| | USD/MNT 0₮

М.Сарантуяа:Ямар ч үед итгэл даах шавьтай байна гэдэг багш хүний хамгийн том бахархал юм

Өнөөдөр есдүгээр сарын нэгэн, хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгч нарын хүсэн хүлээдэг өдөр гэж хэлж болно. Дэлхийг чичрүүлж, Монголыг мохоосон аюулт цар тахлаас болж хоёр жил бараг анги хамт олноороо шуугиж, хичээл номоо хийгээгүй хүүхдүүд өнөөдрийг тэсэн ядан хүлээжээ. Учир нь танхим болон цахим хослуулсан хоёр ээлжийн сургалт явагдах учраас ийнхүү хичээлдээ яарч догдолсон байна. Орон даяар хичээл сургууль эхэлсэн энэ өдөрт нэгэн багшийг онцолж ярилцлаа. Тодруулбал, алс хол баруун хязгаар нутаг болох Ховд аймгийн Жаргалант сумын 6-дугаар сургуулийн Монголхэлний дугуйлангийн ахлах багш, Монгол Улсын зөвлөх багш М.Сарантуяатай ярилцлаа. Түүний хувьд өнгөрсөн сард ЭЕШ-тад бэлтгэсэн сурагч Х.Айдос нь 800 оноо авч, МУИС-д элсэн суралцах эрхтэй болж, багшаа баярлуулсан юм. М.Сарантуяа багшийн хувьд шавь нараараа бахархаж, гаргасан амжилтад нь баярладаг нэгэн аж. Ингээд түүнтэй ярилцсан ярилцлагаа хүргэж байна.

-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе ээ, та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байцгаана уу.Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг М.Сарантуяа гэдэг. Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн. Тэртээ1994 онд Ховдын багшийн дээд сургуулийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. Анх ажлын гараагаа төрсөн нутаг Ихтамир сумын төрөлх сургуульдаа бага ангийн багшаар ажлын гараагаа эхэлж байсан. Боловсролын байгууллагад 26 жил тасралтгүй ажиллаж байна. Одоо Ховд аймгийн Жаргалант сумын Б.Барсболд захиралтай 6 дугаар сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байна.

-Хичээлийн шинэ жил хэр эхэлж байна вэ?

-БШУЯ-наас гаргасан захирамжийн дагуу сургууль маань сурагчдаа хүлээн авч байна. Их сайхан эхэлж байна. Бараг хоёр жил шахуу онлайнаар суралцсан багш, шавь нартайгаа уулзаж, тааралдаж хөөрөлдөөд сайхан байна.

-Монгол Улсын зөвлөх багш юм билээ. Бас сургуулийнхаа Монгол хэлний сэкцийг ахалдаг ахлагч гэсэн үү. Хэзээнээс эхэлж зөвлөх багш хийсэн бэ?

-Сургуулийнхаа дугуйланг ахалдаг. Харин 2017 онд Монгол Улсын зөвлөх багш болсон.  

-Сая ЭЕШ-д бэлтгэсэн сурагч нь босго онооноосоо давуулан биелүүлж 800 оноо авчээ. Багш хүний хувьд шавиараа бахдаж, баярласан байх, сэтгэгдлээ илэрхийлбэл?

-Ямар ч үед итгэл даах шавьтай байна гэдэг багш хүний хамгийн том бахархал юм. Манай шавь Х.Айдос өөрийгөө олон жил сорьж байгаа шилдэг сурагчдын маань нэг. Маш сэргэлэн, чадвартай, хувийн зохион байгуулалт өндөр сурагч. Өөрөөсөө илүү амжилттай шавь бэлтгэнэ гэдэг багш хүний бахархал гэж боддог. Дүн гарахад маш их баярласан.

ЭЕШ-даа 800 оноо авсан Х.Айдосын хамт

-Шалгалтандаа хэр бэлтгэсэн бэ?

-Цахим хичээлийн сан бүрдүүлэн өдөр бүр сурагчидтайгаа хамтран ажилаж тэдэнд чадна гэсэн урам зоригийг өгч ажилласан даа.

-Таны бэлтгэсэн шавь нар ер нь тэмцээн уралдаанд хэр амжилттай оролцдог бэ, гаргасан амжилтуудаас нь дурдвал?

