| | USD/MNT 0₮

БОАЖ-ын сайд Н.Уртнасан явж, МАХН-ын Б.Тулга ирэх үү

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна гэж заасны дагуу Л.Оюун-Эрдэнэ танхимынхаа зарим гишүүдийг явуулахаар болсон талаарх мэдээлэл гарсан билээ.

Тэгвэл эхний ээлжинд БОАЖ-ын сайд Н.Уртнасанг ажлаас нь чөлөөлнө гэсэн мэдээлэл байна. Ер нь сайд Н.Уртнасан явах болзлоо хангасан гэж хэлж болно. Сайдын тамгаа хүлээж авснаас хойш сүйдтэй ажил хийгээгүй. Хэнтий аймагт өрнөж байгаа бүтээн байгууллалтын ажлуудыг очиж үзсэн. Андлалын өргөө цогцолборыг буулгасантай холбоотой олон нийтэд хандаж мэдээлэл өгснөөс хойш өөр гойд ажил хийгээгүй гэж хэлж болно. Н.Уртнасан сайдыг зан харилцааны хувьд доголдолтой, яамныхаа дарга, мэргэжилтнүүдийг загнадаг, дарамталдаг гэсэн мэдээлэл ч гарч байсан юм. Тэгэхээр Засгийн газрын танхимд ийм сайд цаашид хэрэггүй гэсэн байр сууринаас Ерөнхий сайд хандах байх. Сайд Н.Уртнасангийн хувьд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдсэн юм шиг өчигдөр цахим хуудсандаа "Өвөлжилтийн бэлтгэл, агаар орчны бохирдлын талаар бидэнд хийх ажил маш их байна. Хийж ч байна. Дахин дахин хэлэх хэрэг гардаг юм байна. Хариуцлагатай ажил хийж буй хүний хувьд зөвхөн бодлого шийдвэр, ажил л ярина. Хүний тухай болон бусад сэдвээр ярихгүй. Ажлаа л сайн хийцгээе. Чин сэтгэл, хичээл зүтгэлийг үнэлэх өдөр ирнэ. Бурууд бууж өгөхгүй! Даваад гарна. Өвөлжилтийн хурлын өмнө амжиж бичив" гэжээ.

БОАЖЯ-ныхан түүнийг чөлөөлөх асуудлаар "Албан ёсоор тийм мэдээлэл байхгүй" гэсэн тайлбарыг өгсөн. Ямартаа ч танхимаас явах сайд нарын нэгдүгээрт Н.Уртнасан сайд байгаа юм. Харин түүний оронд хэн сайд болох вэ гэдэг асуудал ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-тай нийлж нэгдсэн МАХН-ынхан сайдын суудал авахаар улайрч байна. Н.Энхбаяр дарга "МАН албан тушаалын олон квот өгнө гэсэн. Манай намынхан ажилтай орлоготой болно" гэж ярьж байсан. Тэгвэл МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулгаа БОАЖЯ-ны сайдаар зүтгүүлжээ. МАХН-ыхан 3-4 сайдын суудал авна, суудал өг гэж лүндэн буулгасан бололтой. Ийнхүү нийлж нэгдэж, МАХН-ын ажилгүй, албан тушаалгүй гишүүдийг нь ажилтай төдийгүй сайдын суудалд суулгахаар тохироогоо хийжээ. Хамгийн гол нь эрх мэдэл албан тушаалаар наймаалцах биш, салбараа мэддэг сайд очих нь зөв болов уу. 

БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлж, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулгатад яам атгуулах тохироо хийжээ.
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.