| | USD/MNT 0₮

НИЙСЛЭЛИЙН ХОТ ТОХИЖИЛТЫНХОН ХАМГААЛАЛТЫН БОРЖИН ЧУЛУУГ ХААШ НЬ АЧИЖ ЯВСАН БЭ

Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой, Төрийн тусгай хамгаалалтын захиалгаар, Нийслэлийн Засаг даргын төсвөөр бүтээсэн хамгаалалтын боржин чулууг өнгөрсөн долоо хоногт Төв талбайд байрлуулсан нь олон нийтийн сүлжээнд болон иргэдийн бухимдал дургүйцлийг ихэд хүргэсэн билээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар энэ хамгаалалтын боржин 369 чулууг "Боржин суварга" компани хийсэн бөгөөд 160 ширхэгийг нь төв талбай дээр байршуулсан байсан.

Харин иргэд улсын төсвийг үргүй зүйлд зарцуулж, дарга нарын мөнгө идсэн ажил хэмээн нэлээд хүчтэй шүүмжлээд байсан учир өчигдөр орой дээрх чулуунуудыг ачаад явжээ. Хэний тушаалаар хаашаа авч явсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Өнөөдөр "Боржин суварга" компани дээрээс сурвалжлага бэлтгэсэн бөгөөд тус компанийн захирал Ж.Түвшинжаргал "Өчигдөр орой Нийслэлийнхэн хуралдсан юм шиг байна билээ. Ерөнхий сайд оролцсон юмуу. Иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас тавьсан чулууг ачаад аваад явсан байна. Түүнээс манайх ачаагүй юм шүү. Бидэнд мэдэгдээгүй. Сураг сонсох нь нийслэлийн Хот тохижилтын газраас ачсан бололтой. Төрийн тусгай хамгаалалтын газрынханд зөөхөөр болсон бол хийсэн компаниар нь мэргэжлийн хүмүүсээр нь зөөлгөөрөй гэж хэлсэн юм билээ. Гэвч манайх руу залгаагүй. Хот тохижилтынхон өөрсдөө ачсан. Ачихдаа бүр квошлоод ачсан сурагтай. Миний хувьд сэтгэл эмзэглэж байна. Өөрөө үйл тамаа үзэж, цаг хугацаа зарцуулж хийсэн ажил. Гэтэл Хот тохижилтынхон манай компанийн уран бүтээлийг хог зөөж байгаа мэт ачлаа" гэв.

Тэгвэл хийсэн, урласан компанид нь хэлж мэдэгдэлгүйгээр Нийслэлийн Хот тохижилтын газрынхан 160 ширхэг боржин цагаан хамгаалалтын чулууг хаана аваачиж тавьсан бэ, цаашид юунд хэрэглэх гэж байгаа вэ гэдэг асуулт гарч ирж байна. 

Иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой, Төрийн тусгай хамгаалалтын захиалгаар, Нийслэлийн Засаг даргын төсвөөр бүтээсэн хамгаалалтын боржин чулууг өнгөрсөн долоо хоногт Төв талбайд байрлуулсан нь олон нийтийн сүлжээнд болон иргэдийн бухимдал дургүйцлийг ихэд хүргэсэн билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.