| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгчийн саналаар засаглалын хэлбэрийг ард түмнээс асуух боломжгүй гэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төслөөр ард нийтийн санал асуулгыг энэ оны арваннэгдүгээр сард явуулах, нийт 29 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд орж ирж “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд өргөн барьсан бүх төслөө буцаан татаж байгааг, мөн одоо явуулахаар төлөвлөж буй Ард нийтийн санал асуулгад хоёр дахь асуулт нэмэх тогтоолын төслийг өргөн барихад бэлэн болсон” гэж мэдэгдэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлснээр УИХ-ын хоёрдугаар хэлэлцүүлгээс дэмжсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг нийгмийн хүлээлтэд нийцээгүй, дорвитой өөрчлөлт болж чадаагүй гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм байна. Иймд Ерөнхийлөгчийн зүгээс Ард нийтийн санал асуулгаар засаглалын хэлбэрээ буюу Ерөнхийлөгчийн засаглал, мөн парламентын засаглалын алийг сонгохыг давхар асуух, энэ хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн шинэ төсөл боловсруулахад Ерөнхийлөгч бэлэн байгааг З.Энхболд мэдэгдлээ.

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас тайлбар өгөв. Тайлбараар бол Ард нийтийн санал асуулгын тухай хууль бол ерөнхий хууль. Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээс яаж, хэрхэн асуухыг журамласан байдаг. Уг хуулиар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж байна уу, дэмжихгүй байна уу” гэсэн ганцхан асууултыг ард түмнээс асууж, ганцхан хариулт авах хуулийн зохицуулалттай. Иймд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлсэн засаглалын хэлбэрээ асуух асуултыг энэ удаа болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй хамт асуух боломжгүй гэж хариуллаа.   

Гэвч эцсийн шийдвэрийг УИХ гаргах бөгөөд Ерөнхийлөгч дээрх тогтоолын төслөө удахгүй УИХ-ын даргад өргөн барих юм байна. 

Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.