| | USD/MNT 0₮

Хотын дарга Д.Сумъяабазарын “Ковидгүй зуны төлөө” аянд 358 сая төгрөг зарцуулжээ

Дэлхий нийтэд коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш үндсэндээ хоёр жилийг ардаа үдлээ. Дэлхийн бусад улс орнууд цар тахалтайгаа тэмцэж, зарим нь бүр хүлээн зөвшөөрч, амьдралынхаа хуучин хэв маягт ороод байна. Харин манай улсын хувьд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дараахан л хэвийн амьдралын хэв горимдоо орж байх шиг байна. Энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн хаалгаа барих нь барьж, дампуурах нь дампуурч, зарим нь өдрийн хоолоо амь голтой л залгуулж явна. Мөлхөж буй эдийн засгаа аврахын тулд Монгол Улсын Засгийн газар нэлээдгүй олон хөтөлбөрийг явуулж, үр ашиггүй зардлуудыг бүгдийг нь танах үүрэг чиглэл өгөөд удаж буй. Гэвч дээрх шийдвэр тушаалууд яг хэрэгжүүлэх субъектууд дээрээ ирээд сарнидаг нь нууц биш. Элдэв тансаг машин, тоног төхөөрөмжийн тендерүүд зарлагдаж байна.

Үүнээс гадна Монгол Улсын “зүрх” болсон нийслэл Улаанбаатар хотын маань төсөв нэлээдгүй алдагдалтай явж буй. Хэдий тийм ч гэлээ нийслэлийн хамгийн тулгамдаж байгаа түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөг төсөвлөхөөр болсон.

Хотын даргын хэлснээр хөдөлгөөн тэг зогсолтын хэмжээнд, зам байгууламж болон зорчих хөдөлгөөн хамгийн муу буюу сүйрлийн түвшинд байна.

Иймд 2024 он гэхэд байгальд ээлтэй 500-1,000 автобус үйлчилгээнд гаргаж, 290 буудлыг шинэчлэн, 5,000 автомашины зогсоол шинээр байгуулахаар төлөвлөсөн. Мөн гол гудамж зам, тойрог замын сүлжээ, хороолол дундах холбоос зам, зургаан нүхэн гарц, зургаан уулзвар, долоон гүүр, 98 км явган, 249 км дугуйн замыг шинээр барьж, өргөтгөж, шинэчлэх юм. Цогц арга хэмжээ авснаар 2024 он гэхэд түгжрэлийг 50 хувь бууруулах зорилт тавиад буй. Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой арга хэмжээнүүд мөн. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр үр ашиггүй төсвийн зарцуулалт их байна.

Тухайлбал, “Өглөөний гудамж”-ийг бий болгоход л 300 сая төгрөг зарцуулжээ. Бэлэн өгөгдөлтэй, бага зэрэг тордоход л сэргэх зүйлд 06.30 цагт кофе гаргадаг болж буй гудамжийг нээхэд их хэмжээний мөнгө зарцуулах шаардлага байгаагүйг экспертүүд хэлж буй. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгчээр урдаас нь харахад сайхан ч араас нь тойроод орвол, нөгөө л сааралтаж, будаг нь холцорсон хэвээрээ.

Үүний дараа “Ковидгүй зун” гэх сүртэй давалгаанд иргэдийг уриалж, урлаг соёлын алдартнуудыг ч татан оролцуулсан нь 358 сая төгрөгийн үнэтэй. Тодруулбал, Д.Сумьяабазарын 2020-2024 оны төлөвлөгөөт ажлын нэг болох “Хотын соёл” аяныг “Ковидгүй зун” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болж.

Төсвийн задаргааг харвал,  хотын соёлд уриалах нэг минутын хийхэд л 75 сая төгрөг, “Ковидгүй зуны төлөө хамтдаа” долоон цуврал нэвтрүүлэг хийхэд 70 саяыг зарцуулахаар болжээ. Энэ мэтээр зөвхөн видео контентийн зардалд 244 сая төгрөгийг зарцуулжээ. Уг нь энэ мөнгөө “ковидгүй зун” гэсэн хаштаг-ийг дэлгэрүүлэхэд бус коронавирустай тэмцэх ажилд зарцуулсан бол өнөөдөр бид амны хаалтаасаа салчихсан сууж байхсан. Гэтэл одоо амны хаалтаа тайлах нь битгий хэл “КОВИДГҮЙ НАМАР” ч үгүй боллоо.

Дэлхий нийтэд коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш үндсэндээ хоёр жилийг ардаа үдлээ. Дэлхийн бусад улс орнууд цар тахалтайгаа тэмцэж, зарим нь бүр хүлээн зөвшөөрч, амьдралынхаа хуучин хэв маягт ороод байна. Харин манай улсын хувьд Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн дараахан л хэвийн амьдралын хэв горимдоо орж байх шиг байна. Энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн хаалгаа барих нь барьж, дампуурах нь дампуурч, зарим нь өдрийн хоолоо амь голтой л залгуулж явна. Мөлхөж буй эдийн засгаа аврахын тулд Монгол Улсын Засгийн газар нэлээдгүй олон хөтөлбөрийг явуулж, үр ашиггүй зардлуудыг бүгдийг нь танах үүрэг чиглэл өгөөд удаж буй. Гэвч дээрх шийдвэр тушаалууд яг хэрэгжүүлэх субъектууд дээрээ ирээд сарнидаг нь нууц биш. Элдэв тансаг машин, тоног төхөөрөмжийн тендерүүд зарлагдаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.