| | USD/MNT 0₮

Эмч Н.Содномпил:Ковидоор 1500 биш 5000-6000 хүн нас барсан, эмч нарын 60-70 хувь нь өвдчихсөн байна

Коронавирусийн халдварын тархалтаас болж эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, эмч сувилагч нар өөрсдөө өвдөж, ажлаасаа шантрах хам шинжид өртөж ажлаа орхих, ажлаасаа гарсаар байна. Эмнэлгийн нөхцөл байдал ямар хүнд байгаа талаар хүний их эмч Н.Содномпил ажилчдынхаа хамт өнгөрсөн баасан гарагт Төв талбай дээр жагсаал хийж, салбарын сайд болон холбогдох албаныханд шаардлага хүргүүлсэн билээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрх ашиг зөрчигдөж байна. Мөн эрүүл мэндийн салбарын эмч сувилагч нар өөрсдөө өвдчихсөн хэцүү байдалтай байгаа ажээ. 

Тэрбээр "Ковидоор 1500 биш 5000-6000 хүн хэдийнэ нас барсан. Эмч нарын 60-70 хувь нь өвдчихсөн, дарга нар нь эмнэлэгт хүн хэвтүүлэх квоттой дампуурчихсан байдалд байна" гэсэн юм. 

Бид үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо нийлээд цалин хөлс нэмэгдүүлэх шаардлагыг тавьсан ч дорвиотой үр дүнд хүрэхгүй байгаа учраас бид өөрсдөө ийнхүү эсэргүүцэл илэрхийлж суулт зарлаж байгаа юм. 

Бидний нийгмийн хамгааллыг сайжруулж, хууль эрхзүйн байдлыг сайжруулах ёстой байна. Хоёр жилийн хугацаанд цар тахалтай тэмцэж байна гэж мөнгө санхүү их зарцууллаа. Гэвч эрүүл мэндийн ажилчид нойр хоолгүй зүтгэж хүнд хэцүү байдалд орлоо. Энэ бүгдийн ард гарахад бид хүчин чармайсан. Гэтэл Засгийн газраас эмч нарын ажлыг үнэгүйдүүлж, наадам цэнгээн зохион байгуулж эхэлсэн. Дижитал үндэстэн гэж олныг хамарсан цуглаанаас болж олон мянган хүн өвчилж халдварын тоо тохиолдол нэмэгдсэн. 

Ковидоор эмнэлэгт хэвтэх ор байхгүй. 103-ын эмч нар ЭМЯ-ны гадаа ч очиж орилж байна. Өнөөдөр яаралтайгаар эмнэлэгт хэвтүүлэх хүмүүс нь хэвтэж чадахгүй үхэж байна. Өнөөдөр толгойгүй болчихсон эрүүл мэндийн салбарын төлөө бид дуугарч тэмцэж байгаа юм.

Дуртай нэгэн нь бид нарыг доромжилж байхад төр засаг салбар нь хамгаалахгүй байна. Салбар маань цөхөрч, 60-70 хувь нь өвдөж, 15 хувь нь ажлаасаа гарч, 5 хувь нь дарамтад байна. Эрүүл мэндийн ажилчид шатахуун шиг ховордлоо. Үнэний төлөө бид дуугарч байна. Бид тууштай тэмцэнэ.

Эрүүл мэндийн ажилчдын цалинг нэмж өгөх, нийгмийн хамгааллыг сайжруулах, хууль эрхзүйн орчноор хангаж өгөхийг л салбарын сайд болон төр засгаас нэхэж шаардаж байгаа юм.

Үйлдвэрчний эвлэл нь тэмцэж байгаа нэрээр тохиролцоонд ороод суултаа больсон. Тэд эмч, эмнэлгийн ажилтнуудаа бодсон эсэхийг бол мэдэхгүй байна. Бид хэдийг хамгаалахгүй байгаа нь илт. 

Эмнэлгийн дарга нар нь баян, таван байртай том том машин унасан байгаа нь үнэн. Ковидоор хагартлаа баяжлаа. Эмч нар нь нэмэгдлээ авч чадахгүй, халдвартай тэмцэж сөхөрч байна. Урамшуулал нэртэй  1 сая төгрөг өглөө гэхэд 500 мянган төгрөгийг нь өгдөг. Ковидоор мафи болчихсон. БЗД-ийн эмнэлэг дээр бол илт харагдана. 60 хүн үхэлтэй тэмцэж сэхээнд орох гэж байхад дарга нарын захиалсан ор гээд 10-ыг танаад аваад үлдчихэж байх жишээтэй. Ийм байж болох уу. 

