| | USD/MNT 0₮

С.Урансүх:Настай ээжийг минь бодоод Х.Нямбаатар сайд албан тоотоор хариу өгч, уучлал гуйгаасай

Төрийн ордны баруун хаалган дээр 75 настай өндөр настай С.Цэвээн гуай том охин С.Урансүхийн хамт суултаа үргэлжлүүлсэн хэвээрээ байна. Өглөө 08.00 цагт ирж суугаад орой 20.00 цагт гэртээ харьж байгаа гэнэ. Өндөр настан С.Цэвээн гуайн суултын гол зорилго бол одоогоос 30 жилийн өмнө Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд судалгааны ажлаар явж байгаа онгоцны ослоор амь үрэгдсэн ханийнхаа нэр хүндийг сэргээж, сүнсийг нь амраахыг хүсэж буй. Тэрбээр хүүхдүүдийнхээ хамт тухайн үед “хоёр удаа нөхөн төлбөр авсан” гэж гүтгүүлсэн нэр төрөө  сэргээлгэнэ хэмээн ийнхүү Төрийн ордны гадаа суулт хийгээд 70 гаруй хонож байна. Ингээд С.Цэвээн гуайн том охин С.Урансүхтэй ярилцлаа.

-Сайн байна уу та, ээжийнх нь бие сайн уу?

-Өө сайн. Ээжийгээ дагаж ирээд өдөрт хажууд нь өнжиж байна. Ээж намайг яв яв гээд хөөгөөд байгаа. Би настай ээжийгээ орхичихоод яаж явах билээ дээ. Ядаж аяга халуун цайг нь хийж өгөөд бараа болоод сууж байя гэж бодсон юм.

-Наадмын амралтаас хойш та хоёрыг хүлээж авч уулзсан хүн байна уу. Асуудал одоо ямар шатандаа байна вэ?

-Асуудал ер нь шийдэгдэхгүй удааширч байна. Наадмын амралтын өдөр ЗГХЭГ-ын дарга нь болон УИХ-ын гишүүд гарч ирээд уулзсан. Аман байдлаар уулзснаар албан бичгээр тоот хариу өгөөгүй. Би Ерөнхийлөгчийн туслахад асуудлаа хэлсэн. Тэгэхэд намайг “Та Засгийн газрын байр суурь тодорхой биш байна” гээд яриад байх юм. Сайд гарч ирээд “Та бүхэнтэй Засгийн газар эвлэрэх байр сууриа илэрхийлсэн нь тодорхой байгаа биздээ” гээд бараг уурлаж байна билээ. Тэгвэл эвлэрэх байр суурьтай байгаа юм бол бичиг цаасаар хандаж болно биздээ. Энэ суулт хийсэн хугацаанд бидэнтэй бичиг цаасаар харьцсан нэг ч хүн байхгүй. Ингээд настай хүнийг суулгаад байх ямар шаардлагатай юм бол. Ээж маань “Намайг нэг хөгшин ганцаараа энд суугаад яав л гэж бодож, энэ төр засаг тоохгүй байх шиг байна. Би ганцаараа биш шүү дээ, надтай хамт 31 хүний сүнс хамт “жагсаж”, шударга ёсыг хүсч байна” гээд байгаа.

-Одоо хаана хандах вэ, та хоёр?

-Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт албан бичгээр хандсан байгаа. Бидэнд энэ мөнгө авсан гэх санхүүгийн баримтыг олж гаргаж өгөөчээ. Эсвэл энэ хүмүүс аваагүй гэсэн баримтыг гаргаж өгөөд Засгийн газар болон холбогдох хүмүүс бүрэн бүрэлдэхүүнээрээ манай гэрийнхнээс уучлал хүсээрэй. Манай гэрт тухайн үед ийм 700 төгрөгийн тэтгэмж олгогдоогүй юм шүү. Тэтгэмж аваагүй ээжийг минь “Мөнгө авчихаад аваагүй гэж худлаа хэллээ” хэмээн нийгэмд харлуулаад байна. Настай ээжийг минь бодоод Х.Нямбаатар сайд албан бичгээр уучлалт хүсээд хандвал би ээжийнхээ хамт энд суугаад байх шаардлага алга. Амаараа сайхан зүйл хэлээд дараа нь хэлээгүй гэж мэлзэнэ. Тэгэхээр бид албаны байдлаар хандаасай л гэж гуйж хүсэж байгаа юм.

-Олгосон гэсэн албан бичиг л байгаагаас авсан, өгсөн гэх гарын үсэг бүхий санхүүгийн баримт алга уу. Ямар хүн, хэн гарын үсэг зурж энэ мөнгийг авсан юм бол?

