| | USD/MNT 0₮

Ц.Нарангэрэл:Авлигын хөрс суурийг цэвэрлэж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаална

Энэ сарын 07-нд Ерөнхийлөгчийн захирамжаар АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн 15 гишүүнийг томилжээ. Тэгвэл тус зөвлөлийн Судалгаа шинжилгээний ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон Ц.Нарангэрэлтэй ярилцлаа. Түүний хувьд Ард түмний онц зөвлөл ТББ-ын тэргүүнээр ажилладаг байсан юм.

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг ямар шалгаруураа шалгаж томилдог юм бэ. Томилогдсон хүмүүсийн нэрсийг харахад их шударга хүмүүс харагдлаа?

-Авлигын эсрэг хуулийн Олон нийтийн зөвлөлийн тухай бүлэг байдаг. Энэ бүлэгт зааснаар авлигын эсрэг дуу хоолойгоо хүргэдэг, нийгмийг төлөөлж шударга ёсны төлөө тэмцдэг иргэдийг Олон нийтийн зөвлөлд оруулж ажиллуулна гэсэн заалт байдаг. 2021 оны 9 сарын 07-нд Ерөнхийлөгчийн 42 тоот захирамжаар энэ зөвлөлийн 15 гишүүнийг томилсон байгаа. Эдгээр хүмүүс дотроо хуралдаад даргаа сонгодог бөгөөд бид хуралдаад Г.Ганбат гэж хүнийг сонгосон.

-Олон нийтийн зөвлөл дотроо хэд хуваагдаж, хэрхэн ажиллах вэ?

-Шинэ журмаараа бол ажлын хэсэг нь дотроо хоёр хуваагддаг. Нэг нь судалгаа шинжилгээний ажлын хэсэг, нөгөө нь олон нийттэй харилцах ажлын хэсэг гэж байдаг. Судалгаа шинжилгээний ажлын хэсгийн ахлагчаар намайг сонгосон байгаа. Нөгөө ажлын хэсгийн ахлагчаар сэтгүүлч Б.Отгоныг сонгосон. Энэ удаагийн Олон нийтийн зөвлөл намчирхал улстөржилтөөс ангид аятайхан томилгоо болсон гэж харж байгаа. Иргэний болон нийгмийн байгууллагын төлөөлөл түлхүү орсон. Хуульчид сэтгүүлчид, залуусын төлөөлөл, судлаачдын төлөөлөл авлигын эсрэг олон нийтийн дуу хоолой болоод иргэдийнхээ эрх ашгийг хамгаална. Авлигын хөрс суурийг нийгэмд цэвэрлэх ажилд тодорхой тус нэмэр болж чадахуйц баг бүрдсэн.

-Олон нийтийн зөвлөлийн гишүүд 4 жилийн хугацаатай томилогдож байгаа. Энэ хугацаанд та бүхэн юу хийхээр төлөвлөгөөгөө гаргасан байгаа вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар заасан. Зургаан жилийн хугацаатайгаар бид томилогдож байгаа. 2021 оны наймдугаар сард АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журмыг Ерөнхийлөгч баталж гаргасан. Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг зөвхөн Ерөнхийлөгч томилж чөлөөлдөг хуультай. АТГ-ын хэрэг бүртгэх, мөрдөх, гүйцэтгэх ажиллагаанаас бусад ажилд нь хяналт тавина гэсэн хуулийн заалттай. Хэрвээ хэрэгжүүлж чадвал маш том өргөн эрх мэдэлтэй байгууллага. Төр олон нийтийн эрх ашгийг, нийгмийн шударг ёсыг хамгаалах гэж, нийгмийг зөв зохион байгуулах гэж олон нийтээсээ сонгогдсон төлөөлөл байгаа юм. Түүнээс дарга сайд гэж тусдаа анги байхгүй. Ард иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангана.

-Таны хувьд авлигын эсрэг тууштай тэмцэгч. 2017 онд Ард түмний онц зөвлөлийг байгуулж байсан. Энэ зөвлөл байгуулагдаад оффшор авлигын эсрэг ямар ажлуудыг хийж ямар үр дүнд хүрч байсан бэ?

