| | USD/MNT 0₮

Талийгаач Э-гийн эгч Б.Эрдэнэчимэг:Бидний хайртай дүү минь босоод ирэхгүй ч үнэнийг олж, хавтаст хэргийг дахин шалгуулмаар байна

Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 18 настай Э найзынхаа төрсөн өдрийн баярт яваад гэртээ эргэж ирээгүй. Цэцэг цэврүү шиг хөөрхөн, сэргэлэн авьяастай охиноо цаг бусаар алдсан аав ээж ах эгч нар нь бүтэн жил шар махтайгаа хатаж явна. Хэрэг явдал БЗД-ийн нутаг дэвсгэрт айлын гэрт болсон бөгөөд талийгаачийн ар гэрийнхэн хуулийн байгууллагад бүрэн итгэж, тангараг өргөсөн цагдаа, прокурорынхон энэхүү харамсалтай хэргийг үнэн зөвөөр шийдэж, шийдвэрлэж өгнө гэдэгт бат итгэж байжээ. Гэвч тэдний итгэл талаар өнгөрч, талийгаачийн гэх тодотголтой хавтаст хэргийг прокурорын байгууллага хэрэгсэхгүй болгож хаасныг мэдсэн ар гэрийнхэн нь шоконд оржээ. Тодруулбал, хэрэг мөрдсөн мөрдөн байцаагч нь хэргийг гүйцэт шалгаж,  үнэнийг олж тогтоогоогүй. Муйхарлаж шалгах ёстой өчнөөн зүйл байсныг шалгаагүй төдийгүй энэ хэрэгт өнгөц хандсан гэдэгт ар гэрийнхэн нь гомдолтой байна.

Талийгаачийн эгч Б.Эрдэнэчимэг, ээж Г.Чанцалдулам “Бид хохирогч, сайхан охиноо цаг бусаар алдаж, архины гүн хордлогод орсон гэх дүгнэлтээр хэргийг нь хаалгасанд үнэхээр гомдож байгаа. Хэргийг дахин шалгуулахын тулд удаа дараа Хуульзүйн яам болон холбогдох газруудад хандсан ч хариу өгдөггүй. Зарим нь дахиж шалгах боломжгүй гэсэн хариу өгдөг. Бид хэдэн хүн яллуулж шоронд оруулахдаа гол биш үнэнийг олж мэдмээр байна. Хуулийн байгууллага шударга ажиллаасай бидэнд чин сэтгэлээсээ хандаасай гэж хүсэж байна” гэсэн юм.  Ингээд хэрэг явдлын талаар болон хавтаст хэргийг ямар үндэслэлээр хааж, энэхүү хүн амины хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар талийгаачийн төрсөн эгч Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Сайн байна уу та?

-Сайн сайн байна уу.

-Талийгаач дүүгийнх нь хавтаст хэргийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож хаасан юм бол. Энэ талаараа тодорхой мэдээлэл өгөөч?

-Үнэхээр харамсалтай зүйл болсонд одоо ч итгэж чадахгүй, үүдээр инээгээд ороод ирэх юм шиг л санагддаг. Хэрэг явдлын тухайд яривал, өнгөрсөн жилийн аравдугаар сарын 22-ны өглөө 08 цагаас эхлээд ээж, дүү хоёр талийгаач руу залгахад ерөөсөө утсаа аваагүй. Өдөр 13.00 цагийн үед цагдаагийн газраас манай талийгаачийн утсыг аваад “БЗД-ийн 3 дугаар хэлтэст ирээ” гэж хэлэхэд нь ээж, дүү хоёр яваад очсон. Бид нар нас барсан гэдгийг мэдээгүй. Байцаагч нь шууд ээжид “Энэ охин чинь нас барчихжээ” гэж хэлэхэд ухаан алдаад унасан гэсэн. Би дүүгийнхээ утас руу нь залгаад байсан огт аваагүй. Ингээд орой 16.00 цагийн үед надад хэлсэн. Цагдаа нараас хэн ч залгаж хэлээгүй. Дүүгийнхээ утас руу нь байнга залгахад цагдаад дуудлагыг минь авч дээрх явдлыг хэлсэн. Ингээд би шөнийн 01 цагт Улиастайн эцэст очиход иргэний үнэмлэхний зургийг нь харуулаад энэ хүн мөн биздээ гэсэн. “Энэ хүн мөн байгаад яадаг юм бэ би цогцсоо харна, хүнээ харна” гэхэд задланд ороод дуусчихсан гэж хэлсэн. Задлан шинжилгээнд оруулахаас өмнө та нар яагаад мэдэгдээгүй юм бэ гэхэд “Та нарт мэдэгдэх албагүй” гэхэд үнэхээр гомдсон. Тэдэнд хүн чанар дутсан. “Эцэг эхгүй гудамжны хүн биш шдээ, яагаад хэлдэггүй юм бэ “гэж дахиж асуухад “Та нарт хэлж тайлбарлах шаардлагагүй” гэсэн. Хүнээ алдсан хүмүүст хүндэтгэлтэй хандаж болно доо.

