| | USD/MNT 0₮

СОНГУУЛЬД ГОРИЛОГЧИД ГАРЫН БЭЛЭГ ТАРААЖ ЭХЛЭВ

2020 оны сонгууль дөхөж хууль нь батлагдсан эдгээр өдрүүдэд улс төрд горилогчид нэр дэвших аймгаа “онилж” сумдаар байн байн тойрч давхиад сонгогчдодоо жигтэйхэн хайр зарлаад сүйд болж байна. Шинэ жилийн баяр эхэлсэн энэ өдрүүдэд сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа хүмүүс иргэдэд гарын бэлэг тарааж, мөн бэлэн мөнгө дугтуйнд хийж азын сугалаа нэрийдлээр тарааж байна. Ойр ойрхон баяр зохион байгуулж, ард түмэндээ илүү ойр дотно харагдахаар ихэд хичээж буй бололтой. Үнэгүй баярт ард түмэн дуртай байлгүй яах вэ. 

Үүнийг далимдуулж аймаг болоод дүүрэгт нэр дэвшихээр зэхэж буй эрхмүүд гарын бэлэг тараасаар байна. Жишээлбэл, Завханд МАН-аас нэр дэвшихээр биеэ бэлтгэн сойж байгаа улсын гарьд Ц.Цэрэнпунцаг харанхуй сумдыг гэрэл гэгээтэй болгох ажлыг хийж, мөн сумдад шинэ жил зохион байгуулж, азын сугалаа нэрийдлээр бай шагналыг нь овоохон “овоолж” өгсөн сурагтай.

Говь-Алтай аймагт Ааяа ах буюу УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд залуучуудад зориулсан шинэ жил хийж, шилэн болор цом гардуулахаас гадна, гэр оронгүй хүмүүст өргөө цагаан гэр бэлэглээд амжжээ.

Мөн АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн сонгогдсон Баянгол дүүрэгт “Монгол хүн монголын үнэт эрдэнэ” гэсэн бичигтэй 25 кг, “Заан” нэртэй 2 кг-ын савлагаа бүхий  цагаан будааг  шинэ жилийн баярын бэлэг болгон тараажээ.

АН-ын дарга С.Эрдэнийн энэ үйлдлийг тойргийн сонгогчид нь “Биднийг сонгууль ойртохоор атга гурил, будаагаар аргадаж явна шүү, манай гишүүн” гэхчилэн ёжлож байна.

УИХ-ын гишүүн Б.Ундармаа СХД-ийн алслагдсан хорооны шинэ жилд урилгаар оролцож мөн л гарын бэлгээ тараасан сурагтай. Түүгээр барахгүй хорооны настай иргэдийг шинэ жилээ тэмдэглээрэй хэмээн Засаг даргад нь бэлэн сая төгрөг гардуулж өгчээ.

Түүнээс гадна Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан мөн сонгуульд нэр дэвшихээр Баян-Өлгий аймагтаа гарын бэлгээ тараажээ.

Тэрбээр баячуудад нь мөнгөн аяга, ядрууханд нь шаазан өгсөн гэнэ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүн ганц шил архи уут чихрийг гарын бэлэг болгон өгсөн бол Баянхонгор аймагт Д.Ганбат бидон тарааж, М.Билэгт гишүүн бакал болон хивс, данх тараасан үйлдэл гарсаар байна.

Харин ирэх сонгуульд нэр дэвших эрхээ хаалгасан МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө нэр дэвших эрхгүй болсон ч намынхаа залуусыг зүтгүүлэхээр “Өрх бүрийг орон сууцжуулна” хэмээн 34 мянган иргэний мэдээллийг бүртгэж авсан байгаа. Хүүгүй байранд орох хүсэл сонирхолтой сонгогчид МАХН-д саналаа “худалдах” нь тодорхой байх.

Нэг зүйлийг хэлэхэд сонгогчид минь сонгуульд эрүүл ухаанаар, алсын хараатай хандаж, зөв хүн, зөв намаа сонгож, улс эх орноо болон өөрийнхөө амь амьдралыг өөд нь татуулахгүй бол аар саархан зүйл болоод атга гурил, атга чихэрт саналаа худалдаж, хууртмааргүй байна гэдгийг сайтар ойлгох ёстой шүү.

2020 оны сонгууль дөхөж хууль нь батлагдсан эдгээр өдрүүдэд улс төрд горилогчид нэр дэвших аймгаа “онилж” сумдаар байн байн тойрч давхиад сонгогчдодоо жигтэйхэн хайр зарлаад сүйд болж байна. Шинэ жилийн баяр эхэлсэн энэ өдрүүдэд сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа хүмүүс иргэдэд гарын бэлэг тарааж, мөн бэлэн мөнгө дугтуйнд хийж азын сугалаа нэрийдлээр тарааж байна. Ойр ойрхон баяр зохион байгуулж, ард түмэндээ илүү ойр дотно харагдахаар ихэд хичээж буй бололтой. Үнэгүй баярт ард түмэн дуртай байлгүй яах вэ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.