| | USD/MNT 0₮

Коронавирусийн хамгийн том хохирогч нь аялал жуулчлалын салбар болсон ч тэсрэлт хийх өдөр ирнэ

-Эзэн Чингис хааны өлгий нутаг, эх түүхтэй нүүдэлчин ахуй, онгон дагшин байгаль, од тэнгэр, нар сар харах гэж жуулчид олноороо ирдэг-

Дэлхий нийтээр хурдацтай хөгжиж буй салбар бол яах аргагүй аялал жуулчлал. Энэ ч хэрээрээ Монгол Улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байлаа. Харамсалтай нь дэлхийг чичрүүлж, Монголыг мохоосон цар тахал, коронавирусийн халдварын нөлөөгөөр хамгийн хүнд цохилт, сорилтод өртсөн салбар аялал жуулчлал байв. Өөрөөр хэлбэл, COVID 19-ийн хамгийн том хохирогч нь энэ салбар болов. Үндсэндээ дэлхий даяар тэг зогсолт хийсэн анхны салбар болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Гэхдээ цаг хугацаа тэсвэр тэвчээр шаардлагатай байгаа хэдий ч тэсрэх өдөр ирнэ. Монгол Улс аялал жуулчлалыг хөгжүүлээд 60 гаруй жил болжээ. Манай улсын Засгийн газар улс орноо хөгжүүлэх, тэргүүлэх зургаан чиглэлийн нэгээр аялал жуулчлалын салбарыг нэрлэсэн байгаа. Халдварт өвчнөөс болж энэ ажил зогсонги байдалтай байгаа ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ салбарыг түргэн хугацаанд сэргээх талаар санаачлага гарган тус салбарынхантай жилийн өмнө уулзалт хийж байв.

Цар тахлыг боломж гэж харах ёстой

"COVID 19"-ийн халдварт цар тахлын нөлөөнөөс үүдэн аялал жуулчлалын салбар урт хугацаанд сул зогссоноор 2300 гаруй аж ахуйн нэгжийн 88.700 ажлын байрны 95 хувь цалин орлогогүй болжээ. Өнгөрсөн 2019 онд 1,6 их наяд төгрөгийн орлого олж, ДНБ-ний 7,2 хувийг эзлэх мөнгөний урсгал эргэлдэж байсан ч өнгөрсөн 2020 онд салбарын орлого 65,8 хувиар, тэр дотроо тур оператор компаниудын борлуулалт 97,6 хувь хүртэл буурсан байдаг. Өнөө жил гадаадын аялагчдын хувьд бүр сул зогссон зун байв. Энэ мэтчилэн аялал жуулчлалын салбар их хэмжээний хохирол амсчээ. Монгол Улс 2019 онд 577 мянган жуулчин хүлээж авч байсан. Харин ирэх дөрвөн жилд энэ тоог 1 сая болгох зорилт тавьсан. Энэ зорилтоосоо буцаагүй. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр цар тахалтай холбоотойгоор аялал жуулчлалын салбарынхан хэцүүдэж, аврал эрсэн хоёр жил ард үлдлээ. Хэдий ийм байгаа ч буцаад сэргэх төлөв бол ажиглагдсаар байгаа. Цар тахлыг боломж гэж харах ёстой.

2034 он гэхэд байгалийн баялагаараа биш аялал жуулчлалаараа ашиг орлого олох боломж бий

Монголын аялал жуулчлалын хөгжлийн гарц юу байна, цаашид яаж эрчимтэй хөгжүүлэх үү, цар тахлын дараах аялал жуулчлал ямар байх бол гэдэг асуулт ихээхэн анхаарал татаж байна. Өргөн уудам нутагтай, цэлийсэн тал, нилийсэн гүн хөх тэнгэртэй, уул ус, ургамад ногоотой, үзэж харах зүйлс ихтэй, үүх түүх арвинтай Монгол Улс аялал жуулчлалаараа хөгжих бүрэн боломжтой. Харин яаж вэ?

Монгол Улсын Засгийн газар, салбарын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төвийн анхаарч байгаа, хөндөж байгаа салбар бол яах аргагүй аялал жуулчлал. Алсын хараа 2050 дээр ч энэ салбар томоор харагдаж, тодоор бичигдэж байна билээ.