Би энэ хэрэгт хохирогчоор ороод хавтаст хэрэгтэйгээ танилцмаар байна. Танилцах эрхтэй гэхэд мөрдөн байцаагч “Танай дүүгийн хэрэг өндрөө авчихсан хэрэг. Нийслэлийн прокурор дээр шалгагдаж байгаа, ирэхээр нь танд хэлье, дуудаж танилцуулна гэсээр байгаад ковидын хөл хорионд орж таг чиг болсон. Би байнга утсаар залгаж асуухад “Хавтаст хэрэг над дээр байхгүй байгаа” гэдэг. Тэвчээртэй хүлээсэн, аргаа бараад дахиад хавтаст хэрэг нь ирсэн үү гэж асуухад “Манайх ковид гээд гаднаас хүн нэвтрүүлэхгүй байгаа” гэдэг. Тэгвэл “хавтаст хэрэг аваад гараад ир” гэхээр гарч ирдэггүй. Ингэж явсаар байгаад надад мэдэгдэлгүй хэргийг прокурор руу шилжүүлсэн байсан. Цагаан сарын үеэр орой 20.00 цагийн үед прокуророос над руу яриад “Энэ хэрэг хаагдсан тул та хаагдсан гэх тогтоолоо ирж гардаж авна уу” гэж хэлсэн. Яагаад надад хавтаст хэргийг танилцуулаагүй байж шууд хааж байгаа юм бол гэдэгт эргэлзсэн. Ерөөсөө л миний дүүг архины гүн хордлогод орсон гэсэн үндэслэлээр хэргийг нь хаачихсан.

-Архины гүн хордлогод орсон гэдэг үндэслэлээр хэргийг хаачихсан гэлээ. Та нарт өөрөөр хардах, эргэлзэх шалтгаан байгаа юу?

-Мөрдөн байцаагч Б.Дашцэрэн урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөтэй шүү гэж хэлсэн. Гэхдээ утсаар ярьж асуухад ингэж хэлсэн байдаг. Гэтэл хэрэг шалгагдах хугацаандаа дээрх архины гүн хордлого болоод хувирчихсан. Би “Та гадны нөлөөтэй гэж хэлсэн биздээ” гэж асуухад “Шинжээч эмч нь тэгж хэлсэн шдээ” гээд мөн л өөрөөс бултуулж зайлуулсан байдаг юм.

-Хамт байсан найзууд нь нас барсан гэдгийг хэзээ яаж мэдэж, цагдаад түргэн тусламжинд мэдэгдсэн юм бол?

