| | USD/MNT 0₮

Ч.Номин:Хүүхдийн фондод цугларсан хоёр тэрбумыг одоо болтол шилжүүлээгүй байна

Соёлын сайд Ч.Номинтой соёлын салбарт хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудын талаар болон нийгэмд шүүмжлэл дагуулаад буй Циркийн барилга болон Хүүхдийн фондын хоёр тэрбум төгрөгийн асуудал, соёл урлаг болон кино урлагийн салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцлаа.

-Соёлын яам байгуулагдснаараа бодлогогүй явж ирсэн соёл урлагийн салбар бодлоготой, тогтвортой явна гэж ойлгож байгаа. Соёлын сайдын хувьд цаашид яаж ажиллах вэ?

-Өнөөдрийг хүртэл соёл урлагийн салбарын бодлого тогтворгүй байсан. Цаашдаа соёлын салбар тогтвортой суурь бодлоготой явахгүй бол  бидний хувьд ямар асуудал тулгарах вэ гэхээр үр хүүхдүүд маань өөрийн гэсэн соёлын ойлголтгүй, хүний соёлын дайрлагад өртөх боломжтой. Соёлын дархлаагүй, оюун санааны дархлаа дутмаг нөхцөл үүснэ. Тиймээс Засгийн газраас энэ нөхцөл байдлыг олж хараад Соёлын яам байгуулъя, яамаараа дамжуулаад соёлын бодлогоо тодорхой болгоё гээд байгуулсан. Монгол Улсын соёл бүх цэгт хүрэх ёстой гэсэн суурин дээр босоо удирдлагатай болсон. Орон нутагт соёлын хэлтэстэй болж байна.

Хааны алба халаатай эзний алба ээлжтэй гэгчээр би сайдаар удаан байхгүй байх. Гэхдээ би байгаа хугацаанд энэ салбарт гурван бодлого тодорхойлсон байгаа. Тодруулбал, үндэсний нэгдмэл үнэт зүйл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг, бүх нийтийн соёлын боловсролд анхаарч ажиллана.

Бид нар энэ соёл урлаг гээд байгаа зүйлээ хүний хэрэгцээнд оруулж, эдийн засгийн суурьтай болгож өгнө. Түүнээс хэрэгтэй үедээ зугаа гаргагч байж болохгүй. Хүний бүтээлч сэтгэлгээ гэдэг бол бусдад хэрэгтэй шинэ санааг гаргаж бий болгодог процесстой. Нөгөө талд нь техник технологитой, үүнээс гадна өөрийнхөө соёлын онцлогтой нийлүүлж гаргаж ирсэн эдийн засаг байгаа юм. Энэ эдийн засгийг хөгжүүлж авч явснаар соёлын салбар маань тогтвортой өөрийн гэсэн орлоготой болно. Энэ маань бидний хувьд том бодлогын минь нэг байгаа.

Миний баримталдаг гол зарчим бол юмыг сууриар нь судлах ёстой гэж үздэг. Сүүлийн 9 сарын хугацаанд соёл урлагийн салбарт нэгдсэн чанарын судалгаа хийсэн. Түүнээс цааш тоон судалгаа хийж дуусч байна. Үүн дээрээ тулгуурлаад бодлогоо тодорхойлж байгаа. Цаашдаа эрхзүйн орчныг бүрдүүлж өгөх, мөн оюуны өмчийг хамгаалах гэх мэт эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгнө. Дэд бүтэцтэй болох, ур чадварыг нь нэмэгдүүлж өгөх шаардлагатай.

-Соёлын салбарт дутагдаж байгаа гол хүчин зүйл бол боловсон хүчин байгаа. Үүнд яаж анхаарч ажиллах вэ?