Дэлхийн томоохон улс орнууд хөгжөөд нүүрс хэрэглэхээ больж эхэлж байна. Бүх зүйлдээ цахилгаан, нар салхины эрчим хүч зэрэг өөр эх үүсвэрийг ашиглаж эхэллээ. Яваандаа нүүрс, түлш ашиглахаа болихоор аялал жуучлалаа түшиглэж, хөгжинө гэсэн судалгаа байдаг аж.

Манай улсын эдийн засгийн төсвийн 80 гаруй хувиа уул уурхайгаасаа бүрдүүлдэг. Хөдөө аж ахуйн салбар нь хоол хүнс, гурил будаагаа хангаж байна. Харин аялал жуучлал бол амарч зугаалах, стерссээ тайлах, эдийн засгийн хөрөнгөө нэмэгдүүлэх гэх мэт үүргээ хангадаг. Хүний гурван том хэрэгцээ үүгээр л хязгаарлагдана, эдийн засаг, идэж уух, аялал жуулчлал гэх мэт.

Ирээдүйг өөдрөгөөр харах үзэл хүн бүрт байх хэрэгтэй. Урд хөрш буюу БНХАУ 2030 он гэхэд манай улсаас нүүрс, зэс авахаа байчихвал яах вэ, байгалийн баялаг шавхагдана, бас ашиглагдахгүй боллоо гэхэд Монгол Улс яах вэ гэдэг асуулт урган гарч ирнэ. Тиймээс аялал жуулчлалаа хөгжүүлэх нь засаг төр, салбар яам, агентлагийн үүрэг болж, хүн бүрийн оролцоо чухал болно.

Аймгууд олон улсын нислэг үйлддэг болсноор бүс нутгийн аялал жуулчлал хөгжинө

Аялал жуулчлалын хөгжилд дэд бүтэц хамгийн чухал. Аймгуудад олон улсын нислэг үйлддэг болсноор бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үүдийг тэлж, аяллын богино зайн нислэгүүд бий болж, жуулчдын тоо болон агаарын тээврийн олон улсын даац нэмэгдэнэ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 400 орчим жуулчны баазын ихэнх нь байгаль, түүх, соёлын нөөц бүхий тусгай хамгаалалттай газар нутагт байрладаг. Хөвсгөл нуурын эрэгт гэхэд 100 орчим гэр буудал, жуулчны бааз үйл ажиллагаа явуулж буйгаас тал хүрэхгүй хувь нь зөвшөөрөлтэй, стандартад нийцжээ. МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд “Аялал жуулчлалын салбар 2024 он хүртэл хямралаас гарахгүй гэсэн судалгааг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан. Бусад улс аялал жуулчлалын салбараа хурдан сэргээхийн тулд
жуулчдыг татах, тэдний итгэлийг төрүүлж, итгэлцэл бий болгох ажлыг хийж байна.  Маркетинг, сурталчилгааны цогц төлөвлөгөөг нэгдсэн журмаар боловсруулж байна. Шууд нислэгтэй зах зээл бүхий бүсэд илүү төвлөрүүлэх хандлагатай байна. Энэ нь манай улсад ихээхэн хамааралтай” гэжээ.

Монгол орны тухай контент болон уран зураг, эерэг мэдээллээр жуулчдыг татах боломжтой

Манай улс цахим болон цаасан сурталчилгаагаар гадаадын жуулчдыг татах боломжтой. Монгол Улс аялал жуулчлалын “Mongolia travel” цахим платформтой болсон. Платформд манай аялал жуулчлалын бүх бизнес, нутгийн иргэд ч холбогдох боломжтой бөгөөд гадаадын жуулчид, дотоодын аялагчид контент бүрдүүлэгч нь болж байгаа юм. Аяллынхаа талаар ямар нэг эерэг сэтгэгдэл бичиж, дурын сошиал орчинд #FeelMongolia гэсэн хаштаг ашиглан public тохиргоотой тавих замаар Mongolia Travel платформд контент нийлүүлж болно. Тэгэхээр Монгол Улсын эерэг сурталчилгааг гадаад, дотоодын бүх аялагч хийж байна гэсэн үг.  Хэдэн жилийн өмнө хоёр Солонгос манайд ирж хээрийн аялал хийж, түүнийгээ зурагжуулж, видео контент хийгээд буцсан байдаг. Харин тэр хоёрын бичлэгийг үзсэн Солонгосчууд Монгол орныг зорьж ирдэг болжээ. Тэгэхээр гадаадынхны харааг булааж сэтгэлийг татах зүйлсээрээ контент хийж олон улсад сурталчлах, эерэг мэдээлэл зургаар аялагчдыг татах бүрэн боломжтой.   