-Найзууд нь өглөө 08.30 цагт нас барсныг нь мэдэж түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж 09 цагт очоод 09-10 цагийн хооронд цагдаа дуудаад үзлэг хийсэн байсан. Гэвч 10 цагаас 13 цаг хүртэл талийгаачийн ар гэрийнхнийг тогтоогоогүй байсан. Аав ээжид нь хэлэх боломж байсан гэдгийг л гайхаад байгаа. Тэр найзууд нь ч аав ээжийг танина шүү дээ. Бид нар зөндөө утас руу нь залгаж байж цагдаа утсыг нь аваад хэлсэн. Гэтэл дүү маань шөнийн 01.00-03.00 цагийн хооронд нас барсан байгаа юм. Найзууд нь өглөө мэдсэн. Нэг нь “Энхжин хичээлдээ явах ёстой шдээ, ямар бөх лаг унтдаг юм бэ” гэсэн байгаа юм. Харин нэг нь бие болон хацар нүүрэнд нь хүрэхэд хүйтэн байсан гэсэн. Тэгээд нэг найз нь “Энхжин үхчихсэн байна шдээ” гэж орилоод “би энэ заваан хэрэгт чинь оролцохгүй шүү” гээд хэргийн газрыг орхиод явчихсан гэсэн. Цагдаа нар гэрээс нь очиж баривчилсан.

-Хэнийх нь төрсөн өдөр болоод талийгаач баярт очсон юм бэ?

-Энэрэлийн төрсөн өдөр Биндэрьяагийн гэрт болсон юм билээ. Миний дүүг найзууд нь дуудсаар байгаад аваачсан байдаг. Нас барахынх нь өмнө доод давхрын айлынх нь хүн “Энэ айл шуугилдаад байна” гэж цагдаа дуудсан юм билээ. Эргүүлийн цагдаа ирээд хаалгыг нь тогшиход Биндэръяа гэж хүүхэд цаад жижиг өрөөндөө ороод дүүг маань зүүн гараараа хүзүүг нь тэврээд баруун гараараа дүүгийн минь амыг дарсан гэж мэдүүлсэн мэдүүлэг нь яг нас барсан цагтай нь таарч байгаа юм. Лхам гэж хүүхэд нь хэлэхдээ тийм явдал болсноос хойш талийгч дуу гаргаагүй, хөдөлгөөн хийгээгүй гэж гэдэг. Гэтэл энэ асуудлыг огт шалгаагүй. Биндэръяагаас “Чи яагаад амыг нь дарсан юм бэ” гэж асуухад “Орилоод байхаар амыг нь дарсан” гэж хэлдэг. Үхсэн хүн үг хэлэх биш, тэд юу ч гэж хэлж ярьж болно.

-Тэр дөрвөн хүүхдээс гадна өөр хүн байсан юм болов уу?

-Харин бид хардаж байгаа. Бөөд үзүүлэхээр өөр хүн байсан байна гэдэг. Гэхдээ бөөгийн үгээр нотлох боломжгүй, баримт болохгүй.  

-Та дүүгийнхээ цогцсыг харсан уу, ямархуу байдалтай байсан бэ. Задлангийн дүгнэлт нь юу гэж гарсан юм бэ?

-Ажил явдлыг нь болохоос өмнө би дүүгээ харна гэсээр байгаад цогцсыг нь харсан. Ам нь дүүрэн цус духны хажуу тал хөхөрсөн, баруун тохой гар гээд зулгарсан бие дээрх толбо нь тухайн өдөр мохоо зүйлээр үүссэн шинэ толбо байсан.

Задлангийн дүгнэлтэйгээ машин дотор мөн л орой танилцсан. Манай дүүгийн хоолойнд боолтны ором гарсан байсан. Дээрээс биед нь маш их хэмжээний хөхрөлт, зулгаралт, няцралт байсан гэж мөрдөн байцаагч Дашцэрэнд хэлэхэд “Та цочролд орсон байна. Тэр чинь хүүрийн толбо” гэж хэлсэн. Би өөрөө хуулийн хүн өчнөөн задланд орсон хүн хүүрийн толбоо ялгаж салгаж мэдэлгүй яах вэ дээ. Би хэдий цочролд орж тээнэгэлзсэн ч хүүрийн толбо яаж үүсдэгийг мэднэ гэхэд мөрдөн байцаагч “Хүмүүс ойр дотны хүнээ алдчихаад хүүрийн толбыг ингэж хараад байдаг” гэж хэнэг ч үгүй хэлсэн. За тэгвэл шинжилгээний дүгнэлтийг харуулаад миний хэлээд байгаа зүйлүүд байгаа биздээ гэхээр “Эд нар үхэлд хүргэхгүй л гэж байгаа биздээ” гэж шууд өөрөөсөө зайлуулсан. Юунаас болж үүсдэгийг шалгасан уу гэж асуухад шалгасан бүгдийг нь байцаасан гэсэн. Гэвч тэр тухай юу ч шалгаагүй. Найзуудаас нь ганц удаа мэдүүлэг авахад дүүг маань согтчихоод унаад байсан гэдэг. Хэрвээ унасан бол хэзээ ч тийм олон тооны хөхрөлт няцралт зулгаралт үүсэхгүй. Зулгарна гэдэг хүн чирч гулдчиж байж үүсэх зүйлийг хэлнэ.