-Энэ зөвлөлийг 2017 оны нэгдүгээр сард байгуулсан байдаг. Тухайн үед оффшорын асуудал 2016 оны сонгуулийн өмнө нэлээд хүчтэй гарч, олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид гаргасан байсан.Тэр дотор манай улсын нэр бүхий давхардсан тоогоор 49 хүний нэр дурдагдсан байдаг. Үүнээс 27 хүн байдаг. Эдгээр хүмүүсийн байгалийн баялагаас зөөсөн мөнгөнөөс оффшор данс буюу төрийн албан хаагчид эзэмших ёсгүй нууц дансанд мөнгөө төвлөрүүлсэн байсан. Энэ нь авлигын үүр уурхай гэж хэлэх оффшор бүсийн асуудал байсан. Тийм учраас бид олон нийтийн анхаарлыг хандуулж, авлигачид, оффшорчдыг салгах, арилгах хөдөлгөөнийг өрнүүлж, Ерөнхийлөгч байсан Х.Баттулга тодорхой хэмжээгээр дэмжиж ажиллаад үр дүнд хүрсэн. 2017 оноос өмнө авлигын асуудал нэлээд задгай яригддаг байж, айж ичих зүйл байхгүй, хууль хяналтын байгууллагуудтай хуйвалдсан, бүх асуудлыг мөнгөөр шийддэг байсан үе. Одоо тэр үеийг бодох юм бол иргэний нийгмийн байгууллагууд, АТОЗ нэлээд анхаарч, анхааралдаа авч олон нийтийн сүлжээгээр эсэргүүцдэг. Нийгмийн сэтгэлзүйд нөлөөхүйц нөлөөллийн ажил хийдэг болсон. Авлигын тоо баримтыг бол АТГ хэлдэг. Харин АТОЗ түр зөвлөлөөс бий болсон, тэргүүнээр нь би ажилладаг. Авлигын асуудлаар судалгаа хийдэг философич хүний хувьд хэлэхэд авлигын асуудал асар амь бөхтэй, урт удаан хугацааны урхагтай, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн байдаг. Үүнийг нэг удаагийн кампанит ажлаар шийдэх ямар ч боломж байхгүй. Энэ бол үндэсний хэмжээний нийгмийн эмзэг гажуудал үзэгдэл болчихсон. Дэлхий нийтээр тархсан, нийгмийн тахал юм.

-Авлига хаана ч цэцэглэсэн байна. Танай зөвлөл олон жил авлигын эсрэг гэмт хэрэгтэй тэмцсэн?

-Гэр бүлийн хүрээнд ч аливаа асуудлыг авлигаар шийдэж байна. Иргэдийн дунд ч асуудлыг нь шийдэхийн тулд шагнал урамшуулал өгнө гэх мэт. Ажлаа бүтээхийн тулд авах ёсгүй юмыг нь өгч ажлаа бүтээлгэдэг гаж үзэгдэл ердийн үзэгдэл болчихжээ. Үүнийг арилгахын тулд маш урд удаан хугацааны ажил, ажиллагаа тэмцэл шаардлагатай. Өргөн фронтоор бодитой ажил хийж байж хонгилын үзүүрт гэрэл гэгээ гаргана. Манай АЗОТ-ийн гаргасан үр дүн гэвэл хонгилын үзүүрт гэрэл гаргасан юм. Оффшор бүсэд хэн дуртай нь мөнгө хадгалуулдаг байсан бол энэ нь эргээд сөрөг үр дагавартай, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг хуулиар хуульчилж өгсөн. Төрийн албан хаагчдыг оффшор данс эзэмших эрхгүй болсон.

-АТГ хэр ажиллаж байгаа вэ гэж боддог вэ?

-АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь хараат бус ил тод ажиллах ёстой. Авлигын эсрэг тэмцлийг манлайлах онцгой үүрэгтэй байгууллага юм. Монгол Улс 2004 онд Авлигын эсрэг НҮБ-ын конвецид нэгдэж орсон бол 2007 онд Авлигын эсрэг хуультай болж 2009 АТГ-тай болсон. Энэ 15 жилийн хугацаанд бас ямар байсан бэ гэдгийг ард түмэн мэднэ. Бас л хуулийн байгууллага нь худалдагдаж хуйвалдах зүйл байсан. Харин 2019 оноос эхэлж авлигын гэмт хэрэгтнүүд шүүхээр шийдэгдэж байна. Энэ маш сайшаалтай. З.Дашдаваа даргыг очсноос хойш тодорхой хэмжээний өөрчлөлтүүд гарсан. Тэрний өмнө хавтаст хэргүүд АТГ дээр замхардаг байсан бол одоо АТГ-аас прокурорт очоод замхардаг болжээ. Тэгэхээр хууль эрхзүйн шинэчлэлүүд хууль, шүүхийн байгууллага дээр цэгцрэх ёстой. Авлигын гэмт хэргүүд зөвхөн АТГ-ынх биш ЦЕГ-тай ч хамааралтай. Авлигын эсрэг гэмт хэрэг АТГ болон зөвхөн төр засгийнх биш. Олон нийт оролцож дуугарч тэмцэж байх ёстой. Тодорхой хэмжээгээр чадлынхаа хэрээр тэмцэж байж үр дүнд хүрнэ. Хөрөнгө мөнгө, хүний нөөцийн хувьд ч хяналт шалгалт явуулах боломжтой иргэд нь тэмцэхгүй байхад жирийн иргэд дуугарч тэмцээд үр дүнд хүргэнэ гэхээр хугацаа орно. Хулгайлагдсан хөрөнгөө эх орондоо авчрах ёстой. АТГ-ын Олон нийтийн зөвлөлийг ажлыг шинэ шатанд гаргахаар залуусын төлөөлөл нийлж нэгдсэн байгаа.

-Шинэ шатанд хүргэнэ гэхээр та бүхэн яг юу хийх үү?

 -Авлигын эсрэг тэмцэх гол ажлын багаж хэрэгсэл бол хууль эрхзүйн орчин байгаа. Хууль эрхзүйн орчныг сайжруулж шинэчилж байж Авлигын эсрэг хуулийг шинэ шатанд гаргаж, Эрүүгийн хуулийг өөрчилж, бусад олон хууль эрхзүйн орчныг сайжруулж байж шинэ шатанд гаргана. Одоо жишээлбэл, АТГ-аас авлигын хэргийг илрүүлээд шалгаад шүүхэд шилжүүлдэг. Хэрэг шүүхээр шийдэгдлээ гэхэд хөрөнгө хураах ял байхгүй. Зөвхөн хулгайлагдсан хөрөнгийг нь хурааж байгаа юм. Гэтэл тэр хүн насаараа татвар төлөгчдийн мөнгөөр асар их баялаг хуримтлагдуулсан, нөгөөх нь үл хөдлөх болон хөдлөх хэлбэрээр байдаг. Тэрийг нь хураах боломжгүй. Насаараа төрийн алба хассан хүн амьдарч байгаа байр байшин нь хэдэн тэрбум төгрөгийн үнэтэй. Үүнийгээ яаж авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг тодорхойлж чадахгүй юм бол хөрөнгийг нь шууд хураах ёстой. Олон улсын жишиг байна. Тэгэхээр бид нар хүн төрөлхтөний бий болгосон сайн туршлагаас суралцаад сайн жишгээс суралцаад, ил далд хэлбэрээр хулгайлаад баяжсан төрийн хулгайчуудын хөрөнгийг хуулийн дагуу хураах ёстой юм. Бид нэгэнт хууль засагладаг нийгэмд амьдардаг учраас бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Авлигыг, оффшорчдыг жигшдэг нийгмийн сэтгэлзүй бүрэлдэж бий болсон цагт иргэд муу муухай зүйлээс татгалзаж сурна.

Шударга хөдөлмөрөөрөө ажиллаж амьдарч байгаа бизнесмэнүүдээс авлигачин төрийн алба хаагчид илүү амьдарч байна шүү дээ. Тэгэхээр төрийн авлигын систесийг л үндсээр нь өөрчлөх ёстой.