Шашны уламжлалаар аялал жуулчлалыг хөгжүүлнэ

БОАЖЯ-наас шашны аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргасан. Манай улс Буддын шашны дэлхийн гол төвийн нэг атлаа аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож хараахан чадаагүй. Уг нь шашны жуулчлалыг бодлоготойгоор хөгжүүлж, бодлоготойгоор тайлбарлах ёстой. Нөгөөтэйгүүр, шашны аялал бол улирлын хамааралгүй явагддаг учраас шашинд суурилсан соёлын бүтээгдэхүүнийг сайжруулах шаардлагатай байгаа. Тухайлбал, Өвөрхангайн Эрдэнэзуу хийдийн орчныг шашны чиглэлээр хөгжүүлж болно. Мөн Хөвсгөл зэрэг гол бүс нутгууддаа соёлын өвийг аялал жуулчлалтай холбосноор соёлыг өв тээгчид, театрууд маань аялал жуулчлалаас орлого олох боломжтой болно.

Ц.Мөнхбат:Монгол Улс дөрвөн улиралдаа тохируулсан эвентүүдийг бий болгох шаардлагатай

Англи хэлний багш мэргэжилтэй, аялал жуулчлалын салбарт хөтөч орчуулагч хийдэг Ц.Мөнхбаттай ярилцлаа. Тэрбээр “Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд садаа болж байгаа зүйл байхгүй. Аялал жуулчлал хөгжиж, дотоодын нийт бүтээгдэхүүн болон эдийн засгийн 50 хувиа ч бүрдүүлж болно” хэмээн ярьсан юм.

-Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд саад бэрхшээл болж байгаа зүйл байна уу?

-Байхгүй. Юу ч садаа болоогүй. Цаг уур, газарзүйн байршлын онцлогоос болоод хөгжүүлэхэд төвөгтэй бэрхшээл бий. Гэхдээ үүнийг даван туулна. Аялал жуулчлалын улирал нь богинохон байдаг. Шантарч хаяж болохгүй салбар юм билээ.  Улиралдаа тохирсон эвентүүдийг бий болгох ёстой. Жишээлбэл, өвөл, хавар, намрын аялал жуулчлалыг сайн хөгжүүлэх. Нохойн шарга, мөсний баяр, уулны авиралт, мөсний сур шагайн харваа гэх мэт. Хавар цагт мал төллөх үеийг ашиглаж болно. Нөгөөтэйгүүр Монголд ирсэн жуулчдын үзэж харах зүйлийг олшруулах, соёлын биет бус өвүүдээ сурталчлахад анхаарах хэрэгтэй. Манай улсын хөгжил болон эдийн засгийн нөөц нь аялал жуулчлал болно.

-Яаж Монголд аялал жуулчлалыг ямар арга замаар хөгжүүлвэл илүү үр дүнтэй вэ?

-Бидэнд нүүдэлчин соёл, онгон байгаль гэсэн их потенциал бий. Дэлхийд нүүдэлчин болоод суурьшмал иргэншлийг хамтад нь хослуулсан улс бол зөвхөн Монгол. Харин тэр потенциал дээрээ чанартай үйлчилгээг нэмээд өгчихөд л хангалттай. Энэ нь цэвэр, тухтай хоноглох газар, амттай хоол, сонирхолтой үзвэр, тухайн уул хадаараа тодорхой хугацаанд сонирхолтой морин аялал хийчихдэг, буудаллах хэдэн цэгүүдтэй, жуулчидаа удаан хугацаанд залхааж ядраалгүйгээр сонирхолтой, орчиндоо тохирсон цогц хөтөлбөрөөр үйлчлэх гэх мэт. Гэвч манайхан уул уурхайгаас их мөнгө олж байгаа болохоор сэтгэл амар байна. Уул уурхайгаа хөгжүүлье, ахиухан мөнгө олъя гэсэн зорилготой. Манайх хэт материалаг тал руу анхаарч, ирээдүйд хэрэгтэй боловсрол, аялал жуулчлалаа орхигдуулах гээд байгаа нь харамсалтай. Манай улсын хөгжлийн болон эдийн засгийн нөөц бол аялал жуулчлал юм.  

