| | USD/MNT 0₮

Х.Айдос:Би ЭЕШ-даа 800 оноо авна гэдэгтээ итгэлтэй байсан, МУИС-д орох мөрөөдлөө биелүүлсэн

М.Сарантуяа багшийнхаа хамт 

Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар явагдаж өнгөрсөн долоо хоногт дууссан билээ. Энэ жилийн хувьд орон нутгийн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтандаа сайн байж, толгой цохижээ. Тэдний дундаас Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар сургуулийн сурагч Х.Айдас, Манхан сургуулийн сурагч Л.Уянга хоёр Монгол хэлний хичээлээр 800 оноо авч багш нар  болон ар гэрийнхнээ баярлуулжээ.
Казах хэрнээ Монгол хэл, бичгийн хичээлээр олон түүхэн амжилтын эзэн болсон Х.Айдостой ярилцлаа. Тэрбээр МУИС-д орох мөрөөдлөө биелүүлсэн бөгөөд ирээдүйд хэл, бичгийн том эрдэмтэн багш болох хүсэл мөрөөдөлтэй ажээ. Түүний гаргасан олон амжилтуудаас нь цухас дурдвал Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлиг, Үндэсний бичиг үсгийн баяр “Эх хэл бидний бахархал” аяны хүрээнд “Уран бичлэг бүтээлч уралдаан -2021” уралдааны сонирхогчдын ангилалд тэргүүн байр эзэлж байсан юм байна.

-Сайн байна уу, манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байцгаана уу? Намайг Хуандых овогтой Айдос гэдэг. Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар сургуулийн 12 Б ангийг суралцаж төгссөн. Манай аав. Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн малчин. Би эцэг эхээсээ зургуулаа. Доороо нэг дүүтэй гурван эгч, нэг ахтай. Нутгийнхаа тухайд сонирхуулбал, Ховд аймаг бол олон ястны өлгий нутаг гэдгээр нь хүмүүс андахгүй сайн мэднэ.  Нийслэлээс хэдий алслагдмал ч энд байгалийн гайхамшгийг харж мэдэрнэ. Мөн цаст Цамбагарав уул, Гурван сэнхэрийн агуй, Хар ус нуур гээд л байгалийн цогцолборт газраараа бид алдартай.

-Монгол хэлний хичээлээр ЭЕШ өгөөд 800 оноо авчээ, баяр хүргэе. Хэдэн хүүхэд шалгалтад орсноос ийнхүү нэгээр гарч ирэв. Ер нь босго оноог давуулж авна гэдэгтээ итгэлтэй байсан уу?

-Баярлалаа. Ховдод 320 хүүхэд шалгалт өгсөн. Би 800 оноо авна гэдэгтээ маш их итгэлтэй байсан. Манай сургуулийнхан бас намайг таньдаг бүх хүмүүс надад итгэж байсан болохоор итгэлийг нь алдахгүйн тулд их хичээсэн.

-“Казах хүүхэд Монгол хэлний хичээлээр 800 оноо авчээ. Монгол хэл, бичгээр төгсөрчээ. Мундаг байна” гэсэн сэтгэгдэл мэдээлэл цахим сүлжээнд их гарсан байсан?

-Өө тийм үү, баярлалаа. Би Монголд төрснөөрөө их бахархдаг. Адилхан л Монгол Улсын иргэн байна. Казах хүүхэд гэхээрээ л халх хүүхдээс хэл ярианы хувьд доор байх ёстой биш шүү дээ. Энэ тийм ч их гайхаад байх зүйл биш байх. Бас зарим нэг үндэсний ялгаа гаргадаг талтай. Бид гурван сая буюу цөөхүүлээ. Монголынхоо бүх хүмүүстэй эв найрамдалтай байхыг хичээж хүсдэг. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй.

-Монгол хэлний хичээлийн шалгалт нь хэр байв?

-Шалгалт маш чанартай боловсруулагдаж ирсэн. Мэдээж Монгол хэлний хичээл барьцгүй. Юунаас ямар юм ирэхийг нь хэн ч таашгүй. Би Монгол хэлний бүх дүрмүүдийг судалж мэдсэн. Монгол хэлний хичээлийн нэг гол онцлог нь гурван хичээлийн агуулга ирдгээрээ онцлогтой. Монгол бичиг, Уран зохиолын хичээлээ заавал маш сайн судлах шаардлагатай. Ингэснээр ЭЕШ-даа 800 авахад их тус болсон. Энэ жил ихэвчлэн Бүтээврийн утга үүрэг хэрэглээний дасгалууд ирсэн. Бусдаар өмнөх жилүүдтэй төстэй байсан.

