| | USD/MNT 0₮

Н.Айлтгүй:Миний данснаас 20 сая төгрөг хакердсан хүмүүсийн нэр, хаяг байршил тодорхой байхад ХААН банк, цагдаагаас барьж илрүүлж чадахгүй байна

-Хаан банкны захирлууд хуралдаад “Таны мөнгийг нөхөн төлөх боломжгүй гэж хэлсэн, банкнаас хохирлыг минь барагдуулахыг л шаардана-

Хаан банкнаас их хэмжээний мөнгөө алдсан хохирогчид өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн билээ. Тодруулбал, Хаан банкныхаа данснаас шөнө 20 сая, 5 сая, 400 мянга, 10 саяар нь мөнгөө алдсан иргэд хэвлэл мэдээллийнхэнд хандсан байгаа. Монголын иргэн бүр банкинд хадгаламжтай, данстай, мөнгөө эрсдэлгүй хадгалуулна гэж тухайн банкийг өөрөө сонгодог. Гэтэл 200 гаруй иргэний мөнгө гэмт хэргийн журмаар алдагдаж, Хаан банкны үйлчлүүлэгчид цагдаагийн байгууллагад хохирогчоор тогтоогдож явна гэдэг хүний эрхийн зөрчил хэмээн хуульч Ц.Монгол хэлсэн юм.

Үйлчлүүлэгчийнхээ нууцлалыг хамгаалж, хариуцлагатай хандаагүй Хаан банкнаас иргэд татгалзаж, хадгаламжаа цуцлуулж, мөнгөө татаж эхэлсэн байгаа юм. Ингээд хамгийн их мөнгө болох 20 сая төгрөгөө алдсан Н.Айлтгүйтэй ярилцлаа.

-Сайн байна уу, та яг хэзээ өөрийнхөө Хаан банкны данснаас хэдэн төгрөг алдсан бэ?

-Миний интернэт банкны нууц үг 2020 оны наймдугаар сарын 21-ний шөнө солигдсон. Тэр шөнөө 20 сая төгрөг миний данснаас гараад явсан. Шөнө мессэж ирсэн. Тэр мессэж нь “Таны нууц үг солигдлоо” гэсэн мессэж. Тэр үед буюу 21-ний шөнө 03:15 цагт найман сая, 03:20 цагт дахин найман сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Гэтэл уг гүйлгээний тухай мессеж мэдээлэл гар утсанд өглөөний 07:40 цагт ирсэн. Мөн 07:00 цагт, тус тус хоёр сая төгрөгийн гүйлгээ хийгдэж, нийт 20 сая төгрөгөө алдсан юм. Хамгийн сүүлийн мессеж мэдээлэл 09:40 цагт ирсэн. Тэр өдөр өглөө харилцагч банкан дээр очиж, юу болсон тухайгаа хэлтэл бичиг баримт шалгаад, таны 20 сая төгрөгийг маань хэн гэдэг ямар хүний данс руу шилжүүлсэн тухай хэлсэн.

-Ямар хүний данс руу шилжсэн юм бол. Тэр талаар мэдээлэл өгсөн үү?

-Надад н.Учрал гэдэг хүний данс руу 16 сая Төгсжаргал гэдэг хүний данс руу үлдсэн дөрвөн сая төгрөгийг шилжүүлсэн байна билээ. н.Учрал гэдэг хүн 10 сая төгрөгийг нь данснаасаа авсан тухай мэдээллийг Хаан банкнаас өгсөн. Тэгэхээр нь энэ миний мөнгө юм байгаа. Тэр хүний дансыг хааж өгөх тухай хүсэхэд Хаан банкнаас “Бид хувь хүний дансыг шууд хаах эрх байхгүй. Заавал цагдаагийн байгууллагаас зөвшөөрөл авч байж хаана” гэж хэлсэн. Би Учрал гэж хүнийг огт танихгүй. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан. Наймдугаар сарын 21-нд баасан гариг байсан. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж, өргөдөл гомдлоо бичсээр байтал ажлын өдөр дууссан. Ажлын бус өдөр гэж хоёр хоног алдсан. Ингээд цагдаа болон Хаан банканд өргөдөл, гомдол өгснөөс хойш сар гаруй хугацаа өнгөрч, байцаагч маань дөрвөн ч удаа солигдсон. Дөлгөөн гэж байцаагч руу залгахаар уулзах боломжгүй, завгүй гэдэг. Эсвэл утсаа авдаггүй. Тэгж явсаар байгаад өдийг хүрчихэж байгаа юм. Дээр нь цар тахлын улмаас хөл хорионы үе таарсан.

-Яагаад дөрвөн байцаагч дамжих болов?

