| | USD/MNT 0₮

Ц.Мөнхцэцэг: Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал нь санхүүжилттэйгээ уялдах ёстой

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2021.10.05/ 12 цаг 10 минутад 52.9 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард тус Байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын явцын талаар гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг даган гарах улс төрийн тогтолцооны гол хуулиудын нэг бол Улс төрийн намын тухай хууль юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн  дагуу намууд дотооддоо ардчилсан, үндэсний хэмжээнд бодлого явуулдаг, намын санхүүжилт ил тод, хариуцлага хүлээдэг байх ёстой. Хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг болон дэд ажлын хэсэг төслийн боловсруулалт хийгээд дуусч байна.

Улс төрийн намын тухай хуулийн үзэл баримтлал нь санхүүжилттэйгээ уялдах ёстой. Тийм учраас Улс төрийн намын тухай хууль болон Улс төрийн санхүүжилтын тухай хуулийг нэгдмэл нэг хууль байх нь зүйтэй гэж үзэж төсөл бичигдэж байна.

Улс төрийн намын шинэчлэл  бол улс төрийн намууд, иргэний нийгмийн зөвшилцлийн үр дүнд хийгдэх ёстой чухал асуудал. Тийм учраас төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд Монгол улсын Ерөнхийлөгч улс төрийн намын шинэчлэлийг дэмжин Улс төрийн намын тухай хуулийн төслийг өргөн барина" хэмээлээ.

УИХ-н Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд болон ажлын хэсгүүдийн товыг тогтоолоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын явцын талаар танилцуулсан юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.