| | USD/MNT 0₮

Рио Тинто компани Монголын талд буулт хийж, гурван жилийн хугацаанд НЭГ ИХ НАЯД төгрөгийг нэмэлт орлого болгож төвлөрүүлэх санал тавьжээ

“Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “"Рио Тинто" группийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдад захидал ирүүлсэн. Захидлын талаар товч танилцуулъя.

Нэгдүгээрт, Оюутолгой төслийн менежментийн багийг удирдаж байгаагийн хувьд "Рио Тинто" гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хойшлуулсандаа хүлцэл өчсөн. Өөрөөр хэлбэл, ковид-19 цар тахалтай эдийн засгийн хүнд цаг үед Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын үйлдвэрлэл хойшилж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газарт одоо төлж байгаа татварын орлого буюу АМНАТ-ын татвараас гадна гурван жилийн хугацаанд нэг их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлж, төсөвт нэмэлт орлого оруулах саналтай байгаагаа илэрхийлсэн байсан.

Хоёрдугаарт, Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тул Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, 2.3 тэрбум ам.долларын өр бичигдсэн явж байгаа бөгөөд үүнийг бууруулах боломжтой гэсэн.

Мөн Засгийн газрын эзэмшиж буй "Оюу толгой" компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан. Хэлэлцээрийг бүх талаас нь үргэлжлүүлэхэд бид бэлэн байна. Лондонд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хойш нь тавих саналыг давхар илэрхийлсэн.

Гүний уурхайд хөндлөн малталт хийж эхлэхээс өмнө УУХҮЯ-ны Мэргэжлийн зөвлөлөөр гүний уурхайн нөөцийг батлуулах ёстой. Гүний уурхайн ТЭЗҮ-ийг тус зөвлөлөөр дахин хянуулах саналаа илэрхийлэв. Үүнд татгалзах зүйлгүй. 

"Оюу толгой" компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа Б.Болд захирал илэрхийлсэн. Эрчим хүчний, урт хугацааны гэрээг техникийн нөхцөлүүдээ тохирон байгуулах боломжтой.  

Засгийн газар Рио Тинто группээс зээл авч, ил уурхайг ашиглалтад оруулсан. Энэ зээлийн хүүг (6.5хувь+либор) бууруулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Энэ хүү дунджаар 8 хувь болдог. Мөн хүүгээс хүү тооцдог тул манайд томоохон дарамт болдог юм.  Энэ төслөөс ногдол ашиг хүртэх хугацаа наашлах боломжтойг бидэнд дуулгалаа.      

Лондоны Арбитрын шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлээ түр азнахыг Засгийн газраас  хүслээ. Бид энэ долоо хоногт ажлын хэсэг дотроо эхлээд ярилцана. Ажлын хэсэгт УИХ, Засгийн газрын гишүүд багтдаг. Дараа нь Засгийн газарт саналаа танилцуулна. Б.Болд захирал тэргүүтэй Рио Тинто группийн захирлууд Монголд ирсэн. Иймд ойрын  хугацаанд хэлэлцээ эхэлнэ. Хэлэлцээ 2-3 жил үргэлжлэх болов уу. Ажлын хэсэг хажуудаа гурван зөвлөх баг ажиллуулна. Тэдний саналын дагуу бид ажиллана. 2009 онд гаргасан алдаагаа бид давтах ёсгүй. Төслөөс хүртэх Засгийн газрын өгөөжийг 53 хувьд хүргэхээр ажиллана" гэв.

“Рио Тинто” компаниас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.