За яах вэ, нэгд уул уурхай байж болно, хоёрдугаарт нь яах аргагүй аялал жуулчлал. Манайд аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц хангалттай бий. Азийн жижиг орнууд аялал жуулчлалаа хэрхэн яаж хөгжүүлж байгааг нь харахаар үнэхээр өрөвдмөөр. Казино, сэкс шоп, хоол, тай массаж гэх мэт жижиг зүйлээр аялалаа хөгжүүлж байх жишээтэй. Хүнийг татах гоц гойд юм байхгүй болохоор юм зохиож, анхаарал татаж байгаа нь энэ. Харин манай Монгол Улс тэдний хажууд хаашаа л харна тал сайхан нутаг, тансаг дүүрэн идээ будаа, талаар бэлчсэн мал сүрэг, онгон дагшин байгаль, хангай говь хосолж, ус нуур нь цалгиж, уулс хадан хясаа нь өндөрт дүнхийж, соёлын үнэт дурсгал, үүх түүхийг үзэж хараад гадныхан дуу алддаг. Ялангуяа Солонгос Япончууд шөнө од харж, дурандах гэж, мөн намрын дунд сарын бөөрөнхий тэргэл сарыг хараад “Ямар гоё юм бэ, гайхалтай” гэж хашгиралддаг. Тэгэхээр ийм гоё байгалийн цогц нөөц боломжоороо л аялал жуулчлалаа хөгжүүлэх шинэ арга зам нээлттэй харагдаж байгаа биз.

-Таны хувьд мэргэжлийн хөтөч үү?

-Би бол англи хэлний багш, мэргэжлийн хөтөч. Зуныхаа амралтаар гадаадаас ирсэн жуулчдыг аваад хөдөө гайд хийгээд олон жил явсан. Хоббигоо мэргэжлээ болгосон хүн гэхүүдээ. Мэргэшүүлсэн хөтөч их хэрэгтэй. 

-Мэдээж аяллын хөтөч, жолооч нарыг мэргэжлийн түвшинд байлгахад юуг анхаарах вэ?

-Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн эхний арга бол мэргэжлийн хөтөчийг бэлтгэх, мэдлэгжүүлэх, чанаржуулах, засаг төрөөс энэ салбараа сайн дэмжээд явах, цаашид аврах анхаарах ёстой. Эдгээрийг анхаараад явчихвал тэд маань Монголын нүүр царай болно шүү. Гэвч зуны гурван сар хийдэг ажил учраас хүмүүс хичээж суралцахыг хүсэхгүй байна. Хүн байнгын ажилтай орлоготой байхыг хүснэ. Жилийн дөрвөн улирлын турш ажил хийж орлоготой байх ёстой. Зуны гурван сар хөтөч хийгээд намар, өвөл, хавар ажилгүй байхаар хэн ч өөрийгөө хөгжүүлж цаашид сурахыг хүсэхгүй байна. Сургадаг сургууль нь ч хангалттай биш, мэргэшье гэж бодохгүй байгаад дутагдал бий. Их, дээд сургуулиудад аялал жуулчлалын анги байгаа хэдий ч зочид буудлын менежментийн анги гээд хамт байдаг. Угтаа бол зочид буудлаас ондоо салбар. Жуулчны жолоочийн анги гэж алга. Ийм ангийг ч бий болгоход болохгүй юм байхгүй. Гэр буудал, баазуудыг их сайхан тохитой болгох, хөдөөний айлуудын стандартуудыг хангуулах, сургалтын төвүүдийг олноор нь дэмжээд явчихвал хөгжихгүй зүйл гэж үгүй.

-Жуулчид Монгол орны юуг нь гайхаж, үзэж биширдэг вэ?