-2022 оныг Авлигын эсрэг жил болгон зарлана гэсэн үү?

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигын эсрэг сайн ажиллаж байгаа. Сая 15 гишүүнийг томилох асуудал дээр ямар нэгэн нам хамааралгүй нэрсийг шударгаар оруулж байгаа нь маш сайн үзэгдэл байсан. Жишээлбэл, би болон Отгон нар тогтолцоонд байгаа буруу зүйлийг нам хамааралгүй шүүмжилж хэлж бичдэг шүү дээ. Гэтэл биднийг алаг үзэлгүйгээр иргэний нийгэмд дуу хоолойгоо хүргэдэг хүн хэрэгтэй, авлигын эсрэг тэмцэж чадахуйц хүмүүс гэж харсан. Тийм учраас 2022 оны Авлигын эсрэг жил болгон зарлаачээ гэсэн саналыг Олон нийтийн зөвлөлөөс тавьж байгаа. Үндэсний хөдөлгөөн өрнүүлье. Ирээдүйд Монгол Улсыг авч явах иргэд цэвэр ёс суртахуунтай хар амиа боддоггүй, нийгмийнхээ сайн сайхны төлөө дуу хоолойгоо хүргэдэг иргэд бий болох ёстой. Тэгж байж энэ нийгэм цэвэршинэ. Сэтгэлзүйг эрүүл зөв болгоход шударга иргэд хэрэгтэй. Тийм учраас энэ бүгдэд анхаарч ажиллана.

-Гэхдээ авлигажсан нийгмийг цэвэрлэхэд асар их хугацаа орох байх?

-Авлигын асуудал нэг өргөс авсан дайны өөрчлөгдөхгүй. Ажлын байран дээрээ авлига аваад ачигдсан шүүгч эргээд ажилдаа томилогдсон тохиолдол бий. Ийм ялзарсан нийгмийг бид цэвэрлэх ёстой. Өргөс авч байгаа мэт ганц хоёр хүнийг шоронд суулгаад 10, 20 хүнд ял өгөөд өөрчлөгдөхгүй. Авлигын хөрс суурь буюу суурь асуудлыг арилгахгүйгээр энэ асуудал цэгцрэхгүй. Олон нийт оролцохгүйгээр авлига арилахгүй. Олон нийтийн зөвлөлд маш сайн баг бүрдсэн. Зөв нийгмийн төлөө хөдөлдөг дуугардаг байхын төлөө бид ажиллана. Ангууч нэрээр танигдсан Баттөр орсон байгаа. Нийгэмдээ нөлөөлж чадна гэдэгт итгэж байгаа. Зөвхөн талбай дээр гараад жагсаал цуглаан хийснээр асуудал өөрчлөгдөж, авлига арилахгүй. Мэдээж Үндсэн хуулиараа жагсаал цуглаан хийнэ, иргэд үгээ хэлэх эрхтэй. Хамгийн гол нь хариуцлагатай, цэгцтэй байж бидний хийх ажилд өөрийн санаачлагаараа оролцдог байх ёстой.

Шинэ журмаараа бол ажлын хэсэг нь дотроо хоёр хуваагддаг. Нэг нь Судалгаа шинжилгээний ажлын хэсэг, нөгөө нь Олон нийттэй харилцах ажлын хэсэг гэж байдаг. Судалгаа шинжилгээний ажлын хэсгийн ахлагчаар намайг сонгосон байгаа. Нөгөө ажлын хэсгийн ахлагчаар сэтгүүлч Б.Отгоныг сонгосон. Энэ удаагийн Олон нийтийн зөвлөл намчирхал улстөржилтөөс ангид аятайхан томилгоо болсон гэж харж байгаа. Иргэний болон нийгмийн байгууллагын төлөөлөл түлхүү орсон. Хуульчид сэтгүүлчид, залуусын төлөөлөл, судлаачдын төлөөлөл авлигын эсрэг олон нийтийн дуу хоолой болоод иргэдийнхээ эрх ашгийг хамгаална. Авлигын хөрс суурийг нийгэмд цэвэрлэх ажилд тодорхой тус нэмэр болж чадахуйц баг бүрдсэн.
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.