Өнөөдөр надруу хэдэн мянган хүн залгаж байна. "Найз өвдчихлөө, ээж гэртээ нас барчихлаа" гэж залгана. Ийм байдал бүр гамшгийн хэмжээнд хүрлээ. Таны эрүүл мэндээр бизнес хийгээд явчихлаа. Анх 50 хүн ковидоор өвдөхөд хавьтлыг нь хайдаг байлаа. Одоо хайх боломж алга. Гудамжаар дүүрэн ковидтой хүн явж байгаа нь үнэн. 

Энэ хүнд хүмүүсийг хаана яаж хэвтүүлж эмчлэх юм бэ. Эрүүл мэндийн буруу тогтолцооноос болж бид ч хохирч байна, ард түмэн ч хохирч байна. 

Өнөөдөр эмнэлгүүд дээр эмч нар ковид туссан ч өөрийгөө эмчлээд өвчтөнүүдээ эмчлээд явж байна. Хүн болгоныг хоёр цаг тутамд үзэх ёстой байтал амжихгүй байгаа учир иргэд олон нийтийн сүлжээнд эмч нартай холбоотой мэдээллийг буруугаар цацаж мушгиж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд хомсдолд орсон. Хэсэг хором ч гэсэн амаръя гээд өргөдлөө өгөөд гарсан эмч нар зөндөө байгаа.

Надад маш олон баримт байгаа. Эмнэлгийн дарга нартай холбоотой баримтыг удахгүй дэлгэнэ. Эрүүл мэндийн систем мафижсан. Даргын фракц гэж байна. Танил талаараа л эмнэлэгт хэвтэж байгаа нь үнэн шүү. Үнэнийг харуулах цаг ирнэ. Гэхдээ би салбарын дотор ажилладаг учраас жаахан эмээж байна. Сошиалаар ажлаа хийдэг ёсзүйгүй дарга нар байгаа. 

Ээ дээ бид хэд сайдгүй шүү дээ. Намын бодлого хэрэгжүүлж байгаа жижигхэн саалийн үнээ шиг сайд даргатай. Өнөөдөр толгой байхгүй. Аягатай усаа бүрэн ууж, хүүхдээ эмчилж чадахгүй дарга сайдтай. Сошиалаар ажилчдыг нь дэвсээд байхад хамгаалсан юм байхгүй. Бид хэд өнөөдөр энд зогсож байхад цагдаа ирээд байцаалт авахад хамгаалахгүй байна.

Би сайдад хоёр удаа хүсэлт тавьсан. Сайхан зангиагүй уулзалт хийе ээ гэж санал тавилаа, хариу өгөөгүй байна. Сайд өөрөө буруугаар ойлгосон юм болов уу. Нийгэм хэцүү, эрүүл мэндийн салбар хэцүү байхад ойлгохгүй, намын бодлогыг л хэрэгжүүлж байгаад харамсалтай санагдаж байгаа. 

Дахин хэлье, эрүүл мэндийн салбарынхан цөхөрлөө. Өнөөдөр ногоон улаан бүс гэж ангилаад байна. Ногоон бүс гэж байхгүй, бүгд улаан болсон. Вакцин тариулах гээд ч очсон хүн халдвар авч байна. Эмнэлэгт очоод ухаан алдаад унасан хүн ч ковидтой байна. Би хэд хоногийн өмнө нэг хүнд тусламж үзүүлсэн тэр хүн 3 хоногийн дараа ковидоор нас барсан. Би халуурч халдвар авсан. Өөрийгөө дэнчин тавиад эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эрүүл мэндийн салбар үнэхээр сөхөрсөн байна" гэлээ. 

Тэрбээр "Ковидоор 1500 биш 5000-6000 хүн хэдийнэ нас барсан. Эмч нарын 60-70 хувь нь өвдчихсөн, дарга нар нь эмнэлэгт хүн хэвтүүлэх квоттой дампуурчихсан байдалд байна" гэсэн юм.
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.