-Би 20 сая төгрөгөө алдсанаас хойш БГД-ийн Цагдаагийн II хэлтсээр сар орчим нааш, цааш явсан. Эрүүгийн хэрэг үүсгэгдээд явж байтал прокуророос бүтэн 20 хоног өнгөрчихөөд байхад “Гүйлгээ хийсэн байршил “Өргөө” кино театрын ойролцоо АТМ учир энэ хэргийг БГД-ийн I хэлтэс рүү шилжүүл” гээд хэсэг хугацаа алдсан. Ингээд н.Буяннэмэх гэдэг байцаагч дээр хэрэг шилжиж, дахин өргөдөл гомдлоо гаргаад хуулийн хугацаагаар 14 хоног судлагдаж шалгагдаж прокурорт очсон. Ингэж явсаар байтал ковидын хөл хорио эхэлсэн. Гуравдугаар сард н.Буяннэмэх байцаагчтай холбогдтол би өөр хэлтэс рүү шилжсэн учир таны хэрэг өөр хүн дээр очсон шүү гээд дахиад нэг эмэгтэй байцаагчид гомдол очсон. Ингэж тэгсээр дөрвөн байцаагч дамжиж явсаар, хоёр хэлтэс дээр шалгагдаад бүтэн жил өнгөрлөө, ямар ч нааштай хариу байдаггүй.

-Таны мөнгийг Учрал, Төгсжаргал гэдэг хүний данс руу шилжүүлсэн хүн хэн болохыг мэдсэн үү?

-Хамгийн гол нь хэн гэдэг хүн ямар төхөөрөмжөөр ийм хэрэг үйлдсэн нь тодорхой болсон. Тодруулбал, Шинэхүү гээд Дарханы харьяат 2000 оны хүүхэд байсан. 2017 оноос хойш цахим гэмт хэрэгт маш олон удаа холбогдсон. Энэ хүүхэд СБД, СХД зэрэг хэд хэдэн дүүргийн цагдаагийн хэлтэст цахим гэмт хэргээр шалгагдаж байсан. Шүүх хурал нь товлогдоод байх үед чөлөө авч, тэр үеэрээ миний мөнгийг аваад алга болсон юм байна билээ. Энэ хүний нэр хаяг, байршил тодорхой байна шүү дээ гэж хэлсэн. Мөн Аригун гээд дахиад нэг хүүхэд бий. Би тэр хүүхдүүдийг огт мэдэхгүй. Хаан банк, болон цагдаагийн байгууллага энэ хоёр хүүхдийг мэдэж байгаа хэр нь барьж чадахгүй өдийг хүрчихсэн. Яасан нь мэдэгдэхгүй, нуугдчихсан байх гэдэг зүйлийг л хэлээд байгаа. Ийм байдалтай явсаар өдий хүрсэн. Байцаагчтайгаа утсаар ярихаар тэр хүмүүсийг барьсан хорьсон. Удахгүй шүүх хурал нь болно гэдэг. Шүүх хурал нь хэзээ болж намайг хохирогчоор дуудахыг мэдэхгүй байна.

-Та Хаан банкны удирдлагуудтай уулзсан. Ямар хариу тайлбар өгсөн бэ?

-Би Хаан банкны удирдлагуудтай хоёр ч удаа уулзсан. Эхний уулзсан хүн нь мэргэжилтэн Энхчулуун гэж хүн бий. Миний асуудлыг шийдэж өгөх болов уу гэсэн хүлээлттэй байсан боловч чимээ аниргүй алга болчихсон. Сар гаруй хугацааны дараа дахин уулзтал хуулийн зөвлөхтэйгээ уулзуулж, захирлуудын хурлаар “Таны мөнгийг нөхөн төлөх боломжгүй” гэх шийдвэр гаргасан тухай хэлсэн. Одоо бол би Хаан банкнаас хохирлоо барагдуулахыг л шаардаж байна. Энэ хэрэг дээр банк бол хадгаламж харилцагчийн гэрээтэй учраас үүсэн хохирлыг тухайн үед нь шууд барагдуулах ёстой.

Монгол Улсын нийт хүн амын 80-90 гаруй хувь энэ банкаар үйлчлүүлдэг юм байна билээ. Гэхдээ давхардсан тоогоор юм билээ. Бид мөнгөө халаасандаа хийгээд явж байхдаа хүнд алдаагүй. Банканд бүх мэдээллээ өгч, нээлттэй байлгаж, мөнгөө хадгалуулдаг. Гэтэл банкны нууцлалын систем ямар байдалд байгаа нь энэ олон хохирогчдоос харагдаж байгаа юм. Тэр бүү хэл, хугацаатай хадгаламжнаас хүртэл мөнгөө алдсан хүн байна. Энхчулуун гэж хүн “Таниас өөр их хэмжээний мөнгө алдсан тохиолдол байхгүй” гэж хэлж байсан. Гэтэл хэдхэн хоногийн өмнө 45 сая төгрөг алдсан хүн байна шүү дээ. Мөнгөө алдсан хохирогчид нэгдэж байгаад “Хаан банкны удирдлагууд хариуцлага хүлээх ёстой, хохирол барагдуулах ёстой” гэсэн байр суурьтай байгаа. Одоо бид групп нээсэн 230 гаруй хохирогч байна.