-Хэдийгээр бидэнд хөгжил байхгүй, ядуу буурай орон мэт санагдавч байгалын дурсгалт газар, шашин соёл, үүх түүх нь арвин бас баялаг юм. Үүгээрээ бид бахархуулж, дэлхийг байлдан дагуулна. Тэр бүгдийг байгаагаар нь гоёор гаргах, харуулна гэдэг гайхамшиг шүү. Манай орны онгон дагшин байгалийг хараад “Ваав” гэж уулга алддаг. Ихэнхдээ Монголын говийг үзэх гэж ирдэг. Жуулчдын 85 гаруй хувь нь говийг үзэхээр ирдэг. Сүүлийн таван жилд БНСУ-ын жуулчид их ирсэн. Тэд Хөвсгөл далай, Төвийн хэсгийн гоё сайхан газрыг үзсэн. Хүн өөрт байхгүй юмаа сонирхдог. Зарим улс оронд хангай мод, уул устай гоё газар зөндөө бий. Тэрийг сонирхох ч сонирхохгүй жуулчин ч бий. Гэхдээ Монголын говь их сонин өвөрмөц байдаг. Ялангуяа Япон, Солонгосчууд гайхдаг биширдэг, алмайрдаг. Европын орны жуулчид ч Монголын говийг үзэж сонирхохоор ирдэг. Азид байдаг манай Монголын говь бусад орны говиос илүү өвөрмөц тогтоцтой. Өмнөговь, Дундговийн цагаан суваргад үлэг гүрвэлийн яс олдож байсан гэдгээрээ их сонирхолтой санагддаг бололтой. Тэгэхээр говио онгон дагшин байдлаар нь хадгалж үлдэх, зөв хамгаалалтад авах хэрэгтэй. Гэтэл дундаас нь мөнгө идэх явуургүй арга их ажиглагддаг. Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг дээр алсыг харагч гээд нэг юм хийчихсэн юм билээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын нэрийн дор төсөл авч төсвийн мөнгөөр байшин барьчихсан. Тэр нь жуулчдад таалагдахгүй. Онгон дагшин байгалиараа байвал илүү гоё гэж хэлдэг. Ганц нэг анхааруулгын самбар байж болно. Тэгэхгүй бол манайхан байшин бариад тэнэглээд байдаг. Тэр байшинг үзэх гэж очих юмуу. Монголд шоппинг хийх гэж сувиннер хаус үзэх гэж ирдэггүй юм.

Хоёрдугаарт нүүдэлчдийн амьдралыг сонирхож, эсгий гэрийг үзэх гэж ирдэг юм билээ. Тийм учраас хөдөөнийхний нүүдлэн амьдрах боломжийг нь төр засгаас анхаарах хэрэгтэй. Хөдөөний зочломтгой байдалд их дуртай. Хээр хөдөө адуу мал нь дураараа бэлчиж явахыг хараад гайхаж алмайрдаг. Аялал жуулчлалдаа зориулж нүүдэлчин амьдралыг хадгалж үлдэх ёстой. Цаашид Монгол яаж ч хөгжсөн бай малчдын бэлчээр, нүүдэлчин ахуйг төр засгаас анхаараасай. Аялал жуулчлалаар мөнгө олох бас нэг хэрэгсэл бол Монголын ноос ноолууран эдлэл, Монголын гэх тодотголтой бүтээгдэхүүнээ баяжуулж, зах зээлд гаргах ёстой.

-Хөшөө дурсгал бариад аялал жуулчлал хөгжих үү?

-Хөшөө бариад аялал жуулчлалыг хөгжүүлэхгүй. Чингис хааны нутаглаж байсан онгон дагшин газар хөшөө дурсгал бариад хэдэн зуун мянган сая жуулчин татаж авчирна гээд маш буруу яриад байсан. Хөшөө дурсгал барих, тусгай хамгаалалттай газар байгуулах зэргээр энд тэнд үсэрч, хэтэрхий мөрөөдлийн чанартай бодлого хэрэгжүүлэхийн оронд аялал жуучлалыг системийн түвшинд хөгжүүлэх ёстой. Бодит байдлыг шаардаж шахах хэрэгтэй.

-Жуулчдад мэргэжлийн хөтөч маш чухал байх болов уу?

-Мэдээж дээрх хөтөлбөрийг хөтлөөд явах мэргэжлийн хөтөч маш чухал. Манайд гол дутагддаг боловсон хүчин бол мэргэжлийн гадаад хэлтэй хөтөч орчуулагч гэж би хэлсэн дээ. Нөгөөтэйгүүр орон нутгийн захиргаа, нутгийн зөвлөлүүд, эсвэл компаниуд тухайн газар орондоо тодорхой талбайг хариуцаж аваад тусгай шаардлагын дагуу аялал жуулчлалын зорилгоор тохижуулах хэрэгтэй. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлээд хөгжүүлэх эрхийг нь тухайн аялал жуулчлалын байгууллагад өгчихвөл энэ салбар зах зээлийнхээ зам зарчмаар хөгжинө. 