-Аймаг улсын чанартай уралдаан тэмцээнд шавь нар маань олон сайхан амжилтын эзэн болсонд шавь нараараа бахархдаг. Жишээ нь Уран жиргээ, Шувуун саарал наадмын дэд, гутгаар, тусгай байрын зургаан удаагийн мөнгө хүрэл медальт, Сайхан бичигтэн уралдааны  хошой тэргүүн , хошой дэд байрын шагналт, Аймгийн Монгол бичгийн хурдан уншлагын уралдааны гутгаар байр,Уран бичлэгийн аймгийн аварга гэх мэт амжилт гаргасан байдаг.

-Монголхэлний багшийн хувьд монгол хэл, бичгийн дархлаа ямар байх ёстой вэ. Монгол хэл мохож устах вий гэсэн болгоомжлол байдаг. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Нэгэн үе хүүхдийг үндэсний хэл, бичгээс илүү гадаад хэл сургахад эцэг эхчүүд анхаарч байсан. Харин одоо бол энэ хандлага өөрчлөгдөж, монгол хэл, бичгээ судлах, сурах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарч эхэлсэн мэт санагдаж байна. Ер нь эх хэлээ сайтар сурснаар гадаад хэл хөгжүүлэхэд гол суурь болдог. Улсын хэмжээнд Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Бичиг соёлын өдөр” болгон тунхагласан. Бас “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 2010 оны зарлиг, “Монгол бичиг үндэсний хөтөлбөр-II” зэрэг бодлогын баримт бичиг хэрэгжиж байгаа. Мөн сүүлийн жилүүдэд Монгол бичгийн хичээл 6-9 дүгээр ангид нэг цаг ороод хаагддаг байсан. Харин одоо 6-12 дугаар ангид хоёр цаг ордог болгосон. Ингэж Монгол бичгийн хичээл заах цагийг нэмсэн явдал нь хүүхдийн сурах хүслийг дэмжсэн, боломжийг өргөжүүлсэн чухал алхам болсон гэж бодож байна.    

-Багш хүний хувьд баримталдаг зарчим юу бэ?

-Хүнээр хүн хийх ухаан. Хүүхэд бүрийн нүдэнд сурах их хүсэл тэмүүлэл урам зориг эрч хүчийн галыг бадрааж чаддаг байх ёстой.

-Багш хүн сайн байвал Монголын ирээдүй гэрэл гэгээтэй байна гэж боддог. Энэ талаар таны бодол?

-Монгол бичиг сурах хамгийн амархан арга бол эхийг шимтэн унших, бичих. Багш  шавь нарыгаа байнга дэмжин урам өгөх нь чухал. Сайн уншдаг хүүхдийг анги хамт олон, сургууль, гэр бүлийнхэнд нь сурталчилна. Ингэхээр хүүхэд итгэл, урам зоригоор тэжээгдэн хөгжиж чаддаг. Багш хүн хүүхдийг хичээлдээ дур сонирхолтой болгоход анхаарах нь зүйтэй.

-Багш хүний жаргал зовлон гэж байдаг л байх. Шантрах үе байсан уу?

-Мэргэжилдээ сэтгэл хангалуун байдаг учраас шантрах үе гарч байгаагүй.

-Хүүхдүүддээ зааж сургаж хүмүүнжүүлдэг арга барилаасаа хуваалцвал?

-Хүүхэд хүүхдээсээ амархан суралцаж, хамтдаа хөгждөг. Тийм учраас тухайн ангиас зургаан хүүхэд сонгон авч 14 хоногийн хугацаанд унших, бичих арга барил бүрэн эзэмшүүлж, сурагч багш бэлтгэдэг. Ингэснээр тус анги надтай нийлээд Монгол бичгийн долоон багштай боллоо гэсэн үг. Бэлтгэсэн зургаан хүүхэддээ чи “багш” шүү гэсэн ойлголт, итгэл өгнө. Тэгэхээр хүүхдүүд бусад нөхдөдөө чин сэтгэлээсээ мэддэг, чаддаг бүхнээ зааж өгч, бусдыгаа хурдан уншиж сурахад тусалдаг. Хэсэг хугацааны дараа тухайн ангийн хүүхдүүд яг нэгэн жигд түвшинд монгол бичгээр зөв уншиж, бичдэг болно. Түүнчлэн нэг хичээл дээр 10-15 шинэ үг цээжлэх даалгавар өгнө. Дараагийн хичээлийн эхний 10 минутад цээжээр бичүүлж, даалгавраа тогтмол шалгадаг. Тэгэхээр хүүхдийн үгийн баялаг нэмэгдэнэ. Энэ мэтчилэн хүүхдийг хурдан хугацаанд унших, бичих дадал зуршилд сургах боломж нээлттэй байна.

