| | USD/MNT 0₮

Төлбөрийн чадваргүй яллагдагчид хуульзүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг сайжруулна

 
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвөөс “Иргэдийн оролцоо” төслийн дэмжлэгтэйгээр “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн уялдаа холбоо” болон “Хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад байгууллагын оролцоо” сэдвээр сургалт, хэлэлцүүлгийг 2021 оны аравдугаар сарын 08-нд “Туушин” зочид буудалд зохион байгууллаа.  
 
Сургалт, хэлэлцүүлгийн хүрээнд хуульч, ахлах улсын өмгөөлөгч Г.Наранбаатар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн уялдаа холбоо” сэдвээр, Хууль зүйн туслалцааны төвийн Захирал А.Оюунчимэг “Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаан дахь төрийн байгууллагуудын оролцоог сайжруулах эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдвээр хэлэлцүүлэг хийсэн. Ахлах мэргэжилтэн Т.Хулан тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоо, гэмт хэргийн гаралт, төлбөрийн чадваргүй яллагдагчийн эзлэх хувь, улсын өмгөөлөгчийн ажлын ачаалал зэргийг харгалзан Төвийн салбарт ажиллах улсын өмгөөлөгчийн орон тоог шинэчлэн тогтоох асуудлыг танилцуулж, санал солилцсон юм.
 
Сургалт, хэлэлцүүлэгт улсын өмгөөлөгчид, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа, шүүн таслах ажиллагаанд оролцдог төрийн болон хуулийн байгууллагын төлөөлөл оролцож, өөрсдийн саналыг хуваалцсан бөгөөд улсын өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ “Бид хувиараа ажиллаж байгаа өмгөөлөгчдөөс маш их ялгаатай. Улсын өмгөөлөгчид бол Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд заасан төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тусгай субъект. Бид дандаа төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцааг үзүүлдэг. Бидэнд төрөөс цөөн хэдэн төгрөгийг олгодог. Энэ нь унааны зардалд дийлэнх нь зарцуулагддаг. Тиймээс энэ асуудалд анхаарах нь чухал байгаа. Мөн хэрвээ бид төрд ажиллаж байгаа л юм бол төрийн албан хаагчдын адил урамшууллыг олгодог байх нь зүйтэй. Үүнийг хуульд сайн суулгаж өгөх нь чухал байна.” гэдгийг уламжилж байсан. 
 
Мөн Хууль зүйн туслалцааны төвийн Захирал А.Оюунчимэг “Иргэдийн оролцоо” төслийн дэмжлэгтэйгээр улсын өмгөөлөгч нар шат дараатай олон сургалт, хэлэлцүүлгийг хийж оюуны хөрөнгө оруулалтыг авч чадаж байна. Түүнчлэн хуулийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж цаашид хэрхэн хамтарч ажиллах, сургалтыг хэрхэн уялдуулах гэсэн олон чухал асуудлыг хэлэлцүүлж байгаа” гэдгийг дурдаад, чухал ач холбогдолтой асуудлуудыг хэлэлцүүлж, санал солилцох боломжоор хангаж буй “Иргэдийн оролцоо” төслийн хамт олонд талархал илэрхийлсэн юм.
 
Сургалт, хэлэлцүүлгийн үр дүнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн уялдаа холбоог сайжруулах, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаан дахь Засаг даргын оролцоог хэрхэн тодорхой болгох талаар үр дүнтэй саналууд гарсан бөгөөд саналыг нэгтгэн холбогдох эрх бүхий байгууллагад уламжлахаар болсон.
 
Мөн энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа, шүүн таслах ажиллагаанд оролцдог төрийн болон хуулийн байгууллагуудын оролцоог сайжруулж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц болсон юм.
 
Дашрамд сонирхуулахад, Хууль зүйн туслалцааны төв нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-д "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... хууль зүйн туслалцаа авах", тавин тавдугаар зүйлийн 2-т "Шүүгдэгчид энэ эрхээ эдлэхэд хүсэлтээр нь буюу хуульд зааснаар хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлнэ", Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын Пактын 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “d”-д “...өөрийгөө биечлэн өмгөөлөх буюу өөрийн сонгон авсан өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, ...өмгөөлөгчийн хөлсийг төлөх хүрэлцээтэй мөнгө хөрөнгө байхгүй бол үнэ төлбөргүй үйлчлүүлэх” болон төлбөрийн чадваргүй яллагдагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэх тогтолцоо, зохион байгуулалтыг хэрэгжүүлэн ажилладаг билээ.
 
 
 
 
 
 
 
 

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвөөс “Иргэдийн оролцоо” төслийн дэмжлэгтэйгээр “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн уялдаа холбоо” болон “Хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад байгууллагын оролцоо” сэдвээр сургалт, хэлэлцүүлгийг 2021 оны аравдугаар сарын 08-нд “Туушин” зочид буудалд зохион байгууллаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.