| | USD/MNT 0₮

П.Жигжидсүрэн:Шатарчин хүний ой ухаанд орчлон дэлхий бүхлээрээ багтдаг

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ П.Жигжидсүрэн багшийн “Зууны шатар” шатрын клубээр зочиллоо. Таваас дээш насны хүүхдүүдэд шатар зааж сургадаг уг клуб цар тахалтай үед нэг хэсэг үүд хаалгаа барьсан бол одоо үйл ажиллагаа нь хэвийн болж жигдэрчээ. Ингээд нас өндөр ч багачуудад шатрын эрдэм зааж суугаа багш П.Жигжидсүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу та, сайхан намаржиж байна уу?

-Сайхан. За та бүхэн сайхан намаржиж байна уу.

-Хичээл сургалт өндөр үү. Хэзээнээс эхэлж хүүхдүүдэд шатар зааж эхлэв та?

-Өө өндөр өндөр, бүжгэр хүүхдүүдээ шатрын дугуйландаа аваад байж байна. Сүүлийн 10-аад жил хүүхдүүдэд шатаж зааж байгаа. Манай клуб байгуулагдаад 9 жил болжээ. Өдрийн хоёр ээлжээр хичээллэдэг. Өглөө 10.00 цагаас 13.00 цаг хүртэл 10 хүүхэд авдаг. Харин 14.00 цагаас 16.00 цаг хүртэл мөн 10 хүүхдэд шатар зааж сургадаг. Өдөр тутамдаа хийж буй одоогийн ажил, алба маань энэ бяцхан хүүхэд багачуудад шатар заах юм даа. Ялангуяа 5-10 насны хүүхдүүдэд анхан шатны шатар заахад түлхүү ажилладаг. Олон хүүхэд хичээл сурч, миний энэ клубээс шатрын спортоор тив дэлхийд болон өсвөр үедээ амжилт гаргасан олон шатрын холбооны мастерууд бий. Тэдний хэсэг болох Олон улсын хэмжээний их мастер  А.Энхтуул, Б.Мөнгөнтуул гээд шавиараа их бахархдаг.

-Клубынхаа тухай танилцуулбал?

-Би аль болох хүүхдэд ээлтэй, гэрэл гэгээтэй тохиолог цэвэрхэн орчныг бүрдүүлсэн. Өсвөр насны хүүхдүүд энэ хаалгаар орж ирээд хананд өлгөсөн байгаа зураг, шатар тив дэлхийн аваргыг харахаас эхлээд их зүйлийг сурч мэдэж авдаг. Өрөө танхим чухал ач холбогдолтой. Ялангуяа бага насны хүүхдийг шатар тоглож сурахад нь анхаардаг учраас өрөөний тохижуулалтыг сайн хийсэн. Манайх хавар намрын элсэлт гэж авдаггүй. Жилдээ тасралтгүй хичээллэж байдаг. Ковид гараагүй байхад 7 хоногийн гурван өдрөөр үдээс өмнө, хойш гэсэн маршрутаар хичээллэдэг байсан. Одоо ч ялгаагүй дээ. Манайх 100 мкв талбайтай учраас хүүхдүүд хоорондын зайгаа барих боломжтой. Цар тахлын үеийн зөвлөмж зөвлөгөөг дагаж ажиллаж байгаа.

-Шатар сайн тоглож сурсан хүүхэд, хүний оюун ухаан сайн өндөр байдаг гэж ярьдаг юм билээ?

-Тийм.  Шатарчин хүний ой ухаанд орчлон дэлхий бүхлээрээ багтдаг гэж хэлэх гэсэн юм. Миний хувьд шатрын спортыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэж байгаа. Яагаад гэвэл шатрын спорт хэчнээн олон хүүхэд сурна төдий чинээ үр дүн гардаг. Барилга барихад мэдээж суурийг нь сайн тавьдаг. Түүнтэ адил маш олон хүүхэд сургаснаар тэндээс тив дэлхийн аваргууд төрөн гардаг юм. Өөрөөр хэлбэл, ази дэлхийн аварга болох шатрын их мастер болох хүүхдүүд багаасаа тодордог.

-Гэхдээ шатар тоглодог хүн бүр тив, дэлхийн аварга болох албагүй гэж ойлгодог?

-Тийм. Гэхдээ багаасаа авьяас нь тодорсон хүүхэд цаанаа л нэг ондоо шүү.

-Бага насны хөдөлгөөнтэй хүүхдүүдэд хичээл заах хэцүү байдаг болов уу. Наад зах нь сууж сургахаас эхлээд?

