| | USD/MNT 0₮

Хорих 461-р анги хоригдогч нартаа муудсан хоол, хугацаа нь дууссан бараа зарж мөнгө хүүлдэг

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий  газрын харъяа байгууллага болох Урьдчилан хорих 461-р анги дээр түр саатуулагдаж буй олон хоригдогч нар бий. Тэднээр далимдуулж тус хорих ангийн дарга удирдлагууд мөнгө хүүлдэг бөгөөд хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг зарж ашиг олдог байна.

Тодруулбал, 461-р хорих анги үүдэндээ хүнс болон ахуйн бараа бүтээгдэхүүн зардаг дэлгүүр ажиллуулдаг. Хорих ангид саатуулагдан шалгагдаж буй бүх хоригдогч нарт гаднаас нэг ширхэг чихэр ч оруулж болдоггүй дотоод журамтай. Энэ журмаараа халхавч хийж хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн, хүйтэн, муудсан махтай хоолыг зарсаар иржээ.

Тус хорих ангид буй хоригдогч нар дээр долоо хоногт нэг удаа буюу Мягмар, Лхагва гарагийн аль нэг өдөр эргэлтээр ар гэрийнхнийг нь уулзлуулдаг байна. Энэ уулзалтаар гаднаас аливаа хүнсний бүтээгдэхүүн болон ахуйн хэрэглэл оруулдаггүй. Зөвхөн 461-р ангийн хүнсний дэлгүүрээс худалдаж авсан бүтээгдэхүүнээ дотогш оруулдаг.

Уулзалтын дараа торны цаана тухайн хоригдож нар өөрт хэрэгтэй байгаа зүйлээ ар гэрийнхэндээ болон өмгөөлөгч нартаа хэлж тэд тухайн хорих ангийн дэлгүүрээс өндөр үнээр худалдан авч дотогш оруулдаг. Ингэхдээ хүнсний дэлгүүрийн бүтээгдэхүүнийн хугацаа, үнийн дүнг хэлдэггүй бөгөөд зарж буй хоол нь ямар хоол байгааг харуулахгүй шууд ууталж баглаад цааш оруулдаг юм билээ.

Энэ талаар эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулахаар ажиллахад, энэ зарж буй бүтээгдэхүүнд хэн ч анхаарал хандуулж шалгаддаггүй болох нь тодорхой байв. Тэр ч бүү хэл хүн идэхийн аргагүй хоол оруулдаг гэх бөгөөд хоригдогч нар ар гэрийнхнийхээ өндөр үнээр авч оруулсан хоолыг идэлгүй шууд хаядаг аж.

Түүнчлэн хүнсний дэлгүүр нь аль нэг банкны картаар үйлчлэхгүй, интернэт банкаар гүйлгээ хийхгүй байхаар зохицуулагджээ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн санхүүгийн хяналтгүй, нотлох баримт үлдээхгүй гүйлгээ хийдэг гэсэн үг.

Хоригдогч нар ч гэсэн торны цаанаас эрүүл аюулгүй хүнс хэрэглэх эрхтэй. Харин тэдний хүн байх анхан шатны хэрэгцээ болох хүнсний хэрэглээг хясан боогдуулах замаар өөрсдөө ашиг олж байгааг хэзээ шалгах вэ.

Энэ асуудалд ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав мэддэг болов уу. Эсвэл мэдсэн ч мэдээгүй мэт царайлсаар ирэв үү гэдэг асуудал их сонин. Удирдаж байгаа байгууллага дээр нь хүний эрх зөрчигдөж байхад яагаад ямар ч арга хэмжээ авахгүй байна вэ. Эсвэл өөрөө ашиг хүртдэг байж болзошгүй гэх хардлага төрж байгаа юм.

Энгийн иргэдэд хатуурхаж хоолох хэрэгцээгээр нь далимдуулж хөлжиж болдог. Харин өндөр дээд албан тушаалтан, баян нөхдүүд шүүхийн шийдвэрээр хоригдохоор ирсэн ч гаргаад явуулдаг завхрал тэнд чимээгүйхэн нуугдсаар.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа байгууллага болох Урьдчилан хорих 461-р анги дээр түр саатуулагдаж буй олон хоригдогч нар бий. Тэднээр далимдуулж тус хорих ангийн дарга удирдлагууд мөнгө хүүлдэг бөгөөд хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийг зарж ашиг олдог байна.
Нийгэм

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.