-Чамайг шалгалтад бэлтгэсэн багш нь их мундаг хүн байна. Багшийнхаа тухай яривал?

-Манай багшийг М.Сарантуяа гэдэг. Монгол Улсын Зөвлөх багш. Манай багш маань ганц намайг гэлтгүй Ховд аймгийн бүх сурагчдад хоёр сар гаруй хугацаанд зөвлөх багшийн хичээл орсон. Багш маань хүүхдэд хайртай, үргэлж сурагчдынхаа төлөө байдаг, заах арга зүй сайтай чадварлаг багш бий. Намайг зургадугаар ангиас минь хойш маш олон уралдаан тэмцээнд бэлтгэж оруулсан.

-Тэмцээн уралдаанд гаргасан амжилтуудаасаа дурдвал?

Анх нэгдүгээр ангид байхдаа шүлгийн уралдаанаар хоёрдугаар байранд орж байсан.  Тэр цагаас хойш Монгол хэлний хичээлдээ илүү сонирхолтой хүүхэд болсон. Шувуу саарал богино өгүүллэгийн, Ган үзэг яруу найргийн наадмуудад жил бүр оролцдог. Энэ жил ХоИС-ийн нэрэмжит баруун бүсийн Монгол бичгийн олимпиадад 3-р байр. Аймгийн насанд хүрэгчдийн дунд зохиогдсон Уран бичгийн уралдаанд тэргүүн байр,сурагчдийн ангилалд дэд байр эзэлсэн. Уран бичгээр маш олон уралдаан тэмцээнд шагналт байрт шалгарч байсан.

“Уран жиргээ” ,”Шувуун саарал” наадмын дэд ,гутгаар ,тусгай байрын 6 удаагийн мөнгө хүрэл медальт ,Сайхан бичигтэн уралдааны хошой тэргүүн, хошой дэд байрын шагналт, Аймгийн Монгол бичгийн хурдан уншлагын уралдааны гутгаар байр,Уран бичлэгийн аймгийн аварга гэх мэт амжилтууд гаргасан.

-Шүлэг бичих үү?

-Бичнэ. Бас өгүүллэг, шүлэг сайн уншина дуртай.

-Энэ жил хичээл бараг танхимаар ороогүй. Хичээлээ бэлтгэх давтахад хүндрэл байсан уу?

-Нэг их хүндрэл гараагүй ээ. Энэ жил танхимаар хичээл бараг ороогүй. Ихэнхдээ цахим хэлбэрээр орсон. Танхимаар орох боломжгүй болсон учраас өөрөө бие дааж бэлтгэсэн. Гүүгл мээтээр хичээлээ орчихдог байсан. Тоо чухал биш чанар чухал учраас өдөрт 2-4 цагийг яс суугаад хичээлдээ зориулдаг байсан. Бас хичээлийнхээ хажуугаар гэрээ цэвэрлэх, хоол цайгаа хийх, ус түлээ бэлдэх гээд л бүх ажлыг хийдэг.

-Монгол Улсын зөвлөх багшийн хайртай шавь нь юм байна. Багш нь шавь нартаа юу гэж зааж сургадаг бэ?

-Багш маань огт хүүхэд ялгаж харьцдаггүй. Хүүхэд хатуурхаж болохгүй, хүүхдийг хүүхэдтэй харьцуулж болохгүй гэдэг. Өнөөдөр үсгээ мэдэхгүй байгаа хүүхэд маргааш нь мэддэг болоод ирэхэд маш их баярлаж, 100 оноогоор шагнадаг. Байнга хүүхдийг урамшуулж сургадаг. Сайн багш болъё гэвэл эхлээд хүүхдүүдэд хайртай багш нь байх хэрэгтэй гэж зөвлөдөг. Би багшдаа маш их хайртай.

-Хүссэн сургуульдаа орж, оюутан боллоо. Ямар ангид нь элсэхээр болсон бэ?

-Би МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн ангид элсэхээр болсон. Ирээдүйд Их, дээд сургуулийн эрдэмтэн багш болно. 2025 онд Үндэсний бичиг хэрэглээнд орно. Маш сайхан мэдээ. Яг энэ үед би Монгол бичиг сурах хүсэлтэй байгаа мянга мянган хүмүүст тус хүргэж зааж сургана. Энэ мэдээг сонссоноосоо хойш 2025 он гэхэд Монгол бичгийн багш болоод заавал бусдад монгол хэл бичиг зааж сургах болно. “Заавал шүү” гээд өөртөө өдөр бүр хэлсээр өдий 4,5 жил болжээ. Эхний даваагаа амжилттай давсанд их баяртай байгаа.