Мөрдөн байцаагч “Та энийг л сайн хараарай нотлох баримт” гэсэн. Тэр нь архины гүн хордлогод орсон гэх дүгнэлт байсан. Архины агууламж нь маш өндөр хэмжээтэй гарчихсан. “Яагаад ийм өндөр гарч байгаа юм бэ, архи уусан гэдгийг хэн нотлож байгаа юм бэ гэхээр тэр дөрвөн найз нь нотолно” гэсэн. Гэвч тэр байрнаас архи уусан гэх ул мөр гараагүй, архины шил ч гараагүй. Тэд нар гэрээ цэвэрлэчихсэн, хогоо хаячихсан байсан. Хоёр архины шилийг хаанаас олж гаргасан юм бэ гэхээр хогийн савнаас хаясан хүүхдээр нь ухуулж гаргасан гээд хавтаст хэрэгт зургийг нь аваад хавсаргасан байсан. Энэ хүүхдүүд айсандаа гэрээ цэвэрлээд хогоо хаячихсан байсан гэх тайлбар өгсөн.

Хоёрдугаарт тухайн хүүхдүүдээс тухайн үед архи уусан эсэх талаарх шинжилгээг аваагүй. Хэрэг болсноос хойш 13 хоногийн дараа шинжилгээ аваад цоо эрүүл гэсэн бичгийг хавтаст хэрэгт хавсаргасан байна билээ. Яагаад тухайн өдөр тэднээс шинжилгээ аваагүй юм бэ гэдэг нь үнэхээр сонин. Үүнийг шалгаж үзээгүй. Прокурорт хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй. Манай дүү ганцаараа 2 шил архи ууна гэж байхгүй. Уусан бол тавуулаа ууж согтоно. Манай талийгч архи уудаггүй, даруухан охин. Тэд хоёр шил архи, хоёр пиво уусан гэж байгаа. Архи уусан гэдгийг тэд болон манай талийгаачийн шинжилгээ нотолж байгаа. Архины шил хаанаас гарч ирсэн, яагаад тэднээс шинжилгээ аваагүй юм бэ гэдгийг шалгаад өгөөч гэхээр шалгаж өгөөгүй. Тодорхой хариу өгдөггүй.

Гуравдугаарт тэд цогцсыг байрнаас нь хөдөлгөсөн байх. Зургийг нь харахад орон дээр засаад тавьчихсан. Хүн тасраад унтлаа гэхэд хөл гар нь нугарна даа. Гэтэл миний дүү орон дээр тэв тэгшхэн хөл нь шулуухан хөшчихсөн байсан. Дотуур хувцас буюу левчик нь тайлагдсан байсан. Хөхөвчийг нь хэн тайлсан бэ гэдгийг мөрдөн байцаагч мөн шалгаагүй. Хэнээс ч асуугаагүй. Талийгаач танайд ирэхдээ хувцсаа тайлсан уу гэж асуусан байсан. Нэг нь “гадуур хувцсаа гутлаа тайлсан” гэж мэдүүлсэн байна билээ. Миний дүү хаана ч хувцсаа тайлдаггүй дотуур хувцас битгий хэл дотуур өмдөө ч тайлдаггүй. Гэтэл тэнд хөхөвч нь тайлагдсан байгаа юм. Үүнийг нь шалгах ёстой. Нөгөө талд тухайн хэрэгт холбогдсон дөрвөн хүүхдийн хувийн байдлыг тогтоох ёстой. Эцэг эхээс биш багш, ойр дотны найз нөхдөөс нь асуух ёстой. Гэтэл тэгээгүй, ганцхан хэрэг болсон өдөр тэднээс байцаалт аваад дахиж байцаалт аваагүй. Бид нарыг ч дуудаагүй, тэр дөрвөн найзыг нь ч дуудаагүй. Хэрэгт шалгаад өгөх мухарлаж өгөх өчнөөн асуудал бий. Яагаад энэ бүгдийг бидэнд шалгаад өгч болдоггүй юм бэ. Хүнээ алдсан бид заавал тэр дөрвөн хүүхдийг яллаж шоронд хийгээд өгөөчээ гэж хүсээгүй. Гагцхүү үнэнийг тогтоогоод өгөөчээ гэж Дашцэрэн мөрдөгчөөс хүссэн.