-Хаан банкны зүгээс хохирогчдыг G-mail болон интернэт банканд бүртгэлтэй гар утасны дугаараараа нууц үгээ алдснаас энэ хэрэг үүдсэн гэх тайлбар өгсөн. Таны хувьд нууц үгээ алдах нөхцөл үүссэн үү. Танаас өөр хүн интернэт банкны тань нууц үгийг мэдэх үү?

-Миний цахим банкны нууц үгийг хэн ч мэдэхгүй, тийм ч амархан нууц үг биш. Миний интернэт банкны нууц үгийг хүүхдүүд, байтугай нөхөр минь мэдэхгүй. Миний хамгийн их харамсаж байгаа зүйл бол, өнөөдөр цахим гэмт хэрэг ихэсэж байна гэж анхааруулж байгаа ч Хаан банкны нууцлалын систем хангалтгүй, хамгаалалт нь цахим гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн мэдлэг, чадвараас дор байна гэдэг дэндүү харамсалтай. Дээрээс нь аль улс орны банкууд эрсдэлийн сантай байдаг. Гэтэл хохирогчид хэдэн арваараа хэдэн зуугаараа хохирч хохирогчдын тоо нэмэгдсээр байхад Хаан банк “Бид мэдэхгүй, төлж чадахгүй” гэсэн юм яриад байж байна.

-Хэрэг үйлдсэн хүмүүс нь тодорхой болчихоод байхад яагаад ингэж удаад байгаа талаар цагдаагийн байгууллагаас тодруулсан уу?

-Шинэхүү, Аригун гэдэг 2000 оны хүүхдүүд энэ хэргийг үйлдсэн гэдэг нь бүгд тодорхой болсон гэж хэлсэн дээ. Гэтэл тэр хүүхдүүдийг барихгүй өч төчнөөн хоносон байгаа юм. Асуух гэхээр байцаагч утсаа авахгүй болохоор нь цагдаагийн хэлтэс дээр очтол тэр хүүхдүүдийг бариад Ганц худаг дахь хорих ангид хорьсон талаар хэлсэн. Мэдүүлэг авахад маш олон хохирогч байгаа учир ял оноох байх. Ер нь бол та мөнгөө олж авч чадахгүй байх гэдэг зүйлийг мөн хэлсэн. Гэхдээ шүүх хурал болоогүй. Мэдүүлэг авлаа гэхэд хохирогчдыг дуудмаар юм .Гэтэл огтхон ч дуудаагүй.

-Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид муу ажиллаад байна уу?

-Эрүүгийн цагдаагийн газрын дэргэдэх Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч Дөлгөөнтэй 2-3 удаа холбогдсон. Утсаа авна, эсвэл авдаггүй. Өнөөдрийг хүртэл миний асуудлыг шийдвэрлэхгүй байгаа учраас кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчдыг муу ажиллаж байна л гэж хэлнэ.

-Мөнгөө алдсан зарим иргэд Хаан банкны ажилтнууд уг хэрэгт оролцсон байх магадлалтай гэх хардлага тээж байгаа. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Би бодохдоо, хүмүүсийн дансан дахь орлого, зарлага, бүртгэлийн мэдээллийг банкны ажилчид сайн мэднэ шүү дээ. Энэ тухай олон ч хүн надад хэлээд байгаа. Шууд хэлэхэд, банкны ажилчид өөрсдөө мэдээлэл задруулдаг юм болов уу гэж ч бодож хардаж байгаа. Магадлал өндөр гэдгийг хохирогчид ч хэлж байна. Тэр хүүхдүүд 2017 оноос хойш цахим гэмт хэрэг хийж өдийг хүрээд, хоригдох шатандаа ирчихээд байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа. Үүнд цагдаагийнхан өөрсдөө ч холбогддох байх. Ер нь Хаан банк, цагдаа нийлсэн бүлэг байдаг юм биш байгаа гэсэн хардлага бий.

 

Би Хаан банкны удирдлагуудтай хоёр ч удаа уулзсан. Эхний уулзсан хүн нь мэргэжилтэн Энхчулуун гэж хүн бий. Миний асуудлыг шийдэж өгөх болов уу гэсэн хүлээлттэй байсан боловч чимээ аниргүй алга болчихсон. Сар гаруй хугацааны дараа дахин уулзтал хуулийн зөвлөхтэйгээ уулзуулж, захирлуудын хурлаар “Таны мөнгийг нөхөн төлөх боломжгүй” гэх шийдвэр гаргасан тухай хэлсэн. Одоо бол би Хаан банкнаас хохирлоо барагдуулахыг л шаардаж байна. Энэ хэрэг дээр банк бол хадгаламж харилцагчийн гэрээтэй учраас үүсэн хохирлыг тухайн үед нь шууд барагдуулах ёстой.
Ярилцлага

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.