-Монголын зам бартаатай бас муу байдаг нь жуулчдыг залхаах ядраах тохиолдол байдаг байх?

-Тийм. Монголын зам муу учраас хямд зардлаар агаараар аялах боломжийг бий болгочихвол зүгээр. Өөрөөр хэлбэл хөнгөн агаарын тээврийг хөгжүүлэх нь үр дүнтэй. Жуулчдыг дахин ирэх сэдлийг төрүүлдэг нэг зүйл бол үйлчилгээний чанар дээр анхаарвал сайн байна. 

Б.Ууганбат:Мандаж, жаргаж байгаа нарыг уулга алдан харах жуулчдыг хараад, би эх орноороо бахархаж омогшдог

Арав гаруй жил жуулчдын хариуцлагатай жолооч хийж буй Б.Ууганбат “Миний хувьд 10 гаруй жил Француудын жолооч хийж явсан. Тэд Монголын байгаль, говь хангай хосолсон газрыг үзэх гэж ирдэг. Голдуу Өмнөговь, Архангай, Хөвсгөлийг үзэх гэж ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд баруун Алтайг гадаадын жуулчид болон дотоодын жуулчид үздэг болсон. Гадаадын аялагчид Монголчуудын өөрийнхөөрөө байгаа байдал, онгон дагшин байгалийг биширдэг. Хоёрдугаарт Монголд аялахаар ирэхэд өртөг бага байдаг гэж ярьдаг. Солонгосчууд хангай биш говь их явдаг. Говийн цэлмэг тэнгэр, цэлийсэн талыг үзэх гэж, мандаж байгаа, жаргаж байгаа нар, шөнө тэнгэрийн одыг хараад их баярладаг юм билээ. Энэ үед эх орноороо бахархаж, ийм сайхан эх нутагтай гэж бодорхоор өөрийн эрхгүй омогшдог. Европчууд бол дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны өлгий нутгийг үзнэ гэж ирдэг юм билээ. Чингис хаан хүчтэй хүн байсан гэх ухагдахуунтай. Монголын нүүдэлчин ард түмнийг, мал аж ахуйг үзэж сонирхдог.

Европийн орнуудын хувьд газар нутаг нь жижиг, алга дарам газраа хүртэл өндөр үнэ өртэгтэй авдаг юм билээ. Би жуулчид, орчуулагчтайгаа явж байгаад аятайхан гол ус, модтой газар олоод буудлахаар Франц жуулчид нь “Энэ гоё газарт бид мөнгө төлж буухуу, энэ хэний газар вэ” гэж асуудаг, “Мөнгө төлөхгүй, энэ бидний үнэгүй газар” гэхээр уулга алдаж, урт амьсгаа авдаг. Тэгэхээр Монгол Улс газар нутгаараа гадаадынхаас илүү байгаа биздээ. Нүүдэлчин мал аж ахуй, байгалийн сайхныг бишрэх гэж, гоё дурсамж бүтээх гэж ирдэг.

Жуулчдыг аваад явж байхад нэг асуудал тулгардаг. Тэр нь хогийн цэг, нойл үнэхээр хүндрэлтэй. Жуулчдыг хүлээж авч байгаа орчин тав тух их чухал санагддаг. Гэвч үйлчилгээ муу. Хэчнээн сайхан тансаг зочид буудал, рестарон байлаа ч нойлын асуудлаа цэвэрхэн шийдэхгүй болохоор хэцүү. Зарим жуулчид нойлын зургийг утсаараа дараад гайхаад хоорондоо ярилцаад байдаг юм билээ. Говийн баазууд бол тансаг гоё. Хангайн баазуудын тохижилт тааруухан байдаг. Ямар ч жуулчны баазын жолооч, гайд нарын шүүмжилдэг зүйл бол нойл” гэлээ.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага 3-4 жилийн дараа энэ салбар сэргэнэ гэж үзэж буй