-БЗД-ийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид их гомдолтой байгаа гэсэн. Ямар мөрдөн байцаагч яаж ажилласан юм бэ?

-БЗД-ийн 3 дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Дашцэрэн гэж хүнд үнэхээр гомдолтой байгаа. Одоо миний утсыг ч авахгүй, “Тантай ярилцах шаардлага байхгүй” гэж хэлдэг. Би хавтаст хэрэгтэй танилцаагүй, манай өмгөөлөгч танилцаагүй байхад хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн байсан. Өчнөөн удаа гуйсан. Хавтаст хэрэгтэй нь танилцая гэж, гэтэл ковидын нөхцөл байдлаар шалтаглаж манайх хүн хүлээж авахгүй байгаа гэсэн шалтгаанаар хавтаст хэрэгтэй танилцуулаагүй. Мухайрлаж шалгах ёстой зүйлсийг шалгаагүй. Талийгаачийн утсанд тухай үед үзлэг хийгээгүй байж хийсэн мэтээр хавтаст хэрэгт бичсэн байна билээ. Яагаад миний дүүг ганцаараа хоёр жил архи уугаад архины гүн хордлогонд ороод нас барсан мэтээр ойлгуулаад хаячихаж байгаа юм бэ. Хүн чанаргүй байж болохгүй, ард түмний татварын мөнгөөр цалинжиж, тангараг өргөсөн цагдаа хүн шүү дээ.

-Талийгаач ямар сургуульд оюутан болсон бэ?

-Миний дүү Багануур дүүрэгт төрж өссөн. Багаасаа урлагт хайртай авьяастай, сагс маш гоё тоглодог. Өөрийнхөө чин хүсэл сонирхлоор Кино урлагийн дээд сургуульд жүжигчний ангид элсэн орсон. Сурагч байхын урлагийн тоглолтод урилгаар оролцдог. Дуулж бүжиглэдэг авьяастай бусдын хайрыг татсан хөөрхөн охин байсан. Кино урлагийн дээд сургуульд элсэж байгаа учраас дүүгийнхээ бие бялдрыг нь хөгжүүлж, эрүүл мэнд талаас нь ч анхааръя гээд ээж бид нар ярилцаад наймдугаар сард бүжгийн дугуйланд явуулж эхэлсэн. Ингээд 9 сарын 03-наас эхлээд оюутны хичээл нь орж эхэлсэн. Сургууль дээрээ эгчийгээ дагуулж очиход жүжигчин Гүрсэд, Даваасүрэн хоёр элсэлтээ авч байсан гэдэг. Гүрсэд багшийн ангид орно доо гэж дотроо бодож залбирч байгаа мөрөөдлөө биелүүлж хүссэн ангидаа орсон. Сургуульдаа 45 хоног хичээллэхдээ ангийнхнаа хайрыг татсан охин байсан. Хүрээлэл сайтай, найз нөхдөө эвлэрүүлдэг, хүнийг гомдоодоггүй, жүжигчин болох хүсэлдээ хөтлөгдсөн байлаа. Цаашдаа урлагаар явж урлагийн хүн болно. Аав ээжийгээ сайхан амьдруулна гэж ярьдаг байсан. Хөөрхий дөө, 9 сарын 26-нд зээ дүүгийнхээ төрсөн өдөрт харьж очоод “Аав ээж хоёр минь намайг гурван жил хүлээгээрэй, би 3 дугаар курс гэхэд аав ээжийгээ газар хүргэхгүй амьдруулах болно. Өөртөө бол бардам байна” гэж хэлээд хот руу явсан. Тэгээд эргэж ирээгүй. Хар багын найзууд нь ч хэлнэ дээ, миний дүү муухай охин байгаагүй. Өндөр нуруутай, сагс их тоглодог, хөгжилтэй алиа хүүхэд байсан. Ирээдүйд мундаг чадварлаг нэр төртэй жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй. Ангийнхан нь миний дүүд зориулж дуу ч хийсэн байна билээ. Ээж аавынхаа, ах эгч нартаа сахиусан тэнгэр байсан юм. 

