| | USD/MNT 0₮

Хоёр ч удаа өвдөг шороодсон Э.Батшугар аавынхаа буянаар УИХ-ын гишүүн болов

Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт явуулсан УИХ-ын нөхөн сонгууль нэлээд шуугиантай болж өнгөрлөө. УИХ-д олонхи болсон Монгол ардын намаас тус тойргуудад нэр дэвшигч Э.Батшугар, Ц.Идэрбат нар хамгийн олон санал аван  УИХ-ын гишүүн болж, тангараг өргөлөө. Гэвч ирц бүрдээгүй тойргоос тэд гишүүнээр сонгогдож гарч ирсэн нь олонхи болсон” МАН”-тай холбоотой гэж хардах хүмүүс олон бий…

Учир нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар Сонгинохайрхан дүүрэгт УИХ болон орон нутгийн сонгуулиар хоёр ч  удаа нэр дэвшээд, өвдөг шороодсон. Харин түүний аав намаа зарж, МАН-тай нэгдсэний нэг зорилго нь хүүгээ УИХ-ын гишүүн болгох байсан нь биеллээ олох шиг.  СХД-т сонгуулийн насны 122974  иргэн бий. Тэдний 48 хувь нь нөхөн сонгуульд саналаа өгсөн. Үүнээс 28537 нь Э.Батшугарт саналаа өгсөн байгаа юм. Хүүгээ гишүүн болгох нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын намаа хүчингүй болгож, намаа зарсны ердөө нэгээхэн хэсэг. Цаашаа олон асуудал яригдаж биз. Харин

МАН-ын хувьд үнэхээр шилдэг залуу боловсон хүчин дутуу учраас Э.Батшугарыг нэр дэвшүүлэв үү. Аль эсвэл нэг суудал бөглөж, бялуу хуваалцах хүн хэрэгтэй учраас намын нэгдлийн тохиролцоогоор түүнийг гишүүнд зүтгүүлэв үү. Ямартай ч олон сар намын нэгдэл ярьж, хүүгээ УИХ-д оруулах Н.Энхбаярын тохиролцоо үр дүнд хүрсэн бололтой. Гэвч сөрөг хүчнийхэн Э.Батшугарыг тийм таатай хүлээж авахгүй байгаа. Эхнээсээ сонгуульд МАН-аас бор халзан хонь нэр дэвшсэн ч гарах байлаа хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлсээр.

Харин  Э.Батшугарын хувьд юу хийж чадах, хэрхэн ажиллахыг харахад хоёрхон жил л үлдлээ.

Нөхөн сонгуулийн хамгийн их сонирхол татсан зүйл нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тойрогт хэн түүний оронд сонгогдох эсэх. МАН-аас олон ч хүн нэр дэвшихээр яригдаж байсан ч эцэст нь намын бага хурлаар Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг нэр дэвшүүлэхээр болов. Түүний хувьд улсдаа хийсэн ажил, танигдсан зүйлгүй ч аймагтаа засаг ноён гэх. У.Хүрэлсүхийн хувьд өөрийнхөө талын гэх өөр  хүнийг нэр дэвшүүлэхээр яригдаж байсан ч Бага хурал дээрээ Ц.Идэрбатыг дэмжээд гараа өргөсөн гэдэг. Өөрөөр хэлбэл, Ц.Идэрбатын аз нь гүйж, УИХ-ын танхимд орж, гишүүн гэх эрхэм алдрыг хүртэв.

Эцэст нь дүгнэхэд,  нөхөн сонгуульд хэн нэгэн хүн болон намын түлхээс бологсод, сошиал од, өөрсдийгөө шударга иргэн гэж нэрлэсэн намчид Монгол төрийн сэнтийд залрахаар нэр дэвшлээ. Сонгуулийн ирц бүрдээгүй нь ч  сонголтгүй сонгууль болж байгаагийн илрэл гэж харж болох талтай.  Уг нь хэн нэгний тохиролцоогоор бус жинхэнэ шударга зарчмаар нэр дэвшигчийг тодруулж байж, түмнийг төлөөлөх түшээд нь зөв хүмүүс сонгогдох учиртай юм. Гэвч намын том ах нарын түлхээсээр тэдний гар хөл болсон хэдэн дүү нар нь парламентын танхимд орж буй нь харамсалтай…

УИХ-д олонхи болсон Монгол ардын намаас тус тойргуудад нэр дэвшигч Э.Батшугар, Ц.Идэрбат нар хамгийн олон санал аван УИХ-ын гишүүн болж, тангараг өргөлөө. Гэвч ирц бүрдээгүй тойргоос тэд гишүүнээр сонгогдож гарч ирсэн нь олонхи болсон” МАН”-тай холбоотой гэж хардах хүмүүс олон бий…
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.