Зарим мэргэжилтэн судлаачид, цар тахлын дараа аялал жуулчлалын салбар огцом нэмэгдэнэ гэж харж байгаа. Энэ асуудалд Нью Жуулчин Турс” компанийн ерөнхий захирал Ш.НэргүйОлон улсын зарим эксперт аялал жуулчлалын салбарт тэсрэлт болно, жуулчдын хөлд дарагдана гэж яриад байгаа. Харин зарим судлаач эсрэгээрээ ч байж болзошгүй гэж үзэж байна. Одоогоор дэлхийн аялал жуулчлалын компаниуд бүгд хүлээлтийн байдалд орж, зах зээл хэрхэн сэргэхийг ажиглаж байна. Тэгэхээр 3-4 жилийн дараа салбар сэргэнэ гэсэн Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын үзэж буйтай санал нийлж байгаа. Хятад, Япон, Австрали тэргүүтэй ихэнх улс эдийн засгаа сэргээхийн тулд гадагшаа явах жуулчдынхаа тоог цөөлж, дотооддоо аялж, эдийн засгаа дэмжихийг уриалсан бодлого хэрэгжүүлж байгаа. Мөн тэд аялал жуулчлалын компаниудаа лицензжүүлж, сайн ажилласан газрууддаа тодорхой хэмжээний урамшуулал олгох, хөнгөлөлт үзүүлэх зэргээр ажилладаг. Ийм систем манайд үгүйлэгдэж байна” гэв.

 

Хил нээгдэнгүүт жуулчдын урсгал огцом нэмэгдэнэ

Монголын Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр “Цар тахлын дараа аялал жуулчлалын салбарын ирээдүйг гэгээлэг төсөөлж байгаа. 2022 онд жуулчид авахын тулд одооноос бэлтгэж, “тикэт+аялал” хөтөлбөр гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Монгол орны байгаль үзэсгэлэнтэй, онгон дагшин, нүүдлийн өвөрмөц соёлтой, амар амгаланг мэдрэх гайхамшигтай орон. Хөдөө уулын энгэрээр хонь мал хэдэн мянгаараа идээшлээд бэлчдэг орон ховор юм. Энэ бол хамгийн үнэтэй брэнд. Монгол Улс аялал жуулчлалын салбараа сэргээж, хэвийн байдалд ороход 2024 оноос наашгүй байх. Гэхдээ хүмүүс хөл хорио, хязгаарлалтад удаан байсан тул хил нээгдэнгүүт жуулчдын урсгал огцом ихсэх таамаг ч бий. Ингэвэл 2024 онд үнэхээр аяллын “тэсрэлт” болох магадлалтай” гэжээ.

Монголд ирсэн жуулчид 

О.Сайханцэцэг 

Гадаадын аялагчид Монголчуудын өөрийнхөөрөө байгаа байдал, онгон дагшин байгалийг биширдэг. Хоёрдугаарт Монголд аялахаар ирэхэд өртөг бага байдаг гэж ярьдаг. Солонгосчууд хангай биш говь их явдаг. Говийн цэлмэг тэнгэр, цэлийсэн талыг үзэх гэж, мандаж байгаа, жаргаж байгаа нар, шөнө тэнгэрийн одыг хараад их баярладаг юм билээ. Энэ үед эх орноороо бахархаж, ийм сайхан эх нутагтай гэж бодорхоор өөрийн эрхгүй омогшдог. Европчууд бол дэлхийн талыг эзэлж явсан Чингис хааны өлгий нутгийг үзнэ гэж ирдэг юм билээ. Чингис хаан хүчтэй хүн байсан гэх ухагдахуунтай. Монголын нүүдэлчин ард түмнийг, мал аж ахуйг үзэж сонирхдог. Европийн орнуудын хувьд газар нутаг нь жижиг, алга дарам газраа хүртэл өндөр үнэ өртэгтэй авдаг юм билээ. Би жуулчид, орчуулагчтайгаа явж байгаад аятайхан гол ус, модтой газар олоод буудлахаар Франц жуулчид нь “Энэ гоё газарт бид мөнгө төлж буухуу, энэ хэний газар вэ” гэж асуудаг, “Мөнгө төлөхгүй, энэ бидний үнэгүй газар” гэхээр уулга алдаж, урт амьсгаа авдаг. Тэгэхээр Монгол Улс газар нутгаараа гадаадынхаас илүү байгаа биздээ. Нүүдэлчин мал аж ахуй, байгалийн сайхныг бишрэх гэж, гоё дурсамж бүтээх гэж ирдэг.
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.