-Эцэст нь та юу хэлэх бэ?

-Задлангийн дүгнэлтийг дахин шинжлүүлмээр байна. Бид хуулийн хүндээ л итгэж байсан. Гэвч бидний сэтгэлд хүрч, шалгах ёстой бүхнийг шалгаагүйд гомдолтой байна. Задлан шинжилгээгээр талийгаачийн цусанд илэрсэн 4,4 бүхэл спиртийн агууламжийг зөвхөн уусан архины хэмжээгээр нь тодорхойлох нь өрөөсгөл ойлголт гэж прокурор гомдлын хариуд бичсэн байна лээ. Үүнд дүгнэлт хийгээгүй. Өөр ямар шалгуур, үзүүлэлтээр тогтоох ёстой,үүнээс гарах үр дагавар байгаа эсэхийг тайлбарлаж өгөөгүй. Чухам хаанаас тэр их хэмжээний спиртийн агууламж, ямар байдлаар талийгаачийн биед орсон гэдгийг заавал тогтоож байж, хэргийг эцэслэн шийдвэрлэх ёстой гэдэгт бид хатуу байр суурьтай байгаа.

Хар багаасаа нөхөрлөж найзалсан найзууд нь талийгаач Э-гийнхээ талаар ингэж ярив. 

Найз Лхагва-Оргил, Ариунболд, Нямдаваа нар “Сайхан найзыгаа цаг бусаар алдсанд одоо ч итгэж өгдөггүй. Бид талийгаачийн сүнстэй бөөгөөр дамжуулж уулзсан. Маш их гомдож байна, маш их даарч байна. Тэд нарыг ингэж хандана чинээ санаагүй, өөр шиг тэднийг өвтгөмөөр байна гээд уйлаад байсан. Миний найз их зөв зантай даруухан авьяастай охин байсан. Архи уудаггүй, муу зуршилгүй. Бусдыг гомдоохоос айдаг. Ямар нэг юм болохоор л “За яах юм бэ, тэр гомдчихно, энэ гомдчихно” гэдэг. Амьтанд хайртай амьтны үр зулзагыг ч эвий минь хөөрхий минь гээд хооллож ундлаад явдаг. Жижигхэн гөлөг ч байсан цүнхэндээ хийгээд үүрчихдэг тийм охин. Сагс гоё тоглоно, бүжиглэнэ. Авьяастай найз маань биднийгээ орхиод үүрд явсан гэдэгтэй ерөөсөө эвлэрдэггүй юм” хэмээн тэдний хоолой зангирч, нулимсаа арчсан юм.

Талийгаач Э-гийн зургийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр тавьсан болно

 

Мөрдөн байцаагч Б.Дашцэрэн урьдчилсан дүгнэлтээр гадны нөлөөтэй шүү гэж хэлсэн. Гэхдээ утсаар ярьж асуухад ингэж хэлсэн байдаг. Гэтэл хэрэг шалгагдах хугацаандаа дээрх архины гүн хордлого болоод хувирчихсан. Би “Та гадны нөлөөтэй гэж хэлсэн биздээ” гэж асуухад “Шинжээч эмч нь тэгж хэлсэн шдээ” гээд мөн л өөрөөс бултуулж зайлуулсан байдаг юм.
Ярилцлага

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.