл байдаг вэ гэхээр манайхан уламжлалт оршуулга гэхээр хэт олноороо оролцдог. Тэрнээс болж халдвар үүсэх эрсдэлтэй. Тийм болохоор аль болох цөөн тооны хүмүүсийг хамруулж оролцуул, үүнд нь цагдаагийн байгууллагаас хөндлөнгийн хяналт тавина. Түүнээс уламжлалт аргаар оршуулж болно.

 

Өнөөдрийн байдлаар 500 гаруй мянган иргэн ковидоор өвдөөд эдгэрчээ. Эдгээр иргэдэд ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ зайлшгүй хэрэгтэй байгаа юм. Тиймээс бидний дараагийн тактик бол нөхөн сэргээх эмчилгээ хийдэг болох ёстой. Манай эмнэлгийн тусламж үйлчилгээний газраас удирдамж гаргаад эмнэлгүүддээ чиглэл өгсөн. Ер нь бол хувийн болон улсын эмнэлгүүд нөхөн сэргээх эмчилгээг хийж эхэлсэн байгаа. Ковидын дараа илэрч болох шинж тэмдгийг бууруулах, нөхөн сэргээх үүднээс эмчилгээ хийх шаардлагатай.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.