-Ер нь манай улсын хэл бичгийн дүрэм, зарчим ямар түвшинд байгаа вэ гэж боддог вэ?

-Сүүлийн үед хэн дуртай нь Монгол бичгийн зөв бичих дүрмээр оролдож янз бүрийн хэлбэрт оруулж байгаад эмзэглэдэг. Журамласан толио барих хэрэгтэй.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хичээл бараг танхимаар явагдаагүй, хичээлээ хэр заав. Хүүхдүүдийн сурах боломж ер нь хэр байсан бэ?

-Цахим хичээлийг чанартай бэлтгэн хүүхдүүдэдээ хүргэж байсан. Хөдөө алслагдсан сум багт байгаа хүүхдүүд сурах боломж муу байдаг.

-Хичээлийг танхимаар явуулах, цахимаар явуулахын аль нь үр дүнтэй юм шиг санагддаг вэ, орон нутагт халдвар ихэвсвэл яах бол?

-Танхимаар явуулах нь мэдээж илүү үр дүнтэй. Гэвч орчин үед хүүхдүүд цахимаар суралцах боломж илүү нээлттэй болж байгаа.

-Сургуулийнхаа талаар болон сэкцийнхээ талаар яриач, ямар арга барилаар ажиллаж, хүүхдүүдээ сурган хүмүүжүүлдэг вэ?

-Манай дугуйлан 2018 онд шилдэг хамт олноор шалгарч байсан. Монгол хэлний 8 багштай. Зөвлөх багш 1, Тэргүүлэх зэрэгтэй багш 4, Заах аргач зэрэгтэй багш 2, залуу багш 1 байна. Багш хүн бүр өөр өөрийн гэсэн арга барилтай, түүгээрээ л хичээлээ номоо зааж, сурагчдаа сурган хүмүүжүүлж байгаа.

-Таныг бас хүмүүнлэгийн ажил, багш сурагчдадаа дэмжих ажил хийдэг гэж сонссон?
-Туркийн Залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж багш ажилчид, сурагчдадаа нийт зургаан сая төгрөгийн эд материал, хоол хүнс,хичээлийн хэрэглэлийн тусламж үзүүлж байсан. Одоо ч үргэлжлүүлэнн хийж байгаа.

-Ажилд нь амжилт хүсье ээ?

-За баярлалаа.

О.Сайхан 

Нэгэн үе хүүхдийг үндэсний хэл, бичгээс илүү гадаад хэл сургахад эцэг эхчүүд анхаарч байсан. Харин одоо бол энэ хандлага өөрчлөгдөж, монгол хэл, бичгээ судлах, сурах, түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарч эхэлсэн мэт санагдаж байна. Ер нь эх хэлээ сайтар сурснаар гадаад хэл хөгжүүлэхэд гол суурь болдог. Улсын хэмжээнд Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Бичиг соёлын өдөр” болгон тунхагласан. Бас “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 2010 оны зарлиг, “Монгол бичиг үндэсний хөтөлбөр-II” зэрэг бодлогын баримт бичиг хэрэгжиж байгаа. Мөн сүүлийн жилүүдэд Монгол бичгийн хичээл 6-9 дүгээр ангид нэг цаг ороод хаагддаг байсан. Харин одоо 6-12 дугаар ангид хоёр цаг ордог болгосон. Ингэж Монгол бичгийн хичээл заах цагийг нэмсэн явдал нь хүүхдийн сурах хүслийг дэмжсэн, боломжийг өргөжүүлсэн чухал алхам болсон гэж бодож байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.