-Монгол Улсын их сургууль 700-гаас дээш оноо авсан хүүхдийг 100 хувь тэтгэлэгт хамруулна гэж байна билээ. Сонссон уу. Мөн ур чадварын шалгалт өгөх үү?

-Тийм үү, тэтгэлэгийн талаар сонсоогүй юм байна. Баярлалаа сайхан мэдээ дуулгасанд. Ур чадварын шалгалт авдаг эсэх талаар мэдээгүй. Хэрвээ авах бол өгнө дөө. Ямартаа  ч МУИС-д сурна гэсэн мөрөөдлөө биелүүлсэн.

-Эх хэл маань саармагжиж устаж, энэ цаг үед харь хэлийг шүтдэг болжээ. Хүмүүс ч хүүхдүүдээ багаас нь гадаад хэлтэй болгоно гэдэг. Эх хэл үгүй болж устах вий гэж эмзэглэдэг үү?

-Юуны түрүүнд эх хэл бол бидний дархлаа гэдгийг мартаж болохгүй. Хэсэг хүмүүс Монгол хэл гэхээсээ гадаад хэлийг хавьгүй илүүд үзэж хуулбарлан дуурайдаг. Энэ нь соёлын хожимдолтонд хүргэдэг гэж боддог.

-12 жил хамт суралцаад төгссөн ангийнхнаа тухай яривал?

-Зургадугаар сургуулийн Т.Батжаргал багштай 12б ангийг манай ангийнхан дүүргэлээ. Өнгөрсөн хугацаанд гурван ч удаа шилдэг анги хамт олноор шалгарсан. Мөн аймгийн массын Эсээ бичлэгийн уралдаанд дэд байр, Монгол бичгийн түгээгч тээгч улсын уралдаанд гурван удаа жил дараалан амжилттай оролцсон Шилдэг хамт олон байдаг. Бас сургуулийнхаа урлаг, спортын наадмаар жил бүр байр эзэлдэг авьяастай хүүхдүүдтэй. Ангийнхнаараа үргэлж бахархдаг. Бид насаараа нэг ангийнхан явна. Бидний намтар түүх, амжилт арвин байгаа.

-Танай сургууль Монгол хэлний хичээлийн хэдэн багштай вэ?

-Манай сургуульд Монгол хэлний найман багш байдаг. Ахлах нь манай багш М.Сарантуяа. Монгол хэлний багш нар маань аймгийн олон уралдаан тэмцээнүүдэд сурагчдыг бэлтгэж оруулдаг. Мөн хоёр жил дараалан манай сургууль аймгийн шилдэг тэргүүний уншигч хамт олноор шалгарсан . Хүүхэд нэг бүрийг номтой нөхөрлүүлсэн мундаг багш нар бий. Тэднээрээ үргэлж бахархдаг.

-Эрдмийн их аянд нь амжилт хүсье ээ?

-Маш их баярлалаа.

Дашрамд дуулгахад Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар сургуулийн Монгол хэлний сэкц нь найман багштай бөгөөд ахлагч нь Монгол Улсын зөвлөх багш М.Сарантуяа багш ажээ. Тэрбээр шавь нартаа хүлээн зөвшөөрөгдсөн сайн багш бөгөөд сургаж бэлтгэсэн шавь нар нь ЭЕШ-ндаа босго давсан том амжилттай байна. Шавь нараа 10 дугаар ангиас нь аймгийн Монгол бичгийн олимпиадад бэлтгэж иржээ. ЭЕШ-даа 800 оноо авсан Х.Айдос М.Сарантуяа багшийн Монгол бичгийн олимпиадын гарын тавдахь шавь нь гэнэ шүү.

Монгол хэлний дугуйлангийн багш нар нь 

О.Сайхан 

Манай багшийг М.Сарантуяа гэдэг. Монгол Улсын Зөвлөх багш. Манай багш маань ганц намайг гэлтгүй Ховд аймгийн бүх сурагчдад хоёр сар гаруй хугацаанд зөвлөх багшийн хичээл орсон. Багш маань хүүхдэд хайртай, үргэлж сурагчдынхаа төлөө байдаг, заах арга зүй сайтай чадварлаг багш бий. Намайг зургадугаар ангиас минь хойш маш олон уралдаан тэмцээнд бэлтгэж оруулсан
Ярилцлага

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.