-Санхүүгийн бичиг нь олдохгүй, гарч ирэхгүй байгаа юм. Тийм нотлох бичиг байхгүй болохоор Чингэлтэй дүүргийн шүүх, хуулийн байгууллагууд бидний гомдыг хэрэгсэхгүй болгоод байдаг. Шүүхийн шатанд хоёр ч удаа хэрэгсэхгүй болгосон. Тэгээд “Олгосугай, өгсүгэй” гэсэн бичгийг үндэслээд “Та авчихсан л байна шдээ” гэх маягтай. Ээжийг минь авсан гэж батлах баримт бичгийг гаргаж ирэхгүй, нөгөөх холбогдох газрууд нь тэр бичгийг нь гаргаж өгөхгүй болохоор “Та авсан л байна шдээ” гэж шүүх хурал хийж болохгүй шүү дээ. Аргаа бараад Төрийн ордны гадаа ирээд суусан. Гэтэл араас нь дуудаад 10, 20 сая төгрөг өгье, наадахаа зогсоо гэх жишээтэй. Хаанаас, хэнээс даалгавар аваад ингэж хэлээд сууж байгаа юм бэ гэж эсэргүүцсэн. Гэтэл биднийг гутаан доромжилж эхэлсэн. Байдал ийм л байна.

-Та шүүгчид их гомдож байгаа гэсэн. Анхан шатны шүүх хурал дээр шүүгчид юу гэж хэлсэн юм бэ?

-Тийм. Тухайн байгууллагыг төлөөлж байгаа төрийн түшээ хүн их муухай үг хэлсэнд гомдолтой байгаа. Миний аав нэр төрийг бараг доромжилсон гэж хэлж болно. Танай аавыг бид нар алчихаа юу гэж хэлсэн. Эд ингэж хэлж байгаа ч тухайн үед миний аавыг оршуулахад Төрийн далбаа нь бөхийж хүндэтгэл үзүүлээд Алтан-Өлгийд нутаглуулж байсан юм. Шүүгчийн увайгүй байдлыг нь Ц.Нямдорж гуайд хэлэхэд “Яасан муухай хүмүүжилгүй хүмүүс бэ” гэсэн.

-Таны аав ямар хүн байсан бэ, аавынхаа талаар яривал?

-Манай аав мэдлэгтэй, маш оюунлаг хүн байсан гэдэг. Өөрөө бие дааж хоёр ч гадаад хэл сурсан. Дээр үед гадаад хэлтэй хүн гарын арван хуруунд багтах цөөн тооны байсны нэг нь миний аав. Гадаад дотоодын хэлэлцээрт их явдаг байсан. Тийм болохоор хүүхдүүд нь оюунлаг, хэл устай байх.

-Та ямар мэргэжилтэй бэ?

-Би англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй.

-Таны дүү С.Урансувдмааг Италид суух Элчин сайдын суудал нэхсэн гээд байгаа. Энэ үнэн үү?

-Яалаа гэж дээ, энэ бол худлаа ташаа мэдээлэл шүү. Миний дүү багаасаа загвар зохион бүтээгч болох хүсэл сонирхолтой. Итали бол загварын орон шүү дээ. Тийм учраас бага наснаасаа эхэлж өөрөө бие дааж итали хэл үзэж сурсан хүн. Гэхдээ Засгийн газраас нэг иргэн хүн Элчин сайдын суудал нэхэж, нэхсэнийх нь зоргоор суудал өглөө юу. Тийм юм гэж байх уу, эрүүлээрээ бодоод үзсэн ч. Манай дүү итали хэлтэй гэж ярьснаас биш, Элчингийн суудал өгөөч гэж нэхэх хүн бишээ. Тиймээс энэ мэдээлэл худлаа юм шүү гэдгийг хэлье. Бүхэл бүтэн Засгийн газрыг шантаажлах иргэн гэж байх уу.

-Та бүхэн 260 сая төгрөг нэхэмжилсэн гээд байгаа. Энэ ямар учиртай мөнгө юм бэ?

-269 сая төгрөг нэхэмжилсэн гэх нэхэмжлэл бидэнд байгаа. Ийм мөнгө авах хууль эрх үндэслэлтэй. Дээр нь бүр сэтгэл санааны хохирлыг ч барагдуулах ёстой юм шүү дээ.

Санхүүгийн бичиг нь олдохгүй, гарч ирэхгүй байгаа юм. Тийм нотлох бичиг байхгүй болохоор Чингэлтэй дүүргийн шүүх, хуулийн байгууллагууд бидний гомдыг хэрэгсэхгүй болгоод байдаг. Шүүхийн шатанд хоёр ч удаа хэрэгсэхгүй болгосон. Тэгээд “Олгосугай, өгсүгэй” гэсэн бичгийг үндэслээд “Та авчихсан л байна шдээ” гэх маягтай. Ээжийг минь авсан гэж батлах баримт бичгийг гаргаж ирэхгүй, нөгөөх холбогдох газрууд нь тэр бичгийг нь гаргаж өгөхгүй болохоор “Та авсан л байна шдээ” гэж шүүх хурал хийж болохгүй шүү дээ. Аргаа бараад Төрийн ордны гадаа ирээд суусан.
Ярилцлага

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.