-Бага насны хүүхдүүд маш их хөдөлгөөнтэй байдаг. Анхаарал төвлөрүүлэхэд сул байдаг. Мөн сууж сураагүй хүүхдүүд. Харин шатрын спорт өөрөө хүүхдийг сууж сургадаг, анхааралтай, тэвчээртэй болгодог. Төлөвшүүлэхээс гадна бодож ухаарч сургадаг. Хүн болоход нь багаас нь хүмүүжүүлдэг учраас дэлхийд шалгарсан хүүхдэд зориулагдсан нэг төрлийн спорт юм. Ялангуяа, Турк, ОХУ гээд шатрын спортыг хичээлийн хөтөлбөрт оруулж зааж сургадаг юм билээ. Шатрын спорт хүүхдийн хүмүүжил ёс суртахуунд их таарсан спорт байдаг гэж хэлэх дуртай.

-Хөгшин хүн олон хүүхдүүдтэй ажиллахад үүртэх түүртэх ядрах зүйл байдаг уу?

-Яалаа гэж дээ. Эд чинь их хөөрхөн. Хүүхэд гэдэг хар буруу санаа огт байхгүй цав цагаан цаас шүү дээ. Ямар ч юмыг бодож санахгүй ярина. Дуу нь цангинаад байдаг юм. Хүүхдүүдийг удаан хугацаагаар суулгаж залхаадаггүй, 10-20 минут суулгаад босгож тоглуулж наадуулдаг. Манай клуб метр квдрат том болохоор энүүгээр нэг гүйж харайж хөөцөлдөж тоглоно. Тэрийг нь хараад би сандал дээрээ тухлаад суух сайхан.

-Таны хувьд хэдэн онд анх шатар тоглож сурсан бэ?

-Би Завхан аймгийн Алдархаан сумын унаган хүүхэд. 1950-иад оноос эхэлж шатар тоглож сурсан байдаг. Томчуудыг хараад тоглоод сурсан. Долдугаар ангид байхдаа сургуулийнхаа бүр аймгийн аварга шатарчин болж, улмаар улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан. 1966 онд Худалдааны техникумыг төгсөөд төв бараа баазад очоод гавал нягтлан гэгдэж, үүрэгт ажлаа 15 хоногт нь амжуулчихаад үлдсэн хоногт нь шатраа тоглодог байсан.  Энэ онцлогийг нь тухайн үед Монголын шатрын спортын хөтөч болж явсан Н.Намжил гуай мэдсэн учраас надтай уулзаад “Чи ер нь шатрын авьяастай хүүхэд байна. Чамайг улсын шигшээ багт авъя” гэж билээ. Тэрнээс хойш 1963 онд Улсын аварга шалгаруулах тэмцээнд шалгарч ирснээс хойш өдий хүртэл шатрын спортоор дагнаж, суралцаж, амжилтаа ахиулж шигшээ багийн дасгалжуулагч хийж, бага насны хүүхдүүдэд шатар яаж тоглож сурах тухай хичээл заагаад л өтөлж байна даа. Би 1975 онд Москвад Бие тамирын дээд сургуулийг шатрын дасгалжуулагч гэсэн мэргэжлээр төгсч ирснээс хойш тасралтгүй шатартай “шадарлажээ”.  

-“Зууны шатар” шатрын клубээс төрөн гарсан мастеруудыг нэрлэвэл?

-Монгол шатарчдын нэр сүр тив дэлхийд их гардаг. Их мастераас эхлээд олон улсын мастер, цолтнууд олноор төрсөн бий дээ. Миний гарын шавь нараас гэхэд Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, А.Энхтуул, Б.Мөнгөнтуул нарын дөрвөн залуу шатрын спортын дээд цол их мастер болсон.

-За баярлалаа, танай клубын хаяг хаана бэ?

-“Зууны шатар” шатрын клуб маань өдөр бүр элсэлт авч байгаа. Холбоо барих утас 91187949 бол хаяг СБД-ийн 6 хороо АВ центр-ийн 6 давхарт 606 тоотод бий.

 

Бага насны хүүхдүүд маш их хөдөлгөөнтэй байдаг. Анхаарал төвлөрүүлэхэд сул байдаг. Мөн сууж сураагүй хүүхдүүд. Харин шатрын спорт өөрөө хүүхдийг сууж сургадаг, анхааралтай, тэвчээртэй болгодог. Төлөвшүүлэхээс гадна бодож ухаарч сургадаг. Хүн болоход нь багаас нь хүмүүжүүлдэг учраас дэлхийд шалгарсан хүүхдэд зориулагдсан нэг төрлийн спорт юм. Ялангуяа, Турк, ОХУ гээд шатрын спортыг хичээлийн хөтөлбөрт оруулж зааж сургадаг юм билээ. Шатрын спорт хүүхдийн хүмүүжил ёс суртахуунд их таарсан спорт байдаг гэж хэлэх дуртай
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.