-Хамгийн гол нь бид боловсон хүчин болон авьяас билгээ бэлтгэнэ. Монгол Улсын хэмжээнд соёлын салбарт ямар боловсон хүчин дутагдалтай байна вэ, мэргэжлийн урлагийн ямар хүмүүс дутагдалтай байна вэ гэдгийг судалж гаргаж байна. Соц үед тодорхой хүмүүсийг олон улсад сургаж бэлтгэж ирсэн. Тэр хүмүүс олон бүтээл хийж өгсөн. Жишээлбэл, Жанцанноров, Шарав гуай гээд сайхан бүтээл төрүүлсэн алдартнууд. Тэгвэл дараа үеийнхээ урлагийн мэргэжилтнүүдээ сургах хэрэгтэй байна. Ер нь бол авьяас билэгтэй бусдаас ялгарч байгаа хүмүүс хангалттай байна. Тэгвэл энэ хүмүүсийг орчин үеийн урлагт нь сургаж, тэр хүмүүс юу хүсээд байгааг мэдрүүлж бүтээл гаргах боломжийг гаргах шаардлагатай учраас тийм хүмүүсийг олон улсад сургах судалгааг сайн хийж байна. Жишээлбэл, хөг дутна гэж ярьдаг. Тэгвэл манай улсад ямар хөг дутаад байгааг судлах хэрэгтэй.

-Соёлын салбарт дэд бүтцийг бий болгоно гэж яриад байгаа?

-Тийм. Бид соёлын бүтээлч өв цогцолборыг хийх суурийг тавьж байгаа. Тодруулбал, Хөшигийн хөндийг дагасан том бүтээн байгуулалт явж байна. Хөшигийн хөндийн дунд соёлын гудамж, цогцолбор бий болгохоор хамтарсан судалгаанд орж байна.

-Кино урлагийн салбарт ямар шинэчлэл өөрчлөлт гарах вэ, мөн яаж хөгжүүлэх вэ?

-Кино урлагийн салбартай холбоотой зөрүүтэй ойлголт буруу мэдээлэл байгаа. Соёлын салбарын хамгийн том тод салбар бол кино урлаг. Бусдыгаа дагуулж байгаа салбар учраас хамгийн түрүүнд Кино урлагийг дэмжих хууль батлагдаж гарсан. Үүнийг дагаад бид нар кино урлагийн зөвлөлтэй болно. Зөвлөлөөрөө дамжуулж үйл ажиллагаа явагдана. Энэ зөвлөл нь гурван бодлогын хөтөлбөрийн суурь буюу кино урлагийг дэмжих хөтөлбөр, олон нийттэй харьцах хөтөлбөр гэх мэт. Манай улсад кино урлагийг хөгжүүлнэ. Кино урлагийг хөгжүүлэх түгээх өөр өөр шатлалд нь тэтгэлэг өгнө. Мөн хамтарсан кино бүтээхэд тэтгэлэг өгнө. Улс орон болгон Кино урлагийн сантай байдаг. Тэгвэл манай кино урлагийн сангаас тодорхой хэмжээний санхүүжилт аваад Францын кино урлагийн сангаас тодорхой хэмжээний санхүүжилт аваад нэгдсэн хамтын бүтээл гаргавал энэ бол хоёр улсад кино нь хүрэх, дэлгэцийн бүтээл болох боломжтой. Олон улсын том сургуулиудад кино урлагийн чиглэлээр сурах хүсэл сонирхолтой уран бүтээлчдэд тэтгэлэг өгнө. Кино урлагийг олон нийтэд хүргэх хөтөлбөр гэж гарч байгаа.

Нөгөө талдаа кино үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг юу гэсэн үг бэ гэвэл арилжааны чанартай кинонууд орж ирнэ гэсэн үг. Гадаадын кино манай улсад орж ирээд тодорхой хэмжээний зардал гаргаж гарсан бол тодорхой хувийг нь буцааж олгоно. Энэ нь олон улсуудтай өөрийнхөө улсыг өрсөлдүүлнэ гэсэн үг. Мөн Монголын арилжааны кинонуудад хөнгөлттэй зээл олгоно. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад киногоор дамжуулж боловсрол олгох хөтөлбөрийг бий болгоно. Түүнчлэн кино урлагийн цахим сантай болно. 100 сая ам.долларын зардлаар бүтсэн киноны 30 саяыг нь буцаан олгоно гэж зарим хүн ойлгоод байгаа. Гэтэл хуулийн төсөл дээр Монгол Улсад зарцуулсан мөнгөний 30 хувийг буцаан олгохоор заасан.

-Өнгөрсөн хавар Музейн тухай хуультай боллоо. Уг хууль музейн хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

-Энэ хуулиар музейн ажилтан албан хаагчдын нийгмийн асуудал, дээр нь шинээр хувийн музей байгуулагдах боломжууд, үзмэрүүдийн хадгалалт, хамгаалалт гээд бүх талаас нь харсан чамбай хууль болж гарч ирсэн. Энэ салбарт олон жил ажилласан мэргэжилтнүүдийн туршлага дээр тулгуурлаж хийсэн сайн хууль байгаа.

Орон нутагт соёлын үрийг яаж тарих вэ. Мөн соёлын байгууллагуудыг хөгжүүлэхэд ямар урамшуулал олгодог байх вэ?

-Орон нутаг дахь соёлын байгууллагуудыг гүйцэтгэлээр урамшуулал олгодог болно. Тодруулбал, төрөөс суурь зардал уран бүтээлийн зардлыг олгохоос гадна гүйцэтгэл дээр суурилсан урамшуулал олгох бодлого хэрэгжүүлнэ. Энэ шинэчлэлийг хэрэгжүүлснээр орон нутаг дахь соёлын байгууллагууд шинэ шатанд гарна.

иркчид болон циркийн барилгын асуудал олны шүүмжлэл дагуулж байна. Соёлын сайдын хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Циркийн уран бүтээлчид сүүлийн хоёр жилийн хугацаанд зогсонги байдалтай байлаа. Тиймээс салбар яамнаас уран бүтээлийг нь тасалдуулахгүй байх үүднээс 2022 оны төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, орон нутгаар аялан тоглолт зохион байгуулахаар болсон. Уран бүтээлээ хийх тал дээр нь анхаарч дэмжинэ.  Энэ бол богино хугацааны шийдэл юм. Монголын циркчид ур чадвараараа дэлхийд гайхагдаж, олон улсад эх орныхоо нэрийг гаргаж яваа. Энэ хүмүүсийн залгамж халааг бэлтгэх сургуулийн асуудал тулгамдаж байна.

Одоогийн циркийн байшин барилгын асуудалтай холбоотойгоор манай яамны  зүгээс байр сууриа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Монголын үндэсний циркийн удирдлагад “Барилгын засварын ажлыг яаралтай дуусгаж, уран бүтээлчдийг бэлтгэл хийх боломжоор хангах шаардлагатай байна” гэдэг санал явуулсан. Бидэнд эргээд тодорхой хариулт өгөөгүй.

Саяхан циркийн барилгын асуудлаар уулзалт хийсэн. Засварын ажлыг хийх хөрөнгө оруулалт, зураг төслөө бүрэн гаргачихсан. Менежментийн хувьчлалаар хийсэн гэрээнийхээ дагуу ашиглалтад оруулж, циркийн уран бүтээлчдийг дасгал сургуулилалт хийх байраар хангана гэсэн. Бид дахин шинэчилсэн гэрээ хийхээр ярилцаж байна. Энэ гэрээгээр циркийн уран бүтээлчдийг бэлтгэл сургуулилалтаар хангахаар тусгасан байгаа. Нөгөө талдаа хөрөнгө оруулалтын сайжруулалтыг сайн хийж байгаа. Түүнээс огт байхгүй болгосон зүйл байхгүй.

-Хүүхдийн төлөө фондын мөнгийг өнөөдрийг хүртэл Хөдөлмөр нийгэм хамгааллын яам руу шилжүүлээгүй байгаа юм билээ. Ямар асуудал дээр гацсан байгаа юм бэ?

-Хүүхдийн төлөө фондыг сэргээж, төрийн бус байгууллагын дансанд хандивын мөнгийг цуглуулсан. Энэ бол миний сайд байх үеийн үйл ажиллагаа биш. Өөрөөр хэлбэл, Соёлын яамны нэр дээр хандивын мөнгө цуглараагүй. Албан ёсоор хэлэхэд Соёлын яам салбарын дэд сайд ч юмуу, хэн нэгэн хандивын мөнгийг өгөхгүй гэсэн үйлдэл байхгүй. Бидний зүгээс сүүлийн зургаан сарын хугацаанд “Иргэдээс цугласан хандивыг хүлээж аваач ээ, хурдан дүрэм журмаа батлаач ээ” гэдэг байр суурь илэрхийлж, тодорхой хэлэхэд цуглуулсан хандивын мөнгийг энэ чиглэлээр ашиглаачээ гэсэн санал тавьсан. Анхнаасаа хандивын мөнгөөр Хүүхдийн номын сан, Хүүхэлдэйн театр барих зорилготой байсан. Тийм учраас энэ мөнгийг буцааж өгөхдөө яг энэ чиглэлээр л зарцуулна гэдэг харилцан ойлголцол бий болох шаардлага үүссэн. ТББ-аас олон хүний хандив цуглуулсан учраас гол зорилгынхоо дагуу зарцуулах хүсэлт тавьсан байгаа юм.

-Хэрвээ мөнгийг нь шилжүүллээ гэхэд танай яам хяналт тавиад явчихна биз дээ?

-Хэрвээ мөнгө нь шилжүүлэгдвэл харьяаллынхаа дагуу Соёлын яаманд хамааралтай болчихно, бид хяналт тавина. Энэ мөнгийг дээрх хоёр барилга, номын санд зарцуулагдаасай гэж хүсэж буй. Мэдээллийн хувьд зөрүүтэй мэдээлэл яваад байх шиг. Хандивыг нь өгөхгүй гээд байгаа зүйл байхгүй. Харин ч аваачээ гэж хандсан. Гэхдээ авахдаа дээрх хоёр зарчмыг барих ёстой.

-Соёлын яамнаас томоохон бүтээн байгуулалтын ажил хийхээр төсөв төсөвлөжээ. Үүний хажуугаар түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, хамгаалахад хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Миний байр суурь бол нэгэнт бүтээсэн барилгыг сэргээн засварлаж, цааш нь авч явах ёстой. Бид соёлын өвөө хадгалан хамгаална. Тийм учраас ирэх оны төсөвт Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажлыг бодлогодоо оруулж тусгасан. Би сайд байх хугацаандаа аль болох тухайн соёлын дурсгалт барилга өвөө сэргээн засварлахад түлхүү анхаарна. Мэдээж бүгдийг нэг дор засварлах боломжгүй. Тийм учраас нэн шаардлагатай байгаа түүхэн дурсгалт барилгын жагсаалт гаргаж сэргээн засварлана.

-Ирэх оны төсөвт Соёлын сайдын багцад чамгүй мөнгө тусгасан байсан. Энэ нь шүүмжлэл дагуулж эхэлжээ?

-Төсвийн хувьд өмнө нь Соёлын яамгүй байсан учраас их, бага гэж ярихад учир дутагдалтай. Яагаад гэхээр өмнө нь соёлын салбарт тодорхой хэмжээний төсөв тавигдаж байгаагүй. Ер нь нийт төсвийн 2,6 хувь л байгаа юм. Миний хувьд энийг их гэж үзэхгүй байна. Цаашид ч нэмж өсгөх ёстой. Мэдээж үүнд бүтээн байгуулалтын ажил багтаж буй. Миний хувьд нэгэнт эхэлсэн ажлуудаа дуусгах зорилт тавьсан. Мөн дуусч байгаа ажлуудыг ашиглалтад оруулна. Ашиглалтад оруулчихсан ч дотор нь тоног төхөөрөмжгүйгээс болж эргэлтэд орж чаддаггүй. Бид нар байшин барилга барьж байгааг хөрөнгө оруулалт гэж хараад байдаг. Гэтэл хүний оюун санаан дотор ялгаагүй байшин барьж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр байшиндаа илүү их төсөв тавих ёстой. Соёлын сайдын багц дотроо арга хэмжээ талдаа 10 тэрбум төгрөг тусгасан. Хүмүүс ямар их мөнгө вэ гэж боддог байх. Гэхдээ хүндээ харьцуулаад бодоод үзэх хэрэгтэй. Гурван сая хүний тархин дотор байшин барихад 10 тэрбум төгрөгөөр хөрөнгө босгож байна.

 

 

 

 

Миний байр суурь бол нэгэнт бүтээсэн барилгыг сэргээн засварлаж, цааш нь авч явах ёстой. Бид соёлын өвөө хадгалан хамгаална. Тийм учраас ирэх оны төсөвт Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музейг сэргээн засварлах ажлыг бодлогодоо оруулж тусгасан. Би сайд байх хугацаандаа аль болох тухайн соёлын дурсгалт барилга өвөө сэргээн засварлахад түлхүү анхаарна. Мэдээж бүгдийг нэг дор засварлах боломжгүй. Тийм учраас нэн шаардлагатай байгаа түүхэн дурсгалт барилгын жагсаалт гаргаж